2017
Залбирлын хариулт ирэхгүй байгаа юм шиг санагдах үед тавих таван асуулт
January 2017


Залбирлын хариулт ирэхгүй байгаа юм шиг санагдах үед тавих таван асуулт

Зохиогч нь АНУ-ын Нью-Йоркод амьдардаг.

Questions about prayer

Та хэзээ нэгэн цагт хэзээ ч биеллээ олохгүй юм шиг санагдсан зүйлийг залбирч, гуйж байсан уу? Та ганцаараа биш. Тэнгэрлэг Эцэг таны залбирлыг сонсож байгаа гэдэгт итгэж болно. Хариулт таны хүссэн цагт эсвэл хүссэн арга замаар ирэхгүй байж болох ч Тэнгэрлэг Эцэг хамгийн сайн арга замыг үргэлж мэддэг гэдгийг санах нь чухал юм.

Залбирлын хариултаа хүлээж авахдаа бэрхшээлтэй тулгарч байгаа үед өөрсдөөсөө асуух цөөн асуулт байдаг.

1 Би хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэхэд бэлэн үү?

Итгэлээр залбирах гэдэг нь таны хүссэн хариулт биш байлаа ч хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэхэд бэлэн байхыг хэлдэг. Бошиглогч Иосеф Смит нэгэн удаа “Чамд миний өгөх гэж буй заавруудыг хүлээн авч мөн дуулгавартай дагахад зүрх сэтгэлээ бэлтгэгтүн; учир нь энэхүү хууль өөрсдөд нь илчлэгдсэн тэд бүгд мөн үүнийг дуулгавартай дагах ёстой” (С ба Г 132:3) гэсэн зааврыг хүлээн авсан юм. Та ямар нэгэн үдэшлэгт оролцох хэрэгтэй эсэхийг залбирч асуухдаа (залбирлын хариулт ирээгүй байсан ч) ямар ч тохиолдолд дагахаар шийдэх үү?

2 Би чадах бүхнээ хийсэн үү?

Та найзуудтайгаа гадуур зугаалсан учраас шинжлэх ухааны шалгалтандаа бэлдээгүй гэж бодъё. Хэрэв та Тэнгэрлэг Эцэгээс зүгээр л нэг шалгалтандаа тэнцэхэд туслаач гэж гуйвал танд туслах болов уу?

Бид адислал авахын тулд өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг хийх хэрэгтэй. Харин та нар шалгалтандаа бэлдэх үедээ бэлтгэлийнхээ дагуу шалгалтаа сайн өгөхөд туслах хүч чадлын төлөө залбирч болно.

Онцгой хичээл зүтгэл гарган, номлогчийн ажлаа амжилттай хийсэн Мозаягийн хөвгүүдийн жишээг бодоод үз. “Тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа, мөн тэд зааж байхдаа Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр тэд зааж байв” (Алма 17:3).

3 Та ирсэн хариултыг үл тоомсорлосон уу?

Тэнгэрлэг Эцэг таныг сонсдог учраас аль хэдийнээ залбиралд тань хариулсан байх боломжтой! Сургаал ба Гэрээ 6:14-т “чи асуух тоолондоо, чи миний Сүнснээс заавар хүлээж авсан бөлгөө” гэж дурдсан байдаг. Заримдаа залбирал нь бусдын үйлдэл гэх мэт шууд биш арга замаар ирдэг учраас хариултаа олж харах сүнслэг нүдтэй байхын төлөө залбирч болно.

Мөн сонсох цаг гаргахаа бүү мартаарай. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт “[Тэнгэрлэг Эцэгийн] хариултууд өвдөг сөгдөн залбирах үед тань цөөхөн тохиолдолд л ирнэ. … Харин Сүнс зүрх сэтгэл, оюун санаанд тань хамгийн үр дүнтэй нөлөөлж чадах аниргүй намуухан үед таныг өдөөх болно” (“Using the Supernal Gift of Prayer,” Liahona, 2007 оны 5-р сар, 9) гэж тайлбарласан юм.

4 Миний хүсэл зөв шударга байна уу?

Та өөрийнхөө сайн сайхны төлөө биш ямар нэгэн зүйлийг гуйвал бараг л хариулахгүй болов уу. Аврагч “[Есүс Христийн] нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой” (3 Нифай18:19) гэж заасан ба энэ нь зөв зүйл гуйсан үед хариулт нь ирэх боломжтой гэдгийг харуулж болно. “Аврагчид миний хүсэж байгаа зүйл ямар санагдах бол?” гэж өөрөөсөө асуу. Хэрэв таны хүсэл амин хувиа хичээсэн байдалд эсвэл зөв шударга бус байдлын аливаа хэлбэрт суурилсан бол зүрх сэтгэлийн өөрчлөлтийн төлөө мөн Аврагч өөрийг чинь юу хүсээсэй гэж хүсэж байгааг мэдэхийн төлөө залбир.

5 Зөв цаг нь мөн үү?

Бидний гуйж байгаа зүйл зөв байх ёстой ба цаг хугацааны хувьд ч бас зөв байх ёстой. Тэнгэрлэг Эцэг бидэнд агуу төлөвлөгөө бэлдсэн байдаг ч бидний хуваарь заримдаа Түүнийхээс бага зэрэг өөр байдаг. “Миний үгс лавтай бөгөөд биелэгдэхгүй болох нь үгүй, … Гэвч бүх зүйл тэдний цаг үед тохиохоор ирэх ёстой” (С ба Г 64:31–32). Шархаа эдгэрэхийг хүлээх эсвэл алдсан хайртай амьтнаа олохын тулд дахиад бага зэрэг хүлээх нь таагүй санагдаж болно. Их Эзэний цаг заримдаа ирэх дэлхийд байдаг боловч Тэр таныг сонсож, туслах болно гэдэгт итгэлтэй байж болно.

Тэвчээр гаргахад, ялангуяа залбирлын хариулт тодорхой бус санагдаж байгаа үед тэвчээр гаргахад хэцүү байж болно. Гэхдээ та үнэн хүсэлтэйгээр асуух аваас хариултаа үргэлж олох болно гэдгийг мэдсэнээр хариултаа эрж хайхдаа зориг гаргаж чадна. “Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно” (Иеремиа 29:13).