“20-р хичээл: Багшийн материал: Ариун сүмийн ёслолууд ба бишрэл шүтлэг,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“20-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
20-р хичээл: Багшийн материал
Ариун сүмийн ёслолууд ба бишрэл шүтлэг
Наувугийн ариун сүм баригдаж байх үеэр бошиглогч Иосеф Смит “Ариун сүм баригдаж дуустал Сүм бүрэн зохион байгуулагдаж чадахгүй” гэж заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 471). Энэ хичээлийн зорилго нь ариун сүмийн ёслолуудын ач холбогдлын талаарх суралцагчдын ойлголтыг нэмэгдүүлж, ариун сүмд очиж, бишрэн шүтэх давтамж (боломжтой бол) болон чанарыг сайжруулах зорилготой.
Заах зөвлөмж
Их Эзэн ариун сүмийн авралын ёслолуудыг Иосеф Смитээр дамжуулан сэргээв.
Суралцагчдын мэдэх ариун сүмийн зургийг үзүүл. Ариун сүмийн бишрэл шүтлэг таалагдсан цөөн хэдэн суралцагчийг Их Эзэний өргөөнд ороход ямар мэдрэмж төрдөг тухайгаа хуваалцахад урь. Та бас тэднээс ариун сүмээс гарахад ямар мэдрэмж төрдгийг асууж болно.
Гэгээнтнүүдийг Иллинойн Наувуд суурьшсаны дараа бошиглогч Иосеф Смит ариун сүм барих зарлиг хүлээн авсан юм. Энэ ажил нь Огайогийн Көртландын ариун сүмтэй адил асар их золиос гаргахыг гэгээнтнүүдээс шаардаж байв. Наувугийн ариун сүм баригдаж байх үеэр бошиглогч Иосеф Смит “Ариун сүм баригдаж дуустал Сүм бүрэн зохион байгуулагдаж ч чадахгүй” гэж заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит 471).
-
Аврагчийн Сүмийн Сэргээлт яагаад ариун сүмгүйгээр бүрэн гүйцэд болохгүй байх байсан гэж та бодож байна вэ? (Та хичээлд бэлтгэх материалаас сурсан мэдсэнээсээ хуваалцахад суралцагчдыг урамшуулж болно.)
Их Эзэн Наувугийн ариун сүмийг барихыг зарлигласан илчлэлтээрээ яагаад ариун сүм чухал болохыг гэгээнтнүүдэд илчилсэн гэдгийг тайлбарла. Тэрээр угаалга, тосолгоо, нас барагсдын төлөөх баптисм болон ариун өргөөтэй нь холбоотой бусад ёслолыг тайлбарласан юм. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:31, 34, 40–41, 55-ыг судлахад хэдэн минут зарцуулж, Их Эзэн ариун сүмд байх Өөрийн хүмүүсийг хэрхэн адисална хэмээн амласныг олж мэдэхэд урь.
Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул. Суралцагчдын үгсийг ашиглаад, дараахтай төстэй үнэнийг самбарт бичих юм уу үзүүл. Ариун сүмд бид хүндэтгэл, үхэшгүй байдал, мөнх амьдралыг хүртэж болохын тулд Их Эзэн биднийг чухал ёслолуудаар адисалдаг.
-
Ариун сүмийн ёслолууд биднийг хүндэтгэл, үхэшгүй байдал, мөнх амьдралд хэрхэн бэлтгэдэг гэж та бодож байна вэ?
Иосефын Науву дахь Улаан тоосгон дэлгүүрийн зургийг үзүүлээд, ариун сүмийн хувийн хишгийн ёслолыг хэрхэн сэргээсэн талаар мэддэг зүйлсээ тайлбарлахыг суралцагчдаас хүс. Шаардлагатай бол тэднийг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгийг харахад урь.
-
Хичээлд бэлтгэх материалын 3-р хэсгээс хувийн хишгийн адислалуудын талаар та юу мэдэж авсан бэ?
Та хувийн хишгийн талаар ярилцахдаа доор жагсаасан зарим шалгах асуултыг тавихыг бодоорой. Ахлагч Бэднар бид ариун сүмийн тухай ярихдаа “ариун сүмийн ёслолуудаар хүлээн авсан гэрээнүүдтэй холбогдох тодорхой бэлгэдлүүдийг бусдад хэлэх эсвэл дүрслэх ёсгүй” ч, “ариун сүмийн ёслол, гэрээнүүдийн үндсэн зорилго, холбогдох сургаал, зарчмуудын талаар ярилцаж болно” хэмээн заасныг онцлон хэл (“Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123).
-
Хувийн хишгийн бэлэгт юу юу багтах вэ? Хичээлд бэлтгэх материалын 3-р хэсгийг үзнэ үү.)
-
Ёслол, гэрээнүүд хоорондоо ямар холбоо хамааралтай вэ?
-
Та хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа хувийн хишиг хүртэх ёслолоор бид ямар гэрээ байгуулдаг талаар юу мэдэж авсан бэ?
-
Их Эзэн Өөрийн хүмүүсийг яагаад ариун сүмд хувийн хишиг хүртээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
Суралцагчдад хажуу талд байх суралцагчтайгаа хичээлд бэлтгэх материалын төгсгөлд байгаа дараах асуултуудын талаар бодлоо хуваалцах нэг, хоёр минут гаргаж өгөхийг бод.
-
Хувийн хишгээ хүлээн авахаар бэлдэж байгаа хүнд та юу хийхийг санал болгох вэ? Яагаад ариун сүм болон ёслолууд таны хувьд чухал вэ?
Ариун сүмийн бишрэл шүтлэг нь Их Эзэний хүч болон адислалуудыг бидний амьдралд урьдаг.
Көртландын ариун сүм бол манай эрин үед баригдсан хамгийн анхны ариун сүм гэдгийг суралцагчдад сануул. Көртландын ариун сүмийн зорилго нь дараа дараагийн ариун сүмүүдийнхээс өөр бөгөөд ирээдүйн ариун сүмийн бишрэл шүтлэгийн мэдлэг болон санваарын түлхүүрүүдийг сэргээхэд Эзэнд зориулагдсан газар байсан. Иосеф Смит энэ ариун сүмийг онцгойлон адисалж байхдаа энд шүтэн бишрэх хүмүүст тодорхой адислалууд өгөхийг Их Эзэнээс хүсжээ. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 109:13, 22–26-г хараад, ариун сүмийн бишрэл шүтлэгээр дамжуулан өөрсдийн хүлээн авч болох адислалуудыг хайж олоход урь.
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр, бид ариун сүмд бишрэн шүтсэнээр ямар ямар адислал хүлээн авч чадах вэ? (Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бичиж, эдгээр адислал тэдний хувьд яагаад чухал болохыг асуухыг бод. Та суралцагчдад дараахтай адил зарчмыг олж тогтооход тусалж болно. Бид Их Эзэний ариун сүмд шүтэн биширснээр Тэр биднийг Өөрийн хүч чадал, хамгаалалтаар зэвсэглэнэ.)
Өнөө үед бидэнд Их Эзэний хүч, хамгаалалт хэрэгтэй шалтгаануудыг суралцагчидтай хамт хэлэлц. Гэр бүлийн гишүүнээс юм уу найзаасаа ариун сүмийн ёслол, бишрэл шүтлэгээр дамжуулан мэдэрсэн онцгой адислалуудыг нь асууж, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь (хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгийн сүүлийн хэсгийг үзнэ үү). Та бас өөрсдийн ариун сүмийн бишрэл шүтлэгээр дамжуулан мэдэрсэн адислалуудынхаа талаар гэрчлэхэд суралцагчдыг урьж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг суралцагчдад үзүүлэх юм уу уншиж өг.
Цагаа хэрхэн өнгөрүүлж байгаагаа залбирч бодож үзэхийг би та нараас гуйж байна. … Хэрэв та ариун сүмээс холгүй байдаг бол Их Эзэнтэй Түүний ариун өргөөнд уулзах уулзалтыг тогтмол хийх арга замыг олж, тэгээд тэрхүү уулзалтдаа хоцролгүй, баяр хөөртэй ирж байхыг би танд уриалж байна. Таныг Их Эзэний ариун сүмд үйлчилж, шүтэн бишрэхийн тулд золиос гаргахад Тэрээр танд хэрэгтэй гэдгийг мэддэг тэрхүү гайхамшгуудыг авчрах болно хэмээн би танд амлаж байна. (Рассэлл М.Нэлсон, “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” Ensign, Nov. 2018, 114 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119.)
Суралцагчдад Их Эзэнд өгсөн амлалт болон ариун сүмтэй холбоотой туршлагынхаа талаар сайтар бодож үзэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг үзүүлээд, тэднийг өнөөгийн нөхцөл байдалд тохирох асуултуудыг тунгаан бодоход урь. Суралцагчдад бодох, магадгүй төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх хангалттай хугацаа өг.
-
Намайг ариун сүмээс холдуулдаг анхаарал сарниулах зүйлс эсвэл зохисгүй асуудлууд байна уу? Би эдгээр саад бэрхшээлийг алга болгохын тулд юу хийх ёстой вэ?
-
Ариун сүмийн бишрэл шүтлэгээр дамжуулан ирэх адислалуудыг хүлээн авахын тулд Их Эзэн надаас ямар золиос гаргахыг хүсдэг вэ?
-
Би ариун сүмийн бишрэл шүтлэгээ хэрхэн илүү их утга учиртай болгох вэ?
-
Их Эзэн ариун сүмийн адислалуудаас хүртэхэд нь ямар арга замаар бусдад туслахыг надаас хүсдэг вэ?
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлээр ариун сүмийн эрхэм дээд ёслол болох мөнхийн гэрлэлтийн талаар ярилцах боломжтой байх болно гэдгийг суралцагчдад онцлон тэмдэглэ. Суралцагчдыг 21-р хичээлд бэлтгэх материалаас анхааралтай уншаад, гэрлэлт болон гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд яагаад ийм чухал болохыг бодож үзэхэд урь.