2015
Та нар юуг сонгох вэ?
нэгдүгээр 2015


Та нар юуг сонгох вэ?

2013 оны 9-р сарын 6-нд Хавай–Бригам Янгийн Их сургууль дээрх СБС-ийн залуучуудад зориулсан онцгой цугларалт дээр хэлсэн “Язгууртан гаралтай өсвөр үеийнхэн: Та нар юу сонгох вэ?” сэдэвт үгээс авав. Бүрэн эхээр нь үзэх бол cesdevotionals.lds.org хаягаар орно уу.

Та нар энэ цаг үед газар дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулан, Аврагчийг хүлээн авахад хүмүүсийг бэлтгэх үүргийг Тэнгэрлэг Эцэгээс хүлээсэн билээ.

Зураг
Illustration of youth with lanterns deciding on which path to choose.

Зураг чимэглэлийг Брандон Дорман

“Язгууртан гаралтай өсвөр үеийнхэн”1 та нар бол үнэндээ дэлхийн түүхэн дэх хамгийн ариун нандин зорилгын төлөө энэ цаг үед төрсөн Бурханы охид, хөвгүүд юм. Дэлхийд хаа сайгүй нийгмийн ёс суртахууны болон шашны үнэт зүйлс доройтож буй мэт санагдавч энэ сүмийн өсвөр үеийнхэн та нар бусад хүнийг Их Эзэнд ойртуулах Түүний төлөөлөгчид ба гэрэлт цамхаг нь билээ. Та нарын зорилго болон хэн гэдэг тань үнэхээр онцгой юм.

Та нар хэн бэ? Та нар бол “Чиний үр удмаар газар дэлхийн бүх үндэстэн адислагдах болно” (Үйлс 3:25; 1 Нифай 15:18-ыг мөн үзнэ үү; 3 Нифай 20:25) хэмээн эцэг Абрахамд амлах үед Бурханаас Түүнтэй хийсэн тэрхүү гэрээний хүүхдүүд юм. Та нар түүнчлэн бүх гараг ертөнцөөр сайн мэдээ түгэн дэлгэрэх дэлхийн түүхийн энэ үед “амлагдсан өдрийн хүүхдүүд”2 билээ.

Та нарын зорилго юу вэ? Ах нар та бүхэн санваарыг атгахаар мөнх бус байдлын өмнөх дэлхийд урьдчилан томилогдсон билээ (Алма 13:2–3-ыг үзнэ үү). Харин хайрт эгч нар, та нар Бурханы хүүхдүүдийг төрүүлж, асран халамжлахаар дэлхийн сууринаас өмнө сонгогдсон бөгөөд үүнийг хийснээр та нар Бурханыг алдаршуулдаг (С ба Г 132:63-ыг үзнэ үү). Эгч нар аа, та нар Бурхантай хамтран бүтээгчид байх гэдэг нь үнэхээр юу гэсэн үг болох талаар өмнө нь бодож байсан уу?

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд та нарын хүн нэг бүр энэ цаг үед газар дэлхий дээр Бурханы хаант улсыг барьж байгуулан, мянган жилд Мессиа захирч, засаглах үед Аврагчийг хүлээн авахад хүмүүсийг бэлтгэх үүргийг Тэнгэрлэг Эцэгээс хүлээсэн билээ. Та нарын язгууртан гарал, хэн болох, зорилго болон тэнгэрлэг үүрэг нь та нарыг бусад бүх хүнээс өөр болгодог.

Гэхдээ та нарын язгууртан гарал эсвэл өмнөх дэлхийн томилолтууд ба үүрэг даалгавруудын аль нь ч таныг аварч, өргөмжилж чадахгүй юм. Та нар хувь хувьдаа гаргах шийдвэрүүдээрээ болон амьдралдаа Их Эзэний Цагаатгалын хүчийг хүлээн авахаар сонгосноор аврагдаж мөн өргөмжлөгдөх боломжтой болдог. Сонгох эрхийн агуу мөнхийн зарчим нь Эцэгийн төлөвлөгөөнд амин чухал юм. Тиймээс, язгууртан гаралтай өсвөр үеийнхэн та нар юу сонгох вэ?

Та суралцан өсөж хөгжихийг сонгох уу?

Боловсрол бол таны л олж эзэмших зүйл юм. Хэн ч таны өмнөөс үүнийг эзэмшиж чадахгүй. Та нар хаана ч байлаа гэсэн суралцах маш их хүсэлтэй бай. Хожмын үеийн гэгээнтэн бидний хувьд боловсрол олж авах нь зөвхөн эрх мэдэл биш юм, энэ бол шашны үүрэг хариуцлага билээ. “Бурханы алдар суу бол оюун билиг юм” (С ба Г 93:36). Үнэндээ, бидний боловсрол бол үүрд мөнхөд үргэлжлэх зүйл билээ.

“Бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босох болно.

Мөн хэрэв хүн … мэдлэг мөн оюун билгийг энэ амьдралд хуримтлуулах аваас, тэрээр ирэх дэлхийд маш их давуу талтай байх болно” (С ба Г 130:18–19).

Иймэрхүү алсын хараатай ойлголт нь суралцах талаар сайн сонголт хийхэд тань туслах болно.

Ах, эгч нар аа, зорилгодоо—тэр бүү хэл мөрөөдөлдөө хүрэхээр хичээхээсээ бүү ай! Аливаа зүйлийг хамгийн сайн, бүрэн гүйцэд хийж сурахад амар дөт зам гэж байдаггүй. Боловсролтой болох нь бусад хүнд туслахыг хүсэх болон тэдэнд туслах боломжтой байх хоёрыг ялгаатай болгодог юм.

Та ямархуу маягаар амьдрахыг сонгох вэ?

Та нар бусдаас өөрөөр амьдрах хэрэгтэй. Та нар Паул залуу Тимотод: “Чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дууриал бол” (1 Тимот 4:12)3 гэж хэлснийг мэднэ. Дэлхийн хүмүүсээс өөрөөр бодож мөн өөрөөр үйлдэхийг сонго. Өөрөөр харагдаж, өөрийнхөө бий болгох сайн нөлөөг харахыг сонго. Ардэт Г.Карр эгч нэг удаа “Хэрэв та далайн эрэг дээр байгаа бусад усанд сэлэгч шиг харагдаж байвал аврагч болж чадахгүй!”4 гэж хэлжээ.

Язгууртан гаралтай өсвөр үеийнхэн учраас та нарын амьдралд агуу эхлэл байна. Гэхдээ та нарт бас нэмэлт үүрэг хариуцлага бий. “Учир нь их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу” (С ба Г 82:3; мөн Лук 12:48-ыг үзнэ үү). Тэрхүү шаардлагын нэг хэсэг нь элсэгч болох явдал юм. Та нар өөрсдийгөө армийн элсэгч гэж бодож байсан уу? Та нар баптисм хүртсэнээр үнэн хэрэгтээ Их Эзэний армид элсэн орсон.5 Өмнөх дэлхийд байхдаа та нар Тэнгэрт Дайн болоход Есүс Христийн талд зогсож байсан билээ. Одоо ч гэсэн сайн ба муу хүчний хоорондох зөрчил энэ дэлхий дээр үргэлжилсээр байна. Энэ нь бодит юм! (Илчлэлт 12:7–9; С ба Г 29:40–41-ийг үзнэ үү). Есүс Христ Бурханы талд бөгөөд дэлхийн Аврагч байхаар урьдчилан томилогдсон билээ (1 Нифай 10:4-ийг үзнэ үү.) Харин Сатан нөгөө талд байгаа бөгөөд эсэргүүцэгч, сонгох эрхийг устгагч юм (Мосе 4:3).6

Та нар энэ мөнх бус дэлхийд байхдаа муугаас илүүгээр сайныг сонгож, наманчилж, Есүс Христэд ирж мөн Түүний сургаалд итгэн, Түүний үлгэр жишээг дагахдаа сонгох эрхээ ашиглаж болохын тулд Бурханы төлөвлөгөө нь дайсанд та нарыг уруу татахыг зөвшөөрдөг билээ. Ямар агуу үүрэг хийгээд итгэл найдвар билээ!

Өөрсдийнхөө төлөө үйлдэх та нарын эрх чөлөө нь та бүхний мөнхийн өсөлт хөгжил болон аз жаргалын гол хэсэг бөгөөд дайсан үүнийг тань сулруулахаар бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг (2 Нифай 2:27; 10:23-ыг үзнэ үү).

Та нар амьдралдаа сонголт хийхэд туслах эн тэргүүнд тавих зүйлүүдээ тодорхойлсон уу? 

Та нарын сонголтууд бүгд сайн, муугийн хооронд байхгүй байж болно. Олон сонголт нь хоёр сайн зүйлийн аль нэгийг сонгох байж болно. Бүх үнэн адилхан ач холбогдолтой байдаггүй. Тиймээс, та нар эн тэргүүнд эрхэмлэх зүйлүүдээ тодорхойлох хэрэгтэй. Та мэдлэгтэй болохоор эрэлхийлэх үедээ сурч чадах хамгийн чухал үнэн нь Их Эзэнээс ирдэг болохыг мэд. Бусдын төлөө Эцэгтээ хандсан залбирлаараа Аврагч үүнийг баталсан. Тэрээр хэлэхдээ “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) гэжээ. Та нар суралцахаар хичээж байгаа бүх зүйлээсээ илүүтэйгээр Тэнгэрлэг Эцэг, Бурхан болон Түүний Хүү Есүс Христийг мэдэхийг эрэлхийл. Тэднийг таньж мэдэн, миний адилаар Тэднийг хайрла.

Амьдралын минь турш надад тусалсан эн тэргүүнд тавих зүйлсийн талаарх бас нэгэн судрын нэг бол энэ юм: “Эхлээд та нар Бурханы хаант улсыг байгуулж, Түүний зөв шударгыг тогтоохоор эрэлхийл дараа нь эдгээр зүйлүүд та нарт нэмэгдэн өгөгдөх болно” (Матай 6:33).

Энэ дэлхий дээрх өөр юунаас ч илүүгээр мөнх амьдралын хамгийн дээд мөн алдар суут хувь тавиланд таныг удирдах сонголтууд хийхийг та хүсэх болно. Энэ бол танд зориулсан Бурханы агуу алдар суу юм (С ба Г 14:7; Мосе 1:39-ыг үзнэ үү). Мөнх амьдралыг хамгийн чухал хийгээд эн тэргүүний зүйлээ болгон сонго! Мөнх амьдралыг сонгодог болон сонгодоггүй тэдгээрийн хүлээж авах адислалуудын ялгааг илүү сайн ойлгохын тулд Сургаал ба Гэрээний 76-88-р хэсгүүд дэх судрыг судал. Мөнх амьдралыг хамгийн чухал хийгээд эн тэргүүний зүйлээ болгон сонго, тэгээд бусад сонголтыг хийхэд хэрхэн амархан болж байгааг ажиглаарай.

Та нар хэнтэй харилцаатай байхаар сонгох вэ?

Та нар Бурханд итгэдэг олон сайн хүнтэй харилцах болно. Еврей, католик, протестант эсвэл лалын шашинтай байхаас үл хамааран тэр итгэгчид цорын ганц үнэн байдгийг мэддэг. Бурханд итгэгчид нь эмээх сэтгэлтэй байдаг. Итгэгчид сайн дураараа иргэний болон тэнгэрлэг хуулиудыг тэр байтугай дагахыг хүчилдэггүй хуулиудыг ч гэсэн дагадаг.

Иргэний болон тэнгэрлэг хуулиудыг дагах амлалтынхаа дагуу та нар эргэн тойронд тань ямар ч машин байхгүй байсан ч улаан гэрэл асахад зогсдог. Бурханы хүүхдүүдийн хувьд та нар цагдаа таныг баривчлахгүй ч гэсэн хулгай хийх, хүн алах эсвэл завхайрах зэрэг үйлдэл нь буруу бөгөөд Бурхан эцэст нь тантай хариуцлага тооцох болно гэдгийг мэддэг билээ. Дүрмийн дагуу тоглоогүйн үр дагаврууд нь зөвхөн мөнх бус амьдралд төдийгүй, мөнх амьдралд хамаатай гэдгийг та нар мэддэг билээ.

Та нар амьдралын аяллаа үргэлжлүүлэх явцдаа Бурханд итгэдэггүй хүмүүстэй танилцах болно. Тэдний ихэнх нь тэнгэрлэг үнэнийг хараахан олоогүй байдаг бөгөөд үүнийг хаанаас хайхаа ч мэддэггүй. Гэхдээ язгууртан гаралтай өсвөр үеийнхэн та нар тэднийг аврахаар ирж байгаа билээ. Бурханы бошиглогчийн илүү олон номлогчийг дуудсан дуудлагад та нар маш олноороо хариулж байна. Үүнийх нь төлөө номлогчдод бид маш их талархаж байна.

Зураг
illustration of boy with lantern reaching out to someone

Үл итгэгч хүмүүстэй харилцах үед, магадгүй тэдний цөөн хэд нь таныг үл тоомсорлоно гэдгийг ойлгоорой (С ба Г 1:16; 89:4-ийг үзнэ үү). Та нар үүнийг таньж мэдэнгүүтээ тэднээс хурдан, бүрмөсөн зугт (1 Тимот 6:5–6, 11-ийг үзнэ үү).

Эдүгээ харамсалтай нь, аз жаргал мэт санагддаг ямар нэгэн зүйлийг хайх тэдний цөхөрсөн эрэл хайгуул нь нүгэл рүү хальтруулдаг тийм хүмүүстэй ч та нар таарах болно. Ийм нүгэл рүү хальтирахаас сэрэмжил! Нүглийн зугаа цэнгэл нь богино хугацаанд үргэлжилдэг бөгөөд оюун санаанд үлдсэн дурсамжуудыг үргэлжийн зовиур болоод гэм буруутайн гэмшил дагаж байдаг. Хууль бусаар дэр нэгтгэж, хамтран амьдрах нь нөхөр, эхнэр хоёрын бурханлаг нэгдлийг мушгин гуйвуулсан хуурмаг зүйл юм. Хууль бус зүйлүүд гүн гүнзгий мэдрэмж, дотно сайхан дурсамжийг арчдаг билээ.

Та эрх чөлөөг сонгох уу эсвэл боолчлолыг сонгох уу?

Бурханлаг бус хүчнүүд бидний эргэн тойронд байна. Та нар үнэндээ “дайснаар бүслэгдсэн бүсэд” амьдарч байгаа билээ.”7 Порнографын хорт тахал энд тэндгүй байгаа бөгөөд аюулт атганд нь орох хэнийг боловч барин авдаг.

Их Эзэн үүнийг урьдчилан харсан бөгөөд энэ талаар “Мөн эдүгээ би та нарт нэг нууцыг, улирах цагийн явцад бүр та нарын устгалыг тохиолгон авчрах нууц өрөөнд байгаа нэг зүйлийг үзүүлье, мөн та нар үүнийг мэдсэн нь үгүй” (С ба Г 38:13; мөн 28-р шүлгийг үзнэ үү) гэжээ.

Хэчнээн ч олон нууц хуйвалдаанд хэдэн ч хүн та нарын амьдрал, аз жаргалыг устгахаар эрэлхийлж байгаа юм билээ гэдгийг бодоод үз дээ! Бэлгийн харьцааны уруу таталт нь шинэ зүйл биш юм. Төлөөлөгч Петр бичихдээ үүнтэй адил урхины талаар:

“арай ядан зугтдаг хүмүүсийг … тэд махан биеийн хүсэл тачаалаар уруу татдаг бөгөөд …

“хүмүүст эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь тэд юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог ажээ” (2 Петр 2:18–19) хэмээн сэрэмжлүүлсэн билээ.

Хайрт ах, эгч нар минь ээ, тэрхүү боолчлолоос зугтагтун. Хэрэв та яг одоо порнограф үзэж байгаа бол үүнийгээ зогсоо! Яг одоо зогсоо! Бишопоосоо тусламж хүс. Нэгэнт порнографт хордсон бол хэн ч тэрхүү дайсныг өөрөө ялан дийлэх ухаантай биш юм. Энэ нь уяман өвчин шиг сүйтгэгч, мефамфетамин шиг донтуулагч, натрийн хлорид шиг идэмхий билээ.

Та нар Их Эзэнийг дагах уу эсвэл хүмүүний мэргэн ухааныг дагах уу?

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг анхааралтай судал.8 Бүх дэлхий даяар гэр бүлүүд дарамт хавчлаган дор байсан ч гэр бүлийн тунхгийн үнэнүүд та нарыг хамгаалах болно.

Та нар гэрлэлтийн талаарх тодорхойлолтуудтай зөрчилдөх нийгмийн хор уршиг бүхий үр дагавруудыг ойлгох хэрэгтэй. Өнөөгийн нэг маргаан нь ижил хүйстэн хоёр хүн гэрлэж болох эсэх тухай асуудал дээр байдаг. Хэрэв та нар энэ талаар эсвэл бусад чухал асуудлаар сүмийн байр суурийг мэдэхийг хүсвэл залбирч мөн тунгаан бод. Тэдгээр сүнслэг захиасууд болон Ариун Сүнснээс ирэх өдөөлтүүд нь та нарын оюун ухаанд бүрэн дүүрэн хийгээд илүү үнэн ойлголтыг авчрах болно.9

Гэрлэлтийн талаарх маргаан нь ирээдүйд та нарт тулгарах маргаантай асуудлуудын зөвхөн нэг нь байх болно. Дайсны чанга дуу хоолойн эсрэг язгууртан гаралтай өсвөр үеийнхэн та нар Их Эзэн болон Түүний үнэний талд зогсохоор сонгох болно.

Төлөөлөгч Паул өнөө үеийн хэцүү нөхцөл байдлын талаар бошиглосон (2 Тимот 3:1–5-ыг үзнэ үү). Харин өнөө үеийн сүнсний устгалын талаарх Паулын үнэн зөв үзэгдэл нь бидэнд хэрхэн аюулгүй байх талаар “Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай ариун бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон” (2 Тимот 3:15) гэж дүрслэн хэлжээ.

Түүний энэхүү зөвлөгөөн дээр би нэмж зөвлөмөөр байна. Судраа үргэлжлүүлэн судлагтун. Есүс Христэд итгэх итгэлийг тань хөгжүүлэх зүйлсийг үргэлжлүүлэн хийгтүн. Тэгээд аяндаа хийхээр өдөөгдөх мэргэн сонголтуудаа ажиглаарай.

Есүс Христ болон Түүний сайн мэдээнд итгэх итгэл тань залуу мөн боломжтой байхдаа гэрлэж, гэр бүлдээ хүүхдүүд авчрахад таныг урамшуулах болно. Та нар миний насан дээр ирэх үедээ та нарт ирж болох ямар ч нэр хүнд, эд баялгаас илүү өөрийнхөө хүүхдүүд, ач зээ болон тэдний үр хүүхдүүдийг эрхэмлэн хайрлах болно.

Та нар Аврагчтай ярилцах хувийн ярилцлагадаа хэрхэн бэлтгэх вэ?

Язгууртан гаралтай өсвөр үеийнхэн та нар хараахан төгс болоогүй байгаа. Бидний хэн нь ч төгс биш. Тиймээс, чин сэтгэлээсээ наманчилсан үед бүрэн дүүрэн өршөөлийг өгдөг Аврагчийн Цагаатгалд та бид бүгдээрээ маш их талархалтай байдаг. Түүнчлэн та нар мөнх бус дэлхийд амьдрах бидний амьдрал харьцангуй богинохон гэдгийг мэднэ. Цаг нь болохоор та нарын хүн нэг бүр зуурдын энэхүү оршихуйг орхин, дараагийн амьдралдаа очих болно.

Шүүлтийн өдөр бидний хүн нэг бүрийг хүлээж байдаг. Би “Израилын Ариун Нэгэн бол их хаалганы сахиул мөн тэрээр нэгээхэн зарцыг тэнд үл ажиллуулдаг” (2 Нифай 9:41) гэдгийг мэддэг. Тийм ээ, бидний хүн нэг бүр Есүс Христтэй биечлэн ярилцах болно.

Дэлхий дээрх бүхий л өдрүүд та нарт тэрхүү ярилцлаганд бэлтгэх цаг хугацаа болон боломжуудыг олгодог. Дараах зүйлийг ухаарч мэднэ үү: Та нар Их Эзэний талд амьдрахаар сонгосноороо хэзээ ч ганцаардахгүй. Та нар мөнх бус амьдралын аюултай замаар урагшлахдаа Бурханаас тусламж авах боломжийг Тэр бидэнд өгсөн. Та нар өдөр тутмын залбиралдаа хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээ Түүнд юүлснээр Тэрээр та нарт туслах тэнгэр элчүүдээ илгээх болно (С ба Г 84:88 -ыг үзнэ үү). Та нар зохистой амьдарвал та нарын хажууд байх Ариун Сүнсийг Тэрбээр өгсөн билээ. Христийн үгэн дээр бүрэн дүүрэн найрлаж болохын тулд Тэр та нарт судруудыг өгсөн (2 Нифай 9:51; 32:3-ыг үзнэ үү). Тэрээр амьд бошиглогчдын үгсийг та нарт өгсөн. Тэдний үгсэд анхаарлаа хандуулагтун.

Та нар хэнд итгэл найдвараа тавих вэ?

Та нар Бурхан бол та бүхний Эцэг гэдгийг мэднэ. Тэр та нарт хайртай бөгөөд та нарыг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Итгэл найдвараа Түүнд тавигтун (2 Нифай 4:34; 28:31-ийг үзнэ үү). Түүний ариун сүмд анхаарлаа хандуул. Хишиг хүртэх болон лацдан холболтын ёслолуудыг хүлээн авахад зохистой бай. Эдгээр гэрээндээ итгэлтэй үлдэж, ариун сүмд ойр ойрхон орж бай. Та нарын хамгийн эрхэм зорилго бол Бурханы бүх адислалаас хамгийн агуу нь болох мөнх амьдралыг олж авах билээ (С ба Г 14:7-г үзнэ үү). Ариун сүмийн ёслолууд нь тэрхүү адислалд амин чухал юм (С ба Г 131:1–3-ыг үзнэ үү).

Би та нарыг өөрсдийнхөө хэн болох, өөрсдийн зорилго болон адислалын талаарх судрын тодорхойлолтыг залбирч, судлахад урьж байна (С ба Г 86:8–11-ийг үзнэ үү). Тийм ээ, язгууртан гаралтай та нар үнэхээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Та нар энд соригдож мөн шалгагдахаар ирсэн, Түүний хууль ёсны өв залгамжлагчид билээ. Та нар дэлхийд гэрэл байж, Бурханы хүүхдүүдийг аврахад туслан, баяр баясгалантай байхаар, мөн хамгийн чухал нь мөнх амьдралын адислалуудыг олж авахаар сонгох болтугай.

Зураг
illustration of 2 lanterns with one lit and another one unlit

Эшлэлүүд

  1. “Carry On,” Hymns, дугаар 255-ыг үзнэ үү.

  2. “Hope of Israel,” Hymns, дугаар 259-ийг үзнэ үү.

  3. Харилцан ярианаас орчуулагдсан, anastrophe хэмээх грек үг нь амьдралын дээшээ чиглэсэн зам гэсэн утгатай.

  4. Ардэт Грийн Kapp, I Walk by Faith (1987), 97.

  5. “We Are All Enlisted,” Hymns, дугаар 250-ийг үзнэ үү.

  6. Зарим хүн сонгох эрхийг чөлөөт сонголт хэмээн дүрсэлдэг. Гэхдээ энэ хэллэг нь сударт байдаггүй. Судар нь зөвхөн ёс суртахууны сонгох эрхийн талаар өгүүлдэг (С ба Г 101:78-ыг үзнэ үү).

  7. Боид К.Пакэр, “Өсвөр үеийнхэнд зөвлөх нь,” Лиахона, 2011 оны 11-р сар, 16, 18-ыг үзнэ үү.

  8. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү.

  9. Сүмийн сүнслэг удирдамж бүхий тунхаг нь гэр бүлийн талаар тунхаглахдаа: “Гэр бүл Бурханаас томилогддог.” Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм. Хүүхдүүд нь гэр бүлийн дотор төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129) гэжээ.