Хамгийн сайн бэлгээ өгөх нь
Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Техаст амьдардаг.
Би найздаа өмнө нь хэзээ ч авч байгаагүй төрсөн өдрийн хамгийн сайхан бэлгийг өгсөн.
Намайг 13 настай байхад бошиглогч тэр жилийн эцэс гэхэд Мормоны Номыг 5 сарын дотор уншихыг Сүмийн гишүүдээс хүссэн бөгөөд ийнхүү уг номыг уншсанаараа бид адислагдах болно гэж амласан юм. Намайг нэг өдөр автобусан дотор Номоо уншиж байтал Синтия гэдэг охин миний хажууд суугаад, энэ ямар ном болохыг асуув. Би адислал авахын тулд энэ номыг он дуусахаас өмнө уншиж дуусгахыг хүсэж байгаа гэдгээ түүнд хэллээ.
Тэр өөр олон зүйл асууж эхэлсэнд энэ номын талаар илүү дэлгэрэнгүй ярилцахын тулд түүнийг манай гэрт ирж болно гэж би түүнд хэлсэн. Тэр миний урилгыг хүлээн авч, бид дараагийн хэдэн өдөр Мормоны Ном болон Сүмийн талаар ярилцахад хэдэн цагийг зарцуулсан билээ.
Дараагийн даваа гарагт би түүнийг гэр бүлийнхээ үдэшт уриад, тэнд номлогчидтой танилцуулсан юм. Тэд түүнд хичээл зааж эхэлсэн. Тэгээд тэр сүмд, өсвөр үеийнхний бүх үйл ажиллагаанд болон Сүмийн бусад цуглаанд ирдэг болов.
Синтия баптисм хүртэхээр шийдэж, эцэг эхийнхээ зөвшөөрлөөр тэр жил төрсөн өдрөөрөө баптисм хүртсэн юм. Тэр үүнийг өмнө нь авч байсан бэлэгнүүдээс хамгийн агуу нь байсан гэж хэлж билээ. Ээж болон ах дүүс нь түүний баптисмд оролцов. Тэр надаас “Бурханы Сүнс” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу 28) дууг дуулахыг, мөн манай ааваас түүнд баптисм хүртээхийг хүссэн. Түүнийг уснаас гарч ирэхэд бид тэврэлдээд, уйлж билээ. Би ийм гайхалтай аз жаргалыг мэдэрсэн тул тэр өдрийг хэзээ ч мартахгүй.
Нэг жилийн дараа манайх нүүсэн юм. Синтия бид хоёр сайн мэдээгээр дамжуулан сайн найзууд, эгч дүүс болсон байсан учир энэ нь хэцүү байв.
Бид дахин бие биетэйгээ ойрхон амьдраагүй ч гэсэн сайн найзууд хэвээрээ байгаа. Бид заримдаа утсаар ярьдаг. Тэр саяхан над руу залгаад, ээж нь номлогчдын хичээлд сууж байгааг хэлсэн. Өмнө нь түүний ээж хичээлүүдийг сонсохыг хүсдэггүй байсан учраас энэ нь баяртай мэдээ байв. Синтия хэзээ нэгэн өдөр бүх гэр бүлийнхэнтэйгээ сүмд явдаг болно гэж найддаг тухайгаа надад хэлсэн. Тэр надад Сүмийг өөрт нь танилцуулсанд талархал илэрхийлсэн юм.