Угандад Сүм эрч хүчээ аван хөгжиж байна: Энэ орны итгэлтэй өсвөр үеийнхэн
Синди Смит нөхөртэйөө Угандад ажиллаж амьдарч байжээ. Харин одоо АНУ-ын Ютад амьдарч байна.
Угандагийн өсвөр үеийнхэн Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, үүний дагуу амьдарснаар итгэл найдвар нь өсөн хөгжиж байгаа нь хаа сайгүй харагдаж байна.
Зүүн Африкийн төв хэсэгт оршдог үзэсгэлэнт орон Уганда чихрийн нишингэ, гадил жимсний мододтой үргэлжилсэн толгодоор бас Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, үүгээр амьдрахад бэлэн байгаа өсвөр үеийнхнээр адислагдсан ажээ.
Угандад 2010 онд анхны гадас зохион байгуулагджээ. Сүм хурдан өсөн хөгжиж байгаа бөгөөд тойрог, салбар болгонд олон залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд байна.
Жишиг тогтоож, үлгэр дууриал үзүүлж байгаа нь
Нэг тойргийн залуу эмэгтэйчүүд ариун журмын талаар Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Элайн С.Далтоны “Бид бүгд ариун журмыг сэргээхийг дэлхий дахинд уриалан дуудах цаг болжээ” гэсэн захиасыг сонсоод сүнслэгээр нөлөөлөгдсөн ажээ.1 Залуу эмэгтэйчүүд хотын хаяан дахь өндөр толгод дээр гарч, ариун журмыг үлгэрлэгчид байх амлалтын бэлгэдэл болгон алтан тугийг босгож, “Уулын оргил дээр” дууллыг дуулжээ (Сүмийн дуулал ба хүүхдийн дуу, х.30).
Эдгээр залуу эмэгтэйчүүд зөв шударга байдлын өөрсдийн жишгийг өндөрсгөсөн ажээ. Тэдний дуулгавартай байдал гэрчлэлийг нь бэхжүүлж, бусдад нөлөөлжээ. “Зөв шударга байдлын нөлөөнийхөө хүчийг хэзээ ч бүү дутуу үнэл” хэмээн Далтон эгч хэлсэн юм.2 Эдгээр залуу эмэгтэйчүүдийн үлгэр дууриал туг намирах лугаа бүх хүмүүст ил тод харагдаж байна.
Сандра Угандагийн олон залуу эмэгтэйчүүдийн адил сүмд очихын тулд бараг хоёр км явган явж, тав дахь өдөр бүр цуглааны байрыг цэвэрлэн, хагас сайн өдөр семинарт явж байна. Тэр долоо хоногийн өдөр бүр өглөө таван цагаас өмнө босч, сурах бичгүүдээ уншиж, сургуульдаа яваад оройн 6 цагаас хойш гэртээ ирдэг ажээ. Тэр санхүүгийн бэрхшээлийн улмаас нэг жил сургууль завсардсан ч, тэрээр уг сорилтоо “Сайн мэдээ надад гуйвшгүй тууштай байхад тусалсан” хэмээн өөдрөгөөр хүлээн авсан гэдгээ ярилаа.
Сандра хэдийгээр гэрээсээ ганцаараа Сүмийн гишүүн боловч эцэг эх нь өнчин хүүхдийн асрах байрны газрыг цэвэрлэхэд туслах зэрэг Сүмд хийдэг түүний үйлчлэлийг дэмждэг ажээ. Шийдвэрлэгдээгүй асуудал тулгарсан үед сайн мэдээ түүнд итгэлээ улам бат бөх болгоход нь тусалсныг гэрийнхэн нь харжээ. Хүч чадлын энэхүү эх сурвалжийн талаар тунгаан бодсон Сандра “Би сүмд очсон үедээ Бурханы хуяг дуулгыг өмссөн юм шиг санагддаг” гэж хэлэв (Eфес 6:11–17-г үзнэ үү).
Шинэхэн хөрвөгч Сюзанд Сүм их таалагддаг. Өмнөд Суданаас гаралтай түүний гэр бүл зовлон бэрхшээлээс зугтаж Угандад ирээд номлогчидтой уулзжээ. Тэр сайн мэдээнээс амар амгалан хийгээд хамгаалалтыг олсон ажээ. Тэр ням гарагт өөрийнхөө дүү нарыг бас Сүмийн гишүүн биш 10 хүртэл өөр хүүхдийг сүм дээр дагуулж ирдэг гэнэ. Гэр бүлийнх нь нэг гишүүн зуурдаар нас барсан учир тэр Өмнөд Суданд эргэж ирээд, Сүм нутагт нь байгуулагдахыг хүлээж байгаа. Сюзан, Сандра хоёрт аль алинд нь сорилт бэрхшээл тулгарсан ч тэр хоёр Бурханд итгэн, Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахын үр жимсийг хүртсэн ажээ (Aлма 32:6–8, 43-ыг үзнэ үү).
Номлолд үйлчлэхээр золиослол хийсэн нь
Угандад залуу эрэгтэйчүүд бүр багаасаа эхлэн бусад салбарынхантай хамт хөл бөмбөг тоглодог байна. Деннис бүр багаасаа спортын авьяастай байсан бөгөөд ахлах сургууль багтаа тоглуулахын тулд түүнд тэтгэлэг олгодог байжээ. Ахлах сургуулиа төгссөнийх нь дараа мэргэжлийн хөл бөмбөгийн нэг баг багийнхаа бүрэлдэхүүнд тоглуулахын тулд түүнд цалин, орон сууц санал болгосон гэнэ. Ийнхүү мөрөөдөл нь биелэгдэх үүд хаалга нээгдсэн ч, энэ нь тэр жилийн сүүлчээр номлолд явах төлөвлөгөөнд нь саад болох байв.
Тэнгэрлэг Эцэг нь түүгээр хийлгэхийг хүсдэг зүйлийг хийх хүсэл үнэхээр хүчтэй байсан учир номлолд үйлчлэх цаг нь ирсэн үед тэрээр хөл бөмбөгийн багт үлдэхээр уруу татагдаагүй ажээ. Олон хүмүүс түүний сонголтод гайхсан ч Деннис өөрийнхөө болон бусдын төлөө зөв шийдвэр гаргасандаа эргэлзэхгүй байлаа. “Миний хоёр эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүү дөнгөж саяхан баптисм хүртлээ. Эмэгтэй дүү минь сайн мэдээг хэзээ ч сонсохгүй байх гэж би боддог байсан. Бурхан манай гэр бүлд гайхамшгийг үйлдэхийг харсан нь ирээдүйдээ итгэх агуу итгэлийг надад төрүүлсэн” гэж тэр ярилаа.
Деннисийн тойрогт залуу эрэгтэйчүүд Миний сайн мэдээг номло удирдамжийг долоо хоног бүр судалдаг. Тэд яг нэг багийнхан шиг болж, бүрэн цагийн номлогчидтой нягт хамтран ажилладаг бөгөөд ням гарагийн цуглаанууд, бусад үйл ажиллагаануудад, түүний дотор тухайн долоо хоногт болох сагсан бөмбөгийн болон хөл бөмбөгийн тоглолтуудад найз нараа дагуулан ирдэг ажээ. Санваартнууд найз нартаа болон бусад хүмүүст баптисм хүртээж, хичээл заахад нь номлогчдод тусалж байна. Залуу эрэгтэйчүүдийн энэ баг нэлээд хэдэн жил нийт тойргоо бэхжүүлснээс гадна тэдний дөрөв нь номлолд үйлчлэх дуудлага, түүний дотор Деннис Кенийн Найроби Номлолд үйлчлэх дуудлага хүлээн авчээ.
“Номлолын өргөдлөө явуулахаас бүр өмнө номлогчид” болох тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднарын зөвлөгөөг тэд дагасан ажээ.”3 Tэд үүнийг чуулгаараа эсвээс багаараа хийсэн нь амжилт олоход түлхэц үзүүлжээ.
Дөрвөн номлогч дөрвүүл үйлчлэхийн тулд сорилт бэрхшээлийг даван туулсан байна. “Би өртөг зардлын улмаас номлолд явах бараг найдваргүй болоод байсан үедээ Maтай 6:19–20-иос ‘Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа … харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа’ гэсэн үгсийг уншсан. Шантралгүй, тууштай байсны хүчинд би бүрэн цагийн номлолд үйлчлэх зорилгоо биелүүлж чадсан юм. Би номлолын үйлчлэлд дуртай. Бүхнээс түрүүнд тэнгэрийн хаант улсыг эрэлхийлэхээс илүү эрхэм зүйл гэж байхгүй” хэмээн Вилберфорс ярилаа.
Ирээдүйн найдвар
Бурханы хаант улсыг байгуулахад тусалж байгаа Угандагийн өсвөр үеийнхэн ирээдүйдээ маш их итгэлтэй байна. Зүүн Африкт Ариун сүм байхгүй ч, өсвөр үеийнхэн алс холын аль нэг Ариун сүмд гэрлэх цаг ирнэ хэмээн хүлээж байна. Гадасны нэг үйл ажиллагаа Ариун сүмд орох бэлтгэл дээр анхаарал төвлөрүүлсэн бөгөөд эцэст нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн гэрчлэлээ хуваалцаж: “Бурхан та нарт хайртай. Та нар бол Уганда дахь Сүмийн ирээдүй” хэмээн хэллээ. Эдгээр зөв шударга өсвөр үеийнхэн бусдадаа аль хэдийнээс сайн нөлөө үзүүлсээр байгаа билээ.
Угандагийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүд үүрд мөнхийн адислалуудын төлөө дэлхийн зүйлүүдийг золиосолсоор байна. Тэд итгэлийн үрийг тарьж, арчлан тордож байна (Aлма 32:33–37-г үзнэ үү). Мод жимсээр дүүрдэг шиг (Aлма 32:42-ыг үзнэ үү), Угандагийн өсвөр үеийнхэн үржил шимтэй эх нутагтаа сайн мэдээний баяр баясгаланг хуваалцаж байна.