Амьдралаас баяр баясгаланг олохуй
Карен Роквуд, Айдахо, АНУ
Би нэг удаа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скоттын ерөнхий чуулган дээр хэлсэн үгийг уншиж байлаа. Би энэ үгийг өмнө нь уншиж, сонссон ч нэг өгүүлбэр миний анхаарлыг онцгой татсан учир бодол минь түүн дээр тогтлоо.
Хэдэн цагийн дараа найз нартайгаа хамт амьдардаг хүү маань айлчлан ирэв. Тэр бүрэн цагийн номлолд үйлчилсний дараа коллежид ороод ганц хоёр улирал явсан ч, ямар сургуульд орж, ямар мэргэжилтэй болохоо хараахан шийдээгүй байв. Тэр коллежид сэтгэл дундуур байсан учраас цаг хугацаа, мөнгөө дэмий үрж байна гэж бодоод сурахаа хойш тавин, сургуулиасаа гараад ажил хийж байгаа билээ.
Найз нарынх нь нэг нь хоёулаа Багамын арлууд юм уу Карибын тэнгисийн нэг арал дээр очоод тэндээ ажил хийж, хэдэн сарыг хөгжилтэй өнгөрүүлье гэж санал болгосон тухай хүү маань надад ярив. Найзынхаа энэ саналд манай хүү сэтгэл нь хөдөлсөн ажээ. Иймэрхүү зугаалгын шинжтэй аялал залуу хүнд хэрхэн муугаар нөлөөлж болохыг ойлгоход ядаж цөхөх юмгүй байлаа.
Энэ үед Ахлагч Скоттын сэтгэлд хоногшим захиас миний санаанд орж ирлээ. Тэгээд би Ensign сэтгүүлийг авч дараах үгсийг хүүдээ уншиж өгөв: “Та нар энд дэлхий дээр бурханлаг зорилгын төлөө байгаа билээ. Эцэс төгсгөлгүй зугаа цэнгэл хөөцөлдөх нь та нарын зорилго биш. Та нар соригдохын тулд Бурхан та нарт бэлтгэсэн олон адислалыг хүлээн авч чадахаа нотлон харуулахын тулд дэлхий дээр байгаа билээ. Үүнд тэвчээр шаардагдана” (“Finding Joy in Life,” Ensign, 1996 оны 5-р сар, 25).
Хүү маань ганц ч үг хэлсэнгүй, сэтгүүлийг авч яваад түүний хэлсэн үгийг бүхэлд нь уншсан. Дараа нь тэр арал руу адал явдал хайж явахгүй гэдгээ хэлж билээ.
Хүү минь цагдаагийн академид орж, ирээдүйн эхнэртэйгээ тэнд танилцсан юм. Тэр хоёр Аризоны Меса Ариун сүмд гэрлэж одоо гурван сайхан хүүхэдтэй гэр бүл болсон. Хүү минь 2010 онд сургуулиа бакалаврын зэрэгтэй дүүргэж “амьдралаас үнэхээр баяр баясгаланг олсон юм.”
Хүүд минь санал болгосон адал явдлын аялал түүнд аятайхан туршлага болж мэдэх байсан биз ээ. Гэвч энэ нь сүнслэг байдлын хувьд эрсдэлтэй, аюултай байж болох байсан. Энэ явдлын тухай бодох бүрд Сүнс миний зүрх сэтгэлд нөлөөлдөг билээ.
Бошиглогчийн үгс болон Ахлагч Скоттын хэлсэн үгийг цагаа олж санасандаа би талархалтай байдаг. Бас хүү минь Их Эзэний элчийн үгийг уншиж, өөртөө нөлөөлөх боломжийг Сүнсэнд олгосонд баяртай байдаг. Бид Аврагчийн сургаалуудыг болон Түүний үйлчлэгчдийг дагасан үед олон адислал, ивээл нигүүлсэл бидэнд ирэх болно гэдгийг би мэднэ.