2017
Нэн тэргүүнд хийвэл зохих зүйлээ зохицуулах нь
January 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Нэн тэргүүнд хийвэл зохих зүйлээ зохицуулах нь

Би гэр бүлийн блог нээгээд тун удаагүй байхдаа блогоо шинэ мэдээгээр шинэчлэх, хэрхэн илүү бүтээлч байж, хүмүүсийн анхаарлыг татах вэ зэрэгт чөлөөт цагийнхаа ихэнхийг зориулж байгаагаа мэдсэн юм. Бусдын блогийг уншихад ч бас их цаг зарцуулж байв.

Хэдхэн долоо хоногийн дотор л блог хөтөлж явуулах нь миний өдөр тутмын судар судлах, бусад унших зүйлээс илүү чухал зүйл болсон байлаа. Би хичээлээ хийж байхдаа хичээлдээ анхаарч чадахгүй, унших ч нэг их хүсэлгүй, амьдралд минь Ариун Сүнс дутагдаж байгааг мэдэрсэн. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа тэвчээргүй зан гаргаж, тэдэнтэйгээ өнгөрүүлэх цагаа компьютер дээр сууж өнгөрүүлдэг болов.

Блог зөв зохисгүй байгаагүй ч энэ бүхний эцэст харахад гэр бүл, найз нөхөдтэйгээ харьцаа холбоотой байх нь үнэхээр сайхан арга зам юм. Гэхдээ би маш хүчтэй сүнслэг суурь болох зүйлсээсээ холдсон учраас ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг мэдсэн.

Би өдөр бүр блог руугаа орох хэрэггүй, бусдын блогийг ч бас өдөр болгон шалгаад байх хэрэггүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Зөвхөн судар судлах болон бусад унших зүйлээ хийснийхээ дараа л компьютер дээр чөлөөт цагаа зарцуулж болох юм гэж шийдэв. Хамгийн чухал гэсэн зүйлээ хийж дуусахад блог руугаа орох нэг их цаг үлдээд байдаггүй ч дажгүй байсан. Би хүүхдүүдээ асарч халамжлах, тэдэнтэйгээ тоглох, унших, судлах зэрэгт зарцуулж байгаа маш олон цагийг нөхөж олж авсан юм.

Хамгийн чухал зүйлээ зохицуулсан хэдхэн хоногийн дараагаас л би амьдралдаа Ариун Сүнсийг улам их мэдрэх болсон.

Би сүнслэг байдлаар надад тус нэмэр болох зүйлийг өдөр бүр хийхээ эн тэргүүнд тавихдаа Ариун Сүнсийг өдөр тутмынхаа зүйл дээр улам илүү их мэдрэх болно гэдгийг мэднэ. Судар судлах, Сүмийн сэтгүүл, бусад сайн уран зохиолын ном унших, мөнхийн асуудалд хамаатай зүйлсийн талаар эргэцүүлэн бодох зэрэг нь илүү сайн эхнэр, ээж, Их Эзэний Сүмийн илүү сайн гишүүн байхад тусалж чадна.