Айлчлагч багшийн захиас бичиг
Халамжийн нийгэмлэгийн зорилго
Энэ материалыг залбирч судлаад, юу хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл.
Халамжийн нийгэмлэгийн зорилго бол “эмэгтэйчүүдийг мөнх амьдралын адислалд бэлтгэх явдал юм.1 Энэ нь итгэл, гэр бүл болон “Ажлын чухал хэсэг”-т бидний оруулдаг хувь нэмэр болох тайвшралаар дамжуулан хэрэгжинэ.”2
Халамжийн нийгэмлэг бол “материаллаг болоод сүнслэг ажил юм. Энэ бол Аврагчийн өдрүүдэд эмэгтэйчүүдийн хийж байсан ажил бөгөөд бидний үргэлжлүүлэн хийж буй ажил” гэж Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол М.Стэфэнс хэлсэн билээ.3
Худгийн дэргэд усны саваа орхиод, Есүсийг эш үзүүлэгч гэдгийг бусдад хэлэхээр гүйсэн эмэгтэй (Иохан 4:6–42-ийг үзнэ үү) эсвэл амьдралынхаа туршид бусдад баяр хөөртэй үйлчилж байсан Фойбе (Ром 16:1–2-ыг үзнэ үү) нарыг харвал бид Христ рүү очихоор идэвх зүтгэл гаргаж байсан Аврагчийн өдрүүдэд амьдарч байсан эмэгтэйчүүдийн жишээг олж харах болно. Тэр мөнх амьдрал руу очих бидний замыг нээж өгдөг юм (Иохан 3:16-г үзнэ үү).
Бид өөрсдийн байгууллагыг байгуулахын тулд 1842 онд Наувугийн Иллинойд Сара Кимбаллын гэрт цугларч байсан анхдагч эмэгтэйчүүдийн тухай бодох үедээ Халамжийн нийгэмлэгийг байгуулж, санваартай хамт нэг эгнээнд байхад зориулсан Бурханы төлөвлөгөө байгааг олж хардаг. Элиза Р.Снөү нэгэн үндсэн баримтыг бичсэн бөгөөд бошиглогч Иосеф Смит түүнийг хянан нягталжээ. Эмэгтэйчүүд зохион байгуулагдах хүртэл Сүм хэзээ ч төгс байгаагүй гэдгийг тэрээр ойлгосон аж. Бошиглогч Их Эзэн тэдний саналыг хүлээн авсан ч бас ямар нэгэн илүү сайн зүйл байгаа хэмээн хэлсэн. “… Би эмэгтэйчүүдийг санваарын удирдлаган доор санваартнуудын жаягаар зохион байгуулна” хэмээн тэрээр хэлжээ.4
Халамжийн нийгэмлэг бол ердөө л дэлхийд сайн сайхан үйлс бүтээхийг хүсэж буй өөр нэгэн бүлэг эмэгтэй биш юм. Энэ бол огт өөр зүйл. Энэ нь санваарын эрх мэдлээр зохион байгуулагдсан учраас ‘юунаас ч илүү сайн зүйл’ юм. Үүнийг байгуулсан нь газар дэлхий дээр Бурханы ажлыг дэлгэрүүлэхэд чухал алхам болсон.”5