2013
Есүс Христийн үүрэг зорилго ба үйлчлэл
2013 оны дөрөвдүгээр сар


Есүс Христийн үүрэг зорилго ба үйлчлэл

БЯИС дээр 1998 оны 8-р сарын 18-нд болсон онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс. Англи хэл дээрх бүрэн текстийг speeches.byu.edu -д орж үзнэ үү.

Ахлагч Рассел М.Нелсон

Бид Есүсийг шүтэн биширдгийн хамгийн сайн нотолгоо бол Түүнийг даган дууриах явдал мөн.

Бүх дэлхийд Есүс Христийн нэрийг гэрчлэх онцгой гэрчүүдийн нэг” (С ба Г 107:23) миний бие Түүний тухай зааж, гэрчилснээр хамгийн сайн үйлчилж чадна гэдэгт итгэдэг. Нэгдүгээрт, фарисайчуудаас Аврагчийн нэг удаа асуусан асуултуудыг би асууя: “Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ?” (Maтай 22:42).

Төр засгийн болон бусад шашны удирдагчидтай уулзаж ярилцах үед энэ хоёр асуулт миний санаанд олонтоо орж ирдэг. Тэдний зарим нь “Есүс бол агуу багш” гэдэг бол зарим нь “Тэр бол Бошиглогч” гэдэг. Бусад нь Түүний амьдралын тухай юу ч мэддэггүй. Бид үүнд гайхах хэрэггүй. Бидэнд байгаа сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийн тухай харьцангуй цөөн хүмүүс мэдэж байна. Өөрсдийгөө Христэд итгэгчид хэмээн тунхагладаг хүмүүсийн дунд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд цөөнх нь болдог.

Өнөөгийн бидний нөхцөл байдал олон зуун жилийн тэртээ Нифайн угтан харсантай яг адил байна:

“Мөнхүү улиран тохиох дор би Бурханы Хурганы сүмийг болгоов, мөн энэ нь … тоогоороо цөөн байв; хэдий тийм, Бурханы гэгээнтнүүд байсан Хурганы сүмийнхэн түүнчлэн бүх дэлхийн гадаргуугаар оршин байхыг би болгоов; мөн тэдний эзэмшил нь газрын гадаргуугаар бага байв. …

“Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд, зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв.” (1 Нифай 14:12, 14).

Энэхүү зөв шударга байдал, хүч чадал хийгээд алдар суу буюу эдгээр бүх адислал нь Их Эзэн Есүс Христийн тухай мэдлэг, Түүнд дуулгавартай байж, талархах болон Түүнийг хайрлах хайраас үүдэлтэй юм.

Аврагч харьцангуй богинохон амьдралынхаа хугацаанд хоёр үндсэн чухал зорилгыг гүйцэлдүүлсэн билээ. Нэгдүгээрт: “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь [Түүний] ажил мөн [Түүний] алдар суу” (Moсе 1:39) байлаа. Хоёрдугаарт Тэрээр: “Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм” (Иохан 13:15) хэмээн тодорхойлжээ.

Түүний эхний зорилго Цагаатгал гэдгийг бид мэднэ. Энэ бол мөнх бус байдал дахь Түүний хамгийн агуу зорилго байлаа. Амилсан Их Эзэн эртний Америкийн хүмүүст Өөрийн зорилгыг ийнхүү нотолсон юм:

“Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ.

Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, Эцэг минь намайг илгээсэн бөлгөө” (3 Нифай 27:13–14).

Тэрбээр номлолоо цааш нь үргэлжлүүлэхдээ бидэнд үлгэр жишээ үзүүлэгч байх хоёр дахь зорилгоо илчилсэн юм: “мөн миний сүмд хийх ёстой зүйлүүдээ та нар мэднэ;… учир нь миний хийснийг та нар харсан, бүр түүнийг та нар хийх болно” (3 Нифай 27:21).

Эхнийх нь зорилгыг би Түүний үүрэг зорилго хэмээн тодорхойллоо. Харин хоёрдахь зорилгыг нь Түүний үйлчлэл хэмээн тодорхойлохыг хүсч байна. Түүний амьдралын энэхүү хоёр тал Түүний үүрэг зорилго ба үйлчлэлийг товч нэгтгэн дүгнэцгээе.

Есүс Христийн үүрэг зорилго бол Цагаатгалыг үйлдэх байв

Түүний үүрэг зорилго бол Цагаатгал байлаа. Цагаатгалыг зөвхөн Тэр л гүйцэтгэж чадах байв. Тэр мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас амиа сайн дураараа өгөөд, буцааж авах хүчтэй байсан юм (Иoхан 10:14–18-ыг үзнэ үү). Түүний Цагаатгалын гайхамшигтай үр дагаврууд хэмжээ хязгааргүй бөгөөд үүрд мөнхийн юм. Тэрбээр үхлийн зовлонг зайлуулж, үүнээс үүдэлтэй уй гашууг түр зуурын болгосон билээ (1 Коринт 15:54–55-ыг үзнэ үү). Цагаатгалыг гүйцэтгэх Түүний үүрэг хариуцлага Бүтээлт ба Уналтаас өмнө тогтоогдсон юм. Энэ нь бүх хүн төрөлхтөнд амилуулалт ба үхэшгүй байдлыг боломжтой болгосон төдийгүй, Түүний тогтоосон нөхцөлийн дагуу нүглээ уучлуулах боломжийг бас бидэнд олгосон билээ. Tийнхүү Цагаатгал нь Түүнтэй болон гэр бүлтэйгээ үүрд нэгдэх үүд хаалгыг бидэнд нээж өгсөн юм. Энэхүү хэтийн төлөвийг бид мөнх амьдрал буюу хүмүүнд соёрхсон Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь хэмээн үздэг билээ (С ба Г 14:7-г үзнэ үү).

Өөр ямар ч хүн Цагаатгалыг үйлдэж чадахгүй байсан. Түүнээс өөр ямар ч хүн хэчнээн агуу хүч чадалтай, хамгаас илүү баян байгаад ч, ганц ч хүнийг, бүр өөрийгөө ч аварч чадахгүй (Maтай 19:24–26-г үзнэ үү). Түүнчлэн өөр ямар ч хүнээс өөр хэн нэгнийг үүрд мөнхөд аврахын тулд цусаа урсгахыг шаардахгүй, түүнд үүнийг зөвшөөрөхгүй. Харин Есүс үүнийг “нэг удаа бүгдийн төлөө” (Еврей 10:10) хийсэн юм.

Хуучин Гэрээний угтан хэлэгдсэн олон чухал үйл явдал Шинэ Гэрээний үед Цагаатгалаар дамжин хэрэгжсэн билээ. Адам, Ева хоёрт “Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй” (Moсе 5:7) өргөл өргөхийг зарлиг болгосон юм. Чухам яаж? Цус урсгах замаар. Тэд “махан биеийн амь нь цусанд байдаг” (Левит 17:11) гэсэн судрыг өөрсдийн туршлагаар баталсан юм.

Биеийн аль нэг эрхтэнд цус очихгүй бол асуудал үүсдэгийг эмч нар мэднэ. Хэрэв хөлөнд цус очихгүй бол, үхжил явагдаж болно. Хэрэв тархинд цус очихгүй бол харвалт болж мэднэ. Хэрэв артерийн судсанд цус хэвийн байдлаар очихгүй бол зүрхний шигдээсээр өвчилж мэднэ. Цус алдалтыг тэр дор нь зогсоохгүй бол үхэлд хүргэж болно.

Мал, амьтны цусыг урсгах нь түүнийг үхэлд хүргэдгийг Aдам Ева хоёр болон тэдний дараах үеийнхэн мэдсэн юм. Тэд тахил өргөх ёслолдоо ямар ч хамаагүй амьтныг хэрэглэдэггүй байв. Ямар ч өө сэвгүй, сүргийнхээ ууган төлийг тахилд өргөдөг байв (жишээ нь Eгипетээс Гарсан нь 12:5-ыг үзнэ үү). Эдгээр шаардлагууд Бурханы төгс Хурганы золиослолын бэлгэдэл байлаа.

Адам, Ева хоёрт “Иймийн тул, чи өөрийн хийх бүхнийг Хүүгийнхээ нэрээр хийх ёстой, мөн чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой” (Moсе 5:8) гэж зарлиг өгсөн. Малаар тахил өргөх нь цаг хугацааны голчоос эхлэн Бурханы Хүүгийн эцсийн Цагаатгалын хэв шинж болон сүүдэр байсаар байв.

Цагаатгал хийгдсэнээр сүүлчийн агуу золиослол Moсегийн хуулийг гүйцэлдүүлж Aлма 34:13–14), “махан биеийн амь нь цусанд байдаг” (Левит 17:11) хэмээн заадаг байсан малаар тахил өргөх нь дуусгавар болсон юм. Цагаатгалын улмаас малаар тахил өргөх эртний ёслол цаашид мөрдөгдөхгүй болж, үүнийг ариун ёслолоор дамжуулан хийх болсныг Есүс тайлбарласан. Амьдрал мах, цус гэсэн хоёр элементээс тогтдогийг дараах судраас харна уу:

“Есүс тэдэнд, Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй.

“Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна” (Иохан 6:53–54) гэж хэлжээ.

Есүс Христийн Цагаатгалын ачаар бүх хүн төрөлхтөн, бүр хүссэн болгон гэтэлгэгдэх болно. Аврагчийн цус бүх хүн төрөлхтний төлөө зөвхөн загалмай дээр төдийгүй бас Гетсеманий Цэцэрлэгт асгарсан юм. Тэр тэнд дэлхий дээр амьдарч байсан болон амьдрах бүх хүмүүсийн нүглийн хүндийг Өөр дээрээ үүрсэн юм. Тэрхүү хүнд ачаа дарамтын дор Түүний сүв бүрээс цус шүүрч байлаа (С ба Г 19:18-ыг үзнэ үү). Цагаатгалын тарчлал Калварийн толгой дээр дууссан юм.

Бошиглогч Иосеф Смит “Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэлээр наснаас хальж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээш одсон тухай Бошиглогчид, Төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л энэ гэрчлэлийн хавсралтууд юм” хэмээн заасан билээ.1

Би энэхүү эрх мэдэл хийгээд онцгой талархалтайгаар Түүний тухай зааж, гэрчилж байна.

Үлгэр жишээ үзүүлэгч, Есүс Христийн үйлчлэл

Мөнх бус амьдралд Их Эзэний гүйцэлдүүлсэн мөнхийн үр дагавартай хоёр дахь зорилго бол бидэнд үлгэр дууриал болохоор үйлчилсэн явдал мөн. Мөнх бус байдал дахь Түүний амьдрал үлгэр жишээч үйлчлэлээр дүүрэн бөгөөд үүнд Түүний сургаалууд, сургаалт зүйрлэлүүд болон номлолууд, Түүний үйлдсэн гайхамшгууд, хайрын нигүүлсэнгүй сэтгэл, хүмүүний үрсийн төлөө эдэлсэн зовлон шаналал орно (1 Нифай 19:9-ийг үзнэ үү). Тэр бас санваарын эрх мэдлийг өрөвч нигүүлсэнгүй сэтгэлээр ашиглаж байлаа. Мөн Тэрээр бас нүглийг зэмлэхэд эгдүүцлээ илэрхийлдэг байсан нь зүй ёсны юм (Ром 8:3-ыг үзнэ үү). Жишээ нь, Тэр зоос солигчдын ширээг хөмрөн унагасан билээ (Maтай 21:12-ыг үзнэ үү). Түүнийг дооглон тохуурхаж, ташуурдан, Өөрийнх нь хүмүүс Түүнийг хүлээж авсангүйгээр (Moзая 15:5-ыг үзнэ үү) барахгүй шавь нарынх нь нэг нь түүнээс урваж, нөгөө нь түүнийг үгүйсгэсэн билээ (Иохан 18:2–3, 25–27-г үзнэ үү).

Үйлчлэлийнхээ үед Түүний үйлдсэн гайхамшгууд Өөрт нь бол ердийн зүйл байлаа. Есүсийн үлгэр жишээг дагасан хүмүүсийн тоо хязгааргүй олон байлаа. Түүний үйлдсэнтэй адил төстэй гайхамшгуудыг бошиглогчид, төлөөлөгчид болон эрх мэдэл олгогдсон Түүний бусад үйлчлэгчид үйлдэж байлаа. Түүний улмаас тэдний олон нь хавчлагад өртөж байв (Maтай 5:10; 3 Нифай 12:10-ыг үзнэ үү). Өнөө үед Их Эзэний үлгэр жишээг дагахын төлөө хичээн чармайж буй, тэр ч бүү хэл үүнийхээ төлөө аймшигтай төлөөс төлж буй олон ах, эгч нарыг та нар мэддэг байх аа.

Энэ бол байх ёстой зүйл. Энэ бол бидэнд хүлээлгэсэн Түүний найдвар. Их Эзэн биднээс Өөрийн үлгэр жишээг дагахыг хүсдэг. Тэр үүнийг маш тодорхой заасан юм:

  • “Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? … Бүр миний адил буюу” (3 Нифай 27:27; мөн 3 Нифай 12:48-ыг үзнэ үү).

  • “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” (Maтай 4:19).

  • “Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм” (Иохан 13:15; мөн Иохан 14:6-г үзнэ үү).

Эдгээр болон эдгээртэй төстэй бусад судруудыг зөвлөмж болгож бичээгүй юм. Эдгээр зарлигууд бол Бурханы зарлиг мөн! Бид Түүний жишээг дагах ёстой!

Бид Түүнийг дагах чин хүсэл эрмэлзэлтэй байхын тулд Түүний амьдралаас дараах таван зүйлийг амьдралдаа хэвшүүлж болно.

Хайр

Хэрэв надаас Түүний ямар зан чанарыг хамгийн чухал гэж үздэг вэ? гэж асуувал би Түүний хайр гэж хариулна. Түүний хайранд өрөвч нинжин сэтгэл, энэрэл, чин шударга зан, уучлал, нигүүлсэл гээд зан төлөвийн олон эрхэм чанар багтана. Есүс эцэг эх хоёртоо хайртай байсан (Иохан 19:25–27-г үзнэ үү). Тэр гэр бүлээ болон Гэгээнтнүүдийг хайрладаг байлаа (Иoхан 13:1; 2 Tесалоник 2:16-г үзнэ үү). Тэр нүглийг нь санахгүйгээр нүгэлтнийг хайрладаг байв (Maтай 9:2; С ба Г 24:2-ыг үзнэ үү). Мөн Тэр Өөрийг нь хайрлах хайраа бид хэрхэн харуулахыг заадаг байв. “Хэрэв та нар намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” (Иохан 14:15) хэмээн хэлсэн билээ. Түүний хайр аливаа болзол шаарддаггүйг онцлон тэмдэглэхийн тулд Тэрээр, “Би Эцэгийнхээ тушаалыг сахьж, Түүний хайр дотор байдгийн адил та нар миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно” (Иoхан 15:10; мөн С ба Г 95:12; 124:87-г үзнэ үү) хэмээн нэмж хэлжээ.

Аврагчийн хайрын өөр нэг илрэл бол Түүний үйлчлэл юм. Тэр Эцэгтээ бас хамт амьдарч, ажилладаг байсан хүмүүстээ үйлчилдэг байлаа. Бид энэ хоёр төрлийн үйлчлэлийн аль алинаар нь Түүний үлгэр жишээг дагах ёстой. Бид “түүний бүх замаар явж, түүнийг хайрласнаараа” (Дэд Хууль 10:12; мөн 11:13; Иoшуа 22:5; С ба Г 20:31; 59:5-ыг үзнэ үү) Бурханд үйлчилдэг. Бид бас хөршүүдээ хайрлаж, тэдэнд үйлчлэх ёстой (Галат 5:13; Moзая 4:15–16-г үзнэ үү). Үүнийг бид гэр бүлээсээ эхлэх хэрэгтэй. Эцэг эхчүүдийг хүүхдүүдтэй нь холбодог гүнзгий хайр тэднийг эцэг эхээсээ бүрэн хамааралтай байх үед нь тэдэнд ханддаг хайр, халамжаар дамжин бий болдог. Үүргээ мэдэрдэг хүүхдүүд хожим нь эцэг эхээ өндөр настай болсон үед нь үйлчлэн туслах боломжтой байдаг. Мөн бид хөршүүддээ үйлчилж, тэднийг хайрлах ёстой.

Ёслолууд

Аврагчийн үлгэр жишээч амьдралын хоёр дахь хүчин зүйл нь ариун ёслолуудад онцгой анхаарал хандуулдаг явдал байлаа. Тэрээр мөнх бус үйлчлэлийнхээ үед авралын ёслолуудад онцгой ач холбогдол өгдөг байлаа. Түүнд Иохан Баптист Иордан гол дээр баптисм хүртээсэн билээ. Иохан Баптист “Яагаад?” гэж асуухад,

Есүс ийн хариулжээ “Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна” (Maтай 3:15; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэж тайлбарлажээ. Зөвхөн баптисмын ёслол төдийгүй бас Есүс, Иохан хоёрын үлгэр жишээ нэн чухал байлаа.

Их Эзэн дараа нь ариун ёслолыг үндэслэн бий болгосон юм. Тэр ариун ёслолын бэлгэдлүүдийг тайлбарлаж, тэрхүү бэлгэдлүүдийг шавь нартаа гүйцэтгэсэн билээ (Maтай 26:26–28; Maрк 14:22–24; Лук 24:30-ийг үзнэ үү).

Бидний Тэнгэрлэг Эцэг бас ёслолуудын талаар бидэнд дараах зааврыг өгсөн юм: “Та нар цэвэршигдэж тэнгэрийн хаант улсад усаар мөн Сүнсээр дахин төрж мөн цусаар бүр миний Төрсөн Ганцын цусаар бүх нүглээс ариусгагдах ёстой, мөн энэ дэлхийд мөнх амьдралын үгсийг мөн ирэх дэлхийд бүр үхэшгүй байдлын алдар сууд мөнх амьдралыг та нар эдэлж болно” (Moсе 6:59).

Их Эзэний мөнх бус үйлчлэлийн дараа өргөмжлөлийн эдгээр онцгой чухал ёслолууд илчлэгдсэн юм (С ба Г 124:40–42). Тэр эдгээр ёслолуудыг гүйцэтгэхийн тулд Өөрийн ариун сүмүүдээр хангасан билээ. Өнөө үед зохих ёсоор бэлтгэлээ хангасан хүмүүст угаалга, тослолтын ёслолууд болон ариун сүмийн хувийн хишиг хүртэх онцгой боломж нээлттэй байдаг (С ба Г 105:12, 18, 33; 110:9; 124:39-ийг үзнэ үү) бөгөөд гишүүд эхнэр буюу нөхөр, өвөг дээдэс болон хойч үеийнхэнтэйгээ лацдан холбуулж болно (С ба Г 132:19). Бидний Их Эзэн бол хууль хийгээд дэг журмын Бурхан юм (С ба Г 132:18-ыг үзнэ үү). Тэрбээр ёслолууд дээр анхаарал төвлөрүүлдэг нь бидний дагавал зохих Түүний үлгэр жишээний онцгой чухал хэсэг мөн.

Залбирал

Их Эзэний үлгэр жишээч үйлчлэлийн гурав дахь хүчин зүйл бол залбирал юм. Есүс Тэнгэр дэх Эцэгтээ хандаж залбирдаг байсан бөгөөд бидэнд хэрхэн залбирахыг заасан юм. Бид Ариун Сүнсний залбирлын хүчээр дамжуулан Мөнхийн Эцэг Бурханд хандан Түүний Хүү Есүс Христийн нэрээр залбирч байх ёстой (Maтай 6:9–13; 3 Нифай 13:9–13; Иосеф Смитийн Орчуулга, Maтай 6:9–15-ыг үзнэ үү). Би Иоханы 17-р бүлэгт цэдэглэсэн, бусдын төлөө Их Эзэний хийсэн агуу залбиралд дуртай. Уг залбиралд Хүү хайртай шавь нарынхаа төлөө Эцэгээсээ гуйн залбирсан юм. Энэ бол үр ашигтай бөгөөд өрөвч энэрэнгүй сэтгэлийн залбирал мөн.

Мэдлэг

Их Эзэний үлгэр жишээний дөрөв дэх хүчин зүйл бол бурханлаг мэдлэгээ ашигладаг явдал мөн. Христэд итгэгч бус хүмүүс Есүсийг агуу багш гэж үздэгийг өмнө дурдсан билээ. Тэр үнэхээр агуу багш байсан юм. Харин Түүний сургаал юугаараа онцгой ялгардаг байсан бэ? Тэр инженерийн ухаан, математик, шинжлэх ухаанаар гаргуун мэргэшсэн багш байсан уу? Манай дэлхий болон бусад үй олон гарагийг (Moсе 1:33-ыг үзнэ үү). Бүтээгчийн хувьд Тэрбээр үнэхээр ийм гаргуун мэргэжилтэн байсан уу? Мэдээж Тэр тийм байж чадах байсан. Эсвээс судруудын Зохиогчийн хувьд Тэрбээр бичгийн яруу сайхан хэлээр хэрхэн бичих ухааныг бидэнд зааж чадах байсан.

Бусад бүх багш нарынхаас Түүний сургаалын онцгой ялгаа нь мөнхийн ач холбогдолтой үнэнүүдийг заадаг байсанд оршино. Зөвхөн Тэр л бидний амьдралын зорилгыг илчилсэн юм. Бид гагцхүү Түүгээр дамжуулан мөнх бус амьралын өмнөх оршихуйнхаа тухай, мөнх бус амьдралын дараах хэтийн төлөв хийгээд чадавхийнхаа тухай мэдэж чадна.

Гарамгай Багш Тэрбээр нэг үйл явдлаар үл итгэгч сонсогчдодоо хандан тэдэнд Түүнийг гэрчлэгч дараах гурван гэрч байдгийг хэлсэн ажээ:

  • Иохан Баптист.

  • Есүсийн гүйцэлдүүлсэн үйл хэргүүд.

  • Мөнхийн Эцэг Бурханы үг (Иохан 5:33–37-г үзнэ үү).

Дараа нь Тэр дөрөв дэх гэрчээр хангасан юм: “Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ” (Иохан 5:39).

Дээрх өгүүлбэр дэх боддог гэдэг үгийг анх уншихад тохирохгүй байгаа мэт та нарт санагдаж болно. Гэвч энэ нь Есүсийн дамжуулахыг хүссэн утгыг илэрхийлэхэд чухал үг юм. Түүний сонсогчдын олонх нь судруудад мөнх амьдрал байдаг гэж боддогийг Тэр мэдэж байжээ. Гэвч тэдний бодол буруу байв. Судрууд дангаараа мөнх амьдралыг өгч чадахгүй. Сударт хүч байдаг нь үнэн ч, уг хүч Есүсээс Өөрөөс нь ирдэг. Тэр бол: Бэлэг тэмдэг буюу Үг юм. Мөнх амийн хүч нь “эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” (Иохан 1:1; мөн 2 Нифай 31:20; 32:3-ыг үзнэ үү) Түүнд байдаг билээ. Есүс сонсогчдынхоо гөжүүд зангийн улмаас тэднийг зэмлэн: “Та нар [мөнх] амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40) гэжээ.

Их Эзэн бурханлаг мэдлэгээрээ биднийг бишрүүлэн дагуулж чадах ч, Тэрээр тэгдэггүй. Тэр бидний сонгох эрхийг хүндэтгэдэг. Үнэнийг нээхийн баяр баяслыг өөрсдөө нээж олох боломжийг Тэр бидэнд олгодог бөгөөд нүглийнхээ алдаа дутагдлаас наманчлахад биднийг урамшуулан дэмждэг. Түүний бурханлаг хуулинд дуулгавартай байх хүслээс ирдэг эрх чөлөөг биеэрээ эдлэх боломжийг Тэр бидэнд олгосон юм. Тийм ээ, мэдлэгээ ашигладаг Түүний арга зам бидэнд агуу үлгэр жишээ болдог билээ.

Тэвчээр хатуужил

Их Эзэний үлгэр жишээч үйлчлэлийн тав дахь хүчин зүйл бол эцсээ хүртэл тэвчих Түүний тэвчээр хатуужил юм. Тэр хийх ёстой зүйлээсээ хэзээ ч ухарч няцдаггүй байлаа. Хэдийгээр Тэр бидний ойлголтоос хэтэрсэн зовлон тарчлалыг биеэр туулсан ч, үүнээс ухарч няцаагүй юм. Хүнд сорилтууд Түүнд шил дараалан ирж байсан ч, Тэр бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгах үүрэг зорилгодоо эцсээ хүртэл тэвчээртэй байсан юм. Тэрбээр загалмай дээрээс, “Гүйцэлдлээ” (Иохан 19:30) хэмээн сүүлчийн үгээ хэлсэн билээ.

Бид эдгээр таван хүчин зүйлийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Түүний үйлчлэлийн дээрх таван хүчин зүйлийг бид амьдралдаа хэрэгжүүлж болно. Бид Есүсийг бишрэн шүтдэгийн хамгийн сайн нотолгоо бол Түүнийг дагах явдал мөн.

Бид Есүс гэж хэн бэ? гэдгийг, Тэр бидний төлөө юу хийснийг ойлгосон үед: “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун” (Maрк 12:30) гэсэн эхний бөгөөд хамгийн агуу зарлигийг тодорхой хэмжээгээр ойлгож чадна. Өөрөөр хэлбэл, бидний боддог, хийдэг, хэлдэг бүх зүйл Түүнийг болон Түүний Эцэгийг хайрлах бидний хайрын үр дүн байх ёстой.

“Их Эзэнээс илүү хайрладаг ямар нэгэн хүн надад байдаг уу?” гэж өөрөөсөө асуу. Тэгээд өөрийнхөө хариултыг Их Эзэний тогтоосон дараах жишгүүдтэй харьцуул:

  • “Эцэгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм.”

  • Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн биш юм” (Maтай 10:37).

Гэрийнхнээ болон найз нөхдөө хайрлах хайр чухал ч гэсэн, хэрэв энэ нь Есүс Христийг хайрлах хайр дээр үндэслэсэн бол бүр онцгой чухал юм. Үр хүүхдээ хайрлах эцэг эхийн хайр Түүний улмаас энэ амьдралд ч, ирэх амьдралд ч чухал. Хайрын аливаа харилцаа Түүний дотор улам бэхжин өсдөг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайр нь гэрэл гэгээ, сүнслэг нөлөө, бусдыг илүү сайн арга замаар хайрлах хүсэл эрмэлзлийг бий болгодог билээ.

Ёслолууд мөнхийн үнэ цэнэтэй үйлчлэл үзүүлэхэд анхаарал төвлөрүүлдэг. Эцэг эхчүүд хүүхэд бүрдээ ямар ёслол хэрэгтэй байгааг анхааралдаа байлгах хэрэгтэй. Гэрийн багш нар үйлчилдэг гэр бүл болгондоо ямар ёслол хэрэгтэй байгааг анхаардаг байх ёстой.

Залбирлын талаарх Аврагчийн үлгэр жишээ нь хувийн болон гэр бүлийн залбирал, Сүм дээр хийдэг бүх төрлийн залбирал нь бидний амьдралын салшгүй хэсэг байх ёстойг бидэнд сануулдаг. Тэнгэрлэг Эцэгийн хүслийг мэдэж, биелүүлэх нь бидэнд сүнсний хүч чадал өгч, өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг (С ба Г 121:45-ыг үзнэ үү). Бид ямагт Их Эзэний талд байдаг.

“Юмсыг байгаагаар нь мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь” (Иаков 4:13) мэдэх нь үнэн зарчмууд хийгээд сургаал дээр үйлдэх боломжийг бидэнд олгодог. Энэхүү мэдлэг бидний зан төлөвийг улам сайжруулдаг. Ийм мэдлэггүй бол, зөв учир шалтгаан хийгээд зөв үйлдлийг амин хувиа хичээсэн бодол санаа давамгайлах болно.

Эцсээ хүртэл тууштай тэвчих гэдэг нь бид үйлчлэх дуудлагаасаа чөлөөлж өгөхийг хүсэхгүй байх явдал мөн. Энэ бол бид зөв зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж, зөв замаасаа гажсан хайртай хүмүүстээ туслахыг хэзээ ч орхих ёсгүй гэсэн үг юм. Энэ нь бас өвчин зовлон, хөгжлийн бэрхшээл, үхэл хагацал тохиолдсон хүнд үед бид гэр бүлийн харилцаагаа үргэлж бэхжүүлж байх ёстой гэсэн үг.

Их Эзэний өөрчлөгч нөлөө та нарын амьдралыг өөрчлөхийн төлөө би бүх зүрх сэтгэлээрээ залбирч байна. Түүний зорилго, Түүний үйлчлэл бид бүгдийг энэ үед болон үүрд мөнхөд адисалж чадна.

Эшлэл

  1. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 49

Есүс Бетани руу орой гарав, Жеймс Тиссот

Эмэгтэй, энэ бол Таны хүү (Стабат Матер), Жеймс Тиссот © Бруклин Музей, Бруклин, Нью-Йорк; оруулга: Гетсеманий Цэцэрлэгт, Карл Хейнрих Блок

Уулан дээрх номлол, Жеймс Тиссот; оруулга: Христ ба баян залуу захирагч, Хейнрих Хофманн, C.Harrison Conroy Co-ийн зөвшөөрлөөр нийтлэв.

Хотынхон бүгд цуглав, Жеймс Тиссот