2015
Миний амьдралын чухал зүйл
нэгдүгээр 2015


Би хэрхэн мэдсэн бэ?

Миний амьдралын чухал зүйл

Зохиогч нь Перугийн Арекуйпад амьдардаг.

Би Христийн тохинууллын талаар Библээс мэддэг байсан. Харин Тэр үнэхээр Америк тивд айлчилж очсон гэж үү?

Намайг 18 нас хүрэхэд аав маань намайг хүссэн сүмдээ баптисм хүртэхийг зөвшөөрсөн юм. Би хэд хэдэн цуглаанд явж, Библийг судалж, Есүс Христэд итгэдэг байсан учир Христийн сүмд нэгдэхийг хүсэж байв.

Нэг өдөр манай авга ах хоёр эмэгтэй номлогчийг манай гэрт урьсан байв. Тэд Есүс Христийг Америк тивд айлчилсныг дурдаад, Түүний өөр нэгэн гэрч болох Мормоны Номонд итгэдэг тухайгаа маш итгэлтэй ярьсан юм.

Тэр үед би амьдралдаа энэ талаар хэзээ ч сонсож байгаагүй учраас тэд андуурсан байх гэж бодсоноо хэлсэн юм. Номлогчдын нэг нь нүдэндээ нулимстай, бас эелдгээр “Робэрто ах аа, та Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхгүй учраас бид андуурч байгаа гэсэн үг биш шүү дээ. Есүс Христ бидэнд хайртай. Тэр энэ тивд хүрч ирэн, Ариун газарт заасан шигээ Өөрийн сайн мэдээг заасныг би мэднэ” гэж хэлсэн юм.

Тэд дараагийн долоо хоногт над дээр дахин ирэхийг зөвшөөрөн, анхны ярилцлагынхаа үеэр миний олон асуулт ба эргэлзээнд туслахаар хичээж байв.

Тэр шөнө би Мормоны Номыг гүйлгэн харж эхэлсэн юм. Намайг оршил хэсгийг уншиж байтал: “Есүс бол өөрийгөө бүх үндэстэнд батлан харуулж буй Христ, Мөнхийн Бурхан” гэсэн нэг өгүүлбэр анхаарлыг минь татав. Би бас Америк тивд айлчилсан Аврагчийн талаар 3 Нифай 11-ийг уншиж, зүрх сэтгэлдээ баяр баясгаланг мэдрэв. Тиймээс би номлогчдын хийхийг хүссэн тэр зүйлийг хийж, өвдөг сөгдөн суугаад, Тэнгэрлэг Эцэгээс энэ ном үнэн эсэхийг асуусан билээ.

Би залбирч дуусаад, амар амгаланг болон энэ ном үнэн гэдгийг баттай мэдрэв. Хэсэг хугацаанд би эгч нарын нулимс миний сэтгэлийг хөдөлгөснийг, мөн тэдний гэрчлэлд итгэх боломжийг надад олгосныг тунгаан бодож билээ. Тиймээс би өглөөний 4 цаг бага зэрэг өнгөртөл Мормоны Номыг үргэлжлүүлэн уншив. Би залбирах бүрдээ Христ Америк тивд очсон гэсэн баталгааг болон Тэр намайг Түүний үнэн сайн мэдээний талаар илүү ихийг сураасай гэж хүсэж байгааг илүү хүчтэй мэдэрч байлаа.

Хэдэн долоо хоногийн дотор би Мормоны Номыг уншиж дуусгасан бөгөөд үнэн Сүмд баптисм хүртэх хэрэгтэй гэдгээ мэдэрсэн юм.

Мормоны Номыг унших нь надад Есүс Христэд илүү ойртоход, мөн Түүнийг амьдралынхаа төвд тавихад надад тусалсан юм. Аврагчийг номлогчдоо болон Өөрийн Сүмийг миний зам дээр байрлуулсанд би маш их талархалтай байна.