Бошиглогчийн зөвлөгөө ба ариун сүмийн адислалууд
Биднийг удирдамжийн төлөө залбирч, амьд бошиглогчдыг даган, ариун сүмийг амьдралдаа эн тэргүүнд тавих үед Тэнгэрлэг Эцэг биднийг удирдаж, адислах болно гэдгийг би гэрчилж байна.
Намайг залуу эрэгтэй байхад хожим нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилсэн ахлагч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) Японд айлчлан ирж, миний оролцсон нэгэн чуулган дээр үг хэлсэн юм. Би одоо хүртэл “Залуучууд номлолд явж, ариун сүмд гэрлэх хэрэгтэй” гэсэн түүний зөвлөгөөг санадаг.
Би Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрч, тэр үед Японд ариун сүм байгаагүй ч, номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэх болно гэж шийдсэн юм.
Тэр үед би 19 настай байсан бөгөөд их сургуулийн 2-р курст суралцаж байлаа. Хожмын үеийн гэгээнтэн биш аав, ээж хоёр маань номлолд үйлчлэх миний шийдвэрийг эрс эсэргүүцэж байв. Би аав, ээж хоёрынхоо зөвшөөрөл, адислалыг авахын тулд өдөр бүр залбирдаг байв. 6 сарын дараа Их Эзэн миний залбиралд хариулсан юм.
Аав, ээж хоёр маань надад “Бид санхүүгийн хүнд байдалд орсон учир чиний сургуулийн болон амжиргааны зардлыг цаашид төлж чадахгүй боллоо. Чи одооноос эхлэн бие даан амьдрах ёстой. Номлолд явах эсэхээ өөрөө шийд” гэж хэлэв.
Би эцэг, эхийнхээ адислалыг авч, сургуулиасаа гараад, сүмийн барилгын ажилд үйлчилж, дараа нь номлолд үйлчлэх мөнгө хуримтлуулахаар ажил хайж эхэлсэн юм. Их Эзэний тусламжтайгаар би 3 ажил олсон. Дараагийн жил нь ням гаргаас бусад бүх өдөр би өглөөний 3:00-7:00 цаг хүртэл сонин зарж, 9:00-16:00 цаг хүртэл байрууд цэвэрлэж, 17:00-19.00 цаг хүртэл тогоочоор ажилладаг байв. Дараа нь хувцсаа сольж, шөнийн цагаар дүүргийн номлогчоор үйлчилдэг байж билээ.
Би 22 настай байхдаа Алс Дорнодын Хойд номлолд дуудагдав. Номлолын үйлчлэлийн турш би хэзээ ч мэдэрч байгаагүй агуу баяр баясгаланг мэдэрч, Бурханы хайрыг мэдэх олон боломж надад тохиосон бөгөөд мөн олон ч адислал хүлээн авсан юм. Намайг номлолд үйлчлэх үеэр аав, ээж хоёр маань санхүүгийн бэрхшээлээ шийдвэрлэснээр манай гэр бүл ч бас адислагдсан билээ.
Бошиглогчийг дагах нь
Номлолоо дуусгах үед Сүнс надад ерөнхийлөгч Кимбаллын зөвлөгөөний хоёр дахь хэсгийг дагаж, ариун сүмийн гэрлэлтээ хойшлуулахгүй байхыг сануулсан юм. Жилийн өмнөөс Японы сүмийн гишүүд Солт Лэйкийн ариун сүм рүү явах аялал төлөвлөж эхлэв. Тэд 3 сарын дараа явах гэж байсан учир би ариун сүм рүү авч орох зохистой эмэгтэйг олохын тулд залбирч, мацаг барьж байв.
Үүний дараахан би төрсөн нутаг Мацумото хотод Сүмийн үйл ажиллагаанд оролцож байлаа. Тэнд байхдаа, намайг Сүмд орох үед надтай нэг ахлах сургуульд сурдаг байсан Широко Момосэтэй би тааралдсан юм. Сүнс тэр даруй тэр эмэгтэйг надтай гэрлэхээр бэлтгэгдсэн эмэгтэй мөн болохыг надад баталж билээ.
Би Широкотой болзож эхлээд удалгүй түүнд гэрлэх санал тавив. Миний саналыг хүлээж авахад нь би баярласан ч түүний хэлсэн үгс намайг тун их гайхшируулсан юм.
“Чиний Их Эзэн бол миний Их Эзэн гэдгийг мэдсэндээ би баяртай байна. Солт Лэйкийн ариун сүм рүү явах аялал зарлагдахад би явахыг хүссэн. Тэнд очоод гэрлэж болох хэн нэгнийг олоход туслаач хэмээн би Их Эзэнд олон удаа залбирсан. Чамайг хүлээх хэрэгтэй гэдгээ, мөн чамайг номлолоосоо буугаад надад гэрлэх санал тавих болно гэдгийг би бараг жилийн өмнөөс залбирч байхдаа Сүнсээр мэдсэн” гэж Широко хэлж билээ.
Энэ нь бидний хувьд агуу сүнслэг туршлага болсон бөгөөд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэх бидний шийдвэрийг улам бататгасан юм. Бидэнд аялалд явах багахан мөнгө байсан ч бид сэтгэлээр унаагүй. Тухайн үед Их Эзэнд найдан, зарлигуудыг нь дагах үед Тэр бидний өөрсдөө хийж чадахгүй байсан зүйлүүдийг хийхэд бидэнд тусалдгийг бид мэдэж авсан.
Бид залбирч, Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйж, мөн шаардлагатай мөнгөө хуримтлуулахын тулд чадах бүхнээ хийхийг хичээсэн юм. Эдгээр хүчин чармайлтаас гадна Широкогийн найзуудаас ирсэн санхүүгийн тусламж нь биднийг Солт Лэйкийн ариун сүм рүү явсан Японы гэгээнтнүүдтэй нэгдэх боломжтой болгосон билээ.
Тэнд очоод, мөнхийн хос болон лацдан холбогдож байхдаа мэдэрсэн баяр баясгаланг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Бид энэ мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Бид өвөг дээдсийнхээ 5 үеийг хайж олон, тэдний нэрсийг ариун сүмийн ажилд зориулан бэлтгэсэн нь бидний баяр дээр бас нэгэн баярыг нэмж билээ. Солт Лэйк хотод байхдаа бид эдгээр өвөг дээдсийнхээ төлөө төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг хийлгэсэн бөгөөд эдгээр ёслолыг хийлгэсэн нь тэдний талаар элэгсэг дотно мэдрэмж төрөхөд бидэнд тусалсан юм. Бидний хичээл зүтгэлийн ачаар тэд баяр баясгалангаар дүүргэгдсэнийг бид мэдсэн.
Бид шинэхэн гэрлэсэн, санхүүгийн хувьд ядуу хос байсан ч ариун сүмд орохыг чухалчилдаг байсан. Түүнээс хойш ч гэсэн бид санхүүгийн боломжтой үедээ Хавайн Лайе ариун сүмд очдог байв.
Ариун сүмээр адислагдсан нь
“Бидэнд юу юунаас ч илүү ариун сүм хэрэгтэй” гэж бошиглогч Иосеф Смит хэлсэн байдаг.1
Бид ариун сүмд авралын ариун нандин зан үйл ба ёслолуудыг гүйцэтгэдэг учир Бурханы авралын төлөвлөгөөнд энэ нь бидний мөнхийн аз жаргалын чухал зүйл юм. Библийн толь бичиг нь бидэнд ариун сүм бол дэлхийн дээрх шүтээний хамгийн ариун газар бөгөөд “Их Эзэний ирж болох газар”2 гэдгийг хэлдэг билээ.
Хэрэв бид ариун сүмийн гэрээнүүдээ хүндэтгэж, “даруу зүрх сэтгэлтэй, цэвэр ариун, хүндэтгэлтэй, шударга байдалтай” ирэх юм бол бид Ариун Сүнсийг мэдэрч, цаашдын гэрэл болон мэдлэгийг хүлээн авах болно”3. Бид ариун сүмээс гарахдаа Их Эзэний сүр хүчээр зэвсэглэн, Түүний нэрийг өөрсөд дээрээ аван, Түүний алдар сууг эргэн тойрондоо байлган, Түүний тэнгэр элчүүдийг өөрсөд дээр захируулахаар урагш оддог (С ба Г 109:13, 22-ыг үзнэ үү).
Бид гэрлэснийхээ дараа Японд эргэн ирээд, бүрэн цагийн ажил хайж байх үед Их Эзэний амлалтууд амьдралд минь ирсэн юм.
Их Эзэн амлалтуудаа биелүүлдэг
Би анхны хүүхдээ төрөх үед зөвхөн хагас цагийн ажил хийж байлаа. Бид баяртай байсан ч би бүрэн цагийн ажилгүйгээр өсөн томорч буй гэр бүлээ авч явах боломжгүй гэдгээ мэдэж байсан юм. Бид тэнгэрлэг тусламжийн төлөө чин сэтгэлээсээ залбирч эхлэв.
Би номлолд үйлчлэхээсээ өмнө гадаад худалдааны чиглэлээр ажиллахыг хүсдэг байсан ч худалдааны компанид ажилд орохын тулд ажил хайгч нь ерөнхийдөө тухайн салбарын гэрчилгээтэй, их сургууль төгссөн хүн байх ёстой байв. Би коллежээ төгсөөгүй байсан болохоор надад ямар ч гэрчилгээ байсангүй. Гэвч бид залбирч байхдаа Их Эзэн биднийг адисалж, надад ажил өгөх болно гэдгийг мэдэрсэн юм.
Миний боловсрол хангалтгүй байсан ч би худалдааны хэд хэдэн компанид ажилд орох шалгалт өгөхөөр шийдэв. Эхний хоёр нь татгалзсан ч би гурав дахь компанид өргөдөл гаргахдаа сонирхол татахуйц туршлагатай болсон байлаа.
Тэр үед Япон дахь гишүүдийн тоо цөөхөн байснаас гадна олон хүн Сүмээс болж гадуурхагддаг байв. Гурав дахь худалдааны компанийн 3 төлөөлөгч надтай ярилцлага хийж байхдаа миний намтрыг хараад, намайг хожмын үеийн гэгээнтэн болохыг мэдэв. Тэд надаас тодорхой хариулт шаардсан Сүмийн тухай асуултууд асууж эхэлсэн юм. Номлолоосоо буугаад удаагүй байсан учир Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн талаар ярихад надад хэцүү биш байлаа.
Би сайн мэдээний талаар хамгийн багадаа 40 минут ярьж, Есүс Христийн амьдрал, урвалт, Иосеф Смитийн анхны үзэгдэл, Мормоны Ном, Есүс Христийн үнэн Сүмийн сэргээлт ба Сүмийн сургаалуудын талаар гэрчлэлээ хуваалцаж билээ.
Намайг ярьж байхад ярилцлага хийж байсан хүмүүсийн хэн нь ч намайг зогсоосонгүй. Хэдхэн өдрийн дараа тэр худалдааны компани надад гайхалтай өндөр цалинтай ажил санал болгосон юм. Дараа нь намайг яагаад сонгосныг менежерээсээ асуухад тэрээр “Би чамтай ярилцлага хийж байх үеэр чамайг мэрийлттэй, чин сэтгэлээсээ ханддаг, үнэнч хүн болохыг, мөн энэ маягаар манай компанид ажиллах хүн байна гэдгийг олж харсан” гэв.
Их Эзэн амлалтуудаа биелүүлдгийг би гэрчилж байна. Би ярилцлагад орж байхдаа ариун сүмд ордог, мөн ариун сүмийн гэрээнүүдээ хүндэлдэг хүмүүст Түүний амласан шиг, над дээр ирж буй Их Эзэний хүч, Сүнсийг мэдэрсэн юм. Би үнэтэй, олон хувь нэмрээ оруулсан тэр компанид ажиллаж байхдаа ч Сүнсийг мэдэрдэг байсан.
Японд ариун сүм баригдав
1975 оны Японд болсон шашны нэгэн чуулган дээр ерөнхийлөгч Кимбалл Японы Токиод ариун сүм баригдах талаар зарлав. Японы гэгээнтнүүд баяр, талархлаа илэрхийлж, чин сэтгэлийн халуун алга ташилтаар сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж байлаа.
Японы Токиогийн ариун сүм 1980 онд баригдаж дууссан юм. Нээлттэй өдөрлөг ба онцгойлон адислах ёслолын үеэр гэгээнтнүүд гайхалтай сүнслэг туршлагаар болон агуу их баяр баясгалангаар адислагдсан билээ. Ариун сүмийг онцгойлон адислагдсаны дараа эдгээр туршлага нь гэгээнтнүүд ариун сүмийн ёслолуудаа хүлээн авч, нас барагсдынхаа өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг хийлгэж эхэлснээр цааш үргэлжилсэн юм.
Өнөөдөр Широко бид хоёр гэрлээд бараг 45 жил болсны дараа ч гэсэн, бошиглогчийн зөвлөгөөг дагах миний шийдвэр бидний болон хүүхдүүдийн маань амьдралыг адисалсаар байна. Бид Их Эзэний арга замаар ариун сүмийн гэрээнүүдийн хамт Есүс Христийн сайн мэдээнд үндэслэсэн гайхамшигтай гэр оронг үүсгэн бий болгосон юм.
Биднийг удирдамжийн төлөө залбирч, амьд бошиглогчдыг даган, ариун сүмийг амьдралдаа эн тэргүүнд тавих үед Тэнгэрлэг Эцэг биднийг удирдаж, адислах болно гэдгийг би гэрчилж байна.