2010–2019
“Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”
Дөрөвдүгээр сар 2014


16:5

“Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”

Дуулгавартай байхын тулд сонгох эрхээ ашиглах гэдэг нь “гарах үр дагаврыг нь бодож [тооцож] зөв зүйлийг хий” гэсэн утгатай юм.

Ах, эгч нар аа, Аврагчийн амьдралаас авдаг сургамжууд дотроос хамгийн яруу тод бөгөөд хүчтэй нь дуулгавартай байдлын үлгэр жишээ юм.

Аврагчийн үлгэр жишээ

Мөнх бус байдлын өмнө Тэнгэрт болсон Зөвлөгөөн дээр Люсифер Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг эсэргүүцэн бослого гаргасан билээ. Люсиферийг дагасан сүнснүүд мөнхийн өсөлт хөгжлөө алдсан юм. Иймээс хэнийг дагахаа болгоомжтой сонгоорой!

Тэгэхэд Есүс дуулгавартай байх амлалтаа илэрхийлж, “Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно”1 хэмээн хэлсэн билээ. Тохинууллынхаа үед “Тэрээр уруу таталтуудад орсон хэдий ч [тэдгээрт] анхаарал тавьсан нь үгүй.”2 Чухамдаа “Тэр … зовсон зүйлээсээ дуулгавартай байдалд суралцсан”3 юм.

Аврагч дуулгавартай байсан учраас бидний нүглийг цагаатган, бидний амилуулалтыг боломжтой болгосон бөгөөд бид мөнх бус амьдралд дуулгавартай байхад суралцах үед биднийг алдаа дутагдал гаргана гэдгийг мэдэж байсан Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих замыг бидэнд бэлтгэсэн юм. Бид дуулгавартай байснаараа Түүний золиослолыг хүлээн зөвшөөрдөг, учир нь “Есүс Христийн Цагаатгалаар дамжин хуулиуд, ёслолуудад мөн сайн мэдэээнд өгөгдсөн зарлигуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг.”4

Есүс: “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”5 мөн “Ирээд Намайг дага”6 хэмээн бидэнд ойлгоход хялбар үгсээр дуулгавартай байхыг заасан билээ.

Бид баптисм хүртэхдээ “Христийн нэрийг [өөрсөд] дээрээ хүлээн авч” мөн “амьдралынхаа төгсгөлийг хүртэл дуулгавартай байхаар Бурхантай гэрээнд”7 ордог. Ням гараг бүр бид ариун ёслолоос хүртэж, зарлигуудыг сахих хүсэлтэй байгаагаа гэрчилснээр баптисмын энэхүү гэрээгээ шинэчилдэг. Бид Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй үл нийцэх бодол санаа, мэдрэмж эсвэл үйлдлүүдийнхээ төлөө өршөөл хүсдэг. Мөн бид дуулгаваргүй байдлаа орхиж, дахин дуулгавартай байж эхлсэн наманчилснаар, бид Түүнд хайраа харуулдаг.

Дуулгавартай байдлын хэлбэрүүд

Сайн мэдээний дагуу амьдарснаар дуулгавартай байдлын талаарх бидний ойлголт өсөн нэмэгддэг. Бид зарим тохиолдолд миний хэлж заншсанаар “хүмүүний мэргэн ухаанд дуулгавартай байх” буюу бид өөрсдийн мэргэн ухаан, хүсэл бодол эсвэл алдар нэрийг илүүд үзэн, Бурханы хуулиудыг дуулгаваргүй байн үгүйсгэх алхам хийхээр уруу татагдаж мэднэ. Маш олон хүний амьдралд энэ нь газар аван даамжирсан учраас бидний соёл, хуулиудад Бурханы жишгүүдийн эзлэх хувь буурдаг.

Гишүүд Бурханыг хайрлаж, дээдлэн хүндэлдэг гэж мэдэгддэг атлаа “өөрийн дуулгавартай сахихыг хүсдэг зарлигуудыг онцгойлон үзэж,” Түүний зарлигуудаас болон заасан зүйлсээс мөн Түүний бошиглогчдын зөвлөгөө, заасан зүйлсээс чухам алийг нь бүрэн дагахаа заримдаа өөрсдөө шилж сонгодог.

Хүүхдүүд эцэг эхийнхээ гаргаж өгсөн зөвлөгөө болон дүрмүүдийг үргэлж ойлгодоггүйтэй адил зарим хүн аль нэг зарлигийг яагаад өгсөн шалтгааныг ойлгодоггүйн улмаас зарим зарлигийг сонгож, тэдгээрт дуулгавартай байдаг. Гэвч бид бошиглогчдыг дагадаг шалтгаанаа үргэлж мэддэг, учир нь энэ бол Есүс Христийн сүм бөгөөд Аврагч бүх эрин үед бошиглогчдоо удирддаг билээ.

Дуулгавартай байдлын талаарх бидний ойлголт гүнзгийрэхийн хэрээр бид сонгох эрхийн амин чухал үүргийг ойлгодог. Есүс Гетсеманий цэцэрлэгт байхдаа Тэнгэр дэх Эцэгтээ хандан гурвантаа залбирч, “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог”8 хэмээн хэлжээ. Бурхан Аврагчийн сонгох эрхийг үгүйсгээгүй боловч Хайрт Хүүгээ хүчирхэгжүүлэхийн тулд нигүүлсэнгүй сэтгэлээр тэнгэр элчийг илгээсэн билээ.

Аврагч Голгота хэмээх газар бас өөр нэгэн сорилттой тулгарсан юм. Тэрээр Өөрийг нь загалмайнаас буулгах тэнгэр элчүүдийг дуудаж болох байсан ч эцсээ хүртэл дуулгавартай тэвчиж, зовлон шаналал, бүр үхэл шаардагдсан ч, цагаатгагч золиослолоо гүйцэлдүүлэхээр Өөрийн сонголтыг хийсэн юм.

Сүнслэг байдлын хувьд дээд түвшинд хүрсэн дуулгавартай байдал бол “Аврагчийн харуулсан дуулгавартай байдал” юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүүг хайрлах жинхэнэ хайраар өдөөгддөг. Бид Аврагчтай адил дуулгавартай дагах хүсэлтэй байсан үедээ “Миний Хайрт Хүү, миний ихэд таалсан түүнийг, … болгоогтун”9 гэсэн Тэнгэрлэг Эцэгийнхээ үгсийг зүрх сэтгэлдээ нандигнан боддог билээ. Мөн бид Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд орохдоо “Сайн байна, итгэмжит сайн боол минь! … Эзнийхээ баяр баясгаланд ор”10 гэсэн Түүний үгсийг сонсохыг хүсэн хүлээдэг.

Дуулгавартай байхын тулд сонгох эрхээ ашиглах гэдэг нь “гарах үр дагаврыг нь бодож [тооцож] зөв зүйлийг хий”11 гэсэн утгатай юм. Энэ нь өөрийгөө захирах чадварыг шаарддаг бөгөөд бидэнд болон бидний үлгэр жишээгээр дамжуулан эргэн тойрон дахь хүмүүст итгэлтэй байдал, мөнхийн аз жаргал хийгээд сэтгэл ханамжийг авчирдаг. Мөн энэ нь санваарын удирдагчдыг дэмжиж, тэдний заасан зүйлс болон зөвлөгөөг дагах хувь хүний тууштай шийдвэр төгс байдлыг үргэлж өөртөө багтаадаг.

Үр дагаврууд

Бид дуулгавартай дагах эсэхээ сонгохдоо сонголтуудынхаа үр дагаврыг санах нь үргэлж тустай байдаг. Люсифер болон түүнийг дагагчид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг эсэргүүцэх сонголтынхоо үр дагавруудыг ойлгосон болов уу? Хэрэв тийм бол тэд яагаад тийм харалган сонголт хийсэн юм бол? Бид үүнтэй төстэй асуултыг өөрөөсөө асууж болох юм: бид нүглийн мөнхийн үр дагавруудыг мэддэг атлаа бидний зарим нь яагаад дуулгаваргүй байхыг сонгодог юм бол? Судрууд үүний хариултыг өгдөг: Каины болон Адам, Ева хоёрын зарим хүүхэд дуулгаваргүй байхыг сонгосон шалтгаан бол “тэд Сатаныг Бурханаас илүү хайрласан”12 явдал юм.

Аврагчийг хайрлах бидний хайр бол Аврагчийн харуулсан дуулгавартай байдлыг олж авах түлхүүр нь юм. Бид өнөөгийн дэлхийд дуулгавартай байхаар хичээн чармайх үедээ Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хайрлаж, хүндэлдэг гэдгээ тунхагладаг. Гэсэн хэдий ч бусдыг гэсэн энэхүү хайр нь бидний сайн сайхны төлөө өгөгдсөн Бурханы зарлигуудыг өөрчлөх боломжгүй юм! Жишээлбэл, “Чи … хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй”13 гэсэн зарлиг нь Бурханы бүх хүүхдийг, бүр төрөөгүй хүмүүсийг хүртэл хамгаалдаг сүнслэг хуулин дээр суурилсан байдаг. Энэхүү хуулийг үл тоомсорлосноор бидэнд хэмжээлшгүй уй гашуу ирдгийг урт удаан хугацааны туршлага харуулж байна. Гэвч сонголт юм уу ашиг сонирхлын шалтгаанаар төрөөгүй хүүхдийн амийг таслахыг хүлээн зөвшөөрч болохуйц зүйл гэж олон хүн итгэдэг.

Дуулгаваргүй байдлыг зөвтгөх нь сүнслэг хуулийг эсвэл үүний үр дагавруудыг өөрчилдөггүй бөгөөд төөрөгдөл, тогтворгүй байдал, төөрөгдөл, уй гашуу руу болон этгээд замаар бэдрэхэд хөтөлдөг. Христийн дагалдагчдын хувьд бидэнд Түүний хууль, зарлигууд болон өөрсөд дээрээ авсан гэрээнүүдээ хамгаалах ариун үүрэг бий.

1831 оны арванхоёрдугаар сард хэдэн ах сүмийн эсрэг, найрсаг бус санаа бодлыг намжаахад туслахаар дуудагджээ. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан:

“Дайснуудаа мадлагтун; тэд та нартай нийтийн өмнө хийгээд ганцаарчлан уулзахаар тэднийг дуудагтун;

“Иймийн тул, тэд Их Эзэний эсрэг хүчирхэг шалтгаануудаа урагш авчраг.

“…Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй;

“Мөн хэрэв хэн нэгэн нь та нарын эсрэг дуу хоолойгоо өргөх аваас, миний өөрийн тогтоосон цагт тэрээр мадлуулах болно.

“Иймийн тул, миний зарлигуудыг сахигтун; тэдгээр нь үнэн бөгөөд итгэгдсэн болой”14 хэмээн тэднийг ердийн бус, бүр гайхмаар арга замаар удирдсан юм.

Судрууд дахь сургамжууд

Бошиглогчид өөрсдийн туршлагаар дамжуулан дуулгавартай байдалд суралцсан тухай жишээнүүд судруудад дүүрэн байдаг.

Иосеф Смит өөрийн найз, ивээн тэтгэгч, бичээч Мартин Харрисын шахалтад бууж өгсний үр дагавруудыг туршлагаасаа сурч мэдсэн юм. Иосефыг Мартин Харрисын хүссэнээр Мормоны Номын эхний 116 хуудсыг түүнд өгөхөд Мартин тэдгээрийг гэр бүлдээ үзүүлж болох эсэхийг Их Эзэнээс асуухад Их Эзэн Иосефт болохгүй гэж хариулжээ. Мартин Их Эзэнээс дахин асуугаад өгөөч гэж Иосефоос гуйв. Их Эзэн Иосефын гурав дахь удаагийн гуйлтын дараа тодорхой таван хүнд гар бичмэлийг үзүүлэх зөвшөөрөл өгчээ. “Мартин онцгой чанд гэрээ хийж, тохиролцон, гар бичмэлийг тэдэнд үзүүлнэ гэж амлалт өгсөн байна. Түүнийг гэртээ ирмэгц тал талаас нь шалж эхэлсэн тул тэр нөгөөх амлалтаа мартаж, гар бичмэлийг өөр хүмүүст үзүүлжээ”.15 Ингээд гар бичмэл түүний гараас алдагдсан юм. Үүний уршгаар Иосеф Их Эзэнд зэмлүүлж, Мормоны Номыг үргэлжлүүлэн орчуулах зөвшөөрлөө алдсан байна. Иосеф зовж шаналж, бусдын шахалтад бууж өгсөн нүглээ наманчилсан билээ. Хэсэг хугацааны дараа Иосеф орчуулгын ажилдаа эргэн орох зөвшөөрөл авчээ. Иосеф үлдсэн амьдралынх нь турш өөрт нь ашиг тусыг өгсөн дуулгавартай байдлын үнэтэй сургамж авсан юм!

Бошиглогч Мосегийн өөр нэг жишээ байдаг. Мосе дуулгавартай байж этиоп эхнэр авахад, Мириам, Аарон хоёр түүнийг эсэргүүцэн ярьсан байна. Гэвч Их Эзэн тэднийг зэмлэж, “[Мосетой] Би … илэн далангүй амаараа ярьдаг”16 хэмээн хэлсэн юм. Их Эзэн манай эрин үеийн сүмийн гишүүдэд заахдаа энэ гайхалтай жишээг ашигласан байдаг. 1830 онд Хайрам Пейж сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авсан хэмээн мэдэгдэхэд Их Эзэн түүнийг залруулж, “Мөн [Иосефт] миний өгөх тэр зүйлүүдэд, … чи бүр Аароны адил дуулгавартай байх ёстой,”17 “учир нь тэрбээр бүр Мосегийн адилаар тэдгээрийг хүлээн авдаг болой”18 хэмээн гэгээнтнүүдэд заажээ.

Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг, “Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу.”19

Дуулгавартай байдал нь үлгэр жишээгээр заагддаг. Бид хэрхэн амьдарч байгаагаараа дамжуулан: “Насны залууд мэргэн ухаанд суралц; тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун”20 хэмээн хүүхдүүддээ заадаг.

Дуулгавартай байдал нь биднийг аажмаар улам илүү хүчтэй болгож, ирээдүйд болох илүү агуу сорилт, бэрхшээлүүдийг итгэлтэй тэвчих чадвартай болгодог. Гетсемани дахь дуулгавартай байдал Аврагчийг Голгота дээр эцсээ хүртэл тэвчихэд бэлтгэсэн юм.

Хайрт ах эгч нар аа, Алмагийн дараах үгс миний зүрх сэтгэлийн мэдрэмж, бодол санааг илэрхийлдэг:

“Мөн эдүгээ хайрт ах дүүс минь, би та нарыг Бурханы өмнө хүлээх үүргийн тань мэдрэмжинд сэрээж болохын тулд, та нар түүний өмнө гэмгүйгээр алхаж болохын тулд, … би эдгээр зүйлийг та нарт хэлсэн бөлгөө.

“Мөн эдүгээ би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй бас эелдэг байгаасай хэмээнэ; … Бурханы зарлигуудыг дагахдаа цаг үргэлж шаргуу; … байгаасай хэмээнэ.”21

Бидний Аврагч амьд гэсэн онцгой гэрчлэлээ би хэлж байна. Тэр дуулгавартай байсан учраас түүнийг [бидний Аврагч] гэдгийг “өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно.”22 Бид Түүнийг гүнээ хайрлан, Түүнд бүрэн итгэн, дуулгавартай байж, Түүний зарлигуудыг сахин, Бурханы хаант улсад Түүнтэй хамт үүрд амьдрахаар буцах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.