Ариун сүмд ойр бай
Ариун сүм олон сайн хүмүүсийн зүрх сэтгэлд нөлөөлж, тэдэнд сайхан мэдрэмж төрүүлдэг.
Намайг Далын Хоёрдугаар Чуулгын гишүүнээр дуудагдахаас өмнө эхнэр бид хоёр Бразилын Кампинас, Сан Паулогийн Ариун ариун сүмүүдэд хэдэн жил үйлчилсэн. Хоёр Ариун сүмийн аль алиных нь дэргэдүүр өнгөрсөн хүмүүс зогсож, дотогшоо орж ирэн, Ариун сүмийн талаар асуултууд асуудаг байсанд би их гайхдаг байлаа.
Тэднийг Ариун сүмд орж ирэхэд, зохих бэлтгэлгүйгээр тэд цаашаа явж болохгүйг бид тэдэнд тайлбарладаг байв. Дараа нь бид Ариун сүмийн зорилгыг тайлбарлаж, сайн мэдээний гол сургаалуудаас хуваалцан, тэднийг номлогчидтой уулзахад урьдаг байлаа. Ариун сүм олон сайн хүмүүсийн зүрх сэтгэлд нөлөөлж, тэдэнд сайхан мэдрэмж төрүүлдэг учраас Ариун сүм өөрөө агуу номлогч болдог.
Манай эхнэр Элизабет бид хоёр ийм мэдрэмжийн хүчийг өөрсдийн туршлагаасаа мэддэг билээ. Бараг 40 жилийн тэртээ Сүмийн гишүүн, бидний нэг сайн найз маань ердийн нэг ярианыхаа далимд бидэнд сайн мэдээний тухай ярьсан билээ. Нэлээд хэдэн удаа тэр бидэнтэй уулзуулахаар номлогчдыг бидэн рүү илгээсэн юм. Номлогчид бидэнд таалагдсан болохоор бид ярилцлага авахыг зөвшөөрсөн ч, үнэнээ хэлэхэд тэдний заасан зүйл бидний сонирхлыг татаагүй.
1978 оны аравдугаар сард найз маань нэлээд хэдэн найзаа, түүний дотор биднийг Бразилын Сан Паулогийн Ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд урьсан нь энэ байдлыг өөрчилсөн юм. Тэрээр хувийнхаа зардлаар нэлээд хэдэн автобус түрээслэн 80 км-ийн зайтай орших Ариун сүм рүү найз нараа авч очсон юм.
Элизабет баптисмын өрөөнд орох үедээ урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ямар нэг онцгой мэдрэмжийг мэдэрчээ. Хожим нь энэ нь Ариун Сүнс байсныг тэр мэдсэн. Тэр мэдрэмж түүний зүрх сэтгэлд агуу баяр баяслыг авчирсан юм. Элизабет яг тэр агшинд Сүм үнэн гэдгийг бас энэ Сүм бол түүний элсэх ёстой сүм мөн гэдгийг мэджээ.
Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд биднийг лацдалтын өрөөнд орох үед мөн мөнхийн гэр бүлүүдийн сургаалыг бидэнд заах үед яг дээрхтэй адил мэдрэмж надад төрж билээ. Уг сургаал миний сэтгэлийг ихэд хөдөлгөв. Би мэргэжлээрээ амжилттай ажиллаж байсан ч оюун санаандаа урт удаан хугацааны туршид хоосон орон зайг мэдэрдэг байлаа. Энэ хоосон зайг юугаар дүүргэхийг би мэддэггүй байв. Гэр бүлийнхээ талаар ямар нэг зүйл хийх ёстой юм шиг санагддаг байлаа. Лацдалтын өрөөнд ормогц онцгой сонин мэдрэмж, оюун ухаан, зүрх сэтгэлийг минь зэрэг эзэмдэв.
Хэд хоногийн дараа номлогчид бидэнтэй дахин холбоо барив. Энэ удаад бид тэдний захиасыг сонсохыг үнэхээр их сонирхож байлаа.
Ахлагч нар биднээс үнэний тухай чин сэтгэлээсээ залбирахыг хүслээ. Энэ бол миний хувьд залбирч болох цорын ганц зам байлаа. Гэрчлэлгүй байж Сүмд элсэх шийдвэр гаргаж болохгүй гэдгийг би мэдэж байв. Би Тэнгэрлэг Эцэгт хандан баталгаа хүсч залбирах хэрэгтэйгээ мэдэж байлаа. Бас Тэр миний залбиралд хариулна гэдэгт ч итгэлтэй байлаа. Би зүрх сэтгэлийнхээ чин хүслийг Түүнтэй хуваалцаж, Сүмд элсэх нь миний хувьд зөв зам мөн үү гэдэгт хариу өгнө үү гэж Тэнгэрлэг Эцэгээсээ гуйлаа.
Дараагийн долоо хоногт биднийг Ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд урьсан манай найз ням гарагийн хичээл дээр миний хажууд сууж байлаа. Тэр бөхийж надтай ярьж эхэллээ. Түүний хэлсэн үгс миний мэдэхийг хүсч залбирсан тэдгээр зүйлсийн тухай байлаа. Тэнгэрлэг Эцэг түүгээр дамжуулан надтай ярьж байгаад би эргэлзээгүй. Би тэр үед хатуу сэтгэлтэй, хахир хүн байсан. Гэвч зүрх сэтгэл маань уяран хайлж би уйлж эхэллээ. Найз маань ярьж дуусаад эхнэр бид хоёрыг баптисм хийлгэнэ үү гэж урилаа. Бид түүний урилгыг хүлээн авсан.
Бид Сан Паулогийн Ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсоноос хойш бүтэн сар бололгүй, 1978 оны 10-р сарын 31-нд баптисм хүртэж, гишүүнээр батлагдлаа. Маргааш нь бид Бразилын Сан Пауло Ариун сүмийг адислах хоёрдахь ёслолд оролцов. Жилийн дараа бид хоёр хүүтэйгээ лацдан холбуулахаар Ариун сүмд буцаж очив. Эдгээр гурван үйл явдал бүгд бидний сэтгэлд хоногшин үлдсэн, маш сайхан туршлага болсон юм. Бид түүнээс хойш олон жилийн туршид Ариун сүмд тогтмол орж, энэхүү сайхан мэдрэмжийг хөгжүүлсээр ирсэн билээ.
Эхнэр бид хоёр баптисм хийлгэснээсээ хойш хорин найман жилийн дараа Бразилын Сан Пауло Ариун сүмд дахин ирсэн. Би энэ Ариун сүмийн ерөнхийлөгчөөр дөнгөж дуудагдаад байлаа. Их Эзэний өргөөн дотор явж үзэхэд бидэнд онцгой сайхан мэдрэмж төрлөө. Энэхүү онцгой сайхан мэдрэмжийг бид дахин мэдэрсэн бөгөөд энэ нь бидний хөрвөлтөд шийдвэрлэгч нөлөө үзүүлсэн юм.
Ариун сүм эхнэр бид хоёрт аз жаргалын ширгэшгүй ундарга болсоор байна. Мөнхийн гэр бүл болж лацдан холбуулахаар Ариун сүмд ирж байгаа залуу хосуудыг харахад бидэнд агуу найдвар төрдөг билээ.
Дэлхий даяар үй олон хүмүүс сайн мэдээний захиасыг сонсохын тулд бэлтгэгдэж байна. Тэд 30 жилийн тэртээ миний мэдэрсэнтэй адил зүйлийг мэдрэхийг эгээрэн хүсч байна. Ариун сүм болон тэнд гүйцэтгэдэг ёслолууд нь тэдний энэхүү хүслийг хангаж, оюун санаан дахь хоосон зайг нь бөглөх хүчтэй юм.