2017
Сургаал ба Гэрээн дэх Эцэг, Хүү хоёрын тухай ойлголт
January 2017


Сургаал ба Гэрээн дэх Эцэг, Хүү хоёрын тухай ойлголт

Илчлэлтийн энэхүү ном нь Бурхан Тэргүүтэний талаарх алдагдсан үнэнийг болон бид хэрхэн Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёртой дахин хамт амьдарч болохыг илчилдэг.

First Vision

First Vision, Волтэр Рэйн; background © iStock/Thinkstock

Сайн мэдээний сэргээлт дэлхийд Бурхан Тэргүүтэний мөн чанар болон Тэдний зорилгын талаар илүү агуу мэдлэг өгдөг. Ийм мэдлэгтэйгээр Тэдэнд итгэх бидний итгэл өсөн, Тэдний зарлигуудыг сахих хүсэл маань нэмэгддэг.

Ялангуяа Сургаал ба Гэрээ “түүний бурханлиг чанар, түүний сүр жавхлан, түүний төгс чанар, түүний хайр, мөн түүний гэтэлгэгч хүч” (Сургаал ба Гэрээний удиртгал)-тэй холбоотой хүчирхэг үнэнийг заадаг учраас энэ нь Есүс Христийн талаар судлахад бидэнд тусалдаг. Орчин үеийн илчлэлтийн энэ ном нь “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун” (С ба Г 19:23) гэсэн Их Эзэний урилгыг агуулдаг. Энэ нь бидний Түүний талаарх ойлголтыг мөн Түүнтэй харьцах харилцаа ямар байх, биднийг цагаатгахын тулд юу хийсэн болон биднээс юу хүсэн хүлээж байгаа зэрэг ойлголтыг гүнзгийрүүлж чадна.

Бид Сургаал ба Гэрээнээс Есүс Христийн дуу хоолойг сонсож чадна

Joseph Smith

Иосеф Смит Аврагчаас олон илчлэлт хүлээн авсан.

Joseph Smith Jr. Receiving Revelation, Даниэл А.Льюс

Сургаал ба Гэрээ нь эртний судар биш боловч Иосеф Смит болон өнөө үеийн түүний залгамжлагчдад өгөгдсөн илчлэлтүүдийг агуулдаг. Есүс Христийн тэнгэрлэг дуу хоолой Эцэгийн төлөөлөгч ярьж буйн адил сонсогддог.1 Их Эзэн Есүс Христийн дуу хоолой Шинэ Гэрээ, Мормоны Ном, Агуу Үнэт Сувд зэрэг судруудаас илүү олон удаа Сургаал ба Гэрээн дээр цэдэглэгджээ.2

  • С ба Г 18:33–35 “Мөн бибээр Есүс Христ, та нарын Их Эзэн мөн та нарын Бурхан, үүнийг ярилаа. Эдгээр үгс нь хүмүүсийнх биш, харин минийх бөлгөө; … Учир нь тэдгээрийг та нарт ярьсан нь миний дуу хоолой болой.”

Сургаал ба Гэрээ Бурханыг харсан хүмүүсийн цэдгийг агуулдаг

Joseph and Oliver

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Көртландын ариун сүмд Есүс Христийг харсан.

The Lord Appears in the Kirtland Temple, Дэл Парсон

1820 оны Анхны үзэгдлээр Иосеф Смит хөвгүүн Эцэг, Хүүгийн оршин буй талаарх анхны мэдлэгийг олж авсан. Сургаал ба Гэрээ бошиглогч болон бусад хүний Эцэг, Хүүг үзэгдлээр эсвэл нүдээрээ харсан тухай нэмэлт тохиолдлуудыг цэдэглэжээ. Эдгээр цэдэг Тэднийг амьд, Тэд сайн мэдээний сэргээлтийг удирдан чиглүүлсэн гэх орчин үеийн гэрч болдог.

Сургаал ба Гэрээ Бурхан Эцэгийн талаар судлахад тусалдаг

Stephen being stoned

Үхтлээ чулуугаар цохиулсан Стефен Эцэг, Хүү хоёрыг харсан.

I See the Son of Man Standing on the Right Hand of God, Волтэр Пэйн

Бошиглогч Иосеф Смит “Биднийг Бурханы мөн чанарыг ойлгоод, Түүн рүү хэрхэн ирэхээ мэдэх үед Тэрээр бидэнд тэнгэрийг нээж эхэлдэг. Биднийг Түүн рүү ирэхэд бэлэн болох үед Тэрээр бидэн рүү ирэхэд бэлэн болдог” хэмээн заасан.3 Сургаал ба Гэрээ Тэнгэрлэг Эцэгийн мөн чанар, хандлага, зорилго зэргийг зааж, Түүн рүү улам илүү ойр очиход бидэнд тусалдаг.

  • С ба Г 20:12, 17–18 Бурхан Эцэг төгсөшгүй бөгөөд хувиршгүй.

  • С ба Г 76:20, 23 Эцэг, Хүү хоёр тусдаа салангид биес юм.

  • С ба Г 93:3–5 Эцэг, Хүү хоёр нэг юм.

  • С ба Г 130:22 Эцэг, Хүү хоёр мах хийгээд ясан биетэй.

  • С ба Г 138:3–4 Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хайртай учраас хүн төрөлхтөнийг аврахын тулд Хүүгээ илгээсэн юм.

Сургаал ба Гэрээ Есүс Христийн талаар судлахад бидэнд тусалдаг

Moses sees Jehovah

Иехова (Есүс Христ) Мосетэй нүүр нүүрээ харан ярилцсан.

Moses Seeing Jehovah, Иосеф Брики

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн бүх сүнсэн хүүхдийн Ууган нь юм. Мөнх бус амьдралын өмнөх амьдралд Есүс бүх мэдлэг, хүчийг эзэмшсэн байсан бөгөөд Эцэгийг төлөөлөн дэлхийнүүдийн Бүтээгч болсон. Их Эзэн Есүс Христ тэнгэрлэг хүчээрээ дамжуулан бүх бүтээлийнхээ гэрлийн эх сурвалж, амь амьдрал болдог юм. Сургаал ба Гэрээ Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний гүйцэтгэх үүргийг тодорхой болгосон.

  • С ба Г 93:21 Есүс Христ Бурханы бүх сүнсэн хүүхдийн Ууган нь билээ.

  • С ба Г 38:1–3 Есүс Христ энэ дэлхийг бүтээхээс өмнө бүх мэдлэг, хүчийг эзэмшсэн.

  • С ба Г 76:24 Есүс Христ Эцэгийг төлөөлж дэлхийнүүдийг бүтээсэн.

  • С ба Г 88:6–13 Есүс Христ бүх бүтээлийнхээ гэрлийн эх сурвалж, амь амьдрал юм.

  • С ба Г 45:11; 136:21, 22 Есүс Христ бол Хуучин Гэрээний агуу Иехова байсан.

  • С ба Г 43:34 Есүс Христ бол энэ дэлхийн аврагч юм.

  • С ба Г 18:11–13; 20:21–25 Есүс Христ зовж шаналан, цовдлуулж, амиа өргөөд, дараа нь амилсан.

  • С ба Г 29:10–12 Есүс Христ дэлхийд дахин ирэхдээ хүч, алдар суундаа ирэхээ амласан.

Сургаал ба Гэрээ Эцэг, Хүү хоёрыг биднээс юу хүсэн хүлээж байдаг талаар суралцахад бидэнд тусалдаг

Family reading scriptures

Орчин цагийн илчлэлтээр дамжуулан бид хэрхэн Эцэг, Хүү хоёртой илүү адил болох талаар суралцдаг.

Судрын өөр бусад номоос илүү Сургаал ба Гэрээ Эцэг, Хүү хоёртой хамт эргэн амьдрахын тулд буцаж очих, Эцэгт байгаа бүхнийг хүлээн авах, Тэдэнтэй адил болох гэх мэтээр мөнх амьдрал гэж юу болохыг энгийн байдлаар тайлбарласан. Мөн Есүс Христ хэрхэн Цагаатгалаараа дамжуулан энэ зүйлийг боломжтой болгодгийг мөн Түүний тогтоосон шаардлагуудыг биелүүлэхийн тулд бидний юу хийх хэрэгтэй байгааг хэлж өгдөг. Түүнчлэн бид Сургаал ба Гэрээнээс Есүс Христ бидэн шиг эхлээд бүрэн байдалд байгаагүй ч бүх хүч, алдар сууг олж авах хүртлээ ач ивээл дээр ач ивээл хүлээн авч байсан учраас Есүс Христийн жишээг дагана гэдэг нь ямар учир утгатай талаар суралцдаг.

  • С ба Г 1:32; 19:16–19; 58:42–43; 95:1–2 Аврагч наманчилдаг хүмүүст өршөөлийг санал болгодог.

  • С ба Г 20:37, 41, 72–74; мөн 33:11-ийг үзнэ үү. Бурхан Тэргүүтэн баптисм, Ариун Сүнсийг хүлээн авахад итгэж найддаг хүмүүсийг урьдаг.

  • С ба Г 84:19–21 Мeлкизедек санваарын ёслолуудаар дамжуулан бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.

  • С ба Г 93:12–14, 16–17 Есүс Христ бүрэн байдлыг хүлээн автлаа ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авсан.

  • С ба Г 20:30–31 Аврагч Өөрийг нь хайрладаг, Өөрт нь үйлчилдэг хүмүүст ач ивээл өгдөг.

  • С ба Г 35:2; 50:40–43 Бид Эцэг, Хүү хоёртой нэг болж чадна.

  • С ба Г 93:19–20 Бид Эцэгийн алдар суу, бүрэн байдлыг хүлээн авах боломжтой.

Сургаал ба Гэрээ сүнслэг мэдлэг олж авах загварыг өгдөг

Women praying

Судлах, залбирах нь сүнслэг мэдлэгийн цоожийг онгойлгодог.

Сургаал ба Гэрээ Эцэг, Хүү хоёрын тухай зааж, гэрчлэхээс гадна Их Эзэний ажлын талаар судлах, ойлгож авахын төлөө Тэнгэрлэг Эцэгээс асуух, Есүс Христийн зарлигуудыг дагаснаар Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх зэргээр Ариун Сүнсээр дамжуулан Бурхан Тэргүүтэний бүх гишүүний тухай сүнслэг мэдлэг олж авах загварыг өгдөг.

Гэрэл ба үнэнийг Их Эзэний үгийг дагаж амьдардаг хүмүүст амласан бөгөөд Бурхан Тэргүүтэний мөн чанар, Тэдний зорилгын талаар нарийн сайн судлах нь чухал юм. Энэ мэдлэг үнэний тухай сүнслэг ойлголт, итгэл үнэмшлийн төлөө шаргуу эрэл хайгуул хийхэд хүргэж болно. Энэ мэдлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг нэг бүрчлэн мэдэж, хайрладаг мөн мөнх амьдралаар адислахыг хүсдэг гэдгийг баталж өгдөг.

  • С ба Г 6:5; 76:5–10, 114–118 Тэнгэрлэг Эцэг хуваалцах мэдлэг, амлалтыг гуйгаасай хэмээн биднээс хүсдэг.

  • С ба Г 84:43–48 Эцэг биднийг Түүний үгийг хичээнгүйлэн анхааралтай сонсох үед заадаг.

  • С ба Г 88:118 Судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн.

Дүгнэлт

Joseph Smith preaching

Иосеф Смит Эцэг, Хүү хоёрын мөн чанар, зорилгыг илчилсэн

Иосеф Смит номлож байгаа нь, Сэм Ловлор

Сургаал ба Гэрээ Тэнгэрлэг Эцэг, Түүний Цорын Ганц Төрсөн Хүү Есүс Христийн мөн чанар, зорилгуудыг илчилдэг учраас Тэдэнтэй илүү ойртоход бидэнд тусалдаг. Бошиглогч Иосеф Смит “Бидний Бурханы зорилго бол агуу, Түүний хайр хэмжээлшгүй, Түүний мэргэн ухаан төгсөшгүй, Түүний хүч хязгааргүй учраас гэгээнтнүүд ‘энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ’ гэдгийг мэдээд, баярлах, баясгалантай байх шалтгаантай (Дуулал 48:14)” хэмээн дүгнэн хэлсэн.4

Эшлэлүүд

  1. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972) “Уналтаас хойших бүх илчлэлт нь Хуучин Гэрээний Иехова болох Есүс Христээр дамжин ирсэн байдаг” хэмээн тайлбарласан. Бүх сударт Бурханыг дурдсан, Бурхан үзэгдсэн тохиолдол бүр нь Иехова байсан. … Эцэг уналтаас хойш хүмүүнтэй шууд, өөрийн биеэр огт харьцаж байгаагүй бөгөөд Тэр Хүүг танилцуулж, мөн гэрчлэхээс бусдаар огт гарч ирээгүй байна (Doctrines of Salvation, эмхэтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–56], 1:27).

  2. Гордон Б.Холбрүк, “The Voice of Jesus Christ in the Doctrine and Covenants,” Ensign, 2013 оны 9-р сар, 40, 45 (note 2).

  3. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 40.

  4. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит, 39.