2013
Авралд урих миний урилга
2013 оны дөрөвдүгээр сар


Би хэрхэн мэдсэн бэ

Авралд урих миний урилга

Чимэглэлийг Рожер Моцкус

Би залуу байхдаа олон өөр сүмд явж үзээд тэд судруудыг өөр өөрөөр тайлбарлахыг хараад учраа олохгүй болсон билээ. Тэдний зарим нь сүсэг бишрэлдээ хүндэтгэлгүй ханддагийг мэдрээд би байнга явах сүмээ олох бодлоо орхисон юм.

Хэдэн жилийн дараа миний найз Клейтон Лима Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэн юм. Хэдийгээр бид хоёр сайн найзууд байсан ч тэр үүнийгээ надад хэлээгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам найз маань өөрчлөгдөж байгааг би ажигласан. Би ням гарагийн өглөө хөл бөмбөг тоглох гэж тэднийхээр хоёр гурван удаа очсон ч тэр гэртээ байсангүй. Сүүлдээ Клейтон Их Эзэний өдөрт хүндэтгэлтэй хандах ёстой учраас ням гарагт хөл бөмбөг тоглохгүй гэдгээ надад хэлсэн. Тэгэхэд нь би “энэ сүм чамайг солиотой болгох юм байна даа” гэж билээ.

Дараа нь Клейтон намайг сүмдээ урилаа. Би ерөөсөө аль ч шашинд сүсэг муутайхан ханддаг учраас нэг шалтаг олж хэлдэг байлаа. Клейтон надад заах номлогчдыг бүтэн 10 сарын турш дагуулж ирдэг байсан ч би үргэлж нэг шалтаг олох буюу завгүй байна гэж тэдэнд хэлдэг байв. Гэвч найз маань бууж өгсөнгүй.

Зургадугаар сарын нэг өдөр тэр намайг Сүм дээр болох бүжгийн үдэшлэгт урилаа. Тэгэхэд нь би “Тэнд чинь үнэгүй зууш, олон охид байх уу?” гэж тоглон асуухад, Клейтон инээд алдаад байлгүй яахав! гэлээ.

Бүжиг гэхээс илүүгээр үнэгүй хоол миний арааны шүлсийг асгаруулсан юм. Тэгээд очиж үзтэл сүм надад таалагдлаа. Хүн бүхэн надтай эелдэгхнээр мэндэлж байв. Хоолноос нь сайн идээд, цуглаанд нь орж сонирхлоо. Ням гарагт би сүм дээр ирж, олон хүмүүстэй танилцаж, тэдний гэрчлэлийг сонслоо. Би Мормоны Номын тухай сонсоогүй байсан ч, “Мормоны Ном үнэн гэдгийг, энэ сүм бол Есүс Христийн Сүм гэдгийг, Иосеф Смит бол Бурханаар дуудагдсан бошиглогч гэдгийг би мэднэ” хэмээн Сүмийн олон гишүүн гэрчлэхийг сонсоод Сүнсийг мэдрэв. Надад урьд нь хэзээ ч тийм сайхан мэдрэмж төрж байгаагүй. Би номлогчидтой уулзах хүсэлгүй хэвээр байсан ч, гэрчлэлийн цуглаан надад хүчтэй нөлөөлсөн юм.

Дараагийн долоо хоногт Клейтон дахиад намайг сүмдээ очихыг урив. Би өөр ажилтай байсан учраас очиж чадсангүй. Би очих эсэхээ мэдэхгүй байна гэж намайг хэлэхэд түүний нүүрэнд гуниг тодров.

Гэвч би ням гарагийн өглөө сэрээд сүмд явахыг хүсч байгаагаа мэдэрлээ. Өглөө эрт босох нь хэцүү байсан ч би 6:50-д босч Клейтоныг ирэхийг хүлээлээ. Тэр намайг хувцаслачихсан хүлээж байхыг хараад гайхав. Тэр ням гарагт бишоп санваарын тухай заалаа. Би Сүнсийг хүчтэй мэдэрч, номлогчийн хичээл авах ёстой гэж шийдлээ. Залуу Эрэгтэйчүүдийн хичээл дуусахад би баптисм хүртэх болно гэдгээ мэдсэн.

Сүмийн цуглаан дуусахад би Клейтонд “Би баптисм хүртэхийг хүсч байна!” гэлээ.

Тэр эхлээд намайг тоглож байна гэж бодсон ч дараа нь “Номлогчдыг уривал, чи тэдэнтэй уулзах уу?” гэж асуухад нь би тэгье гэв.

Надад маш сайн ахлагч нар заасан. Сэргээлтийн тухай захиасыг сонссоны дараа би баптисм хүртэх ёстой гэсэн мэдрэмж улам хүчтэй төрөв. Гэвч Мормоны Ном үнэн эсэхийг өөрөө мэдэхийг хүслээ. Ахлагч нар миний Мормоны Номон дээр Moронай 10:3–5-ыг тэмдэглэж, энэ ном үнэн эсэхийг Бурханд хандан залбирч, асуухад намайг урив.

Маргааш орой нь би Мормоны Номоо уншаагүйгээ саналаа. Тэгээд уншиж эхэлтэл, сүнсийг хүчтэй мэдрэв. Уншиж дуусахаасаа өмнө залбираад би Мормоны Ном үнэн гэдгийг мэдлээ. Залбиралд минь хариулсанд би Бурханд талархалтай байлаа. Ингээд 2006 оны долдугаар сард би баптисм хүртэв.

Хожим нь би Бразилын Квайбо номлолд харин манай найз Клейтон Бразилын Санта Мария Номлолд үйлчилсэн. Бид хамтдаа Клейтоний надад хийж өгсөн зүйлийг бусад хүмүүсийн төлөө хийсэн. Бид хүмүүсийг Христэд ирэхийг урьж тэдэнд сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь тусалсан. Энэ бол үнэхээр авралд хүрэх зам мөн.

Найз нөхөд, төрөл төрөгсдөө энэхүү сайн мэдээний тухай мэдэхэд урьцгаая. Учир нь Аврагч хүн бүрд хандан “Над уруу ир” (Maтай 11:28) гэж хэлсэн билээ. Энэ бол Есүс Христийн сүм бөгөөд өнөө үе бол хүн бүрийг Түүнд ирэхийг урих цаг мөн.