Та цэцэг авмаар байна уу?
Синди Алмараз Антони, АНУ, Юта
Би эмнэлгийн хүүхдийн тасагт нэгэн онцгой хүндхэн ээлж хүлээлцсэний дараа ядарч, цухалдуухан байдалтай байлаа. Хамгаалалтын албаны ширээ рүү хүрч очоод, би гоёмсог цэцэг олж харлаа. Цэцэг ямар гоё харагдаж, бас ямар сайхан үнэртэж байгааг ширээний ард сууж байсан хүнд хэлэхэд тэр цэцгийг авч болно гэв.
Би маш их баяртай байлаа! Тэр өдрийг миний хувьд гэрэл гэгээтэй болгохын тулд энэ гоё цэцгийг аваг гэж Тэнгэрлэг Эцэг хүссэн нь гарцаагүй гэж би бодов.
Эмнэлгээс гарахаар явж байтал миний өмнө нэгэн тэргэнцэртэй эмэгтэй явж байлаа. Миний дотор давчадсан ч эцэст нь биднийг барилгаас гарах үед би түүний хажуугаар явж өнгөрөв. Намайг хажуугаар нь өнгөрөхөд нөгөөх эмэгтэй толгойгоо өндийлгөн, “Ямар гоё цэцэг вэ?” гэлээ. Би түүнд талархал илэрхийлээд, машиндаа хүлээж байсан нөхөр рүүгээ яаран алхав. Нөхөртөө цэцгээ харуулах гэж миний сэтгэл их догдолж байлаа.
Гэнэт би энэ цэцэг нөгөөх эмэгтэйд надаас илүү хэрэгтэй байгааг Ариун Сүнс хэлж буйг мэдэрсэн юм. Би цэцгийг түүнд өгөхдөө дурамжхан байсан ч сүнслэг өдөөлтийг дагав. Би энэ цэцгийг авмаар байна уу гэж асуухдаа түүнийг үгүй гэж хэлэх болов уу гэж бодож байлаа.
“Өө, тэгье л дээ. Би цэцгэнд дуртай. Гоё цэцэг байна” гэж тэр хариулав.
Би цэцгийг түүнд өгөөд, явахаар эргэтэл тэр мэгшин уйлж эхлэв. Та зүгээр үү гэж намайг асуухад сайхь эмэгтэй нөхөр нь олон жилийн өмнө нас барсан, хүүхдүүд нь түүн дээр ирэлгүй жил гаран болж байгааг надад ярилаа. Тэр өөрийг нь хайрладгаа харуулахыг Бурханаас гуйсан гэдгээ ч хэлэв.
“Та бол дуртай цэцгийг минь надад өгөхөөр Бурханаас илгээгдсэн тэнгэр элч. Тэр надад хайртайг би одоо мэдлээ” гэж сайхь эмэгтэй хэлж билээ.
Миний зүрх шархиран өвдөв. Би ийм л хувиа хичээсэн амьтан ажээ. Энэ эмэгтэйд хайрын үг хэрэгтэй байхад би түүнтэй ярилцахыг ч хүсээгүй. Би тэнгэр элч биш байв. Түүнээс салаад би уйлж эхэллээ.
Намайг машин руугаа очиход нөхөр маань надад юу тохиолдсоныг, бас цэцгээ яагаад өөр хүнд өгчихсөнийг асуув. Тэр эргэлзэх шиг санагдсан ч намайг болсон явдлаа ярихад тайвширсан юм.
“Би өнөөдөр чамд сарнай явуулсан. Чамд цэцэг хэрэгтэй гэж бодогдсон юм. Би чамайг тэр сарнайг хэн нэгэнд өгчихсөн юм биш биз дээ гэж санаа зовж байна. Хэрэв тэр цэцэг миний явуулсан сарнай биш юм бол цэцэг хаана байгаа юм бэ?” гэж нөхөр маань асуув.
Цэцгийн дэлгүүр сарнайг хүргэж өгөхөө мартсан болж таарав. Тиймээс бид цэцгийн дэлгүүр рүү явлаа. Нөхөр маань дотогш орж, удалгүй гоё баглаа цэцэг барин гарч ирсэн юм.
Би дахиад л уйлж эхлэв. Тэнгэрлэг Эцэг намайг илүү гайхалтай зүйл хүлээж байгааг, мөн Тэрээр Өөрийн ганцаардсан охинд хайртайгаа сануулах хэрэгтэй байгааг мэдсэн учраас гоё цэцгээ түүнд өгөхийг надаас хүссэн ажээ.