Институт
7-р хичээлийн багшийн материал: Санваарын сэргээлт


“7-р хичээлийн багшийн материал: Санваарын сэргээлт,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“7-р хичээлийн багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

7-р хичээлийн багшийн материал

Санваарын сэргээлт

Урвалтын үеийн дараа Бурханы санваар дэлхий дээр сэргээгдсэн. Энэ сэргээлт нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулах замыг бэлтгэсэн юм. Энэ хичээлээр яагаад Их Эзэний Сүмд санваар нэн чухал болохыг судалж, ёслолууд нь хэрхэн Аврагчийн хүчийг авах боломжийг бидэнд олгодог талаар суралцагчид мэдэж авах болно.

Заах зөвлөмж

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчдаа ирээдүйд ямар хүн болсон байхаар нь хар. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид бусдыг байгаагаар нь бус, ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь олж харах үүрэгтэй” гэж заасан (“Бусдыг ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь харж сур,” Ensign, Nov. 2012, 70 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79). Суралцагчдаа Тэнгэрлэг Эцэгтэй адил хардаг болохын тулд залбир. Ингэх нь суралцагч бүрийнхээ үнэ цэн, Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхэд нэг бүрийг гэх хайр, халамжийг мэдрэхэд тусална.

Санваар Их Эзэний Сүмд зайлшгүй шаардлагатай.

Суралцагчдыг ирэхээс өмнө дараах асуултыг гаргаж тавиад, хичээл эхлэх үед тэр талаар санал бодлоо хуваалцахыг хүсэж болно.

  • Санваарын ачаар адислагдсанаа та хэзээ хамгийн сүүлд мэдэрсэн бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл.

Өөрийн түлхүүр, ёслолууд болон тэнгэрлэг гарал, чадавхын хамт газарт холбогдсоныг тэнгэрт холбодог Бурханы санваар нь Бурханы үнэн Сүмд зайлшгүй шаардлагатай, чухал билээ. Үүнгүйгээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байхгүй байх байсан. (Jeffrey R. Holland, “Our Most Distinguishing Feature,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 5-р сар, 43; тодотгол нэмэгдсэн)

  • Ахлагч Холландын мэдэгдлээс та нарт ямар үг, хэллэг онцгой санагдсан бэ? Яагаад?

Суралцагчдыг хуваалцаж, ярилцахад нь тусалж дэмжихдээ ахлагч Холландын мэдэгдлийн хэдэн хэсгийг илүү гүн гүнзгий ойлгоход туслах дараах сэдвүүд болон асуултуудын заримыг ашиглаж болно. Бүх асуултыг авч үзэхийн оронд нэг эсвэл хоёр асуултыг сайтар ярилцах нь чухал байж болох юм. Мөн суралцагчид бэлтгэх материалаас олж мэдсэн зүйлээ хуваалцах нь таны хэлэлцүүлгийг сайжруулж болно.

Тэмдэглэл: Та хичээлийн хоёрдугаар хагаст ёслолуудын талаар ярилцана. Суралцагчдад ёслолын ач холбогдлыг илүү сайн мэдэж, ойлгуулахын тулд энэ хэлэлцүүлгийг явуулах хангалттай цаг үлдээхээ бүү март.

Санваар Их Эзэний Сүмд зайлшгүй шаардлагатай (бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү).

  • Яагаад санваар Их Эзэний Сүмд зайлшгүй шаардлагатай гэж та бодож байна вэ? Санваар сэргээгдээгүй байсан бол ямар мэдлэг, түлхүүрүүд бидэнд байхгүй байх байсан бэ?

  • Ямар байдлаар санваар нь таны амьдралд байх зайлшгүй шаардлагатай байдаг вэ?

Санваар нь тэнгэрлэг үүсэл гаралтай (бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү).

  • Санваар хэрхэн сэргээгдсэн бэ?

  • Санваарын сэргээлт таны Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар юу заадаг вэ?

Санваарын түлхүүрүүд Их Эзэний Сүмд зайлшгүй шаардлагатай (бэлтгэл материалын 2-р хэсгийг үзнэ үү).

  • Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?

  • Санваарын түлхүүрүүд амьдралыг тань хэрхэн адисалсан бэ?

Суралцагчдыг санваар болон санваарын сэргээлтийн талаарх туршлагаасаа мөн гэрчлэлээ хуваалцах үеэр та санваарын сэргээлт таны амьдралыг хэрхэн адисалсанд талархаж, гэрчлэлээ хуваалцаж болно.

Санваарын гэрээ болон ёслолууд бидний авралд зайлшгүй хэрэгтэй.

1832 оны 9-р сард буюу Мелкизедек санваарыг Петр, Жеймс, Иохан нараас хүлээн авснаас хойш хоёр жил өнгөрсний дараа санваарыг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг илчлэлтийг Иосеф Смит хүлээн авсан гэдгийг тайлбарла. Санваарын эрх мэдлээр дамжуулан гүйцэтгэдэг авралын ёслолууд нь Бурханы оршихуйд эргэж очиход бидэнд тусалдаг гэсэн үнэн энд орсон байв. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:18–22-ыг судлаад, ёслолууд нь Бурханы оршихуйд эргэн очиход биднийг хэрхэн бэлддэг болохыг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, санваарын ёслолоор дамжуулан ямар амин чухал адислалыг хүлээн авдаг вэ?

  • “Бурханлаг чанарын хүч” гэсэн хэллэг ямар ямар утгатай байж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа “бурханлаг” гэдэг нь “Бурхан шиг” гэсэн утгатай болохыг хэлж өгч болно. Бурханлаг чанарын хүчинд Өөртэй нь адилхан болоход туслах Бурханы хүч ордог.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг харуулж, уншаад, “бурханлаг чанарын хүч” гэсэн үгийн утгыг олж мэдэхэд суралцагчдыг урь.

Санваарын ёслолууд нь бурханлаг чанарын хүчийг хүлээн авах үүдийг нээж, хүлээн авах боломжийг олгодог. Хүмүүний оюун ухаан, мөнх бус оршихуйн үг хэлээ “бурханлаг чанарын хүч” хэмээх судрын хэсгийн утгыг үнэн зөвөөр буюу бүрэн утгаар нь тодорхойлох боломжгүй юм. Гэхдээ нүглээс гэтэлгэгдэх, сайн сайхныг үйлдэх, сайн сайхан болох хүч, хувийн амар амгалангийн сүнслэг бэлэг, урам хугарал, шударга бус, тэгш бус байдал гэх мэт өөр олон зүйлийг даван туулахад бидэнд туслах нөхөн олгодог чадавх зэрэг Цагаатгалын нийт адислалууд бурханлаг чанарын хүчийн багахан хэсгийг бүрдүүлдэг. Аврагч дээр очихын тулд хувь хүн эхлээд баптисмын хаалгаар орж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг бөгөөд Аврагч руу болон Түүний Цагаатгалын адислалууд руу хүргэдэг гэрээнүүд болон ёслолуудын замаар урагшлах болно (2 Нифай 31-ийг үзнэ үү). “Христэд ирээд, Түүний дотор төгс төгөлдөр болохын тулд” санваарын ёслолууд нэн чухал юм (Моронай 10:32; мөн 30–33-р шүлгийг үзнэ үү). Их Эзэний хязгааргүй, мөнхийн цагаатгах золиосоор хийсэн бүх адислалыг хүн ёслолгүйгээр хүлээн авч чадахгүй (Алма 34:10–14-ийг үзнэ үү)—бурханлаг чанарын хүчийг ч мөн ялгаагүй. (David A. Bednar, Power to Become [2014], 75–77)

  • Ахлагч Бэднарын “бурханлаг чанарын хүч[ийн]” тухай мэдэгдлээс бид юу мэдэж авч болох вэ? Бид санваарын ёслолын зорилгын талаар юу мэдэж авдаг вэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, дараахтай ижил төстэй үнэнийг бич эсвэл харуул. Санваарын ёслол, гэрээнүүдээр дамжуулан бид Бурхантай адил болох хүчийг өгдөг Их Эзэний Цагаатгалын адислалуудаас хүртэх боломжтой.)

  • Аароны болон Мелкизедек санваарын тодорхой ёслолууд ямар арга замаар биднийг Аврагчийн Цагаатгалын адислалуудтай холбодог гэж та бодож байна вэ? (Шаардлагатай бол суралцагчдад бэлтгэх материалын 3-р хэсгийг эргэн харах хугацаа гаргаж өг.)

Суралцагчдад саяхан оролцсон санваарын ёслолуудын талаар тунгаан бодох хэдэн минут өг. Тэднээс өөрсдөд мэдрэгдсэн зүйлс, тэдгээр ёслол мөнхийн өсөлт хөгжилд нь ямар ач холбогдолтой болох талаар бодож үзэхийг хүс. Дараа нь бодож үзэх дараах асуултуудыг суралцагчдад үзүүл.

  • Өнөөдрийн сурсан зүйлээ хэрэгжүүлэх үед тань ямар ёслол танд илүү утга учиртай болж болох вэ? (Суралцагчдыг төрсөн сэтгэгдлээ бичиж, тэдгээрийн дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.)

  • Санваарын ёслолуудад оролцох хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн ямар зүйлийг та өнөөдөр сурч, мэдэрсэн бэ?

Тохиромжтой бол санваарын эрх мэдэл, түлхүүр, ёслолууд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тэдэнд хэрхэн тусалсан тухай гэрчлэлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Дараагийн хичээлээр

Сүм тэдний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судалж байхдаа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүдэд Их Эзэний өгдөг адислалуудыг олж мэдэхэд тэднийг урамшуулан дэмж.