2013
Жинхэнэ анд найз гэж хэн бэ?
2013 оны дөрөвдүгээр сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Жинхэнэ анд найз гэж хэн бэ?

Элайн С.Далтон

Бид бүгд мэдээлэл холбооны технологиор дамжуулан харилцдаг болсон өнөө үед найзын тодорхойлолт өөрчлөгдөөд байна. Өнөөдөр бид өөрсдийгөө олон “найзтай” гэж бодож болно. Бид үргэлж мэдээлэлтэй байх боломжтой бөгөөд олон танилынхаа түүний дотор одоогийн болон хуучин найз нарынхаа амьдралд юу болж байгааг мэдэх боломжтой байдаг. Түүгээр ч барахгүй биечлэн уулзаж учраагүй хүмүүсийг ч бид найз нараа гэж нэрлэдэг.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд “найз” гэдэг үгийг ихэвчлэн харилцаатай байдаг хүмүүс гэхээс илүүгээр электрон захиасаар холбогддог хүмүүсийг хэлэхэд ашигладаг. Та “найз нартаа” захиас явуулах боломжтой ч гэсэн энэ нь хүнтэй нүүр тулан харилцахтай адилгүй юм.

Бид ихэвчлэн найзтай байхыг л боддог, гэвч найзтай болохын зэрэгцээгээр өөрөө сайн найз байхад бид анхаарах ёстой.

Найз байх гэдэг нь юу гэсэн утгатай талаар олон тодорхойлолт байдаг. Найз байх гэдэг нь чухам юу гэсэн үг болох хийгээд бидний амьдрал дахь найз нарын нөлөөний тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлсийн хэлсэн үгийг би хэзээ ч мартахгүй. Найзын тухай түүний тодорхойлолт миний амьдралд урт удаан хугацаанд нөлөөлсөөр байгаа билээ. Тэрбээр ингэж хэлсэн юм: “Найз нар бол Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахыг илүү амар хялбар болгодог хүмүүс юм.”1 Энэ утгаар, өөр хэн нэгэнд байдаг эрхэм чанаруудыг эрэлхийлж, түүнээс суралцах нь жинхэнэ нөхөрлөлийн мөн чанар юм. Энэ бол өөр хүнийг өөрөөсөө дээгүүрт тавина гэсэн үг. Энэ бол бүхий л үйлдлээрээ дээд зэргийн шударга үнэнч, ариун журамтай байна гэсэн үг. Жинхэнэ нөхөрлөлийн утга учрыг нээн харуулж чадах үг бол чин шударга зан чанар гэдэг үг юм.

Манай охин Эми 15-тай байхдаа ямархуу найз нартай байвал зохихоо шийдсэн юм. Нэг өглөө би түүний Мормоны Ном Aлма 48 дээр нээлттэй байхыг харав. Тэр Ахмад Моронайг дүрсэлсэн дараах шүлгүүдийг будаж тэмдэглэсэн байлаа: “Moронай хүч чадалтай эр байв; тэр төгс ойлголттой хүн байв. … Тийм ээ, мөн тэрээр Христийн итгэлээрээ гуйвшгүй хүн байв” (11, 13-р шүлэг). Тэрээр уг шүлгийн хажууд “Би Моронай шиг эр хүнтэй болзож, гэрлэхийг хүсдэг” гэж бичсэн байлаа. 16 нас хүрсэн үед нь би Эмиг болон харилцаатай байдаг залуу эрэгтэйчүүдийг нь ажиглахад тэр өөрөө дээрх зан чанаруудаар үлгэр дууриал үзүүлснээрээ тэдгээр залуу эрэгтэйчүүдэд Бурханы хөвгүүд, санваартнууд, ирээдүйн эцэг ба удирдагчдын хувьд нэр төрөө эрхэмлэн амьдрахад нь тэдэнд тусалдаг байсныг харсан.

Жинхэнэ найз нар харилцаатай байдаг хүмүүстээ “илүү өндөр жишгүүдээр амьдарч, илүү сайн болоход нь” нөлөөлдөг2. Та нар ялангуяа залуу эрэгтэйчүүд номлолд бэлтгэж, хүндэтгэлтэйгээр үйлчлэхэд бие биедээ тусалж болно. Та нар ёс суртахууны хувьд ариун байхад бие биедээ тусалж болно. Та нарын зөв нөлөө болон нөхөрлөл харилцаатай байдаг хүмүүсийн тань амьдралд төдийгүй, тэдний хойч үеийнхний амьдралд мөнхийн нөлөө үзүүлэх болно.

Аврагч шавь нараа Өөрийн найзууд гэдэг байв. Тэрбээр ийн хэлжээ:

“Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол миний тушаал.

Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.

Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн.

Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боолууд мэддэггүй юм. Харин би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ” (Иoхан 15:12–15; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Та Есүс Христийн сайн мэдээгээр амьдарч, үүнийг хуваалцсанаар бусад хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж, тэд өөртэй тань зөвхөн вэб сайтаар харилцдаг найз байхыг хүсэхгүй харин Аврагч Өөрийн үг хэл, үлгэр жишээгээр харуулсан шиг тийм эелдэг найз тань байхыг хүсэх болно. Та бусдын найз байхыг хичээж, гэрлээ тэдний өмнө гэрэлтүүлбэл, таны нөлөө харилцаатай байдаг олон хүний амьдралыг адислах болно. Хэрэв та бошиглогчдын тодорхойлсноор эсвэл судруудын жишээгээр бусдад найз нөхөр нь байхыг хичээвэл та аз жаргалтай байж, дэлхийд сайн нөлөө үзүүлэн: “Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно, гагцхүү энэ нь мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэх болно” (С ба Г 130:2) хэмээн нөхөрлөлийн тухай сударт дурдсан агуу амлалтын биелэлтийг нэгэн цагт хүлээж авах болно.

Гэрэл зураг чимэглэлийг © iStockphoto.com/Fonikum ба Лес Нилссон

Эшлэл

  1. Роберт Д.Хейлс, “This Is the Way; and There Is None Other Way,” Бригам Янг Их сургууль дээр хэлсэн үгс 1981–82 (1982), 67.

  2. Гордон Б.Хинкли, “The Quest for Excellence,” Лиахона, 1999 оны 9-р сар, 8.