Сүмийн-Үйлчлэлийн залуу номлогч нар үйлчлэлээс баяр баясгаланг олж байна
Ахлагч Эрнесто Сарабиа номлолдоо хар өнгөтэй нэрийн тэмдгээ өдөр бүр зүүдэг байсан. Түүний номлолын үүрэг даалгавар бусдынхаас өвөрмөц байсан бөгөөд тэрээр Мексикийн Хермосиёо номлолын албанд Сүмийн-Үйлчлэлийн залуу номлогчоор үйлчилсэн юм.
“Зарим залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд маань бүрэн цагийн номлолын стресс, сорилт бэрхшээлтэй тулгарах нь ухаалаг хэрэг биш байж магадгүй. Гэсэн ч энэ нь тэд номлолын үйлчлэлийн адислалыг хүртэж чадахгүй гэсэн үг биш юм” (“One More,” Liahona, May 2005, 69) хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Расселл Баллард хэлжээ.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Расселл М.Нелсон “номлол нь Бурханд болон хүн төрөлхтөнд үйлчлэх сайн дурын үйлдэл” (“Ask the Missionaries! They Can Help You!” Лиахона, 2012 оны 11-р сарын 18) бөгөөд энэхүү үйлчлэлийг үзүүлэх олон арга зам байдаг гэжээ.
Хүндэтгэх шалтгааны улмаас бүрэн цагийн номлолд үйлчлээгүй, эсвэл номлолоосоо эрт буух ёстой болсон залуусын хувьд, Сүмийн-Үйлчлэлийн залуу номлогч хөтөлбөр нь номлолын утга учиртай туршлагыг өгөх болно.
Үйлчлэлд тавигдах шаардлагууд
Сүмийн-Үйлчлэлийн залуу номлогч нь эрүүл мэнд, оюун санаа, сүнслэг байдал, сэтгэл санааны хувьд энэхүү сайтар анхаарч томилогдсон дуудлагынхаа үүрэг хариуцлагыг гүйцэтгэх чадвартай байх ёстой.
Сүмийн-Үйлчлэлийн залуу номлогч нь 6-аас 24 сарын хугацаанд эсвэл долоо хоногт хэдэн өдрөөр буюу бүр бүрэн цагаар үйлчилж болдог. Гэрээсээ болон нийгэм хамт олны дунд үйлчлэх боломжтой байдаг. Сүмийн-Үйлчлэлийн залуу номлогчийн үүрэг даалгавар нь гэр бүлийн түүхийн хайлт, мэдээллийн технологи, номлолын албаны туслах, бишопын агуулах болон өөр бусад даалгавруудыг гүйцэтгэдэг.
Гэр бүл болон санваартнуудын дэмжлэг
Эцэг эхчүүд, санваартны удирдагчид болон Сүмийн гишүүд Сүмийн-Үйлчлэлийн залуу номлогчоор үйлчлэх боломжтой залуусыг номлолд бэлтгэхэд нь тусалж чадна.
Элиза Жой Янг эгчийн гэр бүл нь түүнд хүчирхэг туслалцаа үзүүлж байсан ба түүнийг Австралийн Сидней дэх Сүмийн албанд хүргэж өгч, авдаг байжээ.
Хонг Конгийн Хангамжийн Төвд ажилладаг Ахлагч Майкл Хиллам “Манай өглөөний семинарын багш нар болон Залуу Эрэгтэйчүүдийн удирдагчид намайг бэлтгэхэд их тусалсан” гэжээ.
Золиослол адислал авчирдаг
Янг эгч өөрийнхөө хагас цагийн ажлаа Сүмийн үйлчлэлийн номлолд үйлчлэхийн тулд золиосолжээ. Тэрээр “Би Тэнгэрлэг Эцэгтээ үйлчилж байгаа гэдгээ мэдсэнээр Түүнд илүү ойртдог” гэж хэлжээ.
Сүнслэг адислалуудаас гадна Сүмийн үйлчлэлийн номлолд үйлчлэх нь залуу номлогч нарт үнэ цэнэтэй мэргэжлийн болон олон нийттэй харилцах боломжуудыг олгодог. “Номлол маань ямар нэг онцгой тусламж авалгүйгээр бие дааж ажил эрхлэх боломжтой гэдгийг надад харуулсан юм” хэмээн Янг эгч хэлжээ. (Тэр өмнө нь зөвхөн хэн нэгний тусламжтайгаар ажилладаг байжээ.)
Хэдийгээр үйлчлэхийг хүсч буй залуу насанд хүрэгчдийн зарим нь үйлчлэх боломжгүй байж болох ч бүх зохистой залуу насанд хүрэгчдийг үйлчлэх боломжоор хангахын тулд агуу хичээл зүтгэлийг гаргадаг юм. Энэ замаар үйлчлэхийг хүсч буй залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд өөрсдөд нь тохиромжтой боломжуудыг олж өгөхийг бишоп эсвэл салбарынхаа ерөнхийлөгчтэй ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд “Young church-service missionaries” гэж news.lds.org-оос хайж болно.