Та сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?
Энэ ариун ажилд хичээл зүтгэлийнхээ зөвхөн талыг зориулах нь хувь хүн, гэр бүл мөн Христийн сүмийн хувьд дэндүү аюултай юм.
200 орчим жилийн өмнө “Рип Вэн Уинкли” хэмээх Америкийн богино өгүүллэг маш хурдан сонгодог бүтээл болсон юм. Зохиолын гол дүр Рип нь ажил болон эхнэр гэсэн хоёр зүйлээс зугтахдаа тун гаргууд, нэр хүндэд дургүй нэгэн байв.
Нэг өдөр тэрээр ууланд нохойтойгоо сэлгүүцэн зугаалж явахдаа хачин хувцасласан хэдэн хүн архи ууж, тоглоом тоглож байхыг олж харжээ. Рип тэдний архинаас уугаад нойр нь хүрч эхлэнгүүт хоромхон зуур нүдээ анив. Түүнийг нүдээ нээхэд нохой нь алга болчихсон, буу нь зэвэрч, өөрөө урт сахалтай болчихсон байсанд гайхан балмагдав.
Рипийг тосгондоо буцаж очиход бүх юм өөрчлөгдсөн байж гэнэ. Эхнэр нь нас барсан, найз нөхөд нь байхгүй, шар айрагны газарт байсан III Жорж хааны хөрөг зураг генерал Жорж Вашингтон гэх танихгүй хүний зургаар солигдсон байлаа.
Рип Вэн Уинкли 20 жил унтсан байв! Энэ хугацаанд тэрээр улсынхаа түүхийн хамгийн сэтгэл хөдөлгөм цаг үеүдийн нэг болох Америкийн хувьсгалыг дуустал нь унтаад өнгөрчихсөн байв.
Энэ түүхийг 1966 оны 5-р сард Иргэний хувьсгалын удирдагч асан доктор Мартин Лютэр Кинг “Хувьсгалын үеэр битгий унтаарай”1 гэдэг хэлсэн үгэндээ жишээ болгон хэрэглэсэн байдаг.
Өнөөдөр би яг энэ сэдвээр Бурханы санваарыг атгагч та бүгдээс “Та сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?” гэж асуумаар байна.
Бид сэргээлтийн цаг үед амьдарч байна.
Заримдаа бид Иосеф Смит Мормоны Номыг орчуулсан, тэр санваарын түлхүүрүүдийг хүлээн авч, сүм зохион байгуулагдсан зэргээр сайн мэдээний сэргээлтийг бүрэн гүйцэд хийгдсэн мэт боддог. Гэвч үнэндээ сэргээлтийн ажил үргэлжилсээр байгаа бөгөөд бид сэргээлтийн цаг үед амьдарч байна. “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд” мөн “Түүний илчлэх”2 “олон агуу хийгээд чухал зүйлүүд” үүнд хамаарагдана. Ах нар аа, өнөөдрийн сэтгэл татам хөгжил дэвшил нь бидний Аврагч Есүс Христийн алдар суут Хоёр дахь ирэлтээр төгсгөл болох гэж эрт дээр үеэс дурдагдсаар ирсэн бэлтгэл ажлын нэг хэсэг билээ.
Энэ бол дэлхийн түүхэн дэх хамгийн гайхалтай цаг мөчүүдийн нэг юм! Эртний бошиглогчид бидний энэ цаг үеийг харахыг хүсч байсан.
Бидний мөнх бус амьдралын хугацаа дуусахад энэ чухал цаг үед өөрсдийн амьдралд болон Их Эзэний ажлыг урагшлуулахад оруулсан хувь нэмрийнхээ талаар бид ямар туршлага хуваалцаж болох вэ? Бид ханцуй шамлан, бүхий л зүрх сэтгэл, хүчин чармайлт, оюун, чадлаараа хичээнгүйлэн ажилласан гэж хэлж чадах уу? Эсвэл бид ихэнхдээ бусдын хөдөлмөрлөхийг л харж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх үү?
Бурханы хаант улсыг байгуулахад оролцохгүй байх нь яагаад амар хялбар болдог олон шалтгаан байдгийг би гадарлаж байна. Үүнээс гурван том шалтгааныг дурдъя. Эдгээрийг дурдаж байх хооронд аль нь танд хамаарагдах эсэх талаар тунгаан бодохыг би та нараас хүсч байна. Хэрэв танд сайжруулах шаардлагатай зүйл байвал түүнийгээ сайжруулахын тулд юу хийж болох талаар бодож үзэхийг би та нараас гуйя.
Аминч үзэл
Нэгдүгээрт, аминч үзэл.
Амиа боддог хүмүүс өөрсдийн хүсэл сонирхол, жаргал цэнгэлийг бүхнээс дээгүүрт тавьдаг. “Энэ нь надад ямар ашигтай вэ?” гэдэг асуулт амиа боддог хүмүүст хамгийн түрүүнд байдаг.
Ах нар аа, энэ хандлага нь Бурханы хаант улсыг байгуулахад шаардагдах сүнсний эсрэг байгаа нь тодорхой болохыг та бүхэн харж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Бусдын төлөө харамгүй үйлчлэхээсээ илүү өөрийнхөө хэрэгцээг хангахыг хичээх үед бидний эн тэргүүнд тавих зүйлс маань өөрсдийн маань сайшаал магтаал, жаргал цэнгэлд төвлөрсөн байдаг.
Өнгөрсөн үеийнхэн маань янз бүрийн хэлбэрийн аминч үзэл, бардамналтай тэмцэж байсан бол өнөөдөр бид тэр хэмжээний болон түүнээс олон янзын аминч үзэлтэй тэмцэлдэж байна. Саяхан Оксфордын толь бичигт “selfie” буюу өөрийгөө дарсан зураг гэдэг үгийг энэ жилийн онцлох үг хэмээн зарласан нь санамсаргүй тохиолдол гэж үү?3
Төрөлх чанараараа бид бүгд сайшаал магтаалд дуртай бөгөөд өөрсдийгөө амрааж, зугаацахад буруу зүйл байхгүй билээ. Харин “дэлхийгээс баялаг мөн алдрыг хураахыг”4 эрэлхийлэх нь бидний хүсэл зорилгын төв хэсэг болох юм бол бид Их Эзэний ажилд өөрсдийгөө харамгүй зориулснаар ирдэг гэтэлгэгч, баяр баясгалант туршлагуудыг алдах болно.
Анагаах ямар эм байна вэ?
Хариултууд нь дандаа Христийн үгсээс олддог:
“Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг.
Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.”5
Аврагчид амьдралаа бүрэн зориулж, Бурханд болон бусдад үйлчилдэг хүмүүс нь амиа бодсон эсвэл хувиа хичээсэн хүмүүсийн хэзээ ч мэдэрч чадахгүй амьдралын баялаг бөгөөд бүрэн дүүрэн байдлыг олж авдаг. Амиа боддоггүй хүмүүс өөрсдийгөө зориулдаг. Эдгээр нь агуу үр нөлөөг дагуулагч энэрлийн жижиг бэлгүүд болох инээмсэглэл, гар барих, тэврэх, үгийг нь сонсох цаг гаргах, урмын зөөлөн үгс хэлэх эсвэл санаа тавьж буйгаа илэрхийлсэн дохио зангаа зэрэг үйлдлүүд байж болно. Сайхан сэтгэлийн эдгээр бүх үйлдэл нь бусдын зүрх сэтгэлийг болон амьдралыг өөрчилж чадна. Бид эргэн тойрныхоо хүмүүсийг болон хань ижил, гэр бүлийнхнийгээ хайрлах хязгааргүй боломжийг ашиглах юм бол Бурханаа хайрлах мөн бусдад үйлчлэх бидний чадвар гайхалтай өсөх болно.
Бусдад үйлчилдэг хүмүүс сэргээлтийн ажлын үеэр унтаж хоцрохгүй байх болно.
Донтолт
Донтолт нь өнөөгийн дэлхийн энэ чухал цаг хугацаанд оролцохгүй байж болох өөр нэг шалтаг юм.
Донтолт нь ихэвчлэн үл анзаарагдам эхэлдэг. Донтолт гэдэг нь олон давтагддаг жижигхэн үйлдлүүдээс бүтсэн зуршил юм. Сөрөг зуршил нь бүхнийг залгих донтолт болон хувирч болзошгүй.
Биднийг удирдах тэдгээр донтолт нь порнограф, архи дарс, бэлгийн харьцаа, мансууруулах бодис, тамхи, мөрийтэй тоглоом, хоол, ажил, интернэт эсвэл цахим тоглоомын ертөнц зэрэг олон төрлийн хэлбэртэй байдаг. Их Эзэний хаант улс дахь үүргээ гүйцэтгэхээр Бурхантай адил болж чадах бидний чадварыг булаан авахын тулд хэрэглэх дуртай олон арга хэрэгсэл бидний дайсан Сатанд байдаг.
Өөрийнх нь нэр төртэй хүүхдүүд аймшигт донтолтод өөрсдийгөө захируулахыг хүлээн зөвшөөрч буйг харах нь Тэнгэрлэг Эцэгийг маань гуниглуулдаг.
Ах нар аа, бид Бүхнийг чадагч Бурханы мөнхийн санваарыг атгадаг билээ. Бид үнэхээр Хамгийн Дээдийн хүүхдүүд бөгөөд агуу их чадавхаар адислагдсан юм. Бид өөрсдийнхөө хамгийн тэнгэрлэг чадавхуудад хүрэхээр зориулагдсан билээ. Бид өөрсдийн тэнгэрлэг чадавхуудыг хүний бий болгосон донтолтоор удирдуулж, дэлхийн хүслүүдээс болж хязгаарлагдахаар бүтээгдээгүй юм.
Анагаах ямар эм байна вэ?
Бидний ойлгох ёстой хамгийн эхний зүйл бол донтолтыг эмчлэхээсээ урьдчилан сэргийлэх нь илүү амархан. “Эдгээр зүйлийн нэгээхнийг ч зүрх сэтгэлдээ оруулахыг хүлцэх ёсгүй”6 гэж Аврагч хэлсэн байдаг.
Хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч Томас С.Монсон бид хоёрт Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийг тээвэрлэдэг гайхамшигтай онгоц болох Агаарын нисэх хүчний нэгэн онгоцоор аялах завшаан тохиосон юм. Ерөнхийлөгчийг хамгаалдаг нууц албаныхан нарийвчилсан шалгалт хийж байсан ба онгоцонд суухаас нь өмнө бидний хайрт бошиглогчийг шалгаж байсан ажилтнуудыг хараад би үл мэдэг инээмсэглэж билээ.
Ахалж байсан нисгэгч намайг онгоцны ахмадын суудал дээр суухыг урив. Олон жилийн өмнө жолоодож байсантай минь адил гайхамшигтай нисдэг машины удирдлага дээр дахин суух нь онцгой тохиолдол байлаа. Тив дэлхий, тэнгис далай дээгүүр ниссэн нислэгүүдийн маань дурсамжууд зүрх сэтгэлд минь хөвөрч байв. Дэлхийн өнцөг булан бүр дэх онгоцны буудлуудаас сэтгэл хөдлөм хөөрөн ниссэн болон газардаж байсан маань санаанд тодхон орж ирэв.
Би өөрийн эрхгүй Боинг 747 онгоцны дөрвөн хурд тохируулагч дээр гараа тавьж билээ. Яг тэр мөчид Томас С.Монсоны дотно, танил дуу хоолой араас сонсогдож,
“Дийтр, тэгнэ гэж бодсоны хэрэггүй шүү” гэж хэлэв.
Би ямар нэгэн зүйлд буруугаа хүлээж байгаа ч юм биш, харин ерөнхийлөгч Монсон зүгээр л миний бодлыг тааж мэдсэн байж болох юм.
Бид хийх ёсгүй зүйлсээ хийхээр уруу татагдах үедээ итгэлт гэр бүлийнхэн болон найз нөхөд мөн хайрт бошиглогчийнхоо болон Аврагчийн хайрын сэрэмжлүүлгийг үргэлж сонсоцгоож байя.
Донтолтын эсрэг хийх хамгийн шилдэг хамгаалалт бол донтож эхлэхгүй байх явдал юм.
Тэгвэл донтолтоос болж зовж шаналж буй хүмүүсийг яах вэ?
Юуны өмнө найдвар байгаа гэдгийг ойлгоорой. Хайртай хүмүүс, сүмийн удирдагчдаас мөн мэргэжлийн зөвлөгчдөөс тусламж эрэлхийлээрэй. Сүм донтолтоос ангижрах тусламжийг орон нутгийн сүмийн удирдагчдаар болон интернэтээр7 мөн зарим бүс нутагт ХҮГ Гэр бүлийн үйлчлэлээр дамжуулан үзүүлдэг.
Та Аврагчийн тусламжтай донтолтоо давж гарч чадна гэдгийг үргэлж санаж яваарай. Энэ нь удаан, хэцүү зам байж болох ч Их Эзэн таныг хэзээ ч орхихгүй. Тэр таныг хайрладаг. Есүс Христ таныг өөрчлөгдөхөд туслахаар мөн нүглийн боолчлолоос чөлөөлөхөөр Цагаатгалд зовж шаналсан.
Хамгийн чухал зүйл бол үргэлжлүүлэн хичээх явдал бөгөөд заримдаа хүмүүс хэд хэдэн удаа оролдож байж, амжилтад хүрдэг юм. Тиймээс бүү бууж өг. Итгэлээ алдаж болохгүй. Зүрх сэтгэлээ Их Эзэнтэй ойр байлга, тэгвэл Тэр танд чөлөөлөгдөх хүчийг өгөх болно. Тэрээр таныг эрх чөлөөтэй болгоно.
Миний хайрт ах нар минь ээ, донтолт руу хөтөлж болох зуршлуудаас үргэлж хол байцгаая. Тэгж чадсан хүмүүс зүрх сэтгэл, хүчин чармайлт, оюун, чадлаа Бурханы үйлчлэлд зориулж чадна.
Тэд сэргээлтийн ажлын үеэр унтаж хоцрохгүй байх болно.
Эн тэргүүнд тавигдах зүйлсийн өрсөлдөөн
Энэ ажилд бүрэн оролцоход биднийг саатуулдаг гуравдагч саад тотгор нь бидэнд тулгардаг эн тэргүүнд тавигдах зүйлсийн өрсөлдөөн юм. Бидний зарим нь өөр өөр зүг рүү явахаар тэмүүлсэн арванхоёр амьтнаар хөсөг тэргээ татуулж буй мэт их завгүй байдаг. Маш их эрч хүч зарцуулагдаж байсан ч хөсөг тэрэг хаашаа ч хөдөлдөггүй.
Бид ихэвчлэн хамаг хүчин чармайлтаа хобби, спорт, мэргэжлийн сонирхол, орон нутагт эсвэл улс төрийн асуудлуудад анхаарч зарцуулдаг. Энэ бүхэн нэр хүнд бүхий сайн зүйлс хэдий ч хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсээ хийх цаг хугацаа, эрч хүчийг бидэнд үлдээж байна уу?
Анагаах ямар эм байна вэ?
Хариулт нь дахиад л Аврагчийн үгсээс олддог:
“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.
“нэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.
Удаах нь, чи хөршөө өөрийн адил хайрла гэсэнтэй адил юм.”8
Энэ агуу хоёр тэргүүлэх зүйлээс гаднах амьдралын бусад зүйл хоёрдугаарт тавигдах ёстой.
Сүмийн үйлчлэлд ч гэсэн дагалдагчийн сэтгэл зүрхгүй эсвэл мөн чанаргүй, юу ч бодолгүй ямар нэг зүйлд маш их цаг зарцуулах нь амархан байдаг.
Ах нар аа, санваартнууд болохын хувьд бид Бурханаа болон хөршөө хайрладаг хүмүүс байхаар үүрэг хүлээсэн. Санваартнууд бид тэрхүү хайраа үг, үйлсээрээ харуулахад бэлэн байдаг. Энэ бол Есүс Христийн дагалдагч байхын утга учир билээ.
Үүний дагуу амьдрагч тэд сэргээлтийн ажлын үеэр унтаж хоцрохгүй.
Сэрээх дуудлага
“Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно”9 гэж төлөөлөгч Паул бичсэн.”9
Хайрт найзууд аа, та нар гэрлийн хүүхдүүд гэдгээ мэдэж ав.
Аминч үзлээс зайлсхий! Донтолтод хүргэж мэдэх зуршлуудаас зайлсхий! Эн тэргүүнд тавигдах зүйлсийн өрсөлдөөн таныг адислагдсан дагалдагч байхаас болон сайн сайхныг бүтээх санваарын үйлчлэлээс тусгаарлахыг эсвэл замбараагүй байдал руу хөтлөхийг бүү зөвшөөр!
Энэ ариун ажилд хичээл зүтгэлийнхээ зөвхөн талыг зориулах нь хувь хүн, гэр бүл мөн Христийн сүмийн хувьд дэндүү аюултай юм.
Есүс Христийн дагалдагч байна гэдэг нь өдөрт нэг удаа эсвэл долоо хоногт нэг удаа чармайх явдал биш юм. Энэ нь бидний үргэлж хийж байх ёстой хүчин чармайлт билээ.
Өөрийнхөө үнэн санваартнуудад өгсөн Их Эзэний амлалт ойлгоход дэндүү агуу байдаг.
Аароны болон Мелкизедек санваарт итгэлтэй байдаг мөн дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд итгэлтэй байдаг хэн ч бай, “биеэ шинэчлэхийн тулд Сүнсээр ариусгагддаг бөлгөө.” Тиймийн тул Эцэгт минь байгаа бүхэн түүнд өгөгдөх болно.10
Есүс Христийн Цагаатгалын цэвэршүүлэх хүч болон Ариун Сүнсний өөрчлөгч хүч нь хүн төрөлхтнийг эдгээж мөн аварч чадна хэмээн би гэрчилж байна. Аврагчийн дуудлагыг анхааралдаа авч, Түүнийг бүх оюун ухаан, зүрх сэтгэлээрээ дагах нь бидний аз завшаан, ариун үүрэг, баяр баясгалан билээ. “Та нарыг хүлсэн тэр гинжийг сэгсрэн хая, тэгээд түнэр харанхуйгаас гарч ир, мөн газар шорооноос бос.”11
Бүгдээрээ сэрүүн байж мөн сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь бид “агуу ажлын суурийг тавьж,”12 Аврагчийг эргэж ирэхэд бэлтгэж байгаа билээ. Ах нар аа, сэргээгдсэн үнэний сайн сайхан, хүч чадалд гэрч болж, өөрийнхөө үлгэр жишээний гэрлийг нэмэх үед та Сэргээлтийн ажлын үеэр унтаж хоцрохгүй байх болно. Би үүнийг гэрчлэн, бидний Багш, Есүс Христийн ариун нэрээр өөрийн адислалыг та нарт үлдээж байна, амен.