Хүчтэй бөгөөд зоригтой бай
Нийтэд дэлгэрсэн зүйлийг дагах биш харин зөв зарчмын төлөө зогсох зоригтой байцгаая.
Хайрт ах нар аа, би та бүхэнтэй дахин хамт байгаадаа маш их баяртай байна. Та нарт хандаж үг хэлэх боломжтой байгаагийнхаа хариуд би тэнгэрлэг тусламжийн төлөө залбирч байна.
Энэ Чуулганы төвд байгаа хүмүүсээс гадна мянга мянган хүн дэлхийн ихэнх хэсэгт сүмийн цуглааны байр болон өөр өөр газарт цугларсан байгаа. Биднийг нийтлэг нэг зүйл холбож байдаг. Учир нь бид Бурханы санваарыг атгахаар итгэмжлэгдсэн билээ.
Бид дэлхийн түүхэн дэх гайхамшигтай цаг үед амьдарч байна. Бидний боломжууд хязгааргүй байдаг ч бид олон бэрхшээлтэй тулгардаг. Эдгээрийн зарим нь бидний цаг үеийг дагаад өөрийн онцлогтой байх нь ч бий.
Бид ёс суртахууны чанарууд асар их доройтож, нүгэл хаа сайгүй харагдан, биднийг нарийн бөгөөд давчуу замаас хазайлгах уруу таталтууд тойрон хүрээлж буй тийм дэлхийд амьдарч байна. Өнөөгийн нийгмийн хоосон гүн ухаан ба дадал зуршлыг орлох гэж хичээж буй, сайн сайхан бүхнийг устгадаг байнгын дарамт болон хорт нөлөөнүүдтэй бид тулгардаг билээ.
Бид эдгээр болон бусад олон бэрхшээлийн улмаас хувь тавиланг маань тодорхойлж чадахуйц шийдвэрүүдийг үргэлж гаргах шаардлагатай болдог. Бид зөв шийдвэр гаргахын тулд хэрэгтэй үед үгүй гэж, боломжтой үед тийм гэж хэлдэг байх нь зүйтэй учраас бидэнд зөв зүйл хийх зориг хэрэгтэй.
Өнөөгийн нийгмийн чиг хандлага нь Их Эзэний өгсөн эрхэмлэх зүйл, зарчмуудаас хурдан холдож буй тул бид итгэдэг зүйлээ хамгаалахаар дуудагдах нь үндсэндээ тодорхой юм. Бидэнд үүнийг хийх зориг байгаа юу?
Олон жилийн турш Тэргүүн Зөвлөлийн гишүүнээр үйлчилсэн ерөнхийлөгч Бага Ж. Рубэн Кларк: “Аливаа итгэл бишрэлтэй хүмүүс … итгэл бишрэлээ батлан харуулбал үл итгэгч хамт ажилладаг хүмүүсийнхээ доог тохуу болно хэмээн боддог учраас итгэл бишрэлээ өөрчлөх эсвэл өөрөөр тайлбарлах юм уу үүнийгээ хөнөөлтэйгээр сулруулж, бүр цаашлаад хөсөр хаядаг тохиолдол цөөнгүй байдаг. Ийм хүмүүс бол хоёр нүүртэн юм”1 хэмээн хэлжээ. Бидний хэн нь ч ийм нэр зүүхийг хүсэхгүй, гэхдээ бид зарим нөхцөл байдалд итгэл бишрэлээ тунхаглахдаа хойрго ханддаг уу?
Хэрэв бид бодлуудад маань сайнаар нөлөөлөх мөн Их Эзэний Сүнсийг амар тайван мэдэрч болох газруудад байж, ийм үйл ажиллагаануудад оролцдог байвал зөв зүйл хийхэд өөрсдөдөө тусалж чадна.
“Хэрэв чи байх ёсгүй газар байгаагаа анзаарвал тэндээс гар!” гэж хол газар их сургуульд явж буй хүүдээ өгсөн нэгэн аавын зөвлөгөөг уншиж байснаа би санаж байна. Би та бүхэнд үүнтэй адил зөвлөгөөг санал болгож байна: “Хэрэв та нар байх ёсгүй газар байгаагаа мэдвэл тэндээс хурдан холд!”
Зоригтой байх дуудлага бидний хүн нэг бүрд байнга ирдэг. Бидний амьдралын бүхий л өдрүүдэд зориг хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь зөвхөн чухал үйл явдлуудад төдийгүй биднийг шийдвэр гаргахад эсвэл эргэн тойрон дахь нөхцөл байдалдаа хариу үзүүлэхэд ч мөн шаардлагатай байдаг. Шотландын яруу найрагч, зохиолч Робэрт Лүи Стивэнсон: “Өдөр бүр зориг гаргахад олон үзэгчид шаардлагагүй. Хэдийгээр таны төлөө бөмбөр нижигнэж, цугласан олон таныг дэмжин уухайлдаггүй ч гэлээ, таны гаргаж буй зориг чухал билээ”2 гэж хэлжээ.
Зориг нь олон янзаар илэрдэг. Христийн шашинтан зохиолч Чарлес Свиндолл: “Зориг нь дайны талбараар … эсвэл гэртээ орсон хулгайчийг барьсан төдийгөөр хязгаарлагддаггүй. Зоригийн жинхэнэ шалгуур нь илүү чимээгүй байдаг. Тэдгээр нь та нарыг хэн ч хараагүй байхад итгэлтэй байх, … хүмүүст үл ойлгогдсон үедээ ч ганцаараа бат зогсох гэх мэт дотоод шалгууруудтай байдаг.”3 Үүнээс гадна дотоод зориг гэдэг нь шоолуулах байсан ч итгэлээ хамгаалж, найз нөхдийнхөө дунд ч юм уу нийгэмд эзэлдэг байр сууриа алдахаар байсан үедээ ч итгэлдээ үнэнч байж, зөв зүйл хийхийг хэлдэг. Зөв зүйлийн төлөө тууштай зогсдог хүн үл хүндлэгдэх юм уу нэр хүндгүй болох золиослолыг зарим үед хийдэг байх ёстой.
Би Дэлхийн II-р дайнд Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт алба хааж байхдаа эрэлхэг гавьяа, баатарлаг явдал, эр зоригийн үлгэр жишээнүүдийг харж байсан. Хэзээ ч мартагдамгүй нэгэн тохиолдол бол манай сүмийн гишүүн биш, залбирахдаа санаа зовдоггүй, 18 настай нэгэн цэргийн үзүүлдэг байсан энгийн зориг юм. Заримдаа танхай этгээдүүд тохуурхаж, үл итгэгчид шоолдог байсан ч хорооны 250 эрэгтэйгээс орой бүр орныхоо дэргэд өвдөг сөгддөг ганц хүн бол тэр цэрэг байсан юм. Тэрээр толгойгоо бөхийлгөн, Бурханд хандан залбирдаг байв. Тэр үүнд хэзээ ч эргэлзэж байгаагүй юм. Тэр хэзээ ч шантарч байгаагүй. Тэр зоригтой байсан.
Саяхан би энэхүү дотоод зоригоор дутсан нэг хүний тухай сонслоо. Нэг найз маань нөхөртэйгөө хамт тойрогтоо сүнслэг бөгөөд итгэл өсгөхүйц ариун ёслолын цуглаанд оролцсон тухайгаа надад хэлсэн юм. Аароны санваарын пристийн албанд томилогдсон нэгэн залуу эрэгтэй сайн мэдээний үнэнүүдийг болон зарлигуудыг сахих үед ирдэг баяр баясгалангийн талаар үг хэлсэн нь танхимд сууж байсан хүн бүрийн зүрхэнд хүрчээ. Тэрээр индэр дээр зогсож байхдаа хүчтэй, сэтгэл хөдлөм гэрчлэл хуваалцсан бөгөөд цагаан цамц, зангиатай, нямбай, цэвэрхэн харагдаж байжээ.
Тэр өдрийнхөө орой уг эмэгтэй нөхөртэйгөө хамт гадуур явж байгаад хэдхэн цагийн өмнө өөрсдийг нь сүнслэгээр урамшуулсан нөгөө залуу эрэгтэйг олж харсан байна. Гэвч энэ удаад тэрээр явган хүний зам дээр зохисгүй хувцаслачихсан, тамхи татаад явж байв. Миний найз, түүний нөхөр хоёрын урам маш их хугарч, гунигтай болсноор барахгүй, түүнийг ариун ёслолын цуглаан дээр байснаасаа яаж ийм хурдан тэс өөр хүн болж чадсан юм бол гэж эргэлзэн гайхжээ.
Ах нар аа, та нар хаа ч, юу ч хийж байсан, Тэнгэрлэг Эцэгийн та нараас ямар хүн байгаасай гэж хүсдэг шиг мөн та нар ямар байх ёстой гэдгээ мэддэг шигээ тийм хүн байж чаддаг уу?
Үндэсний сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагад олны танил, Америкийн Үндэсний Коллежуудын Спортын Холбооны сагсан бөмбөгийн тоглогч, сүмийн гишүүн Жабари Паркер ааваасаа авсан хамгийн сайн зөвлөгөөгөө хуваалцсан байна. Жабари “[Миний аав], Харанхуйд ч гэсэн гэрэлд байдаг шигээ хүн бай гэж хэлсэн”4 хэмээн хэлжээ. Ах нар аа, энэ нь бид бүгдэд маш их хэрэгтэй чухал зөвлөгөө юм шүү.
Өнөөдөр бидний хүн нэг бүрд хэрэгтэй, зоригтой байх жишээнүүд судруудад дүүрэн байдаг. Бошиглогч Даниел зөв гэж мэддэг зүйлийнхээ төлөө зогсож, үхэх аюул нүүрлээд байсан ч залбирах зориг гаргаснаар тэр агуу зориг үзүүлсэн юм.5
Үнэнийг үгүйсгэхийн оронд амиа өгөхөд ч бэлэн байснаар Абинадай зоригтой амьдралаар амьдарсан юм.6
Ариун журамтай, цэвэр ариун бай гэсэн эцэг эхийнхээ сургаалын дагуу зоригтой байхыг бодитоор үзүүлсэн Хиламаны 2000 залуу дайчны түүхээс сүнслэг урам авахгүй хэн байх билээ?7
Бүр эцсээ хүртэл зөв шударга байдалд тэвчих зоригтой байсан Моронайн үлгэр жишээ эдгээр судрын түүхүүдийн хамгийн агуу нь ч байж болох юм.8
Бошиглогч Иосеф Смит амьдралынхаа туршид тоолж баршгүй олон зоригийн үлгэр жишээг үзүүлсэн юм. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн жишээнүүдийн нэг нь түүнийг хэсэг ах нарын хамт гинжлэгдэж, Миссуригийн Ричмондын шүүхийн байшингийн хажууд байрлах баригдаж дуусаагүй жижиг байшинд хоригдож байх үед болсон юм. Гинжүүр гавлуулсан байсан гээд боддоо. Хоригдож байсан хүмүүсийн дунд байсан Парли П.Пратт нэгэн онцгой явдлын талаар: “Бид шөнө дунд өнгөртөл унтаж байгаа юм шиг хэвтэж байсан ба харуулуудын ичгүүргүй доог тохуурхал, ой гутам ам тангарга, аймшигт хараал зүхэл болон бохир үг хэллэгүүдийг олон цагийн турш сонссоноос болж бидний чих болон зүрх өвдөн шаналж байлаа” гэж бичжээ.
Ахлагч Пратт цааш нь:
“Би жигшиж, цочирдон, айдас төртөл тэдний үгсийг сонсож, зэвүүцэх сэтгэлээр дүүрсэн бөгөөд хөл дээрээ босч зогсон, харуулуудыг буруушаахаас өөрийгөө арай ядан хорьж байлаа; гэвч [би] Иосефын хажууд хэвтэж, түүний сэрүүн байсныг мэдэж байсан ч түүнд бас хэнд ч юу ч хэлсэнгүй. Гэнэт тэрээр хөл дээрээ босч, аянгын мэт дуу хоолойгоор эсвээс архирч буй арслан мэт ярьж, миний санаж байгаагаар дараах үгсийг хэлсэн юм:
‘“ЧИМЭЭГҮЙ БАЙ. … Есүс Христийн нэрээр би та нарыг зэмлэж, мөн дуугүй байхыг та нарт зарлиглаж байна; Би ийм яриаг дахин нэг минут ч сонсож чадахгүй. Энэ яриагаа зогсоо, эсвээс та нар эсвэл би ЯГ ОДОО үхнэ!’”
Ахлагч Праттын дүрсэлснээр Иосеф “асар их сүр жавхлантай зогсож байв.” Тэрээр зэвсэггүй гинжлэгдсэн байсан ч тайван болоод сүр жавхлантай байжээ. Айж сандарсандаа буланд шигдэж мөн хөлд нь мөлхсөн харуулуудын дээрээс Тэрээр ширтэн харж байсан юм. Засаршгүй балмад энэ эрчүүд түүнээс өршөөл гуйж мөн чимээгүй болжээ.9
Зоригийн үйлдэл бүхэн ийм агуу эсвэл агшин зуурын үр дүнг авчирдаггүй ч тэд бүгд оюун санааны амар амгаланг мөн зөв ба үнэн хамгаалагдсан гэсэн мэдлэгийг авчирдаг.
Хэн нэгэн бусдын үзэл бодлыг даган, үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг бол итгэлдээ үнэнч үлдэх боломжгүй юм. Зөв гэж мэддэг зүйлийнхээ төлөө хүчтэй мөн тууштай зогсохын тулд бидэнд Даниел, Абинадай, Моронайн эсвэл Иосеф Смитийн зориг хэрэгтэй. Амархан байсан зүйлийг хийх бус харин зөв зүйлийг хийх зориг тэдэнд байсан юм.
Бид бүгд айдас, доог тохуурхалтай болон эсэргүүцэлтэй тулгарах болно. Нийтээр зөвшөөрөгдсөн зүйлийг сөрж, зөв зарчмын төлөө зогсох зоригтой байцгаая. Бууж өгөх бус харин зоригтой байх нь Бурханы баталгаа болсон инээмсэглэлийг авчирдаг. Зориг нь гагцхүү эр хүний ёсоор үхэх явдал гэхээсээ илүү амьдралын хэв маяг болох үед амьд бөгөөд сэтгэл татам чанар болдог. Бид урагш тэмүүлж, амьдрах ёстой зарчмуудын дагуу амьдрах гэж хичээснээр Их Эзэнээс тусламж хүлээн авч, Түүний үгсээс тайтгарлыг олж чадах нь гарцаагүй. Би Иошуагийн номонд цэдэглэгдсэн:
“Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй. …
Тууштай бөгөөд зоригтой бай. Хаана явсан газарт чинь чиний Бурхан Эзэн чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун”10 гэсэн Түүний амлалтад дуртай.
Хайрт ах нар аа, бид “Би Христийн сайн мэдээнээс ичихгүй”11 хэмээн төлөөлөгч Паултай хамт гүн итгэлтэй мөн зоригтой тунхаглах болтугай. Мөн бид энэ зоригоороо: “Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол”12 гэсэн Паулын зөвлөгөөг дагах болтугай.
Гамшигт зөрчилдөөнүүд эхэлж мөн дуусдаг, гэхдээ хүмүүний бодгалийн төлөө эхэлсэн дайн төгсгөлгүй үргэлжилдэг. “Иймийн тул, эдүгээ хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг”13 хэмээх Их Эзэний үг бүрээн дуу мэт та нарт, надад, мөн газар бүрийн санваартнуудад ирдэг. Тэгээд бид төлөөлөгч Паулын тунхагласантай адил зорилгоороо нэгдэж, дээрээс хишиг хүртсэн, бүр “хаант тахилч нар”14 байх болно.15
Бидний хүн нэг бүр эртний Иовтой адил, “Миний дотор … амьсгаа байсаар байх хугацаанд, … би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй”16 гэж хэлэх зоригтой бөгөөд шийдвэр төгс эндээс гарах болтугай. Ийм байх болтугай хэмээн би бидний Их Эзэн Есүс Христийн нэрээр даруухнаар залбирч байна, амен.