2013
Үхэл ба амьдрал: Амилуулалтын талаарх анхдагчдын үзэл бодол
2013 оны дөрөвдүгээр сар


Үхэл ба амьдрал

Амилуулалтын талаарх анхдагчдын үзэл бодол

Сүмийн анхны хөрвөгчид Гэгээнтнүүдтэй нийлэхийн тулд Нэгдсэн Улсын өрнөд нутаг руу хүнд хүчир аян хийсэн үед үхэл хагацалтай тулгарч байсан ч сэргээгдсэн сайн мэдээнд итгэх шинэ итгэл нь тэдэнд хүч чадал өгч байсан юм. Анхдагчдын дараах үгс болон Сүмийн анхны таван Ерөнхийлөгчийн сургаалаас авсан хэсгүүд Гэгээнтнүүд Амилуулалтад найдаж байсныг харуулж байна.

1866 онд Нью-Йоркоос Юта руу хийсэн аяны үеэр бага насны хүү нь амь үрэгдсэн, нэр нь үл мэдэгдэх Скандинавийн нэгэн Хожмын Үеийн Гэгээнтний тухай Роберт Авесон ийн өгүүлжээ.

“Тэр нэг найзынхаа тусламжтайгаар шарилын жижигхэн нүх ухаад, халдварт өвчнөөр нас барсан хүүхдийнхээ цогцсыг тэнд оршуулахад гашуудан цугларагсад байсангүй, ямар нэг ёслол болсонгүй, цэцэг ч байсангүй, салах ёслолын дуу дуулж, гашуудлын үг ч хэлсэнгүй. Харин уй гашуу болсон эцэг нь төрөлх дани хэлээрээ товчхон адислалын залбирал хэлснийг дор өгүүлье: …

“‘Тэнгэрлэг Эцэг минь ээ: Та надад энэ бяцхан үнэт эрдэнэ хонгорхон хөвгүүнийг өгсөн билээ. Одоо та түүнийг Өөртөө дуудан аваачлаа. Та түүний цогцсыг амилуулалтын өглөө хүртэл энд нь амгалан тайван байлгаарай. Таны хүсэл биелэг. Амен.’

Тэгээд тэр өндийн босч салах ёслолын эдгээр үгсийг хэлсэн ажээ:

“‘Баяртай, миний бяцхан хонгор хүү Ханс минь.’ Тэгээд тэр тэргүүнээ гудайлган, гунигтай ч гэсэн эрс шийдэмгийгээр буудалласан газар руугаа явлаа.”1

Ерөнхийлөгч Иосеф Смит (1805–44):

“Нөхөр, эхнэр, эцэг эх, хүүхдээ эсвэл хайртай дотны хүнээ алдаад салах ёс гүйцэтгэн гашуудаж байгаа хүмүүст, дэлхийн бие нь оршуулагдан, тоосонд шингэсэн ч, хайртай хүмүүс нь нэгэн цагт үхэшгүй байдлыг олж, түймэрдэгч галын дотор оршин, гай зовлон, уй гашууг мэдэхгүйгээр амилан босч, Есүс Христийн хамт Бурханы өв залгамжлагчид болно гэдгийг мэдэж байгаа нь ямар их тайвшралыг өгч байна вэ.”2

Жозеф Уотсон Янг (1828–73), Англиас 1853 онд Нэгдсэн Улсад ирсэн Бригам Янгийн зээ дүү:

“Шөнийн түнэр харанхуйд хэдүүлхнээ, хорвоог орхисон нэгнээ оршуулах шиг гунигтай юм хаа байхав. … Усан онгоцон дээр түүний төлөө гашуудах хүн үйлчлэгч найзаас нь өөр хэн ч байсангүй. Ийм хүнд хоромд хүмүүний итгэл найдвар үгүй болдог. Энэ залуу эр Сионд очихын тулд хамаг юмаа орхиж, зүрх сэтгэл нь агуу итгэл найдвар, хүсэл эрмэлзлээр дүүрэн байсан бөгөөд далайд живж, амиа алдаж болно гэдэг бодол түүнийг огтхон ч зовоогоогүй юм. Гэвч, тэр итгэж найдах юм юу ч үгүйгээр хорвоог орхисон хүмүүстэй огт адилгүй. Учир нь амар амгалан байдлыг түүнд Бурхан өгсөн байлаа. Иймээс тэрээр зөв шударга хүмүүсийн амилуулалтын алдар суут өглөөд бүрэн итгэлтэй байсан юм.”3

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77):

“Бид үхлийг харанхуй хөндий, хар сүүдэр хэмээн нэрлэдэг! Мөнх бус бие оршихуйн энэ хэлбэрээс оргүй хоосон хэлбэрийг дамжин өнгөрдөг нь юутай хачирхалтай! Энэ нь үнэхээр харанхуй хөндий юм! Энэ зам нууцлаг бөгөөд бид хараахан үүгээр аялаагүй байна. Найз нар, ах дүүс минь, хэрэв бид юмсыг байгаагаар нь харж чаддагсан бол, тэдгээрийг ухаж ойлгодогсон бол хар сүүдэр, харанхуй хөндий буюу үхэл нь яльгүй зүйл бөгөөд үүнийг тал бүрээс нь бодож үзвэл бид үхлийг үзнэ гэдэг нь хүмүүний оршихуйн үүднээс авч үзвэл уй гашуу, гай зовлон, өвчин эмгэг, гутрал цөхрөлийн оршихуйгаас махан биегүйгээр амьдралын баяр баясгаланг бүрэн хэмжээгээр нь мэдэрч чадах мөнхийн оршихуйд шилжиж байгаа үнэхээр агуу боломж юм гэдгийг би та нарт хэлэхийг хүсч байна.”4

Дан Жөүнс (1811–62), Хатагтай Виллямс болон Сүмийн бусад гишүүдтэй хамт 1849 онд Нэгдсэн Улсад далайгаар ирсэн Уэльсийн хөрвөгч:

“Трегароны (Уэльс) ойролцоох Енисибонтын хатагтай Виллямсийн эрүүл мэндийн байдал түргэн муудаж, амьд явах хоногийнх нь тоо цөөхөн болсон байлаа. … Түүнд тохиосон агуу аз завшаан, нэр төрийн хэрэг бол Бурханы Хүүгийн үнэн сүмийн гишүүн болсон явдал нь бөгөөд Түүний сүмийн хүч чадал урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр батлагдаж буй үед энэ амьдралын дараа ирэх амьдралд итгэх итгэл нь түүний айдсыг үргээж байлаа. … Амилуулалтын өглөө ээжтэйгээ учран золгохын тулд үхэх хүртлээ итгэлтэй байхыг тэрээр хөвгүүддээ эрхэмлэн захьсан ажээ. … Тэрээр шөнөжингөө ухаан санаа сэргэг байж, маргааш өглөө үүр цайх үед өглөөний дөрөв арван тавд нүүрэндээ амар амгалан инээмсэглэл үлдээн зовлонт хорвоог орхисон юм.”5

Ерөнхийлөгч Жон Тейлор (1808–87):

“Хайртай найз нараа алдан гашуудаж байгаа хүмүүс тэдэнтэй дахин уулзах болно гэдгийг мэдэх нь тэднийг хэчнээн их тайтгаруулдаг билээ! Бид нэгэн цагт үхэшгүй мөнх, амилсан бодгаль болж, булшнаас босч ирэн, итгэл хүлээсэн, үнэнч анд найзуудтайгаа эргэн уулзаж, үхлийн зовлонг дахин үзэхгүй болж, биднээр хийлгэхийг хүссэн Эцэгийн ажлыг дуусгах болно гэдгийг мэдэх нь үнэний зарчмуудаар амьдардаг бүх хүмүүсийг, тэр тусмаа халуунд халж, хүйтэнд хөрч, хүнд ачааг үүрэн, амьдралынхаа бараг төгсгөлд ирсэн хүмүүсийг хэчнээн их тайтгаруулах бол оо!”6

Aндрю Женсон (1850–1941), АНУ-ын Небраскаас 1866 онд Ютад Андрю Х.Скоттын морин тэрэгтэй бүлэгтэй хамт ирсэн Данийн цагаач:

“Бид хамт аялагч нөхдийнхөө цогцсыг эзгүй зэлүүд газарт оршуулаад, бүгдээрээ цурхиран уйлж, дотроо онгойлгодог байлаа. Найз нар, төрөл төрөгсөд нь хайртай хүмүүсээ ийм байдлаар нутаглуулаад шарилын газар дээр нь эргэж ирэх ямар ч найдваргүйгээр, тэр дороо яаран аяны замаа сэтгэлдээ гуниг тээн хөөдөг байлаа. … Гэвч эхний амилуулалтын өглөө Габриел бүрээгээ үлээхэд тэдний булш нээгдэж, оршуулагдсан тэд Сионыг чиглэн алхлах болно. Их Эзэн тэднийг зорьсон газартаа хүрэхээс нь өмнө тэнгэр дэх гэрт нь дуудах болно. Сионыг махан биеэр үзэх нь тэдэнд боломжгүй юм. Харин тэд алдар сууг хүлээн авч баярлах болно. Хэрэв тэд хорвоог орхих хүртлээ Бурханыг дуулгавартай дагаж, Түүний зарлигуудыг сахихыг хичээсэн бол [Их Эзэн] дотор нас барж адислагдах болно.”7

Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф (1807–98):

“Христийн сайн мэдээгүйгээр үхэл хагацал гэдэг бол тунгаан бодох сэдвүүдээс хамгийн гунигтай нь юм. Харин бид сайн мэдээг хүлээн авч, амилуулалтын зарчмуудыг мэдсэнээр үхэл хагацлаас үүдэлтэй уй гашуу, уйтгар гуниг үлэмж хэмжээгээр арилж үгүй болдог. … Нас барагсдын амилуулалт гэгээрсэн хүний оюун ухаанд сууриа олоход тэр хүний сүнс амар амгаланг олдог. Энэ бол Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн байр суурь. Бид үүнийг өөрсдөө олж мэдсэн бөгөөд энэ асуудлын талаар мэдлэггүй хүмүүс биш. Бурхан үүнийг бидэнд илчилсэн бөгөөд бид нас барагсдын амилуулалтын зарчмыг ойлгодог. Сайн мэдээ амьдрал, үхэшгүй байдлыг авчирдаг нь бидэнд илчлэгдсэн юм.”8

Виллям Драйвер (1837–1920), Англиас АНУ-ын Нью-Йоркод 1866 онд ирсэн анхдагч:

“Миний хамгаас хайртай хүү Вилли шөнөжингөө өвдөж, өглөөний 7:30-д хорвоог орхиж, зовлонгоосоо саллаа. Хөөрхий түүнийг минь Бурхан ивээх болтугай. Хүү минь хэчнээн их зовсон гээч. Тэр Английн Сөрвигийн Вондсвөрт дэх Гэгээн Аннын дов дээр Ноён Поултерийн морин тэрэг эвдэрч сүйрэхэд эндсэн юм. Ай, би ямар их гашуудаж байна вэ. Их Эзэн минь Та энэхүү гашуун зовлонг тэсэн өнгөрүүлэхэд хүч чадлыг, Танд улам үнэнч итгэлтэй үйлчлэх хүч чадлыг өгөөч. Би хайртай хүүтэйгээ, хайрт эгч Элизабет Марианнтай нь хамт илүү сайхан ертөнцөд, шударга хүмүүсийн амилуулалтын үед уулзахын төлөө хүү охин хоёртойгоо тэнд уулзахаар очиход бэлтгэн амьдрахад надад туслаач.”9

Ерөнхийлөгч Лорензо Снөү (1814–1901)

“Бид дараагийн амьдралд төгс төгөлдөр бие махбодтой болж, өвчин зовлон, үхэл хагацлаас ангид байх болно. Амилуулагдаж, алдар сууг олсон хүнээс илүү сайхан зүйл гэж юу байх билээ. Ийнхүү төгс төгөлдөр болж, эхнэр, хүүхдүүд, найз нөхөдтэйгээ дахин учран золгохоос илүү сайхан зүйл гэж юу байх билээ.”10

Эшлэл

  1. Рoберт Авесон, “Leaves from the Journal of a Boy Emigrant,” Deseret News, 1921 оны 3-р сарын 12, 4:7; lds.org/churchhistory/library/pioneercompanysearch-д байгаа.

  2. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 52.

  3. Жозеф В.Янг, Тэмдэглэлийн дэвтэр, 1853 оны 3-р сарын 6, Юта мужийн Солт Лейк хотын Сүмийн түүхийн номын сан; mormonmigration.lib.byu.edu-д байгаа.

  4. Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 273.

  5. “A Letter from Capt. D. Jones to the Editor of Udgorn Seion,” Рональд Д.Деннис, The Call of Zion: The Story of the First Welsh Mormon Emigration, vol. 2 (1987), 164–65; mormonmigration.lib.byu.edu-д-д байгаа.

  6. Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 50–51.

  7. Андрю Женсоны хувийн тэмдэглэл, 1866 оны 8-р сарын 20, Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1866 оны 10-р сарын 8, Юта мужийн Солт Лейк хотын Сүмийн Түүхийн номын сан, 6; lds.org/churchhistory/library/pioneercompanysearch-д байгаа.

  8. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 82–83.

  9. Фрэнк Драйвр Рийв, London to Salt Lake City in 1866: The Diary of William Driver (1942), 42; mormonmigration.lib.byu.edu-д байгаа.

  10. Лорензо Снөү, Conference Report, 1900 оны 10-р сар, 63.

Зураг чимэглэлийг Майкл Т.Малм Ар талыг Велден С.Андерсен © IRI

Зүүн талд: Ерөнхийлөгч Бригам Янг. Дээд талд: Жозеф Уатсон Янг.

Баруун талд: Ерөнхийлөгч Жон Тейлор. Дээд талд: Дан Жөүнс.

Оруулга: Бригам Янг, Жон Виллард Клосоны бүтээл; Жозеф Уотсон Янгийн гэрэл зураг, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв; Дан Жөүнсийн гэрэл зураг © IRI; Жон Тейлор, A.Вествудийн бүтээл, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Зүүн талд: Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф. Дээд талд: Aндрю Женсон.

Баруун талд: Ерөнхийлөгч Лорензо Снөү. Дээд талд: Виллям Драйвер.

Оруулга: Вилфорд Вудрафф, Х. Э.Петрсоны уран бүтээл © IRI; Харольд Хаувелл Женсоны авсан Андрю Женсоны гэрэл зураг, Сүмийн Түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; Виллям Драйверын гэрэл зураг, Сүмийн Түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; Лорензо Снөү, Льюис Рамсийн уран бүтээл, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв © IRI