2013
Илүү олон номлогч нарын дуудлагад хариулах нь: Гэр орон болон Сүмд номлогчийн зан байдлыг бий болгох нь
2013 оны дөрөвдүгээр сар


Илүү олон номлогч нарын дуудлагад хариулах нь: Гэр орон болон Сүмд номлогчийн зан байдлыг бий болгох нь

Аргентиний Буэнос Айрес Конгресо гадасны Паркэ Чакабуко тойргийн бишоп Виктор Ногалесын ширээний ард тойргийнх нь 37 залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн зургийг өлгөсөн мэдээллийн самбар байдаг бөгөөд тэднээс номлолд явах бүр бишоп зурган дээр нь тэмдэглэгээ хийдэг гэнэ.

“Залуучууд маань миний албан өрөөнд орж ирээд, зураг болон тэмдэглэгээнүүдийг хараад ихэд баярладаг. Энэ нь тэднийг номлолдоо бэлтгэхийг урамшуулдаг” хэмээн тэр хэлсэн юм.

Буэнос Айресийн уг тойрог номлолын ажлын сүнсийг үлгэр жишээгээрээ харуулдаг юм. 2012 оны эхний зургаан сар гэхэд 19 өсвөр үеийнхэн найман өөр улсад бүрэн цагийн номлолд үйлчлэхээр явсан байна. Тэдний 14 нь хөрвөгчид байсан юм. Номлолд үйлчлэх боломжтой залуусын 80-аас дээш хувь нь номлолд үйлчлэх үүрэг амлалт хүлээжээ.

Сүүлийн жилүүдэд Сүмийн удирдагчид номлолд илүү олон залуусыг үйлчлүүлэх хэдэн хүсэлт гаргасан байна.

Сүм Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж-г хэвлэж гаргасны дараахан буюу 2005 оны 4-р сарын ерөнхий чуулганы үеэр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Расселл Баллард гэр бүлүүд болон удирдагчдад номлолын сүнсийг бий болгож, илүү олон залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд хэн гэдгээ ойлгоход нь тусалж, сургаалыг зааснаар номлолд нэр хүндтэйгээр үйлчлэхэд нь бэлтгэхийг зөвлөжээ (“One More,” Лиахона, 2005 оны 5-р сар, 69-г үз).

2012 оны 10-р сарын ерөнхий чуулганаар Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн номлолын насыг залуужуулах хэрэгтэй гэсэн мэдэгдэл нь Их Эзэн Өөрийн ажлаа яаруулж байгаагийн нэг сануулга болсон билээ.

Өнөөдөр маш олон гэр бүлүүд болон Сүмийн удирдагчид эдгээр захиасуудыг нухацтайгаар хүлээн авч, өөрсдийн амьдарч буй газар бүртээ номлолын үйлчлэлийн агуу уламжлалыг бий болгож байна.

Өсвөр үеийнхэнд хэн гэдгээ ойлгоход туслах нь

“Та хэрхэн ийм олон өсвөр үеийнхнийг номлолд үйлчлэх хүсэлтэй байхаар бэлтгэж чадсан юм бэ?” хэмээх асуултанд Бишоп Ногалес “Би анх бишопоор дуудагдахдаа хамгийн эхлээд тойргийнхоо залууст анхаарал хандуулсан. Мөн бусад тойргийн удирдагчдад бид тэдний амьдралын нэг хэсэг болох ёстой гэдгийг ойлгуулсан” гэжээ.

Жишээлбэл, Чакабукогийн бүх номлогч нар номлолд гарахаасаа өмнө тойрогтоо дуудлагатай байсан. Ихэнхдээ шинэ хөрвөгчид болон идэвх султай гишүүдийг багшаар үйлчлэхийг урьдаг байсан ба энэ нь тэдэнд сайн мэдээг заахад бэлтгэгдэхэд тусалсан юм.

Бишоп Ногалес мөн өсвөр үеийнхнийг номлолд сүнслэгээр бэлтгэхээр орон нутгийнхаа бүрэн цагийн номлогч нартай хамт ажиллах зохицуулалт хийжээ.

Орон нутгийн Сүмийн удирдагчид болон гишүүд өөрсдийгөө тойргийнхоо өсвөр үеийнхнийг дэмжихэд зориулснаар номлолын сүнс агуу ихээр өсч буйг харсан байна.

Номлогчид төвлөрсөн гэр бүл

АНУ-ын Юта мужийн Дрэйпер хотын Гард болон Элойс нар номлогчид төвлөрсөн гэр бүл гэдэг нь ямар утгатай болохыг мэддэг ажээ. Тэдний 17 ач, зээ нь номлолд үйлчилсэн бөгөөд тэд өөрсдөө зургаан номлолд үйлчилжээ.

Номлолын үйлчлэлийн сүнсийг гэр бүлдээ бий болгох нь хүүхдүүдийг бүр бага балчир байхад нь эхэлдэг зүйл гэж Андрус ах хэлжээ.

Андрус эгч “Номлолд үйлчлэх талаар ярихгүй өнгөрч болохгүй бөгөөд та өөрийн хүүхдүүд, ач зээ нартайгаа ярилцахдаа тэднийг номлолд үйлчлэнэ гэдэгт итгэж, үүнийг хүсч байгаагаа илэрхийл. Та тэдэнтэй ярилцахдаа хэрвээ чамайг номлолд явбал гэхийн оронд чамайг номлолд явах үед гэж ярь” хэмээжээ.

Өсвөр үеийнхэнд номлолын үйлчлэлийн үлгэр жишээгээр дамжуулан хэн гэдгийг нь ойлгуулах нь мөн адил чухал билээ. Андрус ах эгч хоёр тэдний бага хүүг номлолд явах үед буюу 1980 онд анхныхаа дуудлагыг хүлээн авчээ.

Нэг ач хүү нь тэднээс номлолд бэлтгэхэд нь тусалсан бэлгийг хүлээж авсныхаа дараа захиа бичжээ. Андрус эгч “тэр бидний бэлгэнд баярласнаа илэрхийлсэн бөгөөд ‘бүр илүү чухал нь та нарын үзүүлсэн үлгэр жишээнд баярлаж байна’ хэмээн хэлсэн” гэжээ.

Сургаалыг заах нь

Ахлагч Баллард “Манай өсвөр үеийнхэн эцэг эх, Сүмийн удирдагч, багш нартаа Есүс Христийн сайн мэдээг мэддэг мөн ойлгодог гэдгээ харуулахыг хүсдэг. Ариун Сүнс тэдний зүрх сэтгэлд үнэнийг гэрчилж, тэдний бодгальд Христийн гэрлийг асаах болно. Ийн та дахиад нэг бүрэн бэлтгэгдсэн номлогчтой болох болно” хэмээн хэлжээ.

Буэнос Айресаас 9,600 орчим километрийн зайд орших АНУ-ын Айдахо мужийн Бойсигийн ойролцоох хөдөө тосгоны Хорсшүү Бенд салбарын удирдагчид болон гэр бүлүүд нь өсвөр үеийнхэндээ сайн мэдээг заахад хичээл зүтгэл гаргаснаар номлолын номлолын үйлчлэлийн тоо нь эрс өсчээ.

75 гишүүнтэй жижигхэн салбараас есөн залуу номлолд үйлчилж байна.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Расселл М.Нелсон үйлчлэх шалтгаан болон үйлчлэхийн ач холбогдлыг онцолжээ. “Бүх номлогч бусдын амьдралыг өөд нь татах нэг л хүсэлтэй үйлчилдэг. Номлолд үйлчлэх шийдвэр нь номлогчийн сүнслэг хувь заяанд болон түүний эхнэр, нөхөр, үр удамд нь нөлөөлөх болно. Үйлчлэх хүсэл нь тухайн хүний хөрвөлт, зөв зохистой байдал, бэлтгэлээс ирэх ёстой үр дүн юм” (“Номлогч нараас асуу! Tэд танд тусалж чадна!” Лиахона, 2012 оны 11-р сар, 18).

Эмметт Айдахо гадасны ерөнхийлөгч Мартин Волкор үүнтэй санал нийлжээ. “Номлолд үйлчлэх нь залуу хүмүүсийн ирээдүй, хойч үед нь нөлөөлөх болно. Гадасны хувьд бид залуусыг номлолын үйлчлэлд бэлтгэхэд чадах бүхнээ хийдэг” гэж тэр хэлжээ.

Өсвөр үеийнхэнд сургаалыг заах нь уг бэлтгэлийн нэг хэсэг юм. Хорсшүү Бенд салбарын номлогчийн бэлтгэл ангийн өсвөр үеийнхэнд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан хүнээр долоо хоног бүр хичээл заалгадаг гэнэ. Мөн номлолын бэлтгэл ажилд гадасны өсвөр үеийнхэнд зориулсан сар тутмын номлогчийн бэлтгэлийн уулзалт болон Аароны Санваартнуудын жил бүрийн аялал багтдаг байна.

Андрус ах эгч хоёрын зургаан хүүхдийнх нь нэг болох Ларен Адам 2007-оос 2009 онд нөхөр Жимийн хамт Дани улсын Копенгаген номлолд үйлчилжээ. Тэрээр гэр орондоо хүүхдүүддээ сайн мэдээг заахын ач холбогдлын талаар гэрчилжээ.

“Хүүхдүүддээ номлолын ажлын гэрчлэлтэй болоход нь туслахын тулд та нарын хийж чадах хамгийн агуу зүйлүүдийн нэг бол гэр бүлийн үдшээ хийж, гэр бүлээрээ судар судлах явдал юм. Хэрэв та тэдэнд сайн мэдээний мэдлэг болон сайн мэдээг судлах хүчирхэг суурийг тавьж өгвөл тэд илүү сайн бэлтгэгдэж, сайн мэдээний талаар илүү ихийг мэдэх болно.”

Бишоп Виктор Ногалес номлолд үйлчилж буй тэдний зургийг оролцуулсан тойргийнхоо бүх өсвөр үеийнхний зурагтай мэдээллийн самбарын өмнө суудаг байна.

Гэрэл зургийг Паул Л.Гарвины зөвшөөрлөөр нийтлэв