Утсыг салгасан байлаа
Седа Мелисетян, Армени
Нөхөр бид хоёр 1997 оны 3-р сард Оросын Ростов-на-Дону хотод амьдарч байхдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэн.
Сүмийн сургаалуудыг судлах явцад миний олон асуулт хариулагдсан. Авралын төлөвлөгөөний тухай түүний дотор нас барагсдын өмнөөс баптисм хүртдэг явдал нь миний сонирхлыг их татаж билээ. Бид нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэж болдгийг сонсоод би их гайхсан.
Биднийг баптисм хүртсэнээс хойш жилийн дараа номлолын ерөнхийлөгч биднийг Ариун сүмд явахаар бэлтгэхийг урив. Бид бэлтгэлийнхээ нэг хэсэг болгон гэр бүлийн түүхээ судалж эхэллээ. Нэг өдөр энэ ажлаа хэрхэн хийх тухай бодож байтал утас дуугарав. Хадам ээж утасдсан байлаа. Би түүнээс нөхрийнхөө талын нас барсан өвөг дээдсийн нэрсийн жагсаалт ирүүлэхийг хүслээ. Хадам ээж их гайхаж, нас барагсдын өмнөөс хийх баптисм бол Христийн сургаал биш, энэ бол Мормончуудын санаанаасаа зохиосон зүйл гэх нь тэр. Би энэ сургаалын тухай өгүүлдэг судрын ямар нэг эшлэлийг мэдэхгүй учраас юу гэж хариулахаа мэдсэнгүй.
Намайг юу гэж хариулахаа бодож байх үед утас салсан байлаа. Би юу болсон юм бол гэж гайхан утсаа тавиад унтлагын өрөө рүүгээ явлаа. Би Шинэ Гэрээг гартаа бариад өвдөг сөгдөн залбирч, асуултын хариуг хаанаас олохыг хэлж өгнө үү гэж Тэнгэрлэг Эцэгээс гуйлаа.
Би залбирч дуусаад Библи нээтэл хэн нэгэн нь нээсэн хуудасныхаа 29-р шүлгийг унш гэж надад хэлэх шиг санагдав. Энэ бол нас барагсдын баптисмын сургаалын тухай өгүүлдэг 1 Коринтын 15-р бүлэг байлаа.
Тэнгэрлэг Эцэг миний залбиралд яг цагийг нь олж хариулсанд миний сэтгэл их хөдөлж, бас их гайхлаа. Энэ бол маш сайхан мэдрэмж байлаа.
Би энэ явдлын тухай гүн бодолд автан байтал гэнэт утас дахин дуугарав. Хадам ээж яагаад утас тасарчихав гэж асуухад би мэдэхгүй гэж хариулаад түүнээс Библиэ гаргаж, 1 Коринт 15:29-ийг уншихыг хүслээ.
Хэд хоногийн дараа нас барсан төрөл төрөгсдийн нэрсийн жагсаалт миний ширээн дээр байлаа. Хадам ээж нөгөөх судрыг уншиж, Төлөөлөгч Паулаар дамжуулан Аврагч нас барагсдын баптисмын тухай сургаалыг заасанд итгэдэг болсон билээ.
Гэтэлгэлийн энэхүү ажлыг хийдэг хүмүүст Бурхан агуу адислалууд амласан билээ. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ.