2013
Би ийм сэтгүүлийг хаанаас авч болох вэ?
2013 оны дөрөвдүгээр сар


Би ийм сэтгүүлийг хаанаас авч болох вэ?

Шарон Ратер, Невада, АНУ

Би гэр бүлийнхээ хамт АНУ-ын Невадагаас Аляск руу аяллаар явах үедээ өөдөөс минь харж суусан өндөр нуруутай, нүдэнд дулаахан, ялдамхан эмэгтэйтэй удаан ярилцлаа.

Тэр надаас хаашаа явж байгааг асуухад би Аляскийн Жунеау руу хүүгийндээ зочлохоор явж байгаагаа хэллээ. Тэр эмэгтэй Лас Вегасаас явж байгаагаа хэлэв. Дараа нь түүний сэтгэл хөдөлж, 20 жил ханилсан талийгаач нөхрийнхөө гэгээн дурсгалыг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцохоор Жунеау руу хадмууд дээрээ очихоор явж байгаагаа ярилаа. Нөхөр нь саяхан хавдраар нас барсан ажээ.

Би түүнийг хараад авралын төлөвлөгөөг мэддэг бөгөөд Лас Вегасын Ариун сүмд ажилладаг нь миний хувьд ямар азтай тохиолдол вэ? хэмээн бодлоо. Энэ эмэгтэйн сэтгэл санааг өргөхийн тулд би юу хийж болохоо бас бодлоо.

Тэгтэл би Нийгмийн Халамжийн Бүлэгт Бошиглогч Иосеф Смитийн нэгэн эшлэлийг тарааж өгч байснаа гэнэт тодхон саналаа. Тэрбээр Нийгмийн Халамжийн Бүлгийг зохион байгуулахдаа эгч нар “ядарсан нэгэнд туслахдаа шуурхай байж, зовж зүдрэгсдийн шархалсан зүрхэнд тос, дарс асгаж, өнчрөгсдийн нулимсыг хатааж, бэлэвсэн эмэгтэйчүүдийг баярлуулж байх ёстой” гэжээ. (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит [2007], 452).

Би түүн рүү дахин харлаа. Зовж шаналсан танихгүй нэгэн, зүрх сэтгэл нь шархалсан бэлэвсэн эмэгтэй миний нүдэнд харагдав. Урьд өдөр нь би 2011 оны Ensign сэтгүүлийг уншиж байснаа бас тэр сэтгүүлд энэ эмэгтэйд урам хайрлаж, тайтгаруулан, сэтгэл санааг нь өргөж болох өгүүллүүд байсныг саналаа.

Тэгээд би зориглон, сэтгүүлийн нэг өгүүлэлийг нээн, уг өгүүллийг уншина уу гэж түүнээс хүслээ. Тэр өгүүллийг үг үсэг гээлгүй анхааралтай уншиж байв. Тэр уншиж дуусаад өөр нэг өгүүлэл уншиж эхэллээ.

Уншсан зүйл нь түүний зүрх сэтгэлд нөлөөлсөн нь илт байлаа. Тэр сэтгүүлийг цээжиндээ тэврээд нүдэн дэх цийлэгнэсэн нулимсаа арчлаа.

“Би ийм сэтгүүлийг хаанаас авч болох вэ?” гэж тэр надаас асуув. Энэ сэтгүүлийг авч болно гэж би түүнд хэллээ. Дараа нь тэр дахиад уншиж эхэлсэн.

Биднийг Жунеауд ирэхэд тэр эмэгтэй гараас минь барьж, миний нүд рүү эгцлэн ширтсэнээ “Их баярлалаа!” гэж хэлэв.

Би энэ явдлаас их сургамж авсан. Урам хайрласан найрсаг үг сонсох хэрэгтэй байгаа мөн Хожмын Үеийн Гэгээнтнүүд бидний мэддэг зүйлийг мэдэх хэрэгтэй байгаа зүрх сэтгэл нь шархалсан танихгүй хүмүүс бидний эргэн тойронд үргэлж байдаг.

Хэвлэх