2010–2019
Бүгд өөрсдийн дээр Эцэгээс ирсэн нэрийг авах ёстой
2018 оны 10-р сар


2:3

Бүгд өөрсдийн дээр Эцэгээс ирсэн нэрийг авах ёстой

Аврагчийн нэрэнд онцгой, чухал хүч агуулагддаг. Энэ бол авралыг боломжтой болгодог цорын ганц нэр юм.

Хэдэн долоо хоногийн өмнө би найман настай хүүхдүүдийн баптисмд оролцсон юм. Тэд Есүс Христийн сайн мэдээг эцэг эх, багш нараасаа мэдэж авч, суралцаж эхэлсэн байна. Ийнхүү Түүнд итгэх итгэлийн үр тэдэнд соёолж эхэлжээ. Харин одоо тэд Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүн болохын тулд Түүнийг дагаж баптисмын ус руу орохыг хүсэж байв. Би тэдний итгэл найдварыг хараад, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэсэн баптисмын гэрээнийхээ нэгэн чухал хэсгийг буюу үүргээ ямар сайн ойлгосон юм бэ гэж гайхширсан.

Эхлэлээс Бурхан бидэнд зориулсан Өөрийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн нэрийн ач холбогдлыг тунхагласаар ирсэн. Тэнгэр элч бидний анхны эцэг Адамд “чи өөрийн хийх бүхнийг чи Хүүгийн нэрээр хийх ёстой, мөн чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой” хэмээн заасан байдаг.

Мормоны Номын бошиглогч хаан Бенжамин хүмүүстээ “түүгээр хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгээхэн ч өөр нэр өгөгдөхгүй, басхүү нэгээхэн ч өөр зам, мөн нэгээхэн ч арга үгүй” хэмээн заасан.

Их Эзэн энэхүү үнэнийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан “Есүс Христ бол Эцэгээс өгөгдсөн нэр болой, мөн түүгээр хүмүүн аврагдаж болох өөр нэр өгөгдсөн нь үгүй” хэмээн дахин тунхагласан юм.

Өнөө үед ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Есүс Христийн ариун нэрэнд итгэх итгэлээ хөгжүүлдэг, түүнтэй гэрээ байгуулдаг хүмүүс … Есүс Христийн цагаатгагч золиослолыг хүртэх эрхтэй” гэж заасан.

Тэнгэрлэг Эцэг маань Өөрийнх нь Хүү Есүс Христийн нэр үй түмэн нэр дундаас зүгээр нэг нэр биш болохыг маш тодорхой онцлохыг хүссэн. Аврагчийн нэрэнд онцгой, чухал хүч агуулагддаг бөгөөд энэ бол авралыг боломжтой болгодог цорын ганц нэр юм. Хайраар дүүрэн Эцэг маань эрин үе бүрд энэ үнэнийг онцолж өгснөөр Өөр рүү нь буцах зам байдаг гэдгийг хүүхдүүддээ баталж өгсөн юм. Гэхдээ буцах зам тодорхой байна гэдэг нь бид автоматаар шууд буцаад очно гэсэн баталгаа биш юм. Бурхан “Иймийн тул, Эцэгээс өгөгдсөн нэрийг бүх хүмүүн өөрсөд дээрээ авах ёстой” хэмээн бидний үйлдэл шаардлагатай болохыг хэлсэн билээ.

Гагцхүү Христийн нэрээр ирдэг авралын хүчийг хүлээн авахын тулд бид “Бурханы өмнө өөрсдийгөө даруусгаж … харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр ирж … Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байн”, найман настай найзуудтай маань адил “баптисмаар түүний сүмд хүлээн авагдах ёстой.”

Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авахыг чин сэтгэлээсээ хүсэж буй хүмүүс шийдвэрээ Бурханд биеэрээ гэрчлэхээр баптисмын ёслолыг хүлээн авах шаардлагыг хангаж, үүнийг хүлээн авах ёстой. Гэхдээ баптисм бол зүгээр л эхлэл юм.

Авах гэдэг үг нь идэвхгүй үг биш, харин хэд хэдэн байдлаар тодорхойлогдох үйл үг юм. Үүнтэй адил, өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авах амлалт нь биднээс үйлдэл хийхийг шаарддаг бөгөөд хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Жишээлбэл, англи хэл дээрх take (тэйк) гэдэг үгийн нэг утга нь шингэн юм уух гэх мэтчилэн аливаа зүйлээс хүртэх эсвэл аливаа зүйлийг биедээ шингээх гэсэн утгатай. Өөрсөд дээрээ Христийн нэрийг авснаар бид Түүний сургаал, зан байдлыг, эцэст нь Түүний хайрыг өөрсдөдөө хүлээн авах амлалт өгдөг. Тэгснээр тэдгээр нь бидний нэг хэсэг болдог юм. Иймээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “[Аврагчийн] олон алдар нэр [тэдний] хувьд ямар утга учиртайг ойлгохоор эрэлхийлэхдээ залбирч, идэвхтэй байх” мөн судрууд дээрх, ялангуяа Мормоны Номон дээрх Христийн үгэн дээр найрлах урилгыг залуучуудад өгсөн юм.

Англи хэл дээрх take гэдэг үгийн өөр нэг утга нь хэн нэгнийг тодорхой ажил үүрэгт хүлээн авах эсвэл аливаа санаа, зарчмын үнэнийг хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай. Бид өөрсөд дээрээ Христийн нэрийг авахдаа Түүнийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрч, Түүний сургаалуудыг үргэлж амьдралынхаа удирдамж болгон хүлээн авсаар байдаг. Бид чухал ач холбогдол бүхий шийдвэр гаргах бүрдээ Түүний сайн мэдээг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч, бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үүний дагуу амьдарч чадна.

Англи хэл дээрх take гэдэг үг нь өөрийгөө ямар нэгэн нэр эсвэл учир шалтгаантай нийцүүлнэ гэсэн утгыг илэрхийлдэг байж болно. Бидний ихэнхэд ажил дээр ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээн авсан эсвэл учир шалтгаан, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн туршлага бий. Бид өөрсдийн дээр Христийн нэрийг авахдаа жинхэнэ шавийн үүрэг хариуцлагыг хүлээн авдаг бөгөөд Түүний үйлсийг ямагт дэмжиж, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн [Түүний] гэрчлэгч болж зогсдог.” Ерөнхийлөгч Нэлсон “бүх залуу эмэгтэй, залуу эрэгтэйг Израилийг цуглуулахад туслуулахаар Их Эзэний армид элсэхэд” дуудсан билээ. Бид бүгдээрээ Аврагчийн сэргээгдсэн Сүмийн нэр буюу Түүний илчилсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэх нэрийг хүлээн зөвшөөрөх бошиглолын дуудлагыг баяртай хүлээн авдаг.

Аврагчийн нэрийг өөр дээрээ авах явцад бид Христийн учир шалтгаан, Түүний Сүмийн учир шалтгаан хоёр нэг юм гэдгийг ойлгох ёстой. Тэдгээр нь тус тусдаа байх боломжгүй. Үүнтэй адилаар, Аврагчийн шавь байх, Түүний Сүмд идэвхтэй гишүүн байх хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Хэрэв бид аль нэгнийх нь хувьд амлалтаа зөрчвөл өдрийн дараа шөнө ирдэг шиг өөр нэгнийх нь хувьд ч амлалтаа зөрчсөн хэрэг болно.

Зарим хүн Есүс Христийн нэр ба Түүний үйлсийг хэтэрхий нарийн, хязгаарлагдмал, хэцүү бэрх гэж боддог учраас хүлээн авах хүсэлгүй байдаг. Бодит байдал дээр, Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь эрх чөлөөг олгож, цар хүрээг маань өргөжүүлэн тэлж өгдөг. Энэ нь Бурханы төлөвлөгөөг Аврагчид итгэх итгэлээр хүлээн авах үедээ мэдэрсэн хүслийг маань сэрээдэг. Бид энэ хүслийг зүрх сэтгэлдээ хүчтэй мэдэрснээр тэнгэрлэг бэлэг, ур чадваруудынхаа жинхэнэ зорилгыг олж илрүүлэн, Түүний боломж олгогч хайрыг мэдэрч, бусдын сайн сайхны төлөө илүү их санаа тавьдаг. Бид Аврагчийн нэрийг өөрсдөдөө авснаар жинхэнэ утгаар нь сайн зүйл болгоноос зууран барьж, Түүнтэй адил болдог.

Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах нь гэрээний амлалт бөгөөд энэ нь бидний баптисмын үеэр байгуулсан гэрээгээр эхэлдэг. Ерөнхийлөгч Нэлсон “Аврагчтай гэрээ байгуулж, тэдгээр гэрээгээ сахиснаар Түүнийг дагах амлалт маань боломжит бүхий л сүнслэг адислал, онцгой эрхийн үүд хаалгыг нээдэг” хэмээн заасан. Баптисмаар дамжуулан Аврагчийн нэрийг өөрсдөдөө авах тэнгэрлэг онцгой эрхүүдийн нэг нь гэрээний зам дахь дараагийн ёслол буюу гишүүний баталгааг хүлээн авах явдал юм. Би найман настай нэг найзаасаа Христийн нэрийг өөр дээрээ авна гэдэг нь ямар утгатай болохыг асуухад тэр энгийнээр “Ариун Сүнстэй хамт байж болно гэсэн үг” гэж хариулж билээ. Түүний зөв байсан.

Бид баптисм хүртсэний дараа гишүүний баталгаагаар дамжуулан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Энэ бэлэг нь Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгох эрх бөгөөд боломж юм. Хэрэв бид Түүний намуун, зөөлөн дуу хоолойг сонсож, дагах юм бол Тэрээр биднийг баптисмаар дамжин орсон гэрээнд маань үнэнч байлгаж, энэ замаас холдуулах уруу таталт ирэх үед биднийг сэрэмжлүүлж, шаардлагатай бол наманчлан, засаж залруулахад биднийг урамшуулдаг. Баптисмын дараа бид гэрээний зам дээр үргэлжлүүлэн өсөж хөгжихийн тулд Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахад анхаарах ёстой. Бид амьдралаа хэдий чинээ цэвэр, нүглээс ангид байлгана, төдий чинээ Ариун Сүнс бидэнтэй хамт байж чадна.

Энэ шалтгааны учир, Их Эзэн өөр нэгэн ёслол буюу ариун ёслолоор дамжуулан баптисмын цэвэршүүлэгч нөлөөг шинэчлэх арга замаар хангасан юм. Долоо хоног бүр бид гараа сунган, Их Эзэний мах, цусны бэлгэдэл болох талх, уснаасавахдаа мөн тэдгээрийг хүртэхдээ “өөрсдөдөө Хүүгийн нэрийг ав[ахад] бэлэн гэдгээ гэрчилж” чадна. Хариуд нь, Аврагч цэвэршүүлэгч гайхамшгаа дахин нэгэнтээ гүйцэлдүүлж, биднийг Ариун Сүнсний нөлөөг үргэлжлүүлэн хүлээн авах эрхтэй болгодог. Энэ нь зөвхөн Есүс Христийн нэрээс олох боломжтой хязгааргүй нигүүлслийн нотолгоо биш гэж үү? Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авдаг шиг Тэр ч гэсэн бидний нүгэл, уй гашууг Өөр дээрээ авдаг бөгөөд биднийг Өөрийн хайрын мутарт тэврэн авахаар нигүүлсийн мутраа “сунгасан хэвээр” байдаг.

Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь баптисмын өдөр л хийгддэг ганц удаагийн үйл явдал биш бөгөөд одоо ч гэсэн бодитой үргэлжлэх амлалт гэдгийг ариун ёслол бидэнд долоо хоног бүр сануулдаг. “Бидэнд нүглээсээ өршөөгдөн, түүний бие болон цуснаас хүртэх боломжийг олгодог хүмүүний ойлголтоос давсан тэр ариун өргөлд” бид ахин дахин талархах боломжтой болдог. Бурханы хүүхдүүд Христийн нэрийг өөрсөд дээрээ авснаар ирдэг хүчирхэг, сүнслэг адислалуудыг ойлгох үедээ үргэлж баяр баясгаланг мэдэрч, Бурхантайгаа гэрээ байгуулахыг хүсдэг.

Биднийг тэнгэрээс томилогдсон энэхүү гэрээний замыг дагах үед Есүс Христийн нэрийг өөрсдөдөө авах амлалт, хичээл зүтгэл маань “[түүний] нэрийг зүрх сэтгэлдээ үргэлж бичээстэй нь хадгалах” хүч чадлыг өгдөг. Бид Бурханыг болон хөршүүдээ хайрлаж, тэдэнд тохинуулах хүсэлтэй болцгооно. Бид Түүний зарлигуудыг сахих болно. Мөн Түүнтэй нэмэлт гэрээнүүдийг хийснээр Түүнд ойртохыг хүсэх болно. Мөн бид зөв шударга хүслийнхээ дагуу үйлдэх чадваргүй, сул дорой гэдгээ мэдрэх үедээ зөвхөн Түүний нэрээр ирэх хүч чадлыг гуйдаг бөгөөд Тэрээр бидэнд туслахаар ирдэг. Бид итгэлтэйгээр тэвчсэнээр Түүнийг харж, Түүнтэй хамт байн, Түүнтэй адилхан болсноо, улмаар Эцэгийн оршихуй руу буцах эрхтэй болсноо мэдэх өдөр ирэх болно.

“Есүс Христийн нэрэнд итгэн, мөн түүний нэрэнд Эцэгийг бишрэн шүтэж, мөн итгэлд түүний нэрэнд эцсээ хүртэл тэвчдэг” тэд Бурханы хаант улсад аврагдах болно гэсэн Аврагчийн амлалт баттай билээ. Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авснаар эдгээр юутай ч харьцуулшгүй адислал боломжтой болдогт би та бүхэнтэй хамт баясаж байна. Түүний талаар Түүний нэрээр би гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Мосе 5:8.

  2. Мозая 3:17.

  3. Сургаал ба Гэрээ 18:23.

  4. Dallin H. Oaks, “Taking upon Us the Name of Jesus Christ,” Ensign, May 1985, 82.

  5. Сургаал ба Гэрээ 18:24; тодотгол нэмэгдсэн.

  6. Сургаал ба Гэрээ 20:37; тодотгол нэмэгдсэн.

  7. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болохдоо Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авдаг. … Христэд үнэн сэтгэлээсээ итгэдэг Христийн шашинтны хувьд бид түүний нэрийг өөрсөд дээрээ баяртайгаар авсан билээ” (“Taking upon Us the Name of Jesus Christ,” 80) хэмээн заажээ.

  8. Merriam-Webster онлайн толь дээр take гэдэг үгийн тусах үйл үгийн 20 өөр утга байдаг. Уг үгийг тусах үйл үгийн хэлбэрээр “Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах” (merriam-webster.com/dictionary/take) хэмээх хэсэгт ашиглажээ.

  9. Russell M. Nelson, “Prophets, Leadership, and Divine Law” (worldwide devotional for young adults, Jan. 8, 2017), broadcasts.lds.org.

  10. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60–63.

  11. Мозая 18:9.

  12. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилийн итгэл найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3).

  13. “Их Эзэн Өөрийн Сүмийн буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөө илчилсэн нэр хэчнээн чухал болохыг оюун санаанд минь ойлгуулан мэдрүүлсэн юм. We have work before us to bring ourselves in harmony with His will” (Russell M. Nelson, in “The Name of the Church” [official statement, Aug. 16, 2018], mormonnewsroom.org).

  14. Моронай 7:19-ийг үзнэ үү.

  15. Рассэлл М.Нэлсон, “Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7

  16. Сургаал ба Гэрээ 20:77; тодотгол нэмэгдсэн.

  17. 3 Нифай 9:14; Алма 5:33–34-ийг үзнэ үү.

  18. 2 Нифай 1:15-ыг үзнэ үү.

  19. “Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байгаагаа гэрчлэх үедээ Эцэгийнхээ хаант улс дахь мөнх амьдралыг хүлээн авахын тулд чадах бүхнээ хийх амлалтыг өгдөг. Бид селестиел хаант улс дахь өргөмжлөлийн төлөө хичээх хүсэл, шийдэмгий байдлаа харуулдаг. …

    Бид түүний нэрийг өөрсөд дээрээ авч байгаа гэдгээ бус, авахад бэлэн байгаа гэдгээ гэрчилдэг. Тэгэхлээр бидний уг гэрчлэл хэн нэгний зөвшөөрөлгүй дураараа гүйцэтгэдэг зүйл бус, харин Аврагчийн эрх мэдэл, санаачилгаас хамааралтай ирээдүйн үйл явдал, байр суурьтай холбогддог.” (Dallin H. Oaks, “Taking upon Us the Name of Jesus Christ,” 8283).

  20. “O God, the Eternal Father,” Hymns, no. 175.

  21. Мозая 5; 6; 18; 3 Нифай 19-ийг үзнэ үү.

  22. Мозая 5:12.

  23. Сургаал ба Гэрээ 20:29.