Институт
3-р хичээлийн багшийн материал: Сүнслэг мэдлэг олж авах нь


“3-р хичээлийн багшийн материал: Сүнслэг мэдлэг олж авах нь,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“3-р хичээлийн багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

3-р хичээлийн багшийн материал

Сүнслэг мэдлэг олж авах нь

Их Эзэн бидний үнэний эрэлд зүг чигийг заах зарчмуудыг илчилсэн (“Сүнслэг мэдлэг олж авах нь,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал [2018]-ыг үзнэ үү). Энэ хичээл нь суралцагчдын сүнслэг мэдлэг олж авах зарчмыг амьдралд хэрэгжүүлэх, эх сурвалж найдвартай эсэхийг дүгнэх чадавхыг нэмэгдүүлнэ.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчдын сургалтын үр дүнг мэдээлэх. Сургалтын үр дүн нь суралцагчид хичээлээс ямар мэдлэг, ур чадвар эзэмших боломжтойг тодорхойлдог мэдэгдэл юм. Энэхүү цуврал хичээлийн хичээл бүрийн үр дүнг хичээлийн оршилд онцолсон. Суралцагчдад эдгээр үр дүнг чөлөөтэй мэдээлэх боломжтой. Хичээлийн үр дүн нь хичээлийн материалыг тохируулж, суралцагчдын сурч мэдэх туршлагын амжилтыг үнэлэхэд танд туслах болно.

Заах зөвлөмж

Их Эзэн сүнслэг мэдлэг олж авах загварыг өгсөн.

Дараах асуултуудыг үзүүл. Сүмийн талаар асуулт тавивал болох уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж? Хоёр юм уу гурван суралцагчийг санал бодлоо хуваалцахад урь.

Ангиараа Иосеф Смит—Түүх 1:8–10-ыг уншаад, Иосефын шашны асуулт, асуудлаа дүрслэн хэлэхэд ашигласан үг хэллэгийг олж мэд. Иосефын тэмдэглэлээс асуулт тавих талаар юу мэдэж авснаа хуваалцахад суралцагчдыг урь.

Би сүнслэг мэдлэгийг … олж авч чадна гэсэн мэдэгдлийг самбарт бич.

Энэ өгүүлбэрийг гүйцээх гурван зарчмыг бэлтгэх материалаас тодорхойлохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг хариулж байх хооронд дараах зарчмуудыг тодорхойлон, харуулахад анхаар. Үүнд:

  1. Итгэлээр үйлд.

  2. Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

  3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийл.

Эдгээр зарчмын талаар ойлгосон зүйлээ тайлбарлахыг суралцагчдаас хүс. Шаардлагатай бол суралцагчдад бэлтгэх материалаа эргэж харах цаг гаргаж өг.

Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:11–14-ийг уншаад, Иосеф Смит асуулт, асуудлынхаа хариултыг эрэлхийлж байхдаа сүнслэг мэдлэг олж авах эдгээр зарчмыг хэрхэн үлгэрлэн үзүүлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлж болох талаар суралцагчдаас хүлээн авсан нэг эсвэл хэд хэдэн асуултыг сонгож, үзүүлнэ үү (Бэлтгэх материалын 1-р хэсэг: “Бодол санаагаа тэмдэглэх” үйл ажиллагааг үзнэ үү). Та энэ хичээлийн үеэр ирүүлсэн асуултуудаас цөөхнийг ашиглах боломжтой ч цуврал хичээлийн хөтөлбөрийн явцад үлдсэн асуултуудыг ярилцах боломж гарна гэдгийг тайлбарла.

Тэмдэглэл: Энэхүү үйл ажиллагааны зорилго бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн янз бүрийн асуултад хэрэглэж болох талаар ярилцах боломжийг олгох явдал юм. Энэ нь тодорхой асуултад хариулахад зориулагдаагүй. Асуулт, асуудлыг нарийн авч хэлэлцэхгүй байхад анхаар.

Суралцагчид сонгосон асуулт эсвэл асуудлын хариултаа олохын тулд самбарт үзүүлсэн зарчмуудыг хэрхэн ашиглах талаар ярилц. Дараах нэмэлт асуултууд таны хэлэлцүүлгийн нэг хэсэг байж болно.

  • Бид энэ асуултын хариултыг хайж байхдаа хэрхэн итгэлийнхээ дагуу үйлдэж болох вэ?

  • Мөнхийн талаас нь харах нь энэ асуултад хариулахад бидэнд хэрхэн туслах вэ? Энэ асуултыг мөнхийн талаас нь харахад бидэнд туслах Тэнгэрлэг Эцэг болон Түүний авралын төлөвлөгөөний тухай бид юу мэддэг вэ?

  • Энэ сэдвийг илүү сайн ойлгоход ямар тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд бидэнд туслах вэ? Өөр ямар найдвартай эх сурвалжууд туслах вэ? (Тэмдэглэл: Суралцагчдыг ChurchofJesusChrist.org дээрх Gospel Topics хуудас руу аваачин, судрын холбоосууд болон бошиглолын үгс рүү чиглүүлдэг найдвартай эх сурвалж гэдгийг үзүүлэх нь бас тустай байж болно.)

Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим нь сүнслэг мэдлэг олж авахаар эрэлхийлэхэд тэднийг хэрхэн адисалсан талаар нэг юм уу хоёр суралцагчийг хуваалцахад урь.

Бид эх сурвалж найдвартай эсэхийг үнэлж дүгнэх боломжтой.

Divinely Appointed Sources” видео бичлэгийн хэсгийг үзүүл (цагийн код 0:00-4:19).

Мэдээллийн ямар эх сурвалж хамгийн найдвартай мөн ямар нь үнэний талаарх бидний ойлголтод хор хөнөөлтэй болохыг олж харахад суралцагчдыг урь.

Видео бичлэгийг түр зогсоосны дараа, суралцагчдад бурханлаг эх сурвалж, найдвартай эх сурвалж, найдваргүй эсвэл бүр хор хөнөөлтэй эх сурвалжийн хоорондын ялгааг эргэцүүлэн бодоход туслах дараах асуултуудыг тавь.

  • Бидний хариултаа хайж олох хамгийн цэвэр эх сурвалж юу вэ?

  • Та мэдээллийн эх сурвалж найдвартай эсэхийг хэрхэн ялган таних вэ?

  • Итгэлийг устгах зорилготой мэдээллийн эх сурвалжтай таарвал та юу хийдэг вэ?

Сүмийн түүхийг судлахдаа найдвартай эх сурвалж ашиглахын ач холбогдлыг харуулахын тулд дараах нөхцөл байдлыг төсөөлөхөд суралцагчдыг урь. Та Мормоны Номын гурван гэрчийн талаар илүү их мэдээлэл хайж байна. Та эрж хайх явцдаа Мартин Харрисын үед амьдарч байсан Стивэн Бөрнэттийн хэлсэн дараах үгтэй таарсан бөгөөд түүний үг үнэн эсэхийг мэдэхгүй.

Би энэ сүмийн түүхийн талаар удаан, нухацтай бодож, үүнийг дэмжсэн болон үгүйсгэсэн нотолгоог цэгнэж үзсэн. … Гэхдээ Мартин Харрис төдийгүй Оливер, Давид хоёр ч гэсэн ялтаснуудыг өөрийн нүдээр биш, зөвхөн үзэгдлээр юм уу төсөөлж харсан гэдгийг олны өмнө ярихыг сонсоод миний сүүлийн найдвар тасарсан юм. (Stephen Burnett, in Richard Lloyd Anderson, Investigating the Book of Mormon Witnesses [1981], 155)

  • Стивэн Бөрнэттийн Мартин Харрисын талаар хэлсэн үгийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэхийн өмнө та ямар алхам хийж болох вэ?

Эх сурвалжийг үнэлж дүгнэх талаар, бэлтгэх материалын “Эх сурвалжийг үнэлж дүгнэх асуултууд” хэсгээс сурч мэдсэн зүйлээ тайлагнахад суралцагчдыг урь.

Эх сурвалжийг үнэлж дүгнэх эдгээр зааврыг санаад, “Стивэн Бөрнэттийн хэлсэн үгийн түүхэн нөхцөл байдал” гэсэн тараах материалыг суралцагчдад өгч, суралцагчдыг (ангиараа эсвэл жижиг бүлгээрээ) Мартин Харрис алтан ялтаснуудыг хараагүй гэсэн Стивэн Бөрнэттийн мэдүүлгийн үндэслэлд дүгнэлт хийхэд туслах мэдээллийг хайж олоход урь.

Стивэн Бөрнэттийн хэлсэн үгийн түүхэн нөхцөл байдал

Стивэн Бөрнэтт 1830 онд Сүмд нэгдэж, улмаар 1831 онд ахлагчаар томилогдсон. Тэрээр 1832-оос 1834 оны хооронд АНУ-ын Зүүн хэсэгт номлолд үйлчилжээ (“Burnett, Stephen,” The Joseph Smith Papers, товч агуулгыг үзнэ үү). 1838 он гэхэд тэрээр Сүмийг орхисон бөгөөд энэ бүхнийг “худал хуурмаг, хууран мэхлэх үйл ажиллагаа” байсан хэмээн бодсон ажээ.

Бөрнэтт Мартин Харрисыг таньдаг байсан ч Гурван эсвэл Найман гэрчийн нэг байсангүй.

Бөрнэтт 1838 онд Мартин Харрисыг “ялтаснуудыг өөрийн нүдээр биш, зөвхөн үзэгдлээр юм уу төсөөлж харсан” гэж хэлсэн тухай захидал бичжээ. Энэ талаар өөр гурван хүн түүнтэй “санаа нийлсэн” гэж бичсэн байна. Тэр гурван хүн мөн л Сүмийг орхисон байв.

Мартин Харрис гэрчлэлийг нь Бөрнэтт хэрхэн тайлбарласныг эрс эсэргүүцэж, амьдралынхаа туршид Мормоны Ном үнэн болохыг гэрчилсээр байсан.

Бөрнэттийн хэлснээс ялгаатай нь, “Мартин Харристай хийсэн олон ярилцлага түүний [Харрисын] тэнгэр элч болон ялтаснуудын тухай хүчирхэг итгэл 1829 оноос эхлээд 1875 онд нас барах хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүй болохыг баталдаг.” 1871 онд бичсэн хувийн захидалдаа Харрис: “Хэн ч намайг Мормоны Номын үнэнийг болон ялтаснуудыг үзүүлсэн тэнгэр элчийн үйлдлийг мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зохион байгуулалтыг үгүйсгэж байсныг хараагүй” хэмээн тунхаглажээ (Richard Lloyd Anderson, Investigating the Book of Mormon Witnesses [1981], 107–120, 155–157).

Стивэн Бөрнэттийн хэлсэн үгийн түүхэн нөхцөл байдал

багшийн тараах материал

Суралцагчдад тараах материалыг уншиж, ярилцах хангалттай хугацаа өгсний дараа, дараах асуултуудыг тавь.

  • Энэхүү тараах материалын ямар мэдээлэл Стивэн Бөрнэттийн хэлсэн үг баттай гэдэгт эргэлзэхэд хүргэж байна вэ?

  • Эх сурвалжийн найдвартай байдлыг шалгахын зэрэгцээ Гурван гэрчийн гэрчлэл үнэн эсэх талаар өөр юу олж мэдэх боломжтой вэ?

Суралцагчдыг энэ үйл ажиллагаанаас сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Суралцагчдад “Divinely Appointed Sources” (цагийн код 4:20-аас 9:16) видео бичлэгийн үлдсэн хэсгийг үзүүлээд, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхийн үнэ цэнийн талаарх гэрчлэлээ хуваалцан хичээлийг өндөрлөж болно.

Дараагийн хичээлээр

Их Эзэн хэзээ тэдэнтэй ярихыг таньж мэдэхгүй байсан эсвэл амьдралдаа хувийн илчлэлт, удирдамжийг хэрхэн илүү сайн хүлээж авах талаар мэдэхийг хүсэж байсан эсэхийг суралцагчдаас асуу. Илчлэлтийн сургаалын талаарх дараагийн хичээлийн бэлтгэх материалыг сайн судалж, олж мэдсэн зүйлээ ангид хуваалцахад бэлдэж ирэхэд тэднийг урь.