2013
Онгоцонд нэг л юм болохгүй байлаа
2013 оны дөрөвдүгээр сар


Онгоцонд нэг л юм болохгүй байлаа

Крейг Вилли, Юта, АНУ

Нэг орой би зорчигч дүүрэн суулгасан онгоцоо газар дээгүүр гүйлгэж байх үед онгоцны жолооны системд ямар нэг зүйл болохгүй болсныг мэдэрлээ. Би сүнсээр мэдэрсэн зүйлээ батлахын тулд замаас гарч 360 градус эргэлээ. Бүх зүйл хэвийн байх шиг санагдав.

“Газраас хөөрч, зорчигчдоо хүрэх газарт нь цагт нь хүргэх үү эсвэл онгоцны буудал руу буцаж очих уу?” хэмээн би гайхширлаа. Буцна гэдэг нислэгийг олон цагаар хойшлуулна гэсэн үг. Онгоцны зам ганцхан чиглэлтэй. Тиймээс би газар дээрх хяналтын алба надад зам гаргаж өгөхийг хүлээн, замаар эсрэг талаас нь онгоцоо газар дээгүүр гүйлгэх болно. Тэгээд засварын баг ирж онгоцонд үзлэг хийхийг хүлээнэ. Нислэг хойшлох нь нислэгийн алба, зорчигчид аль алинд нь төвөг удаж, зорчигчдыг өөр онгоцонд суулгах гэх мэт олон асуудал үүсгэх болно. Засварын алба миний совинд юу гэж хариулахыг бас мэдэхгүй байлаа. Онгоцонд ямар нэг зүйл болохгүй болсныг би сүнсний өдөөлтөөс өөр юугаар ч нотолж чадахгүй шүү дээ гэж бодлоо.

Би онгоцны ахмадын хувьд онгоцны баг болон зорчигчдын аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээх учраас сүнсний мэдрэмжээ дагаж, буцахаар шийдэв.

Хаалган дээр хүрч ирээд онгоцонд ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэрсэн ч чухам юу вэ гэдгийг мэдэхгүй байна гэдгээ механикчид хэлэв. Онгоцонд ямар нэг зүйл болохгүй байгаа гэдэгт тэр итгэхгүй байв.

“Зам нойтон байгаагаас танд тэгж санагдсан байх. Нойтон засмал дээр халтирсан юм болов уу” гэж механикч хэлсэн ч, дугуйны хамар дахь жолоодлогын төхөөрөмжийг шалгаж үзэхийг зөвшөөрлөө. Тэгээд туршиж үзэхийн тулд зорчигчдоо буулгахыг тэр надаас хүсэв.

Механикч 30 минутын дараа эргэж ирэхдээ санаа нь их зовсон харагдлаа. Туршилтын үед тэр үе үе ямар нэгэн юм хавирах чимээ гарч байхыг сонсчээ. Тэгээд хаалга руу эргэх үед тоормосоо таттал онгоц хяналтаас гарч замаасаа золтой л гарчихсангүй гэнэ.

Нарийн шалгаж үзэхэд урьд орой нь тоормосны системд хийсэн засварыг зохих ёсоор хийгээгүй нь илрэв. Хэрэв би тэр чигээрээ ниссэн бол буух үед тоормос гацаж, онгоц хяналтаас гарах байжээ.

Тэгээд би өөр онгоцоор гурван цагийн дараа зорчигчдоо хүрэх газарт нь аюулгүй хүргэж билээ.

Би Сүнсний шивнээг сонсож, дагасандаа баяртай байлаа. Хэрэв бид Их Эзэний удирдамжийг сонсож, Сүнсний өдөөлтийг дагавал Сүнс биднийг удирдах болно гэдгийг би мэднэ.