Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

ДАДЛАГАЖИХ ярилцлагын жишээ

Дүрээ сонгоод, дараах түүхийг жүжигчлэн үзүүл. Бүлгийн хүний тооноос хамааран, та хэд хэдэн дүрд тоглож магадгүй.

  • Өгүүлэгч

  • Зохицуулагч

  • Дэвид (Ярилцлага авч байгаа хүн)

  • Жэннифэр (Ажил хайж буй хүн)

  • Бүлгийн гишүүн 1

  • Бүлгийн гишүүн 2

  • Бүлгийн гишүүн 3

Та бие даах чадвар хөгжүүлэх бүлэг ярилцлагын давтлага үйл ажиллагаа хийх гэж байгааг харж байна гэж төсөөл.

Зохицуулагч: Ярилцлагын давтлагаа эхлэхэд бидэнд ярилцлага авч байгаа хүн, ажил хайж буй хүн болох хоёр хүн хэрэгтэй юм байна. Сайн дураараа оролцох хүн байна уу?

Дэвид: Би энэ удаа ярилцлага авч байгаа хүн болохыг хичээе.

Жэннифэр: Би ажил хайж буй хүн болъё. Хамгийн түрүүнд тоглосон нь дээр байх.

Зохицуулагч: Гайхалтай. Урд гарч ирэхээсээ өмнө, Жэннифэр, та ямар ажил сонирхож байгаагаа бидэнд товч хэлж болох уу?

Жэннифэр: За, тэгье. Би орон нутгийн банкинд теллерийн ажил сонирхож байна.

Зохицуулагч: Баярлалаа. Одоо дадлага ярилцлагаа эхлэхээр та хоёр хоёулаа урд гарч ирнэ үү. Дэвид, та ярилцлага авагчийн хувьд дагах түүх, жишээ асуултууд байгааг санаарай.

Үргэлжлэл нь дараагийн хуудсанд.

Дэвид (ярилцлага авч байгаа хүн): Жэннифэр, тавтай морил. Тантай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Сууна уу.

Жэннифэр (ажил хайж буй хүн): Баярлалаа.

Дэвид (ярилцлага авч байгаа хүн): Жэннифэр, та эхлээд өөрийнхөө талаар бага зэрэг ярина уу?

Жэннифэр (ажил хайж буй хүн): Дуртайяа. Би харилцагчидтай ажиллахдаа үргэлж дуртай байдаг. Харилцагчдын үйлчилгээний зургаан жилийн туршлагатай. Үүний гурван жилд нь өөр нэгэн санхүүгийн байгууллагад ажилласан. Урьд нь ажиллаж байсан ажил бүрдээ найдвартай, нягт нямбай байдлаараа богино хугацаанд танигдаж, нэр хүндтэй болж байсан. Тухайлбал, ABC Банкинд ажилд ороод дөнгөж сар болж байхдаа өдөр тутмын аудит хийх үүрэг хүлээж авч байсан. Түүнчлэн би нягтлан бодох бүртгэлийн 2 жилийн дипломын зэрэгтэй. Миний туршлага, ур чадвар танай шаардлагад сайн тохирно гэдэгт би итгэлтэй байна.

Дэвид (ярилцлага авч байгаа хүн): Баярлалаа. Та шийдвэрлэсэн нэг асуудлынхаа талаар ярьж болох уу?

Жэннифэр (ажил хайж буй хүн): За. Намайг ABC Банкинд теллер байхад нэг удаа ажлын бус цагаар хийгдсэн орлогыг бүртгэхэд хэдэн мянган доллар дутсан. Үүнийг дахин хоёр удаа шалган тоолсон. Манай орлого хэзээ ч ийм их зөрүүтэй гарч байгаагүй юм. Би бусад теллертэй яриад, тэдний гүйлгээг баталгаажуулах явцыг дүрмийн дагуу хийж, нэг теллерийн гаргасан алдааг илрүүлсэн. Бид хамтдаа ажиллаж, тэрхүү алдааг хурдан засаж залруулсны дүнд орлогын тэнцлийг барьж чадсан. Энэ явдал уг теллерийн хувьд суралцах боломж байсан. Асуудал шийдвэрлэх ур чадвар маань энэ банкинд ч бас тус болно гэдэгт би итгэж байна.

Дэвид (ярилцлага авч байгаа хүн): Баярлалаа. Та хамгийн сүүлийн ажлаасаа яагаад гарсан бэ?

Үргэлжлэл нь дараагийн хуудсанд.

Жэннифэр (ажил хайж буй хүн): Тэр талаар асуусанд баярлалаа. ABC Банкинд ажиллахдаа би дуртай байсан бөгөөд үнэ цэнтэй туршлага олж авсан. Би боловсролоо дээшлүүлэхээр саяхан энэ бүс нутагт шилжин суурьшсан тул ажлаасаа гарах хэрэгтэй болсон. Гэхдээ, би эргэж ажиллан, ур чадвар, туршлагаа дахин ашиглах боломж олсондоо их баяртай байна. Би энд нэлээн хэдэн жил ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Таны асуултад хариулж чадсан болов уу?

Дэвид (ярилцлага авч байгаа хүн): Тийм ээ. Танд баярлалаа. Жэннифэр, танд надаас асуух ямар нэгэн асуулт байна уу?

Жэннифэр (ажил хайж буй хүн): Байна. Энэ ажлын ердийн нэг өдөр ямар байдгийг надад хэлж болох уу?

Дэвид (ярилцлага авч байгаа хүн): Болно. Та ихэнх цагаа манай харилцагчидтай харьцаж өнгөрүүлэх болно. Бидэнд өдөр бүр банкинд орж ирдэг харилцагчид байдгаас гадна автомашинаасаа буулгүй үйлчлүүлдэг хүмүүс ч байдаг. Мөн та гүйлгээний данс эсвэл зээл гэх мэт санхүүгийн бусад бүтээгдэхүүнийг сурталчлахад тусална. Таны өөр нэг өдөр тутмын үүрэг бол түрүүнд дурдсан орлогын тэнцэл.

Жэннифэр (ажил хайж буй хүн): Баярлалаа. Харилцагчидтай ажиллах нь өмнөх ажлын маань дуртай зүйлсийн нэг байсан.

Дэвид (ярилцлага авч байгаа хүн): Сайн байна. Танд өөр асуулт байна уу?

Жэннифэр (ажил хайж буй хүн): Байхгүй. Тантай уулзах боломж олгосонд баярлалаа. Танаас хариу сонсохоор хүлээх болно.

Дэвид (ярилцлага авч байгаа хүн): Надад ч бас тантай уулзахад таатай байлаа. Бид холбогдох болно. Танд баярлалаа.

Өгүүлэгч: Дэвид, Жэннифэр хоёр тайвширч, амьсгаа аван, эргэж хараад, бүлгийн бусад хүн рүү инээмсэглэнэ. Бүлгийнхэн нь тэдэнд баяр хүргэж, алга ташина.

Жэннифэр: За, хүмүүс ээ, би хэр байсан бэ?

Үргэлжлэл нь дараагийн хуудсанд.

Бүлгийн гишүүн 1: Жэннифэр, таныг би олон зүйлийг зөв хийсэн гэж бодсон. Жишээ нь, Дэвид танаас өөрийнхөө тухай ярихыг хүсэхэд та Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа амжилттай ашиглаж хариулсан. Энэ нь уг ажилтай холбоотой байсан бөгөөд хэт урт эсвэл хэт богино биш байсан. Та бүр өөрийгөө итгэл хүлээж болохуйц хүн гэдгээ харуулах богино жишээг хуваалцсан. Сайн байлаа!

Жэннифэр: Нээрэн, би тэгсэн юм байна. Баярлалаа. Өөр хэлэх зүйл байна уу?

Бүлгийн гишүүн 2: Асуудлыг шийдвэрлэх талаарх Дэвидийн асуултад та давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглан хариулсан нь надад таалагдсан. Орлогын асуудлыг шийдвэрлэсэн жишээгээ хуваалцсан. Гэхдээ шийдвэрлэхэд илүү хэцүү байсан асуудлын жишээ танд байсан болов уу гэж би бодож байсан. Орлого түгээмэл тохиолддог асуудал байсан уу?

Жэннифэр: Чиний зөв! Банкны шаардлагатай холбоотой ч орлогын асуудал түгээмэл гардаг асуудал. Би ийм асуултад дахиж хариулж магадгүй тул давуу талуудын тухай тодорхойлолтондоо илүү хэцүү асуудал оруулах болно. Сайхан санаа байна. Та нарт өөр санал зөвлөгөө байна уу?

Бүлгийн гишүүн 3: Сүүлийн ажлаасаа гарсан тухай ярихдаа сөрөг зүйлийг эерэг болгосон нь сайн байсан. Ажил олгогч таныг тэднийд хэр удаан ажиллах юм бол гэж санаа зовниж байсан гэдэгт би итгэлтэй байна. Та тэнд нэлээн хэдэн жил болох төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн нь тэдний санааг амраахад тусалсан гэж би бодож байна.

Жэннифэр: Баярлалаа.

Дэвид: Та нэг зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэйг би анзаарсан.

Жэннифэр: Аан, за. Тэр нь юу байсан бэ?

Үргэлжлэл нь дараагийн хуудсанд.

Дэвид: Ярилцлагын төгсгөлд би танд асуулт байгаа эсэхийг лавлахад тавьсан таны эхний асуулт сайн байсан. Гэхдээ та хариугаа хэрхэн мэдэх эсвэл ажил олгогч хэзээ хэрхэн шийдвэр гаргах талаар асуугаагүйг чинь би ажигласан. Хариугаа хэрхэн мэдэх талаар асуухыг хичээх хэрэгтэй гэж ярилцлагыг үр дүнтэй дуусгах хэсэгт зөвлөсөн байсныг би санаж байна. Тэднээс хариу сонсохыг зүгээр нэг хүлээхийн оронд өөрсдөө хариуцлагатай байх боломжийг энэ нь олгодог.

Жэннифэр: Чи зөв хэллээ! Би нэг зүйл асууна гэж байснаа санасандаа баяртай байсан болохоор тэр асуултыг таг мартсан байна. Би үргэлжлүүлэн дадлага хийх хэрэгтэй юм байна. Өөр хэлэх зүйл байна уу?

Бүлгийн гишүүн 1: Дэвид рүү талархлын ил захидал тэр даруй илгээхээ бүү мартаарай!

Жэннифэр: Сайхан санаа. Одоо би ярилцлага авч байгаа хүн болно. Би дараагийн хүнийг сонгоно. Оливиа, та гарч ирмээр байна уу? Би сайхан хандахаа амалж байна!

134-р хуудас руу буцаж оч.

Ажил хайж буй хүн

Та өнөөдөр авчирсан ажлын зар дээр байгаа эсвэл сонирхож байгаа ажлынхаа ярилцлагад орж байгаа дүр үзүүл.

  • Ярилцлагаа эхлэхээс өмнө тухайн ажлын товч тодорхойлолтыг бүлгийнхэнтэйгээ хуваалц.

  • Түүний дараа ярилцлага авч байгаа хүн тантай мэндчилж, ярилцлагыг эхэлнэ.

  • Ярилцлага авагчийн асуултуудад ярилцлагын ур чадвараа ашиглан хариул.

  • Давтлагаа хийж дуусаад, бүлгийнхнээсээ санал зөвлөгөө асуу.

  • Санал зөвлөгөөг ярилцсаны дараа, ярилцлага авагчийн дүрд тоглож, ярилцлагад орох дараагийн хүнийг сонго.

Ярилцлага авагчийн дүрд хэрхэн тоглох заавар авахыг хүсвэл, 144-р хуудас руу оч.

Санал бодлоо хуваалцах бүлгийн дүрд хэрхэн тоглох заавар авахыг хүсвэл, 145-р хуудас руу оч.

134-р хуудас руу буцаж оч.

Ярилцлага авч байгаа хүн

Ажил хайж буй хүн бүлгийнхэнд ажлаа дүрсэлж хэлсний дараа, энэ зааврыг дага.

  • Ярилцлага авч буй хүнтэй мэндчилж, гар бариад, ажил хайж буй хүнийг суухыг хүс. Суу. Ярилцлагад ирсэнд нь түүнд таларх.

  • 1-р асуултыг тавь. “Өөрийнхөө талаар бага зэрэг ярина уу.”

  • 2-р асуултыг тавь. (доор байгаа “Ярилцлагын асуултын жишээ” жагсаалтаас нэг асуулт сонго.)

  • 3-р асуултыг тавь. (доор байгаа “Ярилцлагын асуултын жишээ” жагсаалтаас нэг асуулт сонго.)

  • 4-р асуултыг тавь. “Танд надаас асуух ямар нэгэн асуулт байна уу?” (Ажил хайж буй хүний асуултын хариултыг өөрөө зохиож болно.)

  • Цаг гаргасанд нь ажил хайж буй хүнд таларх. Та ажил хайж буй хүнд гаргасан шийдвэрээ хэлэхээр холбогдохоо мэдэгд.

Ярилцлагын асуултуудын жишээ

  • Удирдагчтай санал зөрөлдсөн болон түүнийгээ хэрхэн шийдвэрлэсэн нэг тохиолдлоо ярина уу.

  • Та шийдвэрлэсэн нэг хүнд асуудлынхаа талаар ярина уу.

  • Таны давуу тал юу вэ?

  • Таны мэргэжлээрээ гаргасан хамгийн сайн амжилт юу вэ?

  • Ажил дээр танд тохиолдсон нэг бүтэлгүйтэл болон тэр явдлаас юу сурснаа ярина уу.

  • Та ямар төрлийн удирдагчтай хамгийн сайн ажилладаг вэ?

  • Таныг амжилттай байхад туслах юуг та ажил олгогч биднээс хүсэн хүлээдэг вэ?

  • Та яагаад энэ ажилд орохыг хүсэж байгаа вэ?

  • Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?

  • Таныг энэ албан тушаалд юу тэнцэхээр болгож байна вэ?

  • Таны хамгийн сул тал юу вэ?

  • Та сүүлийн ажлаасаа яагаад гарсан бэ? Эсвэл та яагаад одоогийн албан тушаалаа орхих гэж байгаа вэ?

Ажил хайж буй хүний дүрд хэрхэн тоглох заавар авахыг хүсвэл, 143-р хуудас руу оч.

Санал бодлоо хуваалцах бүлгийн дүрд хэрхэн тоглох заавар авахыг хүсвэл доор байгаа хэсгийг үзнэ үү.

134-р хуудас руу буцаж оч.

Санал зөвлөгөө өгөх бүлэг

Таны үүрэг бол санал бодлоо хуваалцах явдал юм.

  • Ажил хайж буй хүн хэрхэн оролцохыг ажигла. Юуг сайн хийж байгаа болон юуг сайжруулж болохыг хар. Доор байгаа санаанууд танд юуг анхаарч харахаа мэдэхэд тусална.

  • Ярилцлагын төгсгөлд, ажил хайж буй хүнийг санал зөвлөгөө хүсэхэд нь та ажигласан зүйлээ хуваалц.

Санал зөвлөгөөний санаанууд

  • Тухайн хүн ярилцлага авагчтай мэндчилж, гар барьж, анхны сайхан сэтгэгдлийг төрүүлсэн үү?

  • Ажил хайж буй хүний биеийн хэлэмж ярилцлагын турш ямар байв?

  • Ажил хайж буй хүн Өөрийнхөө тухай 30 секундад танилцуулгаа ашигласан уу? Танилцуулга нь уг ажилтай холбоотой байсан уу? Хэт урт эсвэл хэт богино байсан уу?

  • Ярилцлагын асуултад хариулахдаа ажил хайж буй хүн давуу талуудын тухай тодорхойлолтоо ашигласан уу?

  • Сөрөг зүйлийг эерэг болгох боломж байсан уу? Ажил хайж буй хүн үүнийг хэрхэн хийсэн бэ?

  • Ажил хайж буй хүн төгсгөлд нь асуулт тавьсан уу?

  • Ажил хайж буй хүн дараагийн алхмууд юу болохыг болон хариугаа хэрхэн мэдэхийг тодорхой асуусан уу?

Ажил хайж буй хүний дүрд хэрхэн тоглох заавар авахыг хүсвэл, 143-р хуудас руу оч.

Ярилцлага авагчийн дүрд хэрхэн тоглох заавар авахыг хүсвэл, 144-р хуудас руу оч.

134-р хуудас руу буцаж оч.

Дадлага хийснээр ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ТӨГС БОЛГОЖ ЧАДНА

Хэнри ярилцлагадаа амжилттай оролцоход нь түүний хийсэн дадлага хэрхэн тусалсан талаар хуваалцав.

“Би ажилд орохын тулд ярилцлагын таван үе шатыг давсан. Үе шат бүр хэцүү байсан ч би бэлтгэлтэй байв. Анхаарал төвлөрөхөө болих, эсвэл өөрийнхөө тухай чухал мэдээллийг орхигдуулахад хялбар байж болох ч би бэлтгэсэн … бүр хэт их бэлтгэсэн байсан гэхэд болно! Ярилцлагын заримыг утсаар, видеогоор хийж, хамгийн сүүлийнхэд өөрийн биеэр оролцсон. Ярилцлага тус бүрд бэлтгэхдээ би бусадтай хамт давтсан. Би ярилцлага авагчийн асууж болох асуултуудыг тэдэнд өгдөг байсан ба тэд асуулт тавьж, намайг ямар хариу үйлдэл үзүүлэхийг хардаг байв. Жинхэнэ ярилцлагад орох цаг болоход би бараг асуулт бүр дээр дадлага хийсэн байсан. Энэ нь миний өөртөө итгэх байдалд асар том өөрчлөлт авчирсан юм. Би Өөрийнхөө тухай 30 секундэд, давуу талуудын танилцуулга, бусад ур чадваруудыг ашигласан ба тэдгээр нь намайг бусдаас ялгарахад тусалсан гэдгийг би мэднэ. Би урьдын амжилтуудаа болон ачаалал дааж сайн ажилладаг болохоо харуулсан учраас намайг тэднийд сайн ажиллана гэдгийг уг компани ойлгосон.

Бэлтгэлийн минь хамгийн чухал зүйлийн нэг бол залбирал. Би Тэнгэрлэг Эцэгээс надад бэлтгэлтэй, тайван байхад туслахыг гуйсан. Би хийх зүйлээ дадлагаараа дамжуулан хийсэн ба итгэлээ харуулсан учраас Тэр надад тусалсан гэдгийг мэднэ. Би дадлагадаа болон ярилцлагын бэлтгэлдээ хичээл зүтгэл гаргасан учраас амжилтад хүрсэн гэдгээ мэднэ.”

135-р хуудас руу буцаж оч.