Мин Жун шалгуурт тэнцсэн нь
Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.
“Есүс бол бидний хайртай найз. … Хүүхэд бүр эрхэм” (Children’s Songbook, 58).
Мин Жун цонхоор үүл ширтэн зогсож байв. Тэр “маргааш бороо орох нь дээ” гэж хэлэхэд өвөө нь сонины цаанаас өнгийж хараад, толгой дохив. Өмнөд Солонгост бараг зун дуусаж байсан ба борооны улирал удахгүй эхлэх гэж байв.
Мин Жун ням гарагтаа бэлдэн, хувцасныхаа хажууд шүхрээ тавилаа. “Бид маргааш өглөө эрт явах хэрэгтэй байх.”
Өвөө инээмсэглэв. “Сайхан санаа байна. Зам усанд автаж болзошгүй болохоор бид удаж очих байх.”
“Та Сүмийн байр усанд автахгүй гэж бодож байна уу?” гэж Мин Жун асуулаа. Өнгөрсөн жилийн борооны улирлаар Сүмийн подвал усанд автсан юм.
“Тийм ээ” гэж өвөө хариуллаа. “Залбирал үргэлж тустай байдаг.”
“Би өнөө орой сүмийн төлөө залбирна аа. Тэгээд бид сүмдээ аюулгүй очих болно. Сайхан амраарай.” Мин Жун бөхөлзөөд, ор руугаа явав.
Маргааш өглөө нь тэд өглөө эрт гэрээсээ гараад, Мин Жун тэнгэрт бүрхсэн бараан үүлийг харлаа.
Өвөө нь “Итгэлтэй бай” гэж хэлэв.
Мин Жун өвөөгөө даган, гэрийнхээ ойролцоох гүвээ рүү шатаар өгсөв. Тэд гүвээний орой дээр гараад, түр амсхийхээр зогстол тэдний цагаан цамц чийглэг агаарт аль хэдийн норсон байлаа.
Өвөө борооны дуслуудыг мэдрэхээр гараа дэлгэв. “Чи мэдэрч байна уу? Бороо орж эхэлж байна.”
Тэд шүхрээ дэлгэв. Тэднийг дараагийн шат хүрэх үед бороо хүчтэй орж эхлэв. Мин Жун бороон дундуур шат бүрийг харах гэж хичээж байсан ч халтирч, өвдгөөрөө унаад, “Ёо ёо” гэж уйллаа.
“Чи гэмтчихээ юү?” гэж өвөө асуув. Тэр өвдөглөн суугаад, Мин Жуны өмдний цоорхойг харлаа.
“Жоохон л шалбарсан байна” гэж Мин Жуны хоолой чичрэн хэлэв.
“Сүм дээр очоод учрыг нь олъё” гэж өвөө хэллээ.
Мин Жун өвөөтэйгөө дээд талын зам руу өгслөө.
“Салхи бүр ширүүсчихлээ” гэж өвөө шүхрээ арай ядан зууран хэлэхэд Мин Жун бараг л шүхрээ алдчих шахаж байв. Төд удалгүй ширүүн салхи гарч, дотор гаднагүй салхилан, шүхрийг оёдлоор нь урах нь тэр. Мин Жун мөрөө унжууллаа.
Өвөө шүхрийг авав. “Миний шүхрэн доор зогс. Бид бараг л ирчихлээ.”
Мин Жун өвөөгийнхөө шүхрийг хэрэглэж байсан ч ширүүн бороонд нэмэргүй байв. Тэд сүмийн ойролцоо ирэхэд Мин Жун хөгжим тоглож байгааг сонсов.
“Аль хэдийн эхэлчилжээ.” Мин Жун урд талын хаалга руу гүйв. Тэр өөрийнхөө дүрсийг шилэнд хартал үс нь шалба норж, өмд нь урагдаж, гутал нь шавхай болсон байлаа. Тэр хаалганаас холдон, буцаад алхаж эхэллээ.
“Би … би орж чадахгүй нь ээ” гэж Мин Жун итгэлгүйхэн дуугарав.
“Чи зүгээр л байна шүү дээ” гэж өвөө хэллээ.
“Гэхдээ би нойтон бас халтар харагдаж байна.”
Өвөө Мин Жун руу хараад, хашаанд бөхөлсөн бороо хэмжигчийг харав.
“Бороог хэмжихэд амархан. Мин Жун, гэхдээ бид өөрсдийгөө яаж хэмжих вэ?”
Мин-Жун өвөө рүүгээ нүдээ цавчлан харав.
“Чи шавартай гутал, шалбалсан хөл, арзайсан үсээ хараад өөрийгөө зохисгүй гэж бодож байна уу?” гэж өвөө хэлэв. Есүс илүү дээр арга замаар дүгнэдэг. Тэр чиний зүрх сэтгэлийг хардаг бөгөөд чамайг зөв зүйл хийж байгааг мэддэг. Хэрэв чи өөрийгөө Түүний шалгуураар хэмжих юм бол бороо хэмжигч дүүрсэн байхыг олж харах болно.
Мин Жун бороо хэмжигч рүү хараад, дусал бүр хэмжигчийг улам бүр дүүргэж байгааг харав. Тэр сүм рүү ирэхийн тулд ямар их хичээл зүтгэл гаргаснаа мөн ирээд ямар халуун дулаан, аз жаргалтай мэдрэмжийг мэдэрснээ бодов. Тэр Аврагчид ямар их хайртайгаа мөн Аврагч өөрт нь хэчнээн их хайртайг бодов.
Мин Жун өвөөгөө тэврээд, тэд хамтдаа сүм рүү оров.