Институт
28-р хичээл: Багшийн материал: Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна


“28-р хичээл: Багшийн материал: Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“28-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

28-р хичээл: Багшийн материал

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна

Бид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа цаг үед амьдарч байна (Сургаал ба Гэрээ 88:73-ыг үзнэ үү). Энэ хичээл нь Их Эзэний ажил эсэргүүцэлтэй тулгарсан ч урагшлах бөгөөд Түүний ажлыг яаравчлуулахад чин сэтгэлээсээ туслах төлөвлөгөө гаргахад суралцагчдад туслах зорилготой юм.

Заах зөвлөмж

Иосеф Смит эсэргүүцлээс үл хамааран Их Эзэний ажил урагшлах болно хэмээн заасан.

Cуралцагчдад ахмад Петр Витмерийн дүнзэн байшингийн зургийг үзүүлээд (хичээлд бэлтгэх материалыг үзнэ үү), тэднийг Их Эзэний Сүм 1830 онд байгуулагдсанаас хойших Түүний сэргээгдсэн Сүмийн өсөлтийн талаар мэддэг зүйлсээ хуваалцахыг хүс. (Суралцагчид хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгийг уншиж болно.)

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ирээдүйн талаар бошиглогчид юу хэлсэн бэ? Их Эзэний Сүмийн хувь тавиланг ойлгох нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

1842 оны 3-р сард Иосеф Смит Иллинойн Чикаго хотын сонины редактор Жон Вентвортын Сүмийн итгэл үнэмшлийн талаарх мэдээлэл өгөх хүсэлтийн хариуг бичихдээ Их Эзэний сайн мэдээний талаар болон үүний хувь тавилангийн тухай өгүүлжээ. Энэ захидлаар бошиглогч “хожмын үеийн гэгээнтнүүдийн өсөлт хөгжилт, амссан мөрдлөг хавчлага болон итгэлийг” тайлбарласан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 495).

Дараах захидлын нэг хэсгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс.

Үнэний туг үндэслэгдэн бий болсон билээ; мөрдлөг хавчлага гаарч болно, танхайрагч бүлгүүд нэгдэж мэднэ, цэрэг арми цугларч болно, гүжир гүтгэлэг цадигаа алдаж мэднэ. Гэвч Бурханы үнэн тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл Бурханы зорилго гүйцэлдэж, аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор мөн ялгууснаар, юунаас ч үл хамааран урагш ахих болно. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит,503)

Шаардлагатай бол гүжир гүтгэлэг гэдэг нь хэн нэгний нэр хүндэд халдах зорилготой худал мэдэгдлийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Бид Иосеф Смитийн мэдэгдлээс болон хичээлд бэлтгэх материалаас судалсан зүйлээс Бурханы ажлын талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Эсэргүүцэлтэй тулгарсан ч Бурханы зорилгууд гүйцэлдтэл Түүний ажил урагшлах болно гэсэн үнэнийг үзүүл.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Иосеф Смитийн бошиглол өнөөдөр ч гэсэн гүйцэлдсээр байгаа тухай гэрчилсэн юм. Дараах өгүүлбэрүүдийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Мөрдлөг хавчлага гаарч байсан үе бий. Гүжирдэн гүтгэх, худал үгс хэлэх, мушгин гуйвуулж тайлбарлах зэрэг оролдлогоор гутаан доромжилж байлаа. Гэвч Сэргээлтийн үеэс хойш Бурханы үнэн зоригтойгоор, сүр жавхлантайгаар, тусгаар байдалтайгаар урагш ахиж ирлээ. 1830 онд хэдхэн гишүүнтэй эхэлсэн жижигхэн Сүм өнөөдөр дэлхий даяар олон улс оронд [олон сая] хожмын үеийн гэгээнтэнтэй болтлоо өсөж хөгжин, эдүгээ бид тив болгонд, дэлхийн олон хэсэгт, орон бүрд хүрч, чих болгонд амжилттай сонсгож байна.

Энэ бол Бурханы ажил бөгөөд Бурханы ажилд саад тотгор учрахгүй. (M. Russell Ballard, “The Truth of God Shall Go Forth,” Ensign эсвэл Liahona, Nov. 2008, 83)

Дараах асуултуудыг үзүүлээд, хариулахаас нь өмнө тунгаан бодох цагийг суралцагчдад гарга.

  • Сүмийн түүхийг эсвээс өнөө үеийг харахад, эсэргүүцлээс үл хамааран Бурханы ажил урагшилсаар байгааг харуулсан ямар ямар жишээ байна вэ?

  • Бурханы ажил зогсохгүй гэдгийг мэдэх нь итгэл тань эсэргүүцэлтэй тулгарахад таныг хэрхэн бэлтгэх вэ?

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байхдаа хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Заримдаа бид Иосеф Смит Мормоны Номыг орчуулсан, тэр санваарын түлхүүрүүдийг хүлээн авч, Сүм зохион байгуулагдсан зэргээр сайн мэдээний Сэргээлтийг бүрэн гүйцэд хийгдсэн мэт боддог. Гэвч үнэндээ Сэргээлтийн ажил үргэлжилсээр байгаа бөгөөд бид Сэргээлтийн цаг үед амьдарч байна. (Дийтр Ф.Угдорф, “Та Сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?Ensign, May 2014, 59 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78)

  • Сэргээлт үргэлжлэн явагдаж байгааг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

1832 оны 12-р сарын сүүлээр Их Эзэн Огайогийн Көртланд дахь ахлагчдыг “сүүлчийн удаа харийнхны дунд урагш одо[ход]” (Сургаал ба Гэрээ 88:84) бэлтгэх зарлиг өгсөн байв.

Сургаал ба Гэрээ 88:73–74, 80–81-ийг суралцагчидтай хамт уншаад, тэднийг Их Эзэний амлалт болон холбогдох зарлигуудыг тэмдэглэхэд урь.

Суралцагчдад энэ амлалтыг ойлгоход нь туслахын тулд тэднийг энэ хичээлийн бэлтгэх материалын удиртгал хэсэгт буй ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Сэтгэл хөдлөм өдрүүд тохиож байна. Их Эзэн бидний нүдэн дээр Өөрийн ажлыг яаравчлуулж байна. Энэ нь сэтгэл хөдөлгөсөн, хүч шавхсан ажил юм. Биднээс урьд өмнөхөөс ч илүү ихийг шаардаж байна. Бас илүү их зүйл өгөгдөж байна. (Russell M. Nelson, “Personal Invitation,” ChurchofJesusChrist.org)

  • Бид Сургаал ба Гэрээ 88 дээрх эдгээр шүлгээс болон Их Эзэний ажлыг яаравчлуулахад гүйцэтгэх өөрсдийн үүргийн талаар ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн мэдэгдлээс юу мэдэж авч болох вэ? (Бид Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцох үүрэгтэй гэсэн үнэнтэй адил санааг суралцагчид хуваалцаж болох юм: )

Суралцагчдыг Их Эзэний авралын ажлын талаар энэ хичээлээр сурч мэдсэн зүйлээ бодож үзэхэд урь. Та суралцагчдад чухал сэдвүүдийг санахад нь туслах зорилгоор сургалтын хөтөлбөр юм уу хичээлийн гарчгуудын жагсаалтыг уншиж болно. Та бас хичээлд бэлтгэх материалын 2-р хэсэг дээрх судрын хэсгүүд болон Сүмийн удирдагчдын урилгаас юу сэтгэлийг нь хөдөлгөсөн талаар хуваалцахад суралцагчдыг урьж болно.

  • Бидний оролцох үүрэгтэй Их Эзэний авралын ажлын зарим хэсэг юу вэ? (Суралцагчдын хариултыг самбарт жагсааж бич. Үүнд Израилыг цуглуулах, сайн мэдээг тунхаглах, нас барагсдыг гэтэлгэх, бошиглогчдыг дагах, бусдын төлөө золиос гаргах, тохинуулах, гачигдалтай хүмүүст тусламж үзүүлэх, ариун сүмд бишрэн шүтэх, Хүндэтгэлийн өдрийг сахих зэрэг орно.)

  • Бидний жагсаан бичсэн хэсгүүдэд Их Эзэн ямар тодорхой арга замаар Өөрийн ажлыг яаравчлуулж байгааг бид харж байна вэ?

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулахад биечлэн оролцохыг хэрхэн суралцагчдаас хүсэж болох талаар залбирч байгаад эргэцүүлэн бодох хэдэн минутыг гаргахад тэднийг урь. Их Эзэнд туслахын тулд юу хийх талаар төлөвлөгөөгөө бичих цагийг тэдэнд гаргаж өг. Төлөвлөгөөгөө гаргахдаа хэзээ, хэрхэн хийсэн гэсэн тодорхой мэдээллээ оруулахыг та санал болгож болох юм.

Хичээл эхлэхийн өмнө хувийн төлөвлөгөө гаргахыг бод. Та тэндээ Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцохын тулд хийх (эсвэл хийсээр байх) зарим зүйлээ тайлбарлаж болно. Суралцагчдыг төлөвлөгөөгөө гаргахынхаа өмнө үүнийгээ жишээ болгон хуваалцахыг бод.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, энэ хичээлд оролцож байхдаа сурч мэдсэн, мэдэрсэн зүйлсийнхээ талаар гэрчлэхэд суралцагчдыг урь. Их Эзэний ажлыг яаравчлуулахад идэвхтэй оролцсоноор хүлээн авах адислалын талаарх гэрчлэлээ мөн амлалтад итгэж байгаагаа товчхон хуваалц.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчдыг институтээ төгсөхөд урамшуул. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Институтээ төгсөх нь таны амьдралдаа хийх хамгийн чухал зүйлдээ хамрагдах чадварыг нэмэгдүүлэх болно” хэмээн хэлсэн юм (“A Personal Invitation to Participate in Seminary and Institute,” Feb. 4, 2019, ChurchofJesusChrist.org). Суралцагчдыг цуврал хичээлээ авч, төгсөхөд тавигдах шаардлагаа хангахад тусалж мөн дэмж. Тэднийг институтэд бүртгүүлэхэд урамшуулаарай.