2013
Хөрвөснөө мэдэх арван арга зам
2013 оны дөрөвдүгээр сар


Хөрвөснөө мэдэх арван арга зам

Тайлер Ортон Индонезийн Ява арал дээр амьдардаг.

Би санваартны нэг цуглаан дээр Аароны санваарын нэг зорилго бол “Есүс Христийн сайн мэдээнд хөрвөхөд болон үүний сургаалуудаар амьдрахад” бидэнд туслах явдал гэдгийг мэдлээ.1 Харин “Есүс Христийн сайн мэдээнд хөрвөх” гэдэг нь юу гэсэн утгатайг би ойлгохгүй байлаа. Би үүнийг аав, ээж ах эгч нараасаа асууж, сайн мэдээнд хөрвөсөн эсэхээ мэдэх нэлээд олон арга зам байдаг тухай бүгдээрээ ярилцаж билээ.

Өөр арга зам байж болох юм. Гэвч бид 10 замыг бодож олсон билээ. Хөрвөлт нь насан туршийн үйл явц учраас бид эдгээр арга замуудын алинаар нь ч төгс хөрвөлтөд хүрэх боломжгүй. Харин эдгээр арга замууд бидэнд өсөлт дэвшилт гаргахад тусалж чадна.

  1. Хэрэв та хөрвөсөн бол зөв зүйлсийг хийх ёстой гэдгийг зөвхөн мэддэг болсон байх төдийгүй харин хүсдэг болсон байна. Зөвхөн баригдаж, шийтгүүлэхээс айдаг учраас буруу зүйл хийхээс зайлсхийх нь хангалтгүй юм. Жинхэнэ ёсоор хөрвөсөн үед та зөв зүйлийг сонгохыг үнэхээр хүсдэг болсон байна.

  2. Хүн жинхэнэ ёсоор хөрвөсний өөр нэг шинж тэмдэг бол буруу юм хийх хүсэлгүй болсон байдаг. Антай-Нифай-Лихайчууд бол үүний агуу үлгэр жишээ мөн. Тэд Есүс Христийн сайн мэдээнд хөрвөсөн үедээ “түүнд үйлчилж, түүний зарлигуудыг сахихаар Бурхантай гэрээнд орсон болой” (Moзая 21:31). Тэд хаан Бенжаминаар заалгасан нифайчуудын адил “хилэнцийг үйлдэх хүсэлгүй” (Moзая 5:2) болсон байлаа. Тэд Есүс Христийн сайн мэдээнд жинхэнэ ёсоор хөрвөсөн бөгөөд Сатаны уруу таталт тэдний дээр хүчгүй болсон байв.

    Леменчүүд сайн мэдээгээр амьдрах гэрээндээ үнэнч байгаагаа харуулахын тулд зэр зэвсгээ булшилсан юм (Aлма 24-ийг үзнэ үү).

  3. Хэрэв та хөрвөсөн бол бусад хүмүүс таны тухай юу гэж бодох бол гэдгээс илүүгээр Бурхан таны тухай юу гэж бодох бол гэдэгт санаа тань зовдог болно. Индонези дахь миний сурдаг сургуульд оюутнууд согтууруулах ундаа их уудаг. Зарим үед үдэшлэгт очихоор уруу таталттай тулгардаг. Бусад хүмүүсийн хийж байгааг хийхгүй бол чамайг шоолж мэднэ. Манай ахыг согтууруулах ундаа уудаг үдэшлэгт олон удаа урьсан ч тэр итгэдэг зүйлийнхээ төлөө хатуу зогссон. Энэ нь түүнд хэцүү байдаг байсан. Тэр олон үдшийг гэртээ ганцаараа өнгөрүүлдэг байлаа. Түүнийг сургуулиа төгсөхөд оюутнууд салах ёс гүйцэтгэх үед нэлээд хэдэн хүн манай ахыг үе тэнгийнхнийхээ даралт шахалтанд автагддаггүй, жишгүүддээ чин үнэнч байдагт нь гайхан биширдэг байснаа, үүний улмаас тэд түүнийг ихэд хүндэлдэг байснаа ярьсан ажээ. Ах маань үе тэнгийнхнийхээ дарамт шахалтыг даван туулсанаар сайн мэдээнд хөрвөснөө харуулсан юм.

  4. Хэрэв та хөрвөсөн бол зөвхөн ням гарагуудад эсвэл тохиромжтой үед төдийгүй харин сайн мэдээгээр үргэлж амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг байх ёстой. Таны үйлдэл хэнтэй хамт байгаа эсвэл хэн таныг харж байж болохоос хамааран өөрчлөгддөггүй байх ёстой. Үе тэнгийхэн тань зохисгүй онигоо ярих буюу зохисгүй кино үзэхийг хүсвэл та хүн хараагүй юм чинь яахав гээд тэдэнтэй нийлж болохгүй эсвэл тэдэнтэй хамт үзэх ёсгүй кинонд явж болохгүй, харин итгэдэг зүйлийнхээ төлөө хатуу зогсох хэрэгтэй.

  5. Хэрэв та хөрвөсөн бол бусадтай энэрэнгүй, эелдэг харьцдаг болсон байна. Та бусдыг шүүдэггүй, шүүмжилдэггүй эсвэл хов жив ярьдаггүй болсон байна. Та бусдын санаа бодлыг сайн ойлгодог, тэдэнд үйлчлэх болон туслах арга замыг аяндаа хайдаг болсон байх ёстой. Таныг сургуулийн танхим руу явж байтал хэн нэг нь номоо унагачихвал та яах вэ? гэж бодох ёсгүй харин түүнд шууд туслах ёстой.

  6. Хэрэв та хөрвөсөн бол залбирах хүсэл тань нэмэгдэх бөгөөд залбирч байгаа үедээ үнэхээр Бурхантай харилцаж байгаагаа мэдрэх болно. Санаа сэтгэл чинь ямар байгаагаас эсвэл амьдралд чинь юу болж байгаагаас үл хамааран залбирахад үргэлж цаг гаргадаг болсон байна. Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994), “Хэрэв бидэнд залбирмааргүй санагддаг бол залбирмаар санагддаг болтлоо залбирах хэрэгтэй” хэмээн бидэнд хандан захисан юм.2

  7. Хэрэв та хөрвөсөн бол ням гарагийг тэсч ядан хүлээдэг болно. Учир нь ням гараг бол Хүндэтгэлийн өдөр. Ням гараг болоход та “Өө, хөөрхий, өнөөдөр чинь найз нартайгаа уулзаж, кинонд явж болдоггүй өдөр шүү дээ” гэж бодохын оронд, “Өнөөдөр чинь сүнслэг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлж, гэр бүлтэйгээ хамт байдаг өдөр. Яасан сайхан хэрэг вэ!” гэж боддог болсон байна.

  8. Хэрэв та хөрвөсөн бол зарлигуудыг сахиж, буруу зан авираа зөвтгөх буюу зарлигуудыг сахихгүй байх шалтаг олохыг хичээхгүй болсон байна. Та үргэлж зөв зүйлийг хийдэг болж, зарлигуудыг сахих нь зөв зам гэдгийг мэддэг болсон учраас тэдгээрийг хэнээр ч хэлүүлэлгүй сахьдаг болсон байна.

  9. Хэрэв та хөрвөсөн бол аравны нэгээ төлөхийг тэсч ядан хүлээдэг болно. Та аравны нэгээ төлөх явдлыг онцгой боломж гэж үзэн 10 хувь нь өөрийн тань авсан адислалууд болон ашиг орлоготой харьцуулбал тийм ч их биш гэдгийг ойлгодог болсон байна. Эдгээр адислалууд таны төлдөг мөнгөнөөс илүү их үнэ цэнэтэй юм.

  10. Хэрэв та хөрвөсөн бол өөрийнхөө олсон үнэн хийгээд аз жаргалыг мэдэхэд нь бусдад туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг болсон байна. Сударт байдаг нэг сайн жишээ бол Лихайн зүүд юм. Тэр энэ зүүдэндээ амьдралын модны амтат жимсийг гэр бүлтэйгээ хуваалцах агуу хүсэлтэй байсан билээ. Тэр энэ жимснээс хүртсэн үед анх төрсөн бодол нь өөрөө ахиухныг авах биш харин гэрийнхэн нь бас уг жимснээс хүртэж, аз жаргалтай болохыг хүссэн явдал мөн (1 Нифай 8:12-ыг үзнэ үү).

Дүгнэж хэлэхэд илүү өндөр хууль болох Есүс Христийн сайн мэдээгээр амьдарч эхэлсэн үеэс тань таны хөрвөлт эхэлдэг. Та зөв шалтгаан, зөв учир үндэслэлээр, туйлын дуулгавартайгаар амьдардаг болсон байна. Та бүх талаараа сайн мэдээний дагуу амьдардаг болсон байна. Та сайн мэдээгээр амьдрах ёстой учраас биш харин үүнийг хүсдэг учраас үүгээр бүрэн дүүрэн амьдардаг болсон байх ёстой. Та аз жаргалтай, ач буянтай, Тэнгэрлэг Эцэг тань таныг ямар хүн болоосой гэж хүсдэг шиг тийм хүн болохыг хүсдэг болсон байна. Та Есүс Христтэй адилхан болохыг, Түүний үлгэр жишээг дагахыг хүсдэг болсон байх ёстой. Хэрэв та ийм хүн болсон бол та үнэхээр хөрвөсөн гэсэн үг.

Эшлэл

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 8.1.3.

  2. Эзра Тафт Бенсон “Pray Always” Лиахона, 1990 оны 6-р сар, 4.

Гэрэл зураг чимэглэлийг © IRI; Антай-Нифай-Лихайчууд зэр зэвсгээ булшилж байгаа нь, Дел Парсон © IRI

Дээд талд: гэрэл зураг чимэглэлийг © IRI; зооснууд© isStockphoto.com/Thinkstock; ЛИХАЙН АМЬДРАЛЫН МОДНЫ ҮЗЭГДЭЛ, Робин Лак