“Сайн мэдээг хуваалцахтай холбоотой 11 бяцхан түүх,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 7-р сар.
Сайн мэдээг хуваалцахтай холбоотой 11 бяцхан түүх
Та ч бас ийнхүү хуваалцаж чадна.
Сайн мэдээ хэрхэн тусалж болохыг харуул
Би нэг өдөр ангидаа найзынхаа хажууд сууж байв. Бид шалгалт өгөхөөр бэлдэж байсан ба тэр надад маш их сандарч байгаагаа хэллээ. Түүнд яаж залбирахыг заах хэрэгтэй гэсэн бодол надад төрөв. Тэгээд бид хоёр толгойгоо бөхийлгөн, шалгалт өгөхөд туслаач гэж чимээгүйхэн залбирлаа. Залбирал найзад маань айдсаа дарахад тусалсанд би талархсан.
Уругвай, Абигайл
Тусламж хэрэгтэй хүмүүст тохинуул
Манай тойрогт эрүүл мэндийн асуудлаасаа болоод ариун ёслолын цуглаандаа ирж чаддаггүй нэг ахимаг настай эгч байдаг байв. Аав бид хоёр тэднийд долоо хоног бүр ариун ёслол хүртээж болох эсэхийг бишопоос асуусан. Тэгтэл идэвх султай нөхөр нь хүртэл ариун ёслолоос хүртэж эхэлж билээ. Израилыг цуглуулна гэдэг нь бид Есүс Христэд улам ойртоход бусдыг урих хэрэгтэй гэсэн үг юм. Тохинуулал бол үүний томоохон хэсэг.
Шион, АНУ, Юта
Үйл ажиллагаанд урь
Би сүмийн хажуугаар дугуйтай өнгөрөхдөө тэнд олон хүн бүжиглэж байгааг харав. Коорэж гэдэг залуу эрэгтэйтэй утсаар ярьж, тэдний юу хийж байгааг асуухад тэд семинар гэгч хичээлд сууж байгаагаа хэллээ. Тэр сүм дээр үйл ажиллагаа болох гэж байгаа гээд, надаас цуг явахыг хүссэн. Найзын хувьд Коорэж надад сайн мэдээний талаар сурч мэдэхэд тусалснаар амьдралыг минь өөрчилсөн юм.
Дэвид, Гана
Үлгэр жишээч бай
Би ахыгаа хараад маш их зүйл сурдаг. Би видео тоглоом болон хөл бөмбөгт дуртай. Үнэндээ ахынхаа төлөө биш бол эдгээр зүйлийг байнга хийх байсан байх. Тэр ч бас энэ бүхэнд дуртай. Ах маань ихэнхдээ хамт тоглодог ч үргэлж өсөж, хөгжихөд цаг гаргадаг. Намайг сургууль дээр мансууруулах бодис хэрэглэхийг санал болгож байсныг би хэзээ ч мартахгүй. Би тэр даруй ахыгаа бодож, түүний юуг сонгох байсныг мэдсэн. Би түүнтэй адилхан болохыг хүсдэг байсан болохоор зөв сонголт хийж, үгүй гэж хариулсан.
Эмилио, АНУ, Тэннэссий
Бусдад Христийн хайрыг мэдрэхэд тусал
ӨҮБББТ чуулганаар би маш их ганцаардаж байв. Би Сүнсийг болон Есүс Христийн хайрыг мэдрэхийн төлөө өдөр бүр залбирч байв. Нэг хүнийг үг хэлсний дараа сайн таньдаггүй нэгэн залуу эмэгтэй ирээд, намайг тэврэв. Түүнийг тэврэхэд би Христийн хайрыг мэдэрсэн. Тэр намайг хайрладаг гэдгээ хэлж байгаа юм шиг санагдсан.
Натали, Чили
Сүнслэг өдөөлтийг дага
Би нэг өдөр сургуулийнхаа хамгийн сайн найзыг онцгой цугларалтад урих ёстой гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авав. Би энэ өдөөлтийг дагалгүй өнгөрөхийг хүссэн ч юутай ч өмнөх өдөр нь түүн рүү мессеж бичлээ. Түүнтэй хамт онцгой цугларалт дээр сууж байхдаа би эмээж байв. Харин цуглаан дуусахад түүний нүүрэнд инээмсэглэл тодорсон байлаа. Энэ нь надад Бурхан Өөрийн хүүхдүүдийг надаас илүү мэддэг бөгөөд Есүс Христийн сайн мэдээг хуваалцах сүнсний өдөөлтийг үргэлж дагах хэрэгтэйг сануулсан.
Элиза, АНУ, Миннесота
Юу хэлэхээ залбирч байгаад асуу
Сургууль дээрээ манай эгч бид хоёр л Сүмийн гишүүд байсан юм. Хүмүүс биднийг өөр байгааг анзаарч, байнга асуудаг байлаа. Эхлээд тэдэнтэй ярихаасаа айдаг байсан ч зөв юм хэлдэг болохын тулд би залбирдаг болсон. Тэд ч сонсож, миний сонголтыг хүндэлдэг болсон.
Рүбэн, Норвеги
Сайн мэдээний үнэнүүдийг онлайнаар хуваалц
Би нэг зорилгын төлөө Ирээд, Намайг дага сургалтын материалыг судалж байсан бөгөөд тэндээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах судрын хэсэг болон эшлэлүүдийг олсон юм. Миний оруулсан нийтлэлээс Сүнсийг мэдэрсэн гэсэн хүмүүсийн хэд хэдэн сэтгэгдэл надад ирсэн. Сайн мэдээг хуваалцах нь тухайн үед бидний төсөөлж ч чадахааргүй арга замаар бусдад тус болж чадна.
Ракүл, Бразил
Бүтээлч бай
Сургуулийн нэгэн хичээлээр бид Сүмийг шүүмжилсэн ном уншиж байв. Би сэргээгдсэн сайн мэдээний үнэний тухай дуугарах хэрэгтэйгээ мэдэж байсан. Тэгээд би гараа өргөлөө. Багшийг дуудахад би юу хэлэхээ мэдэхгүй байв. Тэгээд яагаад ч юм Итгэлийн тунхгийн дуунуудыг дуулж эхэлсэн. Хамгийн гайхалтай нь, ангид хүндэтгэл бишрэл мэдрэгдэж байв. Дараа нь зөрчилдөөн багасаж, манай багш болон ангийнхан ангийн хэлэлцүүлэгт оролцохдоо төдийгүй надтай илүү хүндэтгэлтэй харьцдаг болсон.
Моник, АНУ, Массачусеттс
Гэрэл нь бай
Би 15 настай байхдаа явах сүм хайж эхэлье гэж шийдэв. Хэдэн өдрийн дараа би сургуулийнхаа өөрөөсөө гэрэл цацруулсан нэгэн охинтой найз болсон. Хэдэн долоо хоногийн дараа тэр намайг гэртээ урив. Тэднийд очиход гэрийнхэн нь намайг гэр бүлийн үдэшт нь хамт оролцоход урилаа. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг сонирхож эхэлсэн ба үүнд найзын маань гэр бүл тэр үдэш маш жаргалтай байсан нь хамгийн их нөлөөлсөн.
Маккайли, АНУ, Колорадо
Хайрыг хуваалц
Үеэл маань хүлээн авсан адислалуудаа мэдрээсэй гэж надаас хүссэн учраас номлогчидтой уулзахыг дэмжсэн байх гэж би боддог. Миний үеэл, миний найз Енох хоёр намайг хайрлаж, надад сайн сайхныг хүсдэг гэдгийг би мэдэрсэн. Энэ нь намайг сүмд ирэхэд тухтай санагдахаар болгосон.
Эрик, Гана