2013
Мормоны Ном бидэнд яагаад хэрэгтэй вэ?
2013 оны дөрөвдүгээр сар


Мормоны Ном бидэнд яагаад хэрэгтэй вэ?

Ариун Библи, Мормоны Ном

Зураг чимэглэлийг Брайн Бийч; video capture © 2001 IRI

Зарим хүмүүс Библи байхад Мормоны Ном бидэнд юунд хэрэгтэй юм бэ? гэж асуудаг. Хүмүүс үнэхээр ингэж асуух болно гэдийг Есүс Христ гэрчилсэн юм (2 Нифай 29:3-г үзнэ үү). Олон шалтгааны улмаас өнөө үед Мормоны Ном бидэнд чухал хэрэгтэй байдаг (жишээ нь 2 Нифай 29:7-г үзнэ үү). Энэ ном яагаад хэрэгтэй тухай ганц хоёрхон шалтгааныг энд авч үзье.

Есүс Христийн бас нэгэн гэрч

Христийн Сүмд үнэнийг гэрчлэхийн тулд олон гэрч ашигладаг загварыг судрууд бидэнд харуулж байна. Мормоны Ном нь Христийн хоёр дахь гэрч болж нэмэгдсэн юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Марк Э.Петерсон (1900–84) ийн хэлжээ: “Бид Мормоны Номтой байдгийн үндсэн шалтгаан нь бүх зүйл хоёр буюу гурван гэрчийн амаар нотлогдох ёстой гэсэн зарчим юм (2 Коринт 13:1 -ийг үзнэ үү). Бидэнд Библи бас Мормоны Ном байдаг. Судрын энэ хоёр ном бие биеэсээ алс холын зайгаар тусгаарлагдсан, хоёр өөр газар амьдарч байсан эртний хүмүүсийн бичсэн судрууд бөгөөд хоёул Их Эзэн Есүс Христийн бурханлаг мөн чанарыг гэрчилдэг билээ.”1 Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994): “Их Эзэн Мормоны Номыг Өөрийнхөө тухай үндсэн гэрч болгон Өөрөө авчирсныг бид мартах ёсгүй” гэжээ.2

Сайн мэдээний бүрэн байдал

Цаг хугацаа улиран одохын хэрээр Библиэс “тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг … авагдан зайлуулагдсан”-ыг (1 Нифай 13:40) бид мэднэ. Мормоны Ном Христийн сургаалыг тодруулж, бүрэн сайн мэдээг дэлхийд дахин авчирсан юм (1 Нифай 13:38–41). Жишээ нь Мормоны Ном баптисм усанд бүрэн дүрж хийгдэх ёстойг болон (3 Нифай 11:26-г үзнэ үү) бага насны хүүхдүүдэд баптисм хүртээх шаардлагагүйг мэдэхэд бидэнд тусалдаг (Moронай 8:4–26-г үзнэ үү).

Сэргээгдсэн Сүмийн тулгуур чулуу

Иосеф Смит Мормоны Номыг “манай шашны тулгуур чулуу”3 хэмээн гэрчилсэн юм. Мормоны Ном анх 1830 оны гуравдугаар сарын 26-нд худалдаанд гарснаас хойш ердөө 11 хоногийн дараа 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдсан нь санамсаргүй тохиолдол биш юм. Гишүүдэд зориулсан гол тулгуур судар бэлэн болоогүй үед Сүмийг зохион байгуулаагүй юм.

Бидний амьдрал дахь нэгэн адислал

Иосеф Смит Мормоны Номын талаар: “бусад ямар ч номноос илүүгээр энэ номын зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болно” гэж заажээ.4 Таны амьдралыг бас эргэн тойрны тань хүмүүсийн амьдралыг өөрчлөх хүч энэ номонд бий. Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хенри Б.Айринг ийн гэрчилжээ: “Мормоны Ном танд Бурханыг гэрчлэгч байх зан чанар, хүч, зоригийг өгөх болно. Энэ номон дахь сургаал ба итгэл үнэмшилтэй жишээнүүд нь танд сүнслэгээр нөлөөлж, таныг удирдан, урам зориг хайрлах болно. … Мормоны Номыг залбирч судлах нь Бурхан Эцэг, Түүний Хайртай Хүү болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг төлөвшүүлэх болно. Энэ ном Бурханы эрт, эдүгээгийн бошиглогчдод итгэх итгэлийг тань төлөвшүүлэх болно. … Энэ ном өөр ямар ч номоос илүүгээр таныг Бурханд ойртуулж, амьдралыг тань улам сайхан болгоно.”5

Эшлэл

  1. Mарк Э.Петерсен, “Evidence of Things Not Seen,” Ensign, 1978 оны 5-р сар, 63.

  2. The Teachings of Ezra Taft Benson (1988), 200.

  3. Иосеф Смит, Мормоны Номын Удиртгал.

  4. Иосеф Смит, Мормоны Номын Удиртгал.

  5. Хенри Б.Айринг, “Гэрч,” Лиахона, 2011 оны 11-р сар, 69–70.

Ням гарагийн хичээлүүд

Энэ сарын сэдэв: Урвалт ба Сэргээлт