2017
Эмэгтэйчүүдийг нас харгалзахгүй хүндлэх нь
January 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Эмэгтэйчүүдийг нас харгалзахгүй хүндлэх нь

People on bus

Зураг чимэглэлийг Иошуа Дэннис

Намайг нэг ням гарагт Аароны санваартнуудад эмэгтэйчүүдийг хүндлэх талаар хичээл заа хэмээн дуудсан юм. Хичээлийн үеэр нялх хүүхдээс эхлээд насанд хүрсэн бүхий л эмэгтэйчүүдийг хүндэтгэж байх тухай Аароны санваарын гарын авлагад заасныг бид ярилцаж билээ.

Ангид байсан залуу эрэгтэйчүүдийн нэг болох Габриэл (нэрийг өөрчлөв) эмэгтэй хүн бол түүний эх байхаар настай байна, түүнээс дүү эмэгтэйчүүд харин түүнийг эр хүнийх нь хувьд хүндлэх ёстой гэж үздэгээ хэлэв. Ангид байсан хүмүүсээс хэн нь ч түүнтэй санал нийлэхгүй байв. Энэ нь түүний хувьд итгэмээргүй зүйл байлаа.

Бид эмэгтэйчүүдийг хүндлэх арга замуудын талаар үргэлжлүүлэн ярилцаж, би тэдэнд өөрийнхөө хийдэг нэг зүйлийг буюу нийтийн тээврийн хэрэгсэлд эмэгтэй хүн орж ирэхээр очих газар хүртлээ 30–40 минут явахаар байсан ч суудлаа тавьж өгдөг гэж хэлсэн юм. Би тэдэнд эрэгтэй хүмүүс зогсоод, эмэгтэй хүмүүс суудалд суух ёстой гэж хэлэв. Габриэл хичээлд тийм ч их дуртай биш байв.

Хоёр өдрийн дараа би автобусанд ороод, урд суудалд суув. Бүх суудал хүнтэй байсан бөгөөд нэг эрэгтэй охиныхоо хамт орж ирээд, автобусны хойд хэсэг рүү явав. Удалгүй нэгэн настай эмэгтэйг орж ирэхэд би босоод, суудлаа тавьж өгөв.

Нэг эрэгтэй миний мөрөн дээр тогшоод, ар тийшээ зааж, нэг залуу намайг дуудуулсан гэж хэллээ. Би хойшоо алхаад, тэр залуу хэн байсныг мэдэхийг хүсэв. Тэр залууг саяхан дөрвөн настай охинтойгоо автобусанд орж ирсэн хүнд суудлаа тавьж өгсөнд ойролцоох хүмүүс нь тун баяртай байсан. Тэр залуу бол Аароны санваарын ангид эмэгтэйчүүдийг хүндлэх тухай хичээлд тийм ч дуртай байгаагүй Габриэл байлаа.

Тэрээр “Би таныг автобусанд орж ирсэн эмэгтэйд суудал тавьж өгөх нь үү, үгүй юү гэдгийг ажиглаж байсан юм. Тэгээд таны хийсэн зүйлийг хараад, миний сэтгэл их хөдөллөө. Ням гаргийн хичээлээ санаад, бяцхан охин, аав хоёрт суудал тавьж өгөх болсон” гэж хэлж билээ.

Сүм дээр заалгасан зүйлийнхээ дагуу амьдардаг залуу эрэгтэйчүүдийг харахдаа би хэчнээн баяртай байдаг гээч. Тэрээр зөвхөн настай эмэгтэйчүүдийг л хүндэлнэ гэж боддог байсан бөгөөд тэрхүү ням гаргийн хичээлээс хойш дөрвөн настай охиныг ч хүндлэхээр шийджээ.

Би ч бас заасан зүйлийнхээ дагуу амьдарч, бүх насны эмэгтэйчүүдийг хүндлэх талаар суралцахад нь түүнд тусалсандаа баяртай байв. Хэрэв би автобусанд орж ирсэн эмэгтэйд суудал тавьж өгөөгүй бол түүнд ямар санагдах байсан бол доо гэж надад бодогддог. “Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл та нар ерөөлтэй” (Иохан 13:17) гэсэн судрын хэсэг санаанд минь орж ирэв.