“10-р хичээлийн багшийн материал: Их Эзэний амьд бошиглогчийг дагах нь,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“10-р хичээлийн багшийн сургалтын материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
10-р хичээлийн багшийн материал
Их Эзэний бошиглогчдыг дагах нь
Сэргээгдсэн сайн мэдээний үндэс болсон үнэн бол Их Эзэн Өөрийн таалал, сургаалыг Өөрийн хүмүүст илчлэхийн тулд амьд бошиглогчдыг дуудсаар байгаа явдал юм. Энэ хичээл нь дуулгавартай, итгэлтэй байснаар Их Эзэний бошиглогчдыг дагах итгэл үнэмшлийг нь бэхжүүлэхэд туслах зорилготой.
Заах зөвлөмж
Их Эзэн гэгээнтнүүдэд бошиглогчдын үгсэд анхаарал тавихыг зарлигласан.
Сүмийн ерөнхийлөгчийн зургийг үзүүлээд, энэ зургийг харахад тэдэнд ямар сэтгэгдэл төрж байгааг асуу.
Бэлтгэх материалд оруулсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын хэлсэн дараах мэдэгдлийг харуул.
Бошиглогчидтой байгаа нь Бурханы хүүхдүүдээ гэх хайрын илрэл юм. (Үлиссэс Соарэс, “Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг,” Ensign, 2018 оны 5-р сар, 99 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124)
-
Амьд бошиглогчид ямар байдлаар Бурханы Өөрийн хүүхдүүдийг гэх хайрын илрэл байдаг вэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгээс сурсан зүйлээ эргэн санахад урамшуулан дэмж.)
Сүмийг зохион байгуулсан өдөр бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс Өөрийн Сүмийн гишүүдэд хандан өгсөн зарлиг, амлалт бүхий илчлэлтийг хүлээн авсныг тайлбарла. Суралцагчидтай хамт Сургаал ба Гэрээ 21:4–5-ыг уншаад, Их Эзэн Сүмийн гишүүдэд юу хийхийг зарлигласныг олж мэд.
-
Бид Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зарлигаас ямар үнэнийг тодорхойлж болох вэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, Бошиглогчийн үгсийг Өөрийнх нь амнаас гарсан мэтээр тэвчээртэй, итгэлтэй хүлээн авахыг Их Эзэн бидэнд зарлигласан гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойл.)
-
Яагаад бошиглогчийн үгсийг хүлээн авч, анхаарал тавихад заримдаа тэвчээр, итгэлийг шаарддаг вэ?
Суралцагчдыг ангиараа эсвэл жижиг бүлгүүдээр дараах нөхцөл байдлыг уншаад, доорх асуултуудыг ярилцахад урь. Үүнд:
Саяхан болж өнгөрсөн Ерөнхий чуулганы талаар найзтайгаа ярилцаж байх үеэр найз тань Сүмийн удирдагчдын заасан нэг зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа чамд хэлжээ. “Бошиглогчийн заасан зүйлтэй санал нийлэхгүй бол би юу хийх ёстой вэ?” гэж тэр асуув.
-
Яагаад энэ нь Сүмийн гишүүний хувьд хүнд асуудал байж болох вэ?
-
Түүнийг асуудлаа шийдвэрлэхийг эрэлхийлэхдээ тэвчээртэй, итгэлтэй байхад урамшуулан дэмжихийн тулд та найзтайгаа юу хуваалцаж болох вэ? (Шаардлагатай бол суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ дахин бодож, эргэн харахад урамшуулан дэмж.)
-
Их Эзэний бошиглогчдыг тэвчээртэй, итгэлтэй дагахад танд юу тусалсан бэ? Эсвэл (бэлтгэх материалын 2-р хэсэгт заасны дагуу) та энэ асуултын талаар ярьсан гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа юу сурсан бэ?
Биднийг Их Эзэний бошиглогчдын үгсэд тэвчээртэй, итгэлтэйгээр анхаарал тавих үед … гэсэн бүрэн бус зарчмыг самбарт бич (эсвэл үзүүл).
Суралцагчидтай хамт Сургаал ба Гэрээ 21:6-г уншаад, Их Эзэний бошиглогчдыг тэвчээртэй, итгэлтэй дагасан тохиолдолд Түүний өгөхөөр амласан адислалын талаар олж мэд.
-
“Тамын үүд та нарыг дийлэх нь үгүй” мөн Их Эзэн “харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхны төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” гэсэн нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (Суралцагчдын хариултыг самбарт, дутуу бичсэн мэдэгдлийн доор бич.)
-
Биднийг харанхуй хүчнээс хамгаалж, сайн сайхны төлөө тэнгэрийг чичрүүлэхэд тусалж болох Их Эзэний бошиглогчдын сүүлийн үеийн ямар ямар сургаал байгаа вэ? (Хуваалцах хэд хэдэн жишээ бэлдэх талаар бодож үз.)
-
Бошиглогчдын зөвлөгөөг тэвчээртэй, итгэлтэй дагахад бэлэн байснаар та эдгээр адислалын заримыг хэзээ авсан бэ?
Их Эзэний бошиглогчдыг илүү их тэвчээртэй, итгэлтэй байж дагахын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох хугацааг суралцагчдад гаргаж өг. Үүнд сүүлийн үеийн бошиглолын урилга, зөвлөгөөг илүү бүрэн дагахын тулд юу хийж болохоо бодох зэрэг нь байж болох юм. Суралцагчдыг төрсөн бодол санаа, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд урь. Тэднийг Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлтийнхээ дагуу үйлдэхэд урамшуул.
Их Эзэний бошиглогчид Сүмийг төлөөлөн илчлэлт хүлээн авч, сургаал тунхагладаг.
Бэлтгэх материалыг судалж байхдаа уншсан Хайрам Пейж болон түүний чулууны тухай түүхийг эргэн санахыг хүс.
-
Хайрам Пейжийн хүлээн авсан гэх илчлэлт Сүмийн гишүүдийн дунд ямар асуудал дэгдээсэн бэ?
Хайрам Пейж Сүмийн өмнөөс илчлэлт хүлээж авсан гэж хэлэхээс гадна түүний илчлэлтүүд судруудад заасан сургаал, Иосеф Смитийн өмнө нь хүлээн авсан илчлэлтүүдтэй зөрчилдөж байсныг суралцагчдад сануул. Хайрам Пейжийн илчлэлтийг хүлээн авсан хүмүүс дунд Витмерийн гэр бүлийн гишүүд болон Оливер Каудери орсон байжээ.
Сургаал ба Гэрээ 28:1–7-г уншаад, Оливер Каудерид болон Сүмийн гишүүдэд зориулсан Их Эзэний сургаалын талаар олж мэд. 7-р шүлэгт дурдсан “нууцууд” нь “зөвхөн илчлэлтээр л мэдэгддэг сүнсний үнэн” гэдгийг онцол (Судруудын удирдамж, “Бурханы нууцууд,” scriptures.ChurchofJesusChrist.org).
-
Сүмийн өмнөөс хэн илчлэлт хүлээж авах тухай бид эдгээр шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараахтай адил янз бүрийн үнэнийг тодорхойлж болно. Зөвхөн Сүмийг удирдах түлхүүр атгадаг хүмүүс Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авч, сургаал номлох эрхтэй.)
-
Энэ үнэнийг ойлгох нь хууран мэхлүүлэхээс зайлсхийхэд бидэнд хэрхэн туслах вэ?
Сүмийн түүхэнд Их Эзэнээр сонгогдсон бошиглогчдын сургаал үргэлж хоорондоо утга авцалдаа сайтай байсныг тайлбарла. Гэсэн хэдий ч зарим гишүүн Сүмийн удирдагчийн өмнө нь хийсэн мэдэгдэл өнөөгийн сургаалтай нийцэхгүй байна гэж бодож байж болох юм.
-
Ямар зарчмууд Их Эзэний амьд бошиглогчдын заасан сургаалыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд туслах вэ? (Та суралцагчдыг ахлагч Д.Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн хоёрын хэлсэн, бэлтгэх материалын 3-р хэсэгт байгаа үгийг уншихад урьж болно.)
Ярилцлагын нэг хэсэг болгон та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцаж болно.
Та нар амьд бошиглогчийн хийж буй мэдэгдэл бүрийг үргэлж ойлгодоггүй байж болно. Гэхдээ та нар бошиглогчийг бошиглогч мөн гэдгийг мэдэх юм бол Их Эзэнд даруухнаар, итгэлтэйгээр хандаж, Түүний бошиглогчийн тунхагласан юуны ч талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг гуйж болно. (Рассэлл М.Нэлсон, “Мянган жилийнхэн мэт зогс,” Лиахона, 2016 оны 10-р сар, 46.)
Амьд бошиглогчдын талаарх гэрчлэлээ болон тэвчээртэй, итгэлтэй байж тэднийг дагаснаар ирэх адислалуудын талаар гэрчлэлээ хуваалцах замаар хичээлийг өндөрлө.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлээр бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “өнөөдөр энэ дэлхий дээрх хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэрэг” гэж нэрлэсэн сэдэвт төвлөрнө гэдгийг тайлбарла (“Израилын найдвар” [worldwide youth devotional, June 3, 2018], supplement to the New Era болон Ensign, 4–5, ChurchofJesusChrist.org; налуу бичилт нэмэгдсэн). Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судалж, Израилыг цуглуулах агуу үйл хэрэг, ажилд оролцохын зорилго, адислалын талаар ярилцахад бэлдэж ирэхэд урь.