Илүү сайныг сонгох нь
Та зарим үед ямар нэг сайн зүйлийг бүр илүү сайн зүйлийн төлөө орхих хэрэгтэй байж болно.
Унгарын Сегедийн Золтан Германд болох ганц хүний сэлүүрт завийн тэмцээнд явахгүй гэж дасгалжуулагчдаа хэлэхэд дасгалжуулагч нь их гайхжээ.
“Тэр өдөр миний баптисмын өдөр учраас би явахгүй гэж хэлсэн юм” гэж Золтан ярив.
Золтан 17-той бөгөөд ганц хүний сэлүүрт завины олон тэмцээнд түрүүлжээ. Энэ бол Унгарт их дэлгэрсэн спорт юм. Золтан спортын энэ төрлөөр сайн тамирчин байсан төдийгүй бүр мэргэжлийн тамирчин болох найдвар ч түүний хувьд бодит зүйл байв. Золтан нэг тэмцээнд явахгүй байхаар шийдсэнээсээ хойш удалгүй сэлүүрт завины спортыг бүрмөсөн орхисон ажээ. Үүнээс илүү сайн ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй байжээ.
Ганц хүний сэлүүрт завийн спорт Золтанд ашиг тусаа өгчээ. Тэр олон жилийн турш дасгалжуулагчтайгаа ажиллахдаа өөртөө хяналт тавьж, дуулгавартай байж, шаргуу ажиллаж сурсан гэнэ. Золтан бас амжилтад нь муугаар нөлөөлж болох бодисууд болон дадал зуршлаас зайлсхийж сурсан ажээ. Ганц хүний сэлүүрт завиар хичээллэх нь тун амаргүйгээс гадна үргэлж ганцаараа зүтгэнэ. Мэргэжлийн тамирчин больё гэвэл бүр их цаг шаардана. Мэргэжлийн тамирчид өдөрт 12 цаг сургуулилт хийж, ням гарагт тэмцээнд оролцох ёстой.
“Ганц хүний сэлүүрт завины спорт миний хамаг цагийг авдаг байсан. Би энэ спортод үнэхээр их дуртай байлаа. Үүнээс болж би амьдралдаа олон зүйлийг орхигдуулсан” гэж Золтан ярилаа.
Чухамдаа иймээс Золтан өөрийгөө сайн мэдээ болон ганц хүний сэлүүрт завинд нэгэн зэрэг зориулж чадахгүйгээ ойлгосон ажээ. Тэр 2004 онд ганц хүний сэлүүрт завиар цаашид хичээллэхгүй гэдгээ дасгалжуулагчдаа хэлжээ.
Тэр жилийн эхээр номлогчид Золтанийн ээжид зааж эхэлсэн байна. Золтан хичээлд суудаггүй байв. Ээж нь баптисмдаа урихад тэрээр урилгыг дурамжхан хүлээн авсан гэнэ. Гэвч нэг удаа сүмийн байранд орж үзтэл зүрх сэтгэлд нь нэгэн онцгой мэдрэмж төржээ. Золтан номлогчидтой уулзахыг зөвшөөрөв. Учир нь тэр тэднийг таньдаг байлаа.
“Номлогчид жирийн хүмүүс боловч өндөр жишгээр амьдардаг учраас миний сонирхлыг татсан юм” гэж тэр хэллээ.
Золтан ганц хүний сэлүүрт завиар хичээллэдэг байхдаа өндөр жишгээр амьдардаг байсан учраас сайн мэдээний сургаалуудыг үнэ цэнэтэй зүйл хэмээн хүлээн авчээ. Тэр хоёр сарын дараа баптисм хүртэв.
Эхлээд тэр сэлүүрт завиар хичээллэхээ үргэлжлүүлж болох юм, харин ням гарагт тэмцээнд оролцохгүй гэж бодож байжээ. Гэвч тэрээр ямар нэг зүйлийг оролдвол түүндээ өөрийгөө тэр чигээр нь зориулдаг тул завиар хичээллэхээ бүрмөсөн орхихоор шийджээ.
Баптисмынхаа дараа тэр ганц хүний сэлүүрт завиар хичээллэх явдлаа өөрийн хобби болгохоор шийджээ. Тэр үед дасгалжуулагч нь бусдыг дасгалжуулж, аялал зохион байгуулахад туслахыг түүнээс хүссэн аж. Гэвч тэр дуулгавартай байхад нь саад болох юуг ч хийхийг тэр байтугай завиар сэлэхийг ч хүсээгүй байна.
Гэвч Золтан сэлүүрт завиа бүрмөсөн орхиж, гэрлээд Ерөнхийлөгч Ховард В.Хантертай (1907–95) адил арга замаар Сүмд үйлчлэхэд өөрийгөө зориулахаар шийджээ. Ерөнхийлөгч Ховард В.Хантер арав гаруй хөгжмийн зэмсгээр гарамгай тоглодог сайн хөгжимчин байсан юм. Тэр оройн цагаар найрал хөгжим тоглодог байсан ч хамтран тоглодог хүмүүсийн амьдралын хэв маяг сайн мэдээний жишгүүдтэй харшилдаг байв. Тиймээс Ерөнхийлөгч Хантер хөгжмөө орхиж, зөвхөн гэр бүлийн үйл ажиллагааны үеэр л хөгжимддөг болжээ.1
Золтан сэлүүрт завийн спортоо санадаг ч, хэрэв энэ спортод хэт их дурлавал, Их Эзэнийг хайрлах хайр нь тэр хэмжээгээр суларч болно гэдгийг ойлгосон байна.
Энэ зарчим нь биднийг Бурханаас холдуулах бүхий л үйл ажиллагаанд мөн адил хамаарна. Бид бүгд насан туршдаа зарим нэг зүйлийг, тэдгээр нь зарим талаараа сайн зүйлс ч байсан гэсэн бидний мөнх амьдралд эрсдэл учруулж болзошгүй бол тэдгээрийг орхих нь зүйтэй.
“Сүм миний амьдрал болсон. Хэрэв би сэлүүрт завины спортоор хичээллэхээ үргэлжлүүлж, амжилт олохыг хүсвэл энэ нь хобби л байхаас биш, үүгээр амьжиргаагаа залгуулж чадахгүй шүү дээ. Ийм болохоор үүнийг хаяхад амархан юм. Сэлүүрт завины оронд би хамаг анхаарлаа Тэнгэрлэг Эцэг дээр төвлөрүүлэхийг хүсдэг болсон” гэж Золтан ярилаа.
Золтан ямар ч зүйлд тууштай ханддаг шигээ тийм л эрч хүчээр сайн мэдээг судалж, номлолд үйлчлэх зорилго тавьжээ. Тэр эх орондоо байж, бусдад заахыг хүсч байлаа.
Тэр Унгарт үйлчилснийхээ дараа ахлах сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаа бөгөөд сайн мэдээг амьдралдаа нэгдүгээрт тавьсан хэвээр байна. “Бурханы зам дээр гарахын тулд хаях хэрэгтэй зүйлс бидэнд байдаг. Муу зүйл гэдгийг нь бид мэддэг бол тэдгээрийг хаяхад амархан. Бид ямар нэг сайн зүйлийг бүр илүү сайн зүйлээр солихын тулд хэзээ зогсох ёстойгоо ихэвчлэн мэддэггүй. Тухайн зүйл нь муу биш учраас бид үүнийгээ хадгалахын зэрэгцээгээр Бурханы төлөвлөгөөг дагаж болно гэж боддог” тухайгаа тэр ярилаа. Гэвч тэрхүү сайн зүйл нь Бурханы төлөвлөгөөг дагахад саад учруулбал бид түүнийг хаях ёстойг Золтан мэддэг ажээ.