Селестиел цаг мөч
Энэхүү өгүүллийн зохиогч Шотландын Хойд Ланаркширд амьдардаг.
Заримдаа тэнгэр тийм ч холгүй мэт санагддаг.
Нэг өдөр манай Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид Ариун Сүнсийг жинхэнээсээ мэдэрч, Бурхантай ойр байгаагаа мэдэх онцгой цаг мөчийн тухай заасан юм. Тэд тэр үеийг “селестиел цаг мөч” хэмээн санахад хялбар үгээр нэрлэжээ. Миний хувьд яг юу “селестиел цаг мөч” байдгийг би мэддэг бөгөөд ийм зүйлийг урьд нь мэдэрч байсан. Тухайлбал: селестиел хаант улсад амьдрал ямархуу байх тухай өчүүхэн ч гэсэн сүүмийх гэрэл, амт мэдэрсэн тийм үе юм. Надад ийм хором мөч маш олон удаа тохиолдож байсан.
Манай удирдагчдыг тухайн санааг танилцуулсны дараа бид гадагшаа гарсан. Нар моддын дундуур гэрлээ цацруулж байв. Бид нүдээ анилаа. Бүлээн сэвэлзүүр салхи үлээн, нар нүүрийг минь ээж байлаа. Шувууд жиргэж, модод салхинд найгахад бид Бурханы бүтээлүүдэд баясав. Энэ бол селестиел цаг мөч байсан юм.
Бас нэг өөр селестиел цаг мөч тохиосон нь найз минь баптисм хүртсэний дараа байлаа. Биднийг үйлчлэл хийгээд Сүмийн цуглааны байр руу буцаад явж байхад тэрээр миний гарыг атган, бидний найз байгаа нь хэчнээн сайхан болохыг мөн үүрд найз хэвээрээ байх болно хэмээн хэлж билээ. Би тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Би догдлон баярлаж, талархаж байсан.
Нэг жилийн дараа бид хоёул усан сангийн дэргэд зогсоод, түүний ээжийг баптисмын ус руу орж байхыг харж байхдаа тэрхүү баяр баяслыг дахин хамтдаа мэдрэх боломжтой байсан. Эргэн тойронд үзэсгэлэн гоо оршиж байв.
Ийм зүйлийг мэдрэх хамгийн сайхан газар бол мэдээж Их Эзэний өргөөн дотор билээ. Би ариун сүмд анх удаа орж байхдаа эцэг эх болон эгчтэйгээ хамт очих боломжоор адислагдсан юм. Би эмэг эхийнхээ өмнөөс баптисм хүртсэн бөгөөд түүнийг аз жаргалтай байгааг мэдэрсэн.
Селестиел цаг мөч хэзээ ч, хаана ч тохиолдож болно. Энэ нь хөгжим сонсож байхад юм уу гэр бүлийн үдшээ хийж байхад эсвэл сургууль дээр ч тохиож болно. Нэг гэр бүлийн үдшээр бүгд элгээ хөштөл инээцгээснийг тодхон санаж байна. Тэр миний хамгийн дуртай хормуудын нэг байсан.
Тийм селестиел цаг мөч миний гэрчлэлийг хүчирхэгжүүлэн, илүү талархах мэдрэмжтэй байхад тусалсан. Тийм цаг мөч надад гайхалтай сургамж өгч байсан. Ихэнх нь надад аз жаргал авчирч, сайн мэдээний тухай сайхан мэдрэмжтэй болгодог. Хэрэв би сайн мэдээний зарчмуудын агуу амьдрахаар үргэлжлүүлэн сонговол селестиел цаг мөчид л мэдэрдэг бүхий л гоо үзэсгэлэн, аз жаргал, амар амгалан, хайр бүгд селестиел хаант улсад хавьгүй их мэдрэх зүйл байх болно.