2013
Баптисмд бэлтгэхэд хүүхдүүдэд туслах нь
2013 оны дөрөвдүгээр сар


Баптисмд бэлтгэхэд хүүхдүүдэд туслах нь

Хүүхэд ахуй насанд анхны туршлагууд үргэлж баяр баясгаланг авчирдаг. Анх удаа дугуй унах, сургуульд орох, шинэ хоол идэж үзэх гээд энэ бүхэн хүүхдийн амьдралд нөлөөлөх сэтгэл догдлом үйл явдал байдаг. Насанд хүрэгчид бид юм бүхнийг шинээр нээх хүүхдийн энэхүү хүсэл эрмэлзэлд туслах үүрэгтэй, бас ийм боломжтой юм. Сүм дэх насанд хүрэгчид бид бас тэдэнд сайн мэдээгээр өсч хөгжихөд нь туслах боломж бий (С ба Г 68:25-ыг үзнэ үү). Хүүхдийн баптисм буюу хайр энэрлээр дүүрэн Тэнгэрлэг Эцэгтэйгээ түүний хийдэг анхны гэрээг сэтгэл догдлом, үр өгөөжтэй үйл явдал болгохын тулд бид юу хийж болох вэ?

“Өсвөр үеийнхэнд эхлээд гэр оронд нь, дараа нь сүм дээр заадаг байх нь энэ Сүмийн үндсэн зорилго мөн” гэж Ерөнхийлөгч Боид К.Пакер сургажээ.1

Дараах жишээнүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдээ баптисм ба гишүүний баталгааны ёслолуудад хэрхэн бэлтгэсэн тухай туршлагаа хуваалцаж байна.

Бид бүр эртнээс эхэлдэг

“Хүүхдийн долоон нас бол тусгайлан тэмдэглэвэл зохих нас юм” гэж дөрвөн хүүхдийн эх Лори хэллээ. Лори нөхрийнхөө хамт хүүхдүүддээ баптисмын тухай бүр мэдээ орсон цагаас нь эхлэн заадаг ажээ. Гэвч хүүхэд бүрээ долоо хүрэхэд нь тэднийх бүр илүү ихээр тусгайлан бэлтгэдэг байна. Тэд сар бүр гэр бүлийн үдшээ баптисмын гэрээ, Есүсийн үлгэр жишээ гэх мэт баптисмтай холбоотой сэдвүүдээр хийдэг.

Хүүхэд найман нас хүрсэн сарын хичээлүүдэд бүр ч онцгой анхаарал тавих хэрэгтэй гэж Лори ярилаа. Тэр хүүхдүүддээ баптисмын үед өмсдөг хувцсуудыг үзүүлж, баптисмын ёслол гүйцэтгэх үед хүлээн авдаг нэр болон адислалын тухай ярьдаг ажээ.

“Энэ үе бол ариун сүмийн адислалууд дээр анхаарал төвлөрүүлэх хамгийн тохиромжтой цаг юм. Баптисм хүртэх сонголт нь ариун сүмийн адислалуудыг хүлээж авахад бэлтгэх анхны алхам мөн гэдгийг заахад бид үргэлж анхаардаг” гэж Лори онцлон тэмдэглэлээ.

Бид үүнийг гэр бүлийнхээ үйл хэрэг болгодог

Дөрвөн хүүхдийн эх Моника боломжтой бүх тохиолдолд ах эгч нарыг нь дүү нартаа баптисмд бэлтгэхэд нь туслахад оролцуулахыг зөвлөж байна. “Өсвөр насны дүүгийнхээ гэрчлэлийг сонсож, туршлагаа хуваалцах нь ах эгч нарынх нь итгэлийг нэмэгдүүлдэг” гэж тэр хэллээ. Заримдаа тэд сурсан зүйлээ дүү нартаа зааж өгөхийг ах эгч нараас нь хүсдэг гэж Лори хэллээ.

Бид үүнийг номлолын арга хэрэгсэл болгон ашигладаг

Охиноо найм хүрэхэд охин нь баптисм дээрээ Сүмийн гишүүн бус найз нараа урихыг хүсч байгаа гэдгийг Даниел мэдэж байлаа. Тиймээс тэднийхэн Аллисоны баптисмд ирэх урилгыг сургуулийн болон хөршийн найзуудад нь өгөхөөр шийджээ. Тэд найз нараас нь Аллисоны баптисмд ирэхдээ Библиэс өөрсдийн дуртай шүлгүүдээ авчрахыг хүсчээ. Аллисон баптисмын дараа шинэ судрууд дээрээ тэдгээр шүлгийн доогуур зурж, хажууд нь найз нарынхаа нэрийг бичжээ.

“Мэдээж тэр өдөр бид гэр бүлээрээ охиныхоо баптисмд оролцсон. Гэхдээ бид баптисмын дараа найз нартайгаа хамт байж, баптисмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцах боломжийг охиндоо олгосон. Охин минь бусдад үлгэр жишээ үзүүлж байгааг харах нь үнэхээр сэтгэл догдлом байсан шүү” гэж Даниел ярилаа.

Бид бишопын ярилцлагыг хийх дадлага хийсэн

Баптисмын насанд ойртож байгаа хүүхдүүдийн эх Кимберли өөрөө найман настай байхдаа баптисмын ярилцлага хийхээр бишопын өрөөнд орсон тухайгаа санадаг ажээ. “Би их сандарч билээ!” гэж Кимберли ярилаа.

Одоо хүүхдүүд нь өөр шиг нь тэгж сандрахгүй гэдэгт тэр итгэлтэй байна. Тэр нөхрийнхөө хамт бишопын ярилцлагатай адил төстэй байдлаар, уг ярилцлагын тухай хүүхдүүддээ ярьж, тэднээс баптисмын тухай асуултуудыг асуудаг гэнэ. Ийм ярилцлага баптисмын тухай бишопын ярилцлагатай хүүхдүүдийг урьдчилан танилцуулж, баптисмын гэрээ тэдэнд хэчнээн чухал болохыг тунгаан бодоход тэднийг урамшуулан дэмждэг ажээ.

Бидэнд гайхалтай сайхан боломж бий

Эдгээр эцэг эхчүүд хүүхдүүдээ баптисм ба гишүүний баталгаанд бэлтгэхдээ тэдэнд дэндүү их ачаалал өгөөгүй гэдгийг хэлж байгаа ч, хэдэн жилийн турш заасан хичээлүүдийнхээ тухай ярихдаа “бүх талаар” “байнга” гэдэг үгсийг ашигласан байна. “Баптисм бол тэдний амьдралд чухал алхам, өөрчлөлт авчрах том үйл хэрэг гэдгийг хүүхдүүд маань ойлгосон гэдэгт бид итгэлтэй байдаг. Хүүхдүүдэд баптисм болон гишүүний баталгааны тухай Хүүхдийн Хэсгийн багш нар заах ёстой гэдэгт найдалгүйгээр, бид өөрсдөө тэднийг дээрх ёслолуудад бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэдэгт үргэлж итгэлтэй байдаг” гэж Кимберли ярилаа.

Хайртай хүүхдүүдээ баптисм ба гишүүний баталгаанд бэлтгэхэд туслах гайхамшигтай боломж бидэнд байдаг билээ! Бид үүнийг залбирч хийх юм бол гэрээ хийх энэхүү анхны туршлагыг ирээдүйн сүнслэг өсөлтийн бат бөх үндэс суурь болгоход Их Эзэн бидэнтэй хамт байх болно.

Эшлэл

  1. Бoид K.Пакер, “Teach the Children,” Лиахона, 2000 оны 5-р сар, 16.

Гэрэл зураг чимэглэлийг Жон Лук, Крейг Даймонд, Коди Белл

Хэвлэх