2017 оны Мючелийн сэдэв
Асуу
Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалтгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.
“Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.”
Яагаад энэ уриаг сонгосон бэ? Энэ уриа та нарын хувьд ямар утга учиртай вэ? Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стэфэн В.Өүэн ах, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон эгч нар үзэл бодлоо хуваалцаж байна.
Яагаад судрын энэ хэсгийг сонгосон бэ?
Оскарсон эгч: Их Эзэн та нарт ямар захиас хэрэгтэй болохыг мэддэг бөгөөд жилийн туршид гарч ирдэг асуудлуудын заримд уриа хэрхэн хариулт болдог мөн та нарын амьдралд тохиолдож байгаа зүйлд хэрхэн тохирдог гэдэг нь үнэхээр гайхамшигтай зүйл байдаг.
Биднийг Иаков 1:5–6-г энэ жилийн уриа байж болох талаар ярилцаж байхад Ариун Сүнс бидний өрөөг дүүргэж билээ. Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой учраас манай өсвөр үеийнхэнд агуу судар болно гэдгийг бид бүгдээрээ зөвшөөрсөн. Энэ нь Сүмийн түүхтэй холбоотой. Энэ бол Иосеф Смитийн уншсан, Ариун төгөл рүү очин залбирах сүнслэг өдөөлт өгсөн судар юм. Хоёр дахь том холбоо бол Иосеф Смитийн тэнгэрлэг номлолын тухай гэрчлэлийг хуваалцдаг явдал. Энэ бол түүний нэр хүндийн талаар болон Сүмийн түүхийн тухай дэлхийнхнийг эргэлзэнгүй асуусан үед хэрэгтэй зүйл юм. Энэ нь бас амьдралдаа хэрхэн хувийн илчлэлт хүлээн авч болох хүн бүрийн мэдвэл зохих захиас мөн.
Өүэн ах: Өнөөдөр та бүхний амьдралд олон зүйл тохиолдож байна. Та нарт олон асуулт байгаа. Бидэнд байгаа мэдээллийн бүх хэрэгслийг оруулаад итгэлийн талаарх асуултууддаа хариулт авах эх сурвалж олон байна. Энэ гол судар Иосеф Смитийн илчлэлт хэрхэн хүлээн авсныг харуулдаг бөгөөд энэ судар бидний мөрдөж болох загвар юм.
Өсвөр үеийнхэн Иаков 1:5–6-г хэрхэн өөрсөд дээрээ тусган аваад, ашиглаж болох вэ?
Оскарсон эгч: Энэ судар маш гайхамшигтай захиасыг агуулдаг. Судрын тэр хэсэгт “Ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг” (Иаков 1:6) хэмээн хэлсэн байдаг. Энэ нь яг таарсан судар юм. Та нар ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйх хэрэгтэй.
Өүэн ах: Итгэлээр гуйна гэдэг нь жинхэнэ хүсэлтэйгээр гуйх гэсэн утгатай. Иосеф Смит аль сүмд нэгдэх тухай хариултаа авахдаа “За, энэ мэдэхэд сайхан байлаа, гэхдээ …” гэж хэлээгүй, харин итгэлээр урагшилсан билээ.
Оскарсон эгч: Зөв шударга залбирал бол хүсэж байгаа зүйлээ гуйх биш, харин Бурханы юу хүсэж байгааг мэдэх явдал юм.
Та өсвөр үеийнхэнд амьдралдаа залбирлаа хэрхэн ашиглах талаар ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
Оскарсон эгч: Залбирахыг дадал хэвшил болго. Та үүнийг мартаж болохгүй. Та үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. Жаредын ах үүний нэгэн жишээг үзүүлсэн (Ифер 2:14-ийг үзнэ үү).
Өүэн ах: Залбирахаа хааяа мартах нэг хэрэг. Харин илүү түвэгтэй зүйл бол Бурханаас холдон, залбирахыг хүсэхгүй байх явдал юм. Танд залбирах хэрэггүй гэж бодогдсон үед л та залбирах хэрэгтэй. Хэрэв та залбирч, судраас уншиж байгаа бол Сүнстэй хөг нийлэх болно. Хэрэв эдгээрийг хийхгүй бол та өөрийгөө Сүнснээс холдуулж байна.
Оскарсон эгч: Бид Бурхантай шууд ярьж чадна. Тэрээр цагийн хязгаар тавьдаггүй. Бид үүнийг хийж чадна. Тэрээр үргэлж бидний төлөө байдаг гэдгийг мэдэх нь ямар сайхан бэлэг гээч.
Та учир утгатай арга замаар залбирахад суралцаж байсан уу?
Оскарсон эгч: Би ямар нэг тодорхой туршлагыг санахгүй байна. Энэ бол амьдралынхаа турш олж авсан зүйл юм. Залбирах нь миний өдөр тутмын хамгийн учир утгатай зүйлсийн нэг бөгөөд би тогтмол залбирч байхын тулд хүчин чармайлт гаргадаг. Би илүү сайн сонсдог, хариултаа авдаг болж байгаа. Бид үүнийг илүү их хийх тусмаа суралцан, илүү сайн болдог. Энэ бол ердөө өдөр болгон тууштай байж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярих боломжоо алдахгүй байхад анхаарах явдал юм. Бид олон залбирах тусмаа тэдгээрийн хариултыг улам сайн сонсдог болдог.
Өүэн ах: Би өсвөр насандаа нэг зүйлийг мэдэж авах маш их хэрэгтэй байсан юм. Тэр үед би Анхны үзэгдлийн тухай санаад, “Иосеф Смит үүнийг хийсэн” гэж бодож билээ. Надад гайхалтай үзэгдэл хэрэггүй ч хариулт хэрэгтэй. Тэгээд итгэлээр би тийнхүү тэр загварыг дагасан. Би өвдөг сөгдөн суугаад, толгойгоо бөхийлгөн, чанга залбирсан юм даг. Тэрхүү загварыг үргэлжлүүлэн дагаж байсан минь хувийн илчлэлт хүлээн авахад миний амьдралыг олонтоо адисалсан.
Энэ судраас өсвөр үеийнхний мэдэж болох хамгийн чухал зүйл юу вэ?
Өүэн ах: Би Иосеф Смитийн тогтоосон залбирлын загварыг өөр үгээр илэрхийлье. Арван дөрвөн настайдаа тэрээр ихэд эргэлзэж байсан учраас судраа уншсан. Анхны үзэгдэл бол Иосефын өвдөг сөхрөн суусан тэрхүү агшин зуурын үе биш юм. Өмнө нь маш их зүйл хийгдсэн байсан. Тэрээр асуултаа ахин дахин тунгаан бодсон. Тэрээр Иаков 1:5–6-г уншаад, “Судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хэзээ ч үгүй бөлгөө” (Иосеф Смит—Түүх 1:12) хэмээн хэлсэн. Тэр хэсэг түүний зүрх сэтгэлд агуу их хүчээр нэвтрэн орсон бөгөөд түүний дагуу үйлдсэн. Тэр үнэн сэтгэлээр залбираад, итгэлээр урагшилсан билээ. Яг л энэ зүйлийг та нар 2017 оны туршид энэ судраас мэдрэх боломжтой байгаасай хэмээн бид найдаж байна.