2017
Итгэлтэй байдлын тухай бошиглолын зарчмууд
January 2017


Итгэлтэй байдлын тухай бошиглолын зарчмууд

2012 оны 5-р сарын 15-нд Айдахо дахь Бригам Янгийн Их сургууль дээрх онцгой цугларалт дээр хэлсэн “Where Will You Be in 20 Years?” үгээс эш татав. Бүрэн эхийг (англи хэл дээр) web.byui.edu/devotionalsandspeeches хаягаар орж үзнэ үү.

Та нар итгэлтэй хэвээр үлдэхийн тулд одоо мөн ирээдүйд ямар шийдвэр гаргаж, ямар амлалт өгөх ёстой вэ?

Woman reading

Хорь гаруй жилийн өмнө би Хойд Америк дахь номлолын ерөнхийлөгчийн үйлчлэлээ дуусгасан юм. Би эхнэр Рондагийнхаа хамт номлогчдын амьдралын аз жаргалтай бас гуниг харуусалтай үеийг хорин жилийн турш харлаа.

Номлогчдын маань ихэнх нь ариун сүмд баяртайгаар лацдан холбогдож, зөв шударга хүүхдүүдийг өсгөн, тэднийгээ номлолд явуулж, Сүмийн туслах бүлгийн болон санваарын дуудлагуудад итгэлтэй үйлчилж байна. Гэсэн хэдий ч зарим нь гэрлэсэн боловч гэрлэлтээ цуцлуулан мөн зарим нь Сүмийн гишүүнчлэлээс хасагджээ.

Эргэж ирсэн номлогчдын амьдралыг юу өөрчилдөг вэ? Тэдний зарим нь хувийн сорилт бэрхшээлээс зайлсхийхийн тулд юуг арай өөрөөр хийж болох байсан бэ? Та нар яах вэ? Та нар хорин жилийн дараа хаана байх вэ? Та нар итгэлтэй хэвээр үлдэхийн тулд одоо мөн ирээдүйд ямар шийдвэр гаргаж, ямар амлалт өгөх ёстой вэ?

Би та нарт туслах арван зарчмыг хэлмээр байна.

1 Гэрчлэлээ байнга арчилж торд

Сүнсээр дүүрэн номлолын туршлагууд амьдралын тань турш та нарыг адислах итгэлийн үндэс суурийг тавьж өгдөг. Энэ итгэлийн суурь нь зөвхөн үл тоомсорлох юм уу нүгэл үйлдэх үед сулардаг.

Би саяхан идэвх султай болж, өөрийгөө итгэлээ алдсан гэж тунхагласан нэгэн эргэж ирсэн номлогчтой ярилцсан юм. Би түүнээс номлогч байсан үеийнх шигээ залбирч, Мормоны Номыг уншиж байгаа эсэхийг асуусан. Тэр Иосеф Смитэд итгэх итгэлээ алдсан учраас эдгээрийг хийхгүй байгаа гэж хэлэв.

Би түүнээс “Чи порнограф үзэж байгаа юу?” гэж асуух өдөөлтийг хүлээн аваад асуухад тэр тийм гэж хариулсан. Би итгэлээ алдсан нь гайхах зүйл биш байна гэж түүнд хариулав.

Гэрчлэл бол Ариун Сүнс бодгальд маань сайн мэдээний тухай мөн сэргээгдсэн Сүмийн тухай үнэнийг гэрчилж буй зүйл гэдгийг би тайлбарласан юм. Биднийг залбирахаа мөн судар судлахаа болих үед бидний амьдрал дахь Сүнсний нөлөө суларч, уруу таталтыг эсэргүүцэх хүч багасдаг. Бид нүгэл үйлдэж, цэвэр бус болсон үедээ Ариун Сүнсний нөхөрлөлийг бүрмөсөн алддаг. Сүнсний гэрч ирэхээ больсноор бид өөрсдөдөө гэрчлэл байхгүй мөн хэзээ ч байгаагүй гэдэг дүгнэлтэд маш хялбархан хүрдэг.

Бид гэрчлэлээ байнга арчилж тордох хэрэгтэй. Хувиараа залбирч, өдөр бүр судрыг, ялангуяа Мормоны Номыг судлан, амьдралынхаа турш Сүмд үйлчилснээр гэрчлэлээ арчилж торддог юм.

2 Амьд бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөг дага

Би та нарт аз жаргалтай гэрлэлт, итгэлтэй гэр бүл, амжилттай амьдралтай байхад тань туслах бошиглолын суу билэгт зөвлөгөөг хэлж өгье. Би “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг хэлж байна. 1995 онд Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гаргасан тунхгийн зарим нэг чухал хэсгийг би хуваалцмаар байна. Бид энэ ах нарыг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмждэг. Тэд дэлхий дээрх Бурханы хүүхдүүдэд хандан, Түүний өмнөөс ярьдаг юм.

Сүм зохион байгуулагдсан өдөр Бурхан бошиглогчдынхоо талаар “түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой” хэмээн хэлсэн. Биднийг бошиглогчдын зөвлөгөөг дагах үед Их Эзэн энэ дэлхийн болон мөнхийн адислалыг хоёуланг амладаг. “Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” (С ба Г 21:5–6).

Энэ нь энэхүү хүнд цаг үед өгөгдсөн үнэхээр гайхалтай адислал юм.

3 Ариун сүмд лацдан ХОЛБУУЛЖ, гэрээгээ сахь

Couple outside temple

Дээд талд: Филиппиний Манилагийн ариун сүмийн гадаа авахуулсан гэрэл зураг

Бошиглогч, үзмэрч, илчлэгчид “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” гэж тунхагладаг. Тэд мөн “Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд нь хувь хүн Бурханы оршихуйд эргэн очих, гэр бүлүүд мөнхөд нэгдэх боломжийг олгодог”1 гэж нэмсэн.

Та нарын энэ амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэр бол “зөв хүнтэй, зөв газарт, зөв эрх мэдлээр гэрлэн,”2 ариун сүмийн гэрээнүүдээ сахих явдал юм. Ариун сүмд лацдан холбогдохгүйгээр өргөмжлүүлнэ гэж байхгүй.

Хосууд өргөмжлүүлэхийн тулд “шинэ бөгөөд үүрдийн гэрээн[нд орж], [энэ нь] амлалтын Ариун Сүнсээр … тослогдсон түүгээр тэдэн дээр лацдагдах” ёстой. Хэрэв бид гэрээгээ сахих юм бол “хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, эзэгнэлүүд, бүх өндөрлөгүүд хийгээд гүнүүдийг өвлөх болно … тэрхүү алдар суу нь бүрэн дүүрэн мөн үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэл байх” (С ба Г 132:19; 7-р шүлгийг мөн үзнэ үү) болно.

Ариун сүмийн лацдан холболт нь ирэх амьдрал дахь мөнхийн адислалуудын амлалтыг багтаадаг ба энэ амьдрал дахь гэр бүлийн аз жаргалыг нэмэгдүүлдэг. Та нар Бурханы ариусгагдсан охид, хөвгүүдийн хувьд энэ цаг үед Бурханы хаант улсыг байгуулахаар дэлхий дээр ирэх гэрээнд орсон. Та нарын ариун сүмийн гэрлэлт нь хаант улсыг барих нэг хэлбэр юм.

4 Бурханы сүнсэн хүүхдүүдийг дэлхий дээр авчрахдаа Бурхантай нэгд

Family with child on bike

Гэр бүлийн тунхагт “Бурханы Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлиг нь эхнэр нөхрийн хувьд эцэг эх болох талаар байлаа. Өдгөө бид Бурханы хүүхдүүддээ өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээн өгсөн зарлиг хүчин төгөлдөр байгааг тунхаглаж байна” гэж гардаг.

Өнөөдрийн гэр бүлүүд, бүр ХҮГ гэр бүлүүд хүртэл хэдэн үеийн өмнөхөөс ам бүлийн тоогоор цөөн болсон байна. Бид хүүхдүүдийнхээ тоог хязгаарлаж эсвэл хойшлуулж байгаагаа зөвтгөх шалтаг үргэлж олж чадна. Жишээ нь, “Бид эхлээд сургуулиа төгсөх ёстой,” “Бид илүү их мөнгөтэй болохын тулд илүү сайн ажил олж хийх хэрэгтэй,” “Яагаад хүүхэдтэй болж, гэрлэлтээ уйтгартай болгох ёстой гэж?” гэх мэт асуултууд тавьж болно.

Та нар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлээр адислагдсан. Та нарт үр хүүхдүүддээ өвлүүлэх мөнхийн адислал бий. Хүүхдүүдээ дэлхийн бүхий л материаллаг зүйлээр хангах ёстой гэсэн бодолд битгий дарагдаарай. Та нарын хүүхдүүддээ өгөх хамгийн агуу бэлэг бол Бурханы хаант улс дахь бүхий л сүнслэг зүйл юм.

Та нар ханьтайгаа хамт залбирч, хүүхдүүдтэй болох талаар зөвлөлдөхдөө өөрсдийгөө язгууртан гаралтай өв залгамжлагчид гэдгээ санаарай. Шийдвэр гаргахдаа Бурханыг оролцуул. Энэхүү өв залгамжлах эрхээ Бурханы аль болох олон охин, хөвгүүнтэй хуваалцаарай. Бурхан тэднийг танай гэр рүү явуулахаар бэлдсэн байгаа. Эцэст нь хэлэхэд тэд таны хүүхэд болохоос бүр урьд Бурханы хүүхдүүд байсан.

Бурханд болон Түүний бошиглолын үгсэд итгэх итгэлээр, ямар нэгэн шалтаг тоочиж, хойшлуулалгүйгээр урагш алхаж, мөнхийн гэр бүлээ үүсгэ.

5 Порнографт эсвэл өөр ямар нэгэн ёс бус үйлд бүү оролц

“Хүүхдүүд гэр бүлийн дотор төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй” гэж гэр бүлийн тунхагт дурддаг.

Үнэнчээр сахих гэдэг нь хань ижилдээ бие махбод, оюун санааны хувьд үнэнч байна гэсэн үг юм. Порнограф, онлайн харилцаа зэрэг нь оюун санаагаараа үнэнч биш байхын жишээ юм. Эхнэр, нөхрүүд порнографт оролцсон үедээ ариун нандин, дотно итгэлийг сүйрүүлдэг. Гэм зэмгүй хань ижилд тань хууран мэхлэгдсэн мэт сэтгэгдэл төрнө. Гэрлэлтийн итгэл, найдвар буурдаг. Садар самуун явдал порнографыг үзсэнээс эхлэлтэй байдаг.

Ариун сүмд лацдан холбогдсон боловч порнограф болон нэгэн эмэгтэйтэй онлайнаар харилцсанаас болж гэр бүлээ алдсан эрэгтэйн бодол мэдрэмжээс би та бүхэнд хуваалцъя. Тэр “Хэрвээ Сатанд боломж өгөхгүй л бол тэр амьдралд маань нөлөөлөх хүчгүй байх болно гэсэн патриархын адислал дээрх үгсийг би сонсож дагаагүй юм. Би түүнд хангалттай их боломж өгсөн ба тэр алгуур, итгэлтэйгээр эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байсан амьдралыг маань устгахад тэрхүү хүчийг ашигласан юм. Би тэднийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж байсан, хайрлаж ч байгаа, хайрлах ч болно. Гэхдээ Сатанд амьдралыг минь сүйтгэ гэж өгсөн тэр хүчийг ялан дийлэхэд хайр дангаараа хангалтгүй байсан. Хэрвээ би Сүмийн сургаалуудыг сонсож, дагасан бол бидэнд энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд лацдан холбуулсан гэр бүлийн хувьд Тэнгэрлэг Эцэгтээ буцах арга замыг энэ сургаал олгох байлаа. Гэвч эцэст нь би тэгээгүй юм” гэж харууссан сэтгэлээр дурссан юм.

Ямар эмгэнэлтэй хэрэг вэ!

6 Гэр орондоо сайн мэдээг зааж, сайн мэдээний дагуу амьдар

Гэр бүлийн тунхаг бидэнд гэр орондоо хийх ёстой зүйлсийн талаар заадаг. “Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай гэрлэлт, гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарна.”

Эхнэр бид хоёр залуухан хос байхдаа өдөр бүр гэр бүлээрээ судар уншдаг хэвшлийг бий болгохын тулд ахин дахин хичээсэн юм. Хамгийн том хүүхэд маань долоон настай байхад бид үүнийг өдөр тутмын хэвшил болгож чадсан. Бид өглөө босоод хамгийн түрүүнд судар уншдаг ба уншсаныхаа дараа өдрийн турш итгэл дүүрэн явдаг байв. Хүүхдүүд маань тэр хэвшлийг дагаж эхэлсэн ба бага хүүхдүүд маань хангалттай том болсон үедээ судар унших дуртай болсон. Бид өглөө эрт хичээллэдэг семинараас болж 6 цагаас өмнө унших хэрэгтэй болдог байв.

Залуу хосууд өдөр бүр гэр бүлээрээ судар судлах, залбирах, хүүхдүүдээ номлолд болон ариун сүмийн гэрлэлтэд бэлтгэх зэрэг зөв шударга гэр бүлийн уламжлалуудыг бий болгож эхлэх үүрэг хариуцлагатай байдаг.

7 Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ эцэг, эхийн үүргээ хүндэтгэ

Family in Uruguay

Гэр бүлийн тунхаг хүүхэд өсгөх талаар зарим чухал зөвлөгөөг өгдөг. “Эх хүний үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү ариун үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.”

Зарим үед эцэг эхийн аль нэг нь хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхдээ арай илүү чадвартай юм шиг санагдаж болно. Энэ эрин үеийн бошиглогчид эхнэр, нөхөр гэрлэснээр хамтрагчид болж, гэр бүлтэй хамаатай бүх шийдвэрийг хамтдаа, эв нэгдэлтэй гаргах ёстой гэж ахин дахин заасан юм.

Эрх тэгш хамтрагчид бол эрх тэгш хамтрагчид л байх ёстой. Хамтдаа зөвлөлдөж, хамтдаа залбир. Хүүхдүүдээ өсгөх хамгийн үр дүнтэй аргыг мэдэхийн төлөө Сүнсээр удирдуул. Таны шийдвэр тэдний мөнхийн хувь заяанд нөлөөлөх болно.

8 Аврагчийг дагахаар сонгохын тулд ёс суртахууны сонгох эрхээ ашигла

Та нар 20 жилийн дараа эсвэл 20 зууны дараа хаана байх эсэх нь бүхэлдээ та нараас шалтгаална. Та нар сонгох эрх чөлөөтэй ч та нарын сонголтоос мөнхийн үр дагавар ирэх болно. Аврагчийн Цагаатгалын ачаар “тэд уналтаас гэтэлгэгдсэний учир тэд үүрдийн чөлөөт, сайныг муугаас ялгаж мэдэх болсон; өөрсдийн төлөө үйлдэх мөн Бурханы өгсөн зарлигуудын дагуу, агуу хийгээд эцсийн өдөр хуулийн шийтгэлээс бусдаар өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй болой.

Мөн тэд бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл чөтгөрийн хүч мөн боолчлолын дагуу, боолчлол болон үхлийг сонгох эрхтэй; учир нь тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө” (2 Нифай 2:26–27; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Сатан та нарыг хэн гэдгийг мөн хэн болохыг мэддэг учраас үзэн яддаг. Тэр та нарыг өөртэйгөө адил зовлонт болгохыг хүсдэг. Есүс Христ та нарт хайртай. Тэр та нарын нүглийн төлөөсийг төлсөн. Тэр та нарын төлөө Өөрийн амийг өгсөн. Тэр шаардлагатай бол та нарыг Өөр рүү нь ирж, наманчлахад урьдаг. Та нар Аврагчийг дагахыг сонгох үедээ “энэ амьдралд баяр баясгаланг, ирэх амьдралд мөнх амьдралыг”3 олох болно.

9 Эцсээ хүртэл тэвчих итгэлийг хөгжүүл

Family praying

Та нарыг Их Эзэнд хөрвөгдөхийн хэрээр итгэл тань хүчирхэгждэг. Бошиглогч Нифай “Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20) гэж заажээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсон саяхны чуулган дээр “Ирээдүй та нарын итгэл лүгээ адил гэрэл гэгээтэй байна”4 хэмээн хэлсэн юм. Энэ нь эцсээ хүртэл тэвчих мөн гомдох, хууран мэхлэх, гуньж гутрах зэрэг бэрхшээлүүдийг давах итгэлийг багтаадаг. Эцсээ хүртэл тэвчих та нарын итгэл хувь заяаг тань, бүр мөнхийн хувь заяаг тань тодорхойлно.

10 Өөрийнхөө хүслийг Бурханы хүсэлтэй нийцүүл

Илүү сайн хийх, илүү сайн болох, амьд бошиглогчдын зөвлөгөөг дагах хүслээр бодгалийг тань адислаасай хэмээн би Бурханд залбирдаг. Бурханы урьдчилан томилсон хүн болохын тулд та нарыг амлалтаа бататгах хүслийг мэдэрсэн байх гэж найдаж байна.

“Ах дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, … тэгээд ялалт өөд ахь ахь! … Тиймийн тул, бид Сүмийн хувьд болон хүмүүсийн хувьд, мөн хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөцгөөе” (С ба Г 128:22, 24-ийг үзнэ үү).

Энэхүү өргөл нь хувь хүнийхээ хувьд Бурханд өгч болох ямар өргөл байх вэ? Тэр та нараас энэ бэлгийг хэзээ ч шаардахгүй. Энэ нь өөрийнхөө хүслийг Их Эзэнийхтэй нийцүүлэх өргөл юм. Энэ нь хувийн золиослолын тахилын ширээн дээр сонгох эрхээ өргөл болгон өгөх явдал юм.

Энэ эрин үед эрт үеийн ах нарын бэлдэж байсан Итгэлийн тухай лекцүүдийн нэгэнд “Бүх зүйлээ золиослохыг шаарддаггүй шашинд амьдрал, авралд шаардлагатай итгэлийг бий болгох хангалттай хүч байдаггүй”5 гэж дурддаг.

Бурханд өргөл болгон өгч болох та нарт байдаг нэг зүйл бол та нарын сонгох эрх юм. Та нар сайн дураараа өөрсдийнхөө хүслийг Түүний хүсэлтэй нийцүүлснээр Түүнтэй адилхан болох болно.

Би Аврагчийн тухай гэрчлэлээр үгээ төгсгөе. Та нар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, өөрсдийнхөө хүслийг Бурханы хүсэлтэй нийцүүлэн, Түүний бошиглогчдын зөвлөгөөг дагаж, Сүнсний өдөөлтийг дагахын хэрээр итгэлтэй, аз жаргалтай, амжилттай байх болно.

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2010 оны 11-р сар, 129; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  2. Брүс Р.Макконки, “Agency or Inspiration?” New Era, 1975 оны 1-р сар, 38.

  3. Гордон Б.Хинкли, Caesar, Circus, or Christ? Brigham Young University Speeches of the Year (1965 оны 10-р сарын 25), 8; мөн Рассэлл М.Нэлсон, “Spiritual Capacity,” Ensign, 1997 оны 11-р сар, 16-г үзнэ үү.

  4. Томас С.Монсон, “Зоригтой бай,” 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99.

  5. Lectures on Faith (1985), 69.