Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Бошиглогчдыг дага
Би Дэлхийн II дайны сүүлчийн жилүүдэд Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт алба хааж байлаа. Би тэнгисийн цэрэгт хамгийн бага цолтой усан цэрэг байв. Дараа нь би нэгдүгээр зэргийн усан цэргийн болзлыг хангасан. Үүний дараа тэнгисийн цэргийн гуравдугаар зэргийн түрүүч болсон билээ.
Дэлхийн II дайн дуусахад би цэргийн албанаас халагдсан ч цэргийн албандаа эргэн очих эсэх талаар бодож үзээд, офицероор алба хаах хүсэлтээ гаргав. “Би өөрөө л зайлсхийж чадах юм бол дахин заваан гал тогоо болон шал цэвэрлэхгүй байж чадна” гэж бодсон юм.
Би тэнгисийн цэргээс халагдсаныхаа дараа Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн бэлтгэл хүчинд оров. Тэгээд даваа гаргийн орой бүр сургуулилахаар явдаг байв. Мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцэхийн тулд шаргуу суралцдаг байсан. Би сэтгэхүй, бие бялдрын болон сэтгэл зүйн шалгалт бүрийг төсөөлж байснаараа дажгүй өглөө. Эцэст нь: “Таныг Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн бэлтгэл хүчинд бага дэслэгчээр ажиллуулахаар боллоо” гэсэн баяртай мэдээ ирэв.
Би уг мэдээг эхнэр Францистаа тун баяртайяа үзүүлж, “Би зорилгодоо хүрлээ! Зорилгодоо хүрлээ!” гэж дуу алдаж байж билээ. Эхнэр минь намайг тэврээд, “Чи зорилгодоо хүрэхээр хангалттай шаргуу ажилласан шүү дээ” гэж надад хэлсэн юм.
Гэтэл дараа нь нэг явдал тохиолдов. Би тойргийнхоо бишопын зөвлөлд дуудагдлаа. Бишопын зөвлөлийн хурал тэнгисийн цэргийн сургуулилтын цугларалттай давхцах болов. Би үүнийг ноцтой зүйл гэдгийг мэдэж байсан юм. Би тэнгисийн цэргийн бэлтгэл хүчний болон бишопын зөвлөлийн ажил үүргээ нэгэн зэрэг биелүүлэх нь цагийн хувьд боломжгүйг мэдэж байлаа. Би юу хийх ёстой вэ? Шийдвэрээ гаргах хэрэгтэй болов.
Би энэ талаар залбирсан юм. Тэгээд би намайг бага байхад манай гадасны ерөнхийлөгч байсан, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч (1899–1973) Харолд Б. Лийтэй уулзахаар очив. Би түүний өөдөөс хараад, ширээнийх нь ард сууж байлаа. Тэнгисийн цэргийн офицерын алба миний хувьд ямар их үнэ цэнэтэй болохыг би түүнд хэлсэн. Түүгээр ч барахгүй албан тушаалд томилогдсон захидлынхаа нэг хувийг ч түүнд үзүүлэв.
Тэр уг асуудлын талаар хэсэг зуур тунгаан бодсоны эцэст “Монсон ах аа, таны хийх ажил бишопын зөвлөлд байгаа. Та Тэнгисийн цэргийн албаны холбогдох хэлтэст захиа бичиж, бишопын зөвлөлийн гишүүний дуудлагаа хийхийн тулд Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн бэлтгэл хүчинд энэхүү цолыг хүлээн авах боломжгүй гэдгээ тэдэнд хэл” хэмээн надад хэллээ.
Би гүн уйтгар гунигт автав. Тэр цааш нь, “Тэгээд Сан Франциско дахь Тэнгисийн цэргийн арванхоёрдугаар нэгтгэлийн захирагчид бичиж, тэдэнд бэлтгэл хүчнээс халагдах хүсэлтэй байгаагаа хэл” гэх нь тэр.
“Ахлагч Лий, та цэргийн албыг ойлгохгүй байна. Мэдээж хэрэг, хэрэв би энэ цолыг хүлээн авахаас татгалзвал тэд миний цолыг бууруулах болно. Бас Тэнгисийн цэргийн арванхоёрдугаар нэгтгэл намайг цэргийн албанаас халахгүй. Солонгост болж байгаа дайнд мэдээж бага дарга л цэргийн жинхэнэ албанд дуудагдана. Хэрэв би буцаад очвол эргээд офицер болж болно, харин би энэ цолыг хүлээн авахгүй бол ингэж чадахгүй шүү дээ. Энэ бол намайг хүлээн авахыг хүсэж байгаа таны зөвлөгөө гэдэгт та итгэлтэй байна уу?” гэж би асуусан юм.
Ахлагч Лий мөрөн дээр минь гараа тавин, “Монсон ах аа, илүү их итгэлтэй бай. Цэргийн алба таны хийх ажил биш” хэмээн эцэг хүний ёсоор хэлсэн билээ.
Би гэртээ хариад, нулимсны ор үлдсэн, цол олгосон захидлаа, уг цолыг хүлээн авахаас татгалзсан захианы хамт дугтуйнд буцаан хийв. Тэгээд би Тэнгисийн цэргийн арванхоёрдугаар нэгтгэлд захидал бичиж, Тэнгисийн цэргийн бэлтгэл хүчнээс халагдах хүсэлтээ илгээж билээ.
Би тийнхүү Солонгосын дайн эхлэхийн өмнө эмхлэн байгуулагдсан Тэнгисийн цэргийн бэлтгэл хүчний сүүлчийн бүлгээс халагдсан юм. Бүрэлдэхүүнд миний ажиллах ёстой байсан цэргийн бүлгийн төв штаб байгуулах ажил эрчимтэй явагдаж байлаа. Би бишопын зөвлөлд дуудагдсанаасаа хойш 6 долоо хоногийн дараа тойргийн бишопоор дуудагдав.
Хэрэв би бошиглогчийн тэр зөвлөгөөг дагаагүй бөгөөд шийдвэрийнхээ талаар залбирч асуугаагүй бол, зарим үед Бурханы мэргэн ухаан хүмүүст тэнэглэл мэт харагддаг гэсэн маш чухал үнэнийг ухаарч хүлээн аваагүй бол өнөөдөр хашиж байгаа Сүмийн энэ албан тушаалдаа үйлчлэхгүй байх байсан.1 Гэвч мөнх бус амьдралдаа бидний суралцаж чадах хамгийн том сургамж бол Бурхан ярьж, хүүхдүүд нь дуулгавартай дагах үед үргэлж тэдний зөв байдаг явдал юм.
Түүх жижиг шийдвэрүүдээс хамааралтай байдаг гэж ярьдаг. Бидний амьдрал ч бас ийм байдаг. Шийдвэрүүд нь бидний хувь заяаг тодорхойлдог. Гэвч бид ямар нэгэн тусламж дэмжлэггүйгээр шийдвэр гаргадаггүй.
Хэрэв та тэнгэрийн гэрлийг харахыг хүсдэг бол, хэрэв та бүхнээс Хүчит Агуу Бурханы сүнслэг илчлэлтийг мэдрэхийг хүсдэг бол, мөн Бурхан өөрийг тань удирдаж байгааг зүрх сэтгэлдээ мэдрэхийг хүсдэг бол та Бурханы бошиглогчдыг дага. Та бошиглогчдыг дагаснаараа аюулгүй байх болно.