2013
Христийн Амилалтын баярын долоо хоног
2013 оны дөрөвдүгээр сар


Христийн Амилалтын баярын долоо хоног

Бидний Аврагч Есүс Христийн гүйцэлдүүлсэн Цагаатгалд Гетсемани дахь Түүний зовлон шаналал, Голгота дээрх Цовдлолт, амьдралынхаа сүүлчийн долоо хоногт булшнаас Амилан боссон зэрэг үйл явдлууд ордог.

Дэлхий бүтээгдэхээс өмнө Тэнгэрт болсон зөвлөгөөн дээр Бурхан Эцэг Өөрийн хүүхдүүд бидний авралын төлөвлөгөөг танилцуулсан билээ. Тэнгэрлэг Эцэг авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Есүс Христийг сонгосон учир бид баярлан уухай хашгирсан ажээ (Иов 38:7, Aбрахам 3:27-г үзнэ үү). Бетлехемийн Мариагаас төрсөн Есүс гэм нүгэлгүй амьдарч байлаа. Бид Түүний Цагаатгалын ачаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар буцаж очин, мөнх амьдралтай болно. Есүс Христ Мянган жилийн үед дэлхий дээр амьдрахаар сүр хүч, алдар суундаа дахин ирж, эцсийн өдөр бүх хүмүүсийн Шүүгч болон зогсох болно.

Дараах зургуудыг Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногийн үйл явдлуудыг харуулсан Библийн видеонуудаас авсан болно. Зураг бүрийн талаар жагсаасан судрын шүлгүүдийг уншаарай. Үйл явдлуудын бүрэн он дарааллыг Гурамсан судар дахь Дөрвөн Сайн мэдээний зохицол юм уу Судруудын Удирдамжаас үзнэ үү. Библийн видеонууд biblevideos.lds.org-т байгаа.

Дээгүүр Өнгөрсний Баяр болохоос тав хоногийн өмнө Есүс өмнө нь бошиглосны дагуу илжиг унан Иерусалимд ирлээ. Хүмүүс Түүнийг Өөрсдийн хаан болохыг таньж, “Хосанна” хэмээн хашгирч, Түүнд нөмрөг өмсүүлж, инжрийн модны мөчрийг илжигнийх нь өмнө дэвсэж байв (Maтай 21:1–11; Maрк 11:1–11; Зехариа 9:9-ийг үзнэ үү.)

Images © IRI

Есүс мөнх бус үйлчлэлийнхээ үед сүмийг хоёр дахь удаагаа цэвэршүүлсэн ажээ. “Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгож байна” Maтай 21:13 гэж Тэр зоос солигчдод хэлсэн билээ. Сүмд байхад нь Түүн рүү сохор, доголон олон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг хараад ихэд дургүйцэн, Түүнийг хөнөөх арга замыг сүвэгчилж эхэлжээ. Maтай 21:12–17; Maрк 11:15–19-ийг үзнэ үү. )

Images © IRI

Эцэгийн Төрсөн Ганц Хүү Есүс Христ хүмүүсийг Уналтаас гэтэлгэхийн тулд дэлхийд бууж ирсэн юм. (1 Нифай 11:16–22, 26–33; Aлма 7:10–13.)

Images © IRI

Аврагч сүүлчийн долоо хоногийн турш Өөрийн хамгийн гайхамшигтай зарим сургаалыг, түүний дотор бэлэвсэн эмэгтэйн зэс зоосны тухай сургаалыг айлдсан ажээ. (Maрк 12:41–44; Лук 21:1–4-ийг үзнэ үү.)

Images © IRI

Аврагч Гетсеманий Цэцэрлэгт өвдөг сөгдөн залбирахад дэлхийн нүглүүдийн төлөө Түүнийг “өвдөхийн улмаас дагжин чичрэх, сүв бүрээс цус шүүрэх, бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход” (С ба Г 19:18) хүргэсэн юм. Удалгүй Искариотын Иудас болон зэвсэглэсэн олон хүмүүс Есүсийг баривчлахад бүх шавь нар нь Их Эзэнийг орхин зугтжээ. (Maтай 26:36–56; Maрк 14:32–50; Лук 22:39–53-ыг үзнэ үү.)

Images © IRI

Есүс сүүлчийн зоогийн үеэр төлөөлөгчдөдөө Түүнийг явсан хойно тэд Тайтгаруулагч Ариун Сүнсийг хүлээн авах болно хэмээн тэдэнд амласан билээ. Тэд ариун ёслолоос хүртсэнээр Түүнийг хэрхэн санан дурсахыг Тэр заажээ. Есүс тэр үдэш төлөөлөгчид нь нэг хүн шиг нэгдмэл байхын төлөө залбирсан юм. (Maтай 26:17–30; Maрк 14:12–26; Лук 22:14–32; Иохан 13–17-г үзнэ үү.)

Images © IRI

Түүнийг хууль бус шүүх хурлаар оруулж, харгис хэрцгийгээр ташуурдсаны дараа Есүс Христ Өөрийгөө цовдлолтонд тушааж, Бурханы бүх хүүхдүүдэд авралыг боломжтой болгохын тулд “агуу болоод эцсийн” (Aлма 34:14–15-ыг үзнэ үү) золиослолыг гүйцээсэн билээ. Есүсийн дагалдагчид шөнө болохоос өмнө Түүний цогцсыг загалмай дээрээс авч даавуунд ороож, бунхан дотор тавьжээ. (Maтай 27; Лук 23; Maрк 15; Иохан 19-ийг үзнэ үү.)

Images © IRI

Ням гарагийн өглөө Магдалын Мариа болон итгэлтэй бусад эмэгтэйчүүд Есүсийн цогцост тос түрхэхийн тулд бунхан дээр ирээд бунхныг тагласан чулууг хажуу тийш нь авч тавьсныг харав. Хоёр тэнгэр элч: “Тэр энд байхгүй. Тэр амилсан” (Maтай 28:6) хэмээн баярт мэдээг дуулгажээ. Амилсан Аврагч биеийн үхлийг ялж, дахин амьдрах боломжийг бид бүгдэд олгосон юм: “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно” (1 Коринт 15:22). (Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20-ийг үзнэ үү).

Images © IRI