Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

Ажилд хэрхэн авдаг вэ

Ажилд хэрхэн авдаг тухай энэ ажилтны дүрслэн ярихыг сонс.

“Танилын сүлжээ үүсгэх, салбарынхаа гол хүмүүстэй холбогдох, харилцан холбоо байгуулахын оронд ажлын намтраа илгээхэд цагаа зориулдаг нь ажил хайж буй ихэнх хүний гаргадаг алдаа юм.

Ажилд элсүүлэгчийн хувьд би компанидаа өнгөрсөн жил 1000 орчим сул орон тоонд хүн авахад тусалсан. Дараах байдлаар ажилд хүн авдаг.

Бид ихэнх сул орон тоогоо нийтэд зарладаггүй. Харин ажилд авагч менежер аль хэдийн хэн нэгнийг авахаар бодсон эсвэл багийн гишүүн нь хэн нэгнийг түүнд санал болгосон байдаг. Тэр надтай холбоо барьж, ажилд авах хэн нэгнийг мэдэж байгаагаа мэдэгддэг бөгөөд би түүний хэлсний дагуу хийдэг.

Нийтэд зарлагдсан ажлын байрнуудад дор хаяж зуун хүн өргөдөл гаргах нь түгээмэл бөгөөд ажилд авагч менежерүүд надтай утсаар ярьж, ярилцлага хийхийг хүсэж байгаа тодорхой өргөдөл гаргагчдыг сонгохыг надаас хүсдэг. Тэдгээр нь тэдний таньдаг, тэдэнд санал болгосон эсвэл тэдэнтэй аль хэдийн холбоо барьсан хүмүүс байдаг. Тухайн менежер эдгээр хүнийг аль хэдийн таньдаг учраас тэд уг орон тоонд сайн тохирно гэдгийг мэддэг юм. Тийм хүмүүс ихэвчлэн ажилд ордог. Бид өргөдөл гаргагчдын ерөнхий сангаас хүмүүсийг ажилд авсан. Гэхдээ энэ нь ердөө 25 хувь байсан.

“Миний өгөх зөвлөгөө: танилын сүлжээ үүсгэ. Танилын сүлжээгээ өргөжүүл. Танилын сүлжээгээ хадгал. Шууд өөрөө эсвэл бусдаар дамжуулан ажилд авах шийдвэр гаргадаг хүмүүстэй холбоо тогтоо. Хэрэв ажил хайгчид үүнийг хийвэл тэд ажилтай болно.”

26-р хуудас руу буцаж оч.

Сагсан бөмбөг намайг ажилтай болгосон

Реубений Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга нь хэрхэн түүнийг танилын сүлжээгээрээ дамжуулан сайхан ажилд орох боломж олгосныг уншицгаая.

“Би үргэлж шаргуу ажилтан байсан. Заримдаа энэ нь хангалтгүй байдаг байв. Цомхотголоор ажилгүй болсон ч би шаргуу ажилтан учраас ажил амархан олно гэж бодож байсан. Гэтэл миний хувийн мэдээлэлд хэд хэдэн саад болох зүйл байсан нь ярилцлагад уригдахад хүндрэлтэй болгосон юм. Би өргөдөл өгөхөөс цааш гарч чадахгүй юм шиг санагдаж байлаа. Хэдэн долоо хоног өнгөрч, би сэтгэлээр унаж, урам зориг мохов. Тэр үед би танилын сүлжээний талаар ойлгож мэдсэн байсан бөгөөд үүнийг ажилд орох боломжтой болгох түлхүүр гэж бодсон. Би Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа ахин дахин давтан хийсэн бөгөөд хүн бүртэй ярьж, барилгын удирдлагын ажил хайж байгаагаа, ямар ямар ур чадвар, туршлагатай болохоо хэлж байв.

Нэгэн орой би хэсэг найзтайгаа сагсан бөмбөг тоглож байлаа. Би тэднийг их олон хүн таньдаг мөн надад ажил олоход тусалж магадгүйг ойлгоод, Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа тэдэнтэй хуваалцав. Тэдний нэг нь өөрийнхөө эхнэрийг барилгын компанид ажилладаг гээд, түүн рүү ажлын намтраа илгээ гэж хэлсэн нь намайг гайхшируулсан билээ. Би ажлын намтраа илгээж, дараа өдөр нь түүнтэй холбогдож лавласан юм. Тэр өөрийн харьяалагддаг барилгын групп рүүгээ миний ажлын намтрыг явуулахаа хэлэв. Хэд хоногийн дараа би танихгүй эрэгтэйгээс утасны дуудлага хүлээн авав. Түүнд миний ажлын намтар байсан бөгөөд тэр надтай ярихыг хүсэж байлаа. Тэр хүн барилгын томоохон компанийг удирддаг байсан. Ингээд эцэст нь би сайхан ажилтай болов. Миний ажлын байр хэзээ ч нийтэд зарлагдаагүй байсан бөгөөд танилын сүлжээгээрээ дамжуулан хоёр, гурван шат дээгүүр хүмүүстэй холбогдсоноор олдсон юм. Хэрвээ би ам нээж, Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа хуваалцаагүй байсан бол ийм боломж надад хэзээ ч олдохгүй байх байсан. Хүн бүрд танилын сүлжээ байдаг. Ажил хайж байгаагаа танилын сүлжээгээ ашиглан олонд түгээ.”

32-р хуудас руу буцаж оч.