Дөрөвдүгээр сарын Чуулганы тэмдэглэлээс
Чуулган дээр хэлсэн үгсийг хамтдаа судлах нь
Грег Батти АНУ-ын Юта мужид амьдардаг.
Чуулган дээр хэлсэн үгсийг судлах арга барилаа өөрчилсөн нь бидэнд сайн мэдээг гэр бүлээрээ ярилцах боломжийг илүү их өгсөн юм.
Бид олон жилийн турш чуулганы сэтгүүлийн дугаарыг гэр бүлээрээ хамт нэг удаа нэг өгүүллийг уншдаг байлаа. Бид ширээ тойрч суугаад өгүүллийн догол мөрүүдийг ээлжээр чангаар уншдаг байв. Гэвч бид өгүүллийг дуустал нь зүгээр л уншдаг байснаас, захиасуудын тухай тунгаан бодох цаг гаргадаггүй байлаа.
Чуулганы захиасуудаас улам их зүйлийг сурахын тулд эхнэр бид хоёр чуулганы дугаараас гэр бүлийн гишүүн бүрдээ худалдан авдаг байсан бөгөөд дараагийн ерөнхий чуулганаас өмнө сэтгүүлээ уншиж дуусгасан байхын тулд хүн бүр хэчнээн өгүүлэл уншихыг төлөвлөдөг байлаа. Бид зарим долоо хоногт нэг, зарим долоо хоногт хоёр өгүүлэл уншиж, илүү таалагдсан захиасуудыг тэмдэглээд дараа нь тэмдэглэсэн хэсгээ гэр бүлийн үдшээр бие биедээ заадаг байв.
Хүүхдүүд маань бидний ярилцлагын хүрээг тэлсэн асуултуудыг байнга асуудаг байсны зэрэгцээ эхнэр бид хоёр бас судалсан зүйлээсээ асуултууд асуудаг байсан. Эхнэр бид хоёр өөрсдийн асуултуудад хүүхдүүдийнхээ хэрхэн хариулахыг сонсохыг эрхэмлэдэг байлаа. Бид бас семинар, сүм дээр болон хувиараа сурч мэдсэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдээ урамшуулан дэмждэг байв. Энэ нь нэн тааламжтай орчинд бие биеийнхээ энгийн гэрчлэлийг тогтмол сонсох сайхан боломжоор биднийг хангасан юм.
Бид удалгүй өглөө судар судлах үедээ мөн ийм мэдрэмжтэй байдаг болов. Бид зарим өдөр цөөхөн шүлгийг сонгон авч уншаад ярилцлагаа түр зогсоож, эдгээр шүлгийн тухай мөн тэдгээр нь бидний амьдралд хэрхэн холбогдох тухай ярилцдаг болсон.
Одоо бид өглөө тус тусын ажил, сургуульдаа явахаас өмнө ярилцаж, инээд баяслаар дүүрэн байдаг болсон. Гэр бүлээрээ өдөр бүр хамт суралцаж, залбирч байх тухай бошиглогчийн зөвлөгөөний талаар бидэнд бат бөх гэрчлэл бий. Манай гэр бүлийнхэн бие биенээсээ суралцаж, бие биеэ хүчирхэгжүүлдэг болон өөрчлөгдсөн. Энэ бүхэн бол ерөнхий чуулганы захиасаас илүү их зүйлийг сурч мэдэх хүслийн үр дүн юм.