Бид ямархуу маягийн багш нар байвал зохих билээ?
Хэрэв бид үнэхээр Аврагчтай адил болохыг хүсвэл Түүний заадаг байсан арга замаар заахад суралцах ёстой.
Амилсан Их Эзэн Америк дахь тохинууллаараа бүх зорилгоо гүйцэлдүүлэв. Үүний өмнөхөн Тэрээр нас барсныхаа дараа нифайчууд болон леменчүүдийн газар нутгийг бүрхсэн тэрхүү харанхуйг сарниулах гэрлийн хамт тэнгэрээс бууж ирсэн. Тэрээр зааж, гэрчилж мөн залбирсан. Тэр адисалж, асуултуудад хариулж мөн Өөрийн Сүмийг зохион байгуулсан. Тэгээд Тэр шавь нараа орхиж явахаар бэлтгэж байх үедээ итгэл үнэмшлийнхээ дагуу үүрэх ёстой хариуцлагыг нь тэдэнд ийн танилцуулжээ:
“Миний сүмд хийх ёстой зүйлүүдээ та нар мэднэ; учир нь миний хийхийг та нарын харсан тэр ажлуудыг та нар түүнчлэн хийх болно …
“… Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:21, 27).
Есүс биднийг Өөртэйгөө адил болоход урьдаг бөгөөд Түүний агуу зан чанаруудын нэг нь заах чадвар юм. Тэр үнэхээр Гарамгай Багш юм. Түүнтэй адил болохын тулд бид зөвхөн сүм дээр биш, харин гэр орондоо ч гэсэн хайраар дүүрэн, амьдралыг өөрчилдөг багш нар байх хэрэгтэй. Бид Түүнтэй адил болохын тулд, Түүний заасан шиг заахын тулд зүрх сэтгэлдээ шатаж буй мэт гал халуун хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.
Асуултууд болон урилгууд
Есүс заримдаа асуултуудаар болон урилгуудаар дамжуулан заадаг байв. Түүний Америк тивд шавь нартайгаа хамт байсан тэр үеийн нэгэн жишээг бодож үз. Нэг удаа тэднийг залбирч байтал Аврагч тэдэн дээр ирж, “Та нарт намайг юу өгөөсэй хэмээн та нар хүснэв?” (3 Нифай 27:2) гэж урьсан нээлттэй асуулт асуужээ. Хэрэв Аврагч та нараас энэ асуултыг асуусан бол та нар юу гэж хариулах вэ?
Мөн тэд түүнд: “Их Эзэн, энэ сүмийг ямар нэрээр нэрлэхийг бидэнд хэлээсэй хэмээн бид танаас хүсч байна; учир нь энэ хэргийн талаар хүмүүсийн дунд арцалдаан байна” (3 Нифай 27:3) гэж хэлэв.
Христ Өөрийн үгээр тэдний асуултуудад хариулдаг байв. “Миний нэр болох, Христийн нэрийг та нар өөрсдийн дээр авах ёстой хэмээсэн, судруудыг тэд уншаагүй гэж үү?” (3 Нифай 27:5). Энэ асуулт нь түүний суралцагчдад өөрсдийнхөө асуултуудад хариулахаар хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг болон олон асуултын хариулт нь судрууд дээр байдгийг сануулсан юм.
Дараа нь Тэрээр нэрнийхээ чухал ач холбогдлыг шавь нартаа сануулан төгсгөсөн билээ. Түүний үгс тэднийг үйлдэхэд урьсан бөгөөд “Мөн өөрийн дээр миний нэрийг авсан, мөн эцсээ хүртэл тэвчих хэн боловч, чухамхүү тэр нь эцсийн өдөр аврагдах болно” (3 Нифай 27:6) хэмээн нэгэн адислалыг амласан юм.
Заах загвар
Есүс Христ эдгээр хэдхэн шүлгээрээ дамжуулан заах тэнгэрлэг удирдамжийг бидэнд өгсөн юм. Тэрээр суралцагчдынхаа хэрэгцээг олж мэдэхэд чиглэсэн тунгаан бодох асуулт асууж эхэлсэн билээ. Тэгээд Тэр хүлээж, тэдний хариултыг сонсдог байсан.
Суралцагчид нь хариулж дууссаны дараа Тэрээр тэднийг судрууд руу хандуулж, хайж байгаа зүйлээ олоход нь тусалдаг байв.
Эцэст нь Тэрээр хоёр урилга өгч, урилгынх нь дагуу үйлдэх хүсэлтэй тэдэнд нэгэн гайхамшигтай амлалтыг өгсөн билээ. Энэ тохиолдолд Христийн заах арга барилыг доорх таван зарчмаар дүгнэж болох юм:
1. Үр дүнтэй асуулт асуу
Аврагч “Та нарт намайг юу өгөөсэй хэмээн та нар хүснэв?” хэмээн асуусан. Энэ асуултад олон янзаар хариулж болно. Ийм асуултууд асууснаар бид суралцагчдадаа сурахыг хүсэж байгаа зүйлээ тодорхойлоход нь, мөн хамгийн агуу эдгээр зүйлдээ анхаарлаа хандуулахад нь тусалдаг. Бид тэднийг идэвхтэй суралцахад татан оролцуулдаг.
2. Суралцагчдаа сонс
Тэднийг “Их Эзэн, энэ сүмийг ямар нэрээр нэрлэхийг бидэнд хэлээсэй хэмээн бид танаас хүсч байна” гэж хэлэхэд Есүс Христ сонссон юм. Бид чин сэтгэлээсээ сонссоноор суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагуудад анхаарлаа хандуулахад илүү сайн бэлтгэгдэх болно.
3. Судруудыг ашигла
Христ шавь нартаа “Миний нэр болох, Христийн нэрийг та нар өөрсдийн дээр авах ёстой хэмээсэн, судруудыг тэд уншаагүй гэж үү?” хэмээн сануулан хэлжээ. Багш, суралцагчийн аль аль нь хичээлдээ бэлтгэн судраа унших цаг гаргах хэрэгтэй. Судраас судлах нь багш, суралцагчдын аль алиных нь хувьд сүнслэг бэлтгэлийн гол хэсэг нь болдог.
4. Суралцагчдыг үйлдэхэд урь
Их Эзэн шавь нараа (1) Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, мөн (2) эцсээ хүртэл тэвчихэд урьдаг. Миний сайн мэдээг номло удирдамж дээр хэлэхдээ: “Цөөн тохиолдолд л Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд ямар нэгэн зүйл хийхэд хүмүүсийг урилгүйгээр тэдэнтэй ярилцаж эсвэл заах хэрэгтэй” гэжээ1. Энэ нь зөвхөн номлогчдод төдийгүй сайн мэдээний бүх багшид өгсөн сайн зөвлөгөө юм.
5. Дуулгавартай байдлын амлагдсан адислалуудын талаар суралцагчдадаа сануул
Эцэст нь, Есүс Христ суралцагчдадаа хандан урилгуудынх дагуу үйлддэг хүмүүс “эцсийн өдөр аврагдах болно” хэмээн амласан билээ. Биднийг дуулгавартай байснаар ирэх хамгийн агуу адислалуудыг Христ бидэнд үргэлж амладаг (С ба Г 14:7-г үзнэ үү). Бид сайн мэдээний багш нарын хувьд мөн ийм амлалт өгч болно.
Дээрх жишээ нь Христийн ашигладаг байсан хэдэн чухал заах аргыг харуулж байна. Үүнээс гадна, Тэр заримдаа сургаалт зүйрлэлээр, эсвэл адилтгалаар заадаг байсан. Заримдаа Тэр Өөрийг нь гүжирдэгчдийг эсэргүүцэн, зэмлэдэг байв. Гэвч Тэрээр зэмлэдэг хүмүүстээ хүртэл үргэлж хайраар заадаг байсан юм (Илчлэлт 3:19-ийг үзнэ үү).
Суралцагчдаа хайрла
Хэрвээ Аврагчийн арга барилаар заая гэвэл бид мөн үргэлж хайр, энэрлээр заах ёстой. Хайр нь “Хоёул сэнхэрч мөн хамтдаа баясаж [болохын тулд]” (С ба Г 50:22) багш, суралцагчийн зүрх сэтгэлийг адилхан нээж өгдөг.
Хүмүүсийн төлөө залбирч, тэдэнтэй хамт уйлж, тэднийг адисалдаг Аврагчийн суралцагчдаа гэсэн хайрын хүчирхэг жишээг бид 3 Нифайгаас олж харж болно. Түүнийг өөрсдийнх нь төлөө Эцэгтээ хандан залбирах үед нифайчууд Түүний хайрыг мэдэрсэн юм: “Мөн бидний төлөө Эцэгт хандан түүний залбирсныг бид сонссон тэр цагт бодгалийг маань дүүргэсэн тэрхүү баяслыг хэн ч төсөөлж чадахгүй буйза” (3 Нифай 17:17).
Түүний хайр агуу байсан учраас, мөн тэдний төлөөх Түүний баясал дүүрэн байсан учир Тэрээр уйлж, итгэлийнх нь учир тэднийг адислав:
“Итгэлийнхээ учир адислагдсан болой та нар. Мөн эдүгээ болгоогтун, миний баясал дүүрэн байна.
“Мөн тэрээр эдгээр үгсийг хэлээд, уйлав” (3 Нифай 17:20–21).
Агуу хайр агуу суралцах боломжийг бий болгодог. Судар дээр “түүний дүр тэдний дээр инээмсэглэж,” мөн “тэдний зүрх сэтгэл нээлттэй байж мөн тэд зүрх сэтгэлдээ ойлгосон болой” (3 Нифай 19:25, 33) хэмээн тэмдэглэжээ.
Суралцагчдаа гэрчлэлээ хуваалцахад нь урамшуулан дэмж
Аврагч ч мөн гэрчлэлээ хуваалцах боломжийг суралцагчдадаа олгодог байв. Жишээ нь, “Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа, Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув. …
“Тэгэхэд нь тэд, Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд
Тэр, Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд,
Симон Петр, Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” (Матай 16:13–16) гэв.
Петрийг гэрчлэлээ хуваалцсаны дараа Христ түүнд гайхамшигтай адислалуудыг хэлсэн юм:
“Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.
Би мөн чамд хэлье, Чи бол Петр. Энэ хадан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Maтай 16:17–19).
Бид гарамгай багш болохыг хичээх үедээ заримдаа амаар болон зүрх сэтгэлдээ гэрчлэлээ хуваалцахад суралцагчдыг өдөөдөг асуултуудыг асуух болно. Өдөр тутмын амьдралд нь туршлага бий болгодог хувийн гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд нь бид суралцагчдыг урих болно. Тэгээд ангийн эсвэл гэр орны уур амьсгал нь Сүнсийг мэдрүүлэхүйц байвал суралцагчид маань сүнслэг туршлага болон гэрчлэлээ бие биетэйгээ хуваалцахдаа ая тухтай мэдрэмжтэй байх болно.
Заадаг зүйлийнхээ дагуу амьдар
Есүс Христ Өөрийнх нь хийсэн зүйлүүдийг хийхэд (3 Нифай 27:21-ийг үзнэ үү) мөн Түүнийг дагахад (Матай 4:19-ийг үзнэ үү) бусдыг уриалсан юм. Тэрээр заадаг зүйлийнхээ дагуу амьдардаг байсан. Ингэснээрээ Тэр үлгэр жишээгээрээ заадаг байв.
Тэрээр үйлчлэлийн тухай үйлчлэл хийж заадаг байв. Түүнийг шавь нарынхаа хөлийг угаах үед энэ нь шавь нарт нь ямар сургамж болсон бол? “Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.
Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм” (Иохан 13:14–15).
Тэрээр хайрын тухай бусдыг хайрлаж заадаг байв. “Би та нарт бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна” (Иохан 13:34).
Тэр залбирлын талаар залбирч заадаг байв. Залбирлууд нь ер бусын элэгсэг дотно, биширмээр, бурханлаг байсан учир тэдгээрийг тэмдэглэх боломжгүй байв. Тэрээр “би та нарын дунд залбирсан шиг, та нар түүнчлэн миний сүмд залбирах болно. … Болгоогтун би бол гэрэл; би та нарт үлгэр жишээ үзүүлсэн билээ” (3 Нифай 18:16) хэмээн хэлжээ.
Есүс Христ Түүний арга замаар заахыг хүсдэг сайн мэдээний бүх багшид зориулан нэгэн загвар өгсөн билээ. Бид Түүнтэй адил төгс биш ч гэсэн заадаг зүйлийнхээ дагуу амьдрахын тулд шаргуу хичээж болно. Нэгэн хүүхдийн дуун дээр багш нар “Миний хийснийг хий; намайг дага, намайг дага!”2 гэж хэлэх хэрэгтэй гэсэн байдаг.
Аврагчийн арга барилаар заах нь
Сайн мэдээний бүх багшийг Аврагчийн заасан арга замыг харуулдаг дараах 6 үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд урьдаг.
1. Заадаг хүмүүсээ хайрла
-
Суралцагчидтайгаа нэг бүрчлэн ажилла.
-
Суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурла.
2. Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
-
Заадаг зүйлийнхээ дагуу амьдар.
-
Боломжтой эх сурвалжуудыг олж мэд.
3. Ариун Сүнсээр заа
-
Сүнсийг танихад суралцагчдадаа тусал.
-
Суралцагчдынхаа санал бодлыг сонсож, хүлээн авдаг багш бай.
-
Суралцах орчныг бий болго.
4. Сургаалын тухай хамтдаа олж мэд
-
Өндөр жишгүүд тогтоо.
-
Гэрчлэлээ хуваалцахад суралцагчдаа урамшуулан дэмж.
-
Үр дүнтэй асуулт асуу.
-
Суралцагчдаа сонс.
5. Сургаалыг заа
-
Судруудыг ашигла.
-
Түүх, жишээнүүд ашигла.
-
Адислалуудыг амлаж, гэрчлэлээ хуваалц.
6. Суралцагчдыг үйлдэл хийхэд урь
-
Сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь суралцагчдадаа тусал.
-
Урилгынхаа эцсийн үр дүнг үзтэл хамт яв.
Бид эдгээр зарчмыг хэрэгжүүлснээр илүү сайн багш, илүү сайн суралцагч, илүү сайн эцэг эх болон Есүс Христийн илүү сайн шавь нар болно. Учир нь Тэрээр “бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд” (С ба Г 88:77, 78, 122) бие биендээ хичээнгүйлэн заахыг бидэнд зарлигласан билээ. Бидний заадаг хүмүүс Гарамгай Багшийн ямар нэгэн зан чанарыг биднээс олж харж, тэдэнд зөвхөн өчүүхэн мэдээллийг өгдөг биш, харин тэднийг өөрчилдөг туршлагыг олж авах болтугай.