2015
Би нүглээ хүлээж болох уу?
нэгдүгээр 2015


Би нүглээ хүлээж болох уу?

Нэрийг нууцлав

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний өмнө суух үед зүрхний цохилт түргэсэж эхлэв. Гадасны бичиг хэргийн ажилтан цаг тохирохоор над руу залгаснаас хойш надад тайван бус мэдрэмж төрсөн юм. Тэр намайг үйлчлэхээр зохисгүй гэдгийг мэдэж байгаа болов уу?

Эхнэртээ зовлон шаналал эсвэл ичгүүр авчрах зүйлүүдийг илчлэх нь амиа хичээсэн хэрэг болох байх гэж би бодоод, зарим нүглийг энэ дэлхий дээр илчилснээс Бурханы шүүлтийн суудлын өмнө илчлэх нь илүү амар гэж шийдээд байв. Эдгээр нүглийг өөрөө даван туулж, ачаа дарамттай амьдрах нь надад илүү дээр байсан юм. Ганцхан асуудал нь би өөрийнхөө хүчээр нүглээ ялан дийлж чадахгүй байв.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дуудлага санал болгох үед би тэнд сууж байлаа. Тэр “Та энэ дуудлагыг хүлээн авах уу?” Би “тийм ээ” гэж хашгирахыг ямар их хүссэн гээч. Гэвч үүний оронд бараг л албан шахалтаар “Би чадахгүй нь. Би зарим нүглээсээ цэвэрших хэрэгтэй байна” гэж өөрийнхөө хэлэхийг би сонсов.

Нүглийнхээ ерөнхий мөн чанарыг хүлээх үед айдас ба тайвшрал надад нэг зэрэг ирсэн юм. Тэр намайг бишоптой ярилцсан эсэхийг асуув. “Үгүй.” Эхнэртэйгээ? “Үгүй.” Тэр миний гарыг бариад, инээмсэглэн, нүглээ хүлээж байгаад минь надаар бахархаж байгаагаа хэлээд, бишоптойгоо болон эхнэртэйгээ ярилцах заавар өгч билээ.

Би түүний хэлснийг дуулгавартай дагаж, эхлээд эхнэртээ хэлж, хамгийн том айдсаасаа салав. Эхнэр минь намайг хайрласан хэвээр байв! Тийм ээ, тэр сэтгэл дундуур байсан. Бид хоёр зарим асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байсан ч эхнэр минь намайг хайрлаж, бишоп дээрээ очиход намайг дэмжсэн юм.

Намайг бишоптойгоо уулзахаар очиход тэр даруйхан намайг өрөөндөө угтан авав. Би яах учраа ололгүй, яагаад энд ирснээ тайлбарлахаар хичээж байлаа. Нүглээ ийм удаан нуусны дараа хаанаас нь эхлэхээ би бараг мэдэхгүй байв. Бүх зүйлээ ярихад бишоп намайг хайраар урамшуулан дэмжсэн юм. Би нүглээ ерөнхийд нь тайлбарлаад, гэм нүглийнхээ бүрэн жагсаалтыг гаргахад зориулж цаг өгөхийг түүнээс хүссэн юм. Тэр шууд хүлээн зөвшөөрөв.

Би нүглээ бүрэн хүлээгээгүй байсан ч мөрөн дээрээс дэлхийн хүнд ачаа дарамт авагдаж байгааг мэдэрсэн. Мөн би эрх чөлөөг болон эцэстээ энэ ачаанаас салж буй шинэхэн итгэл найдварыг мэдэрсэн юм.

Би дараагийн долоо хоногуудыг залбирч, судруудаас уншин, бишоптоо болон Тэнгэрлэг Эцэгтээ аль алинд нь үзүүлэх жагсаалтаа хийж өнгөрүүлсэн юм. Би гэмшиж байгаагаа, мөн өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа эхлээд Тэнгэрлэг Эцэгтээ мэдэгдэхийн тулд Түүнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр жагсаалтаа үзүүллээ. Би бишоптойгоо өөр өдөр цаг тохирон, жагсаалтаа бүтнээр нь хуваалцав. Тэр ширүүн харж, хашгирч эсвэл намайг зэмлэсэнгүй; харин тэр намайг тэвэрсэн юм. Тэр намайг одоо л жинхэнэ наманчлалын зам дээр гарсныг хэлээд, өөрийнхөө болон Тэнгэрлэг Эцэгийн хайрыг надад илэрхийлсэн билээ. Би үүнийг үнэн гэдгийг мэдэж байсан.

Өмнө нь миний хамгийн том айдас байсан нүглээ хүлээх нь миний амьдралын хамгийн гайхалтай туршлагуудын нэг болсон юм. Энэ нь миний хувьд Есүс Христийн Цагаатгалын бэлэг ба эдгээгч хүчийг жинхэнэ утгаар нь ойлгох анхны алхам болсон билээ.