Бид замаа дагасан
Бразил, Рио Гранде до Норте, Рүт де Оливэриа Марколино
Хамтрагч бид хоёр номлолынхоо сүүлчийн бүс Бразилийн Сан Пауло мужийн хоёр тосгонд үйлчилж байлаа. Хоёр тосгоны хооронд ой дундуур нэгэн дөт зам байдаг байлаа. Бид тэр замыг аюултай, бас тэнд хэн нэгэнтэй тааралдах нь юу л бол гэж боддог тул тэр замаар огт явж үзээгүй байв.
Нэг өдөр биднийг тэр дөт замд ойртон ирэх үед Ариун Сүнс бидэнд ой руу орох хэрэгтэй хэмээн зүрх сэтгэлд минь шивнэхэд би ахлагч Андрэйд рүү харж, дөнгөж сая мэдэрсэн мэдрэмжийнхээ тухай хэлэв. Тэр бас адилхан зүйл мэдэрснээ надад хэлсэн юм.
Бид нөгөөх мэдэхгүй жимээр уруудсанаас хойш их удалгүй бидний өөдөөс нэгэн эмэгтэй ирж явааг харлаа. Жим нь нарийхан юм. Хажуугаар нь өнгөрөхдөө тэр эмэгтэйн уйлж байгааг бид анзаарлаа.
Тэр биднийг хараад, гэр рүүгээ дагаж очихыг урив. Бид гэрт нь очиж, нөхөртэй нь танилцсан юм. Бид сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдсэн тэр хосод тэр даруй зааж эхлэв. Хэдэн долоо хоногийн дараа бид тэднийг баптисм хүртэхэд урилаа. Тойргийн сүүлийн баптисмаас хойш жил өнгөрөөд байсан учир тэднийг шууд хүлээн авсанд бид баяртай байв. Бид тэр өдөр ойн жим рүү орох сүнсний өдөөлтийн дагуу үйлдсэндээ талархалтай байдаг.
Гэвч тэдний баптисмын өмнөхөн эхнэр нь бидэнтэй ярилцах хэрэгтэй байгаагаа хэлэв. Тэр олон жилийн турш нэг л зүүд зүүдэлж байгаагаа бидэнд хэлсэн юм. Тэр зүүдэндээ өөрийгөө Сан Паулогийн гол хэсэгт байгаагаар хардаг байсан гэнэ. Нэгэн ахмад настай хүн түүн дээр ирж, амьдралыг чинь өөрчлөх хоёр залуу ирж байна гэж хэлдэг байжээ. Тэр дараа нь тэр хоёр залууг ирж байгааг хардаг байсан ч зүүд нь үргэлж тэр хэсэгт хүрээд дуусдаг байсан байна.
Хэдэн долоо хоногийн өмнөх нэгэн өдөр нөгөөх хоёр залуу ойртон ирж байна, тиймээс түүнийг бидний анх харсан дөт жим рүү явах хэрэгтэй гэж нэгэн дуу хоолой түүнд хэлэх үед тэр байшингийнхаа шалыг шүүрдэж байжээ. Сүнсний өдөөлтийг ойлгоогүй ч гэсэн, зүүднийхээ хариултыг мэдэхийг хүссэн учраас тэр шүүрээ хаяад, ойн жим рүү алхсан ажээ.
Түүнийг алхаж байх үед зүүдэнд нь харагддаг хоёр хүний царай төрх эцэстээ тэр хоёр залуугийн царайтай яг адилхан, төгсөж байгаа кино шиг түүний оюун ухаанд тод харагдсан ажээ. Тэр бас тэднийг хоёулаа хар өнгийн нэрийн тэмдэг зүүснийг харсан байна. Тэгээд хэдхэн мөчийн дараа тэр ахлагч Андрэйд бид хоёрыг жим дээр зогсож байгааг харсан гэв. Сэтгэл нь ихэд хөдөлсөн учраас тэр уйлж гарлаа.
Би өнөөдөр тэрхүү ариун туршлагыг санахдаа Сүнсийг мэдэрдэг бөгөөд сайн мэдээг хүлээн авсан тэр эгчийн урсаж буй нулимсыг ч бас оюун санаандаа дахин хардаг. Тэр өдөр хамтрагч бид хоёр Их Эзэний хүссэн тэр замаар явах мэдрэмжтэй мөн зоригтой байсан нь хамгийн талархууштай нь юм.