Институт
6-р хичээлийн багшийн материал: Мормоны Ном—Манай шашны тулгуур чулуу


“6-р хичээлийн багшийн материал: Мормоны Ном—Манай шашны тулгуур чулуу,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“6-р хичээлийн багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

6-р хичээлийн багшийн материал

Мормоны Ном—Манай шашны тулгуур чулуу

“Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу мөн” гэж бошиглогч Иосеф Смит тунхагласан (Мормоны Номын удиртгал). Энэхүү хичээл нь яагаад Мормоны Ном манай шашны тулгуурын чулуу болохыг тайлбарлаж, үүний эсрэг шүүмжлэлд хариу өгөх чадвараа сайжруулахад суралцагчдад туслахад зориулагдсан болно.

Заах зөвлөмж

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчид дээр анхаарлаа төвлөрүүл. Та зааж байхдаа суралцагчдын хувийн хэрэгцээнд анхаарлаа хандуулахаа сана. Хичээлийн материалыг анги дахь суралцагчдаас дээгүүр тавьж, чухалчлан үзэхээс болгоомжил. Суралцагчдын оролцоонд байнга дүгнэлт хийж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд хэлэлцүүлэгт уян хатан байх боломжийг тэдэнд олго.

Мормоны Ном нь Бурханы Сүм болон бидний гэрчлэлд нэн чухал юм.

Та Мормоны Номын хувийг дээш өргөөд, дараах мэдэгдэл, асуултын талаар товч ярилцсанаар хичээлийг эхлүүлж болно.

Сүмийн шүүмжлэгчдийн олон халдлага дайралт Мормоны Ном руу чиглэсэн байдаг. Яагаад ингэдэг гэж бодож байна вэ?

Суралцагчдыг Мормоны Номын удиртгал хуудсыг нээхэд урь. 1841 оны 11-р сарын 28-ны ням гарагт бошиглогч Иосеф Смит уг чуулгын ерөнхийлөгч Бригам Янгийн гэрт Арван хоёр төлөөлөгчтэй зөвлөлдөн өдрийг өнгөрөөсөн болохыг тайлбарла (History, 1838–1856 [Manuscript History of the Church], vоlume C-1, 1255, josephsmithpapers.org-ийг үзнэ үү). Иосеф төлөөлөгчдөд юу гэж хэлснийг олж мэдэхийн тулд нэг суралцагчаас Мормоны Номын удиртгал хэсгийн зургаа дахь догол мөрийг чанга уншихыг хүс. Суралцагчдыг Иосефын заасан үнэнийг тэмдэглэхэд урь.

  • Эдгээр сургаалын талаар бодол эсвэл гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй хүн байна уу? (Тэмдэглэл: Суралцагчдыг хариулж байхад Иосефын Арван хоёрт заасан үнэнийг ойлгоход нь туслахын тулд дараах заах санааг ашиглах талаар бодож үз.)

Мормоны Ном бол дэлхий дээрх хамгийн үнэн зөв ном юм.

Хэрэв шаардлагатай бол суралцагчдад “Мормоны Ном бол дэлхий дээрх хамгийн зөв ном юм” гэсэн үгийг ойлгуулахын тулд бэлтгэх материалын 2-р хэсэг дээрх мэдээллийг ашигла.

Та мөн Иосеф Смитийн хэлсэн мэдэгдэл нь Мормоны Номын хэвлэгдэн гарсан хувилбар алдаагүй гэж хэлсэн үг биш гэдгийг суралцагчдад тайлбарлаж болно. 1829 оноос хойш Мормоны Номын хэвлэлт бүрд засвар оруулсан. Үүнд бага хэмжээний зөв бичгийн дүрэм, цэг таслал, том үсгийн засвар орсон болно. Энэхүү мэдэгдэлд ашигласан үнэн зөв гэсэн үг нь Мормоны Номд агуулагдсан хүчтэй үнэнийг хэлж байгаа ба хэвлэгдэн гарсан бичвэрт алдаа байхгүй гэсэн үг биш юм.

Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу.

Суралцагчид Мормоны Номыг “бидний шашны гол тулгуур чулуу” гэж дурдахад та бэлтгэх материалд байгаатай адил тулгуур чулууны зургийг харуулж болно. Мормоны Номыг тулгуур чулуутай зүйрлэсэн нь яагаад оновчтой зүйрлэл гэж бодож байгаагаа тайлбарлахад суралцагчдыг урь.

Нэг суралцагчийг бэлтгэх материалын 3-р хэсгээс ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн мэдэгдлийг уншихад эсвэл хураангуйлан хэлэхэд урь. (Энэхүү мэдэгдэл нь Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болохыг баталсан гурван зүйлийг тайлбарладаг.) Ерөнхийлөгч Бэнсоны заасан, Мормоны Ном нь тулгуур чулуу болох талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд дараах асуултын заримыг эсвэл бүгдийг асуух талаар бодож үз.

  • Мормоны Ном Аврагч Есүс Христийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

  • Мормоны Ном үнэн учраас Сүм оршин тогтнож байгаа, эс бөгөөс Сүм оршин тогтнож чадахгүй ямар арга замууд байдаг вэ?

  • Мормоны Номын талаарх таны гэрчлэл Сүмийн бусад сургаал, зарчмын талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

  • Мормоны Ном таны хувийн гэрчлэлийн тулгуур чулуу болсон уу? Хэрэв тийм бол хэрхэн болсон бэ?

Бид Мормоны Ном дээрх сургаалыг дагаснаар Бурхантай илүү ойртох боломжтой.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, Бурханд илүү их ойртоход тусалсан Мормоны Номын судрын хэсгүүдийг хуваалцах эсвэл тайлбарлахад урь. (Бэлтгэл материалыг судалсан суралцагчид 4-р хэсгийн төгсгөлд бичсэн зүйлээ уншиж болно.) Та мөн сонгосон хэсгүүд дээрх сургаалууд хэрхэн тэдэнд Есүс Христтэй илүү адилхан болоход тусалдаг талаар ярилцахад суралцагчдыг урьж болно.

Сүмийн дайснууд Мормоны Номыг үгүйсгэхийг оролддог.

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч асан Тэд Р.Каллистэр ахын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс.

[Мормоны Ном] үнэний дэнсэн дээр бүх шүүмжлэгчийн санааг нэгтгэснээс ч илүү жин дардаг. Яагаад? Учир нь хэрэв энэ үнэн бол түүхийн болон бусад ямар ч тайлбараас үл хамааран Иосеф Смит бошиглогч байсан нь үнэн бөгөөд энэ сүм бол Есүс Христийн сэргээгдсэн Сүм болж таарна. Энэ шалтгаанаар шүүмжлэгчид Мормоны Номын бурууг олж тогтоох зорилготой байдаг боловч энэ ном үнэн учраас тэд давшгүй саад бэрхшээлтэй тулгардаг. (“Бурханы няцаашгүй гэрч: Мормоны Ном,” Ensign, Nov. 2017, 107 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108)

Суралцагчдад дараах баталгаатай эх сурвалжууд руу цахим хэлбэрээр ороход эсвэл шаардлагатай бол цаасан дээр хэвлэсэн хуулбарыг өгч тусал. Суралцагчдын дунд эх сурвалжуудыг хуваагаад, Мормоны Номын эсрэг шүүмжлэгчдийн ашигладаг зарим нотолгоог олж мэдэн, бодож, сүнслэг мэдлэг олж аван, гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэхийг эрэлхийлэхдээ ийм шүүмжлэлд хариулахын тулд дараах эх сурвалжийг хэрхэн ашиглаж болохыг эргэцүүлэн бодохыг хүс. Олж мэдсэн зүйлээ тайлагнахыг суралцагчдаас хүс. Тэд үүнийг жижиг бүлгүүдээр буюу ангиараа хийж болно.

  • Мормон 8:14–22. Моронай өөрийн аав Мормоны цэдгийг эцсийн өдрүүдэд Мормоны Номыг шүүмжлэх хүмүүст өгсөн сэрэмжлүүлгээр дуусгасан.

  • Ифер 12:23–29. Моронай зарим хүн өөрийнх нь бичгийн сул талыг шүүмжилж, Мормоны Номын захиасын хүчийг мэдрэхгүй байх вий гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

  • Тэд Р.Каллистэр, “Бурханы няцаашгүй гэрч: Мормоны Ном,” Ensign, Nov. 2017, 107–109 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108–110. (Та Каллистэр ахын хэлсэн үгийн зөвхөн эхний хэсгийг ашиглаж болно.) Эсвэл суралцагчид “Compelling Witness” (7:46) видео бичлэгийг үзэж болно.

  • Critics of the Book of Mormon,” Church History Topics, history.ChurchofJesusChrist.org.

  • The Book of Mormon and DNA Studies,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org. (Та мөн “The Ancestors of the American Indians” болон “Conclusion” хэсгийг ашиглаж болно.)

  • Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, Nov. 2009, 88–90 ба 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–103. (Та ахлагч Холландын ярианы зөвхөн эхний хэсгийг судалж болно.)

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ярилцсаны дараа, дараах асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг асуу.

  • Бурхан яагаад Мормоны Ном үнэн гэсэн бодит бүрэн нотлох баримтыг өгдөггүй юм бэ?

  • Мормоны Номд шүүмжлэлтэй ханддаг асуудалтай байгаагаа хэлсэн найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ та ямар зөвлөгөө өгөх вэ? Та түүнд туслахын тулд юу хийж чадах вэ?

  • Хэрэв таны сонссон шүүмжлэлд хариулах сайн хариулт өгч чадахгүй мэт санагдвал та юу хийж болох вэ (эсвэл та юу хийж чадах вэ)?

Суралцагчдад Мормоны Номоос хувиараа суралцах нь хэр үр дүнтэй байгааг эргэцүүлэн бодож үзээд, Сүнсний өдөөлтийн дагуу өөрчлөлт хийх төлөвлөгөө гаргах хэдэн минут өг. Мормоны Номыг өөрсдийн гэрчлэлийн тулгуур чулуу болгохын тулд шаардлагатай бол судалж, залбирах зорилгыг төлөвлөгөөндөө оруулахад суралцагчдыг урамшуулан дэмж. Тэднийг тунгаан бодож байх хооронд Далын ахлагч Кэвин В.Пийрсоны хэлсэн дараах мэдэгдлийг харуул.

Хэрэв та зовж шаналж, төөрөлдөж эсвэл сүнслэг байдлын хувьд алдагдсан бол би та нарыг буцаагаад зам дээр тань гаргах нэг л зүйлийг хийхэд урьж байна. Мормоны Номыг дахин залбирч судлаад, үүний сургаалуудын дагуу өдөр бүр, өдөр бүр амьдарч эхэл! Таны амьдралыг өөрчилж, Христийг дагах шийдвэрийг тань хүчирхэгжүүлж чадах Мормоны Номд байдаг агуу хүчийг би гэрчилж байна. Ариун Сүнс зүрх сэтгэлийг тань өөрчилж, “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь” харахад танд тусална [Иаков 4:13]. Тэр таны хийх ёстой зүйлсийг харуулах болно. (Кэвин В.Пийрсон, “Модны дэргэд үлд,” Ensign, May 2015, 116 эсвэл Liahona, 2015 оны 5-р сар, 106).

Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй хоёр суралцагчийг урь. Та мөн гэрчлэлээ хуваалцаж болно.

Дараагийн хичээлээр

Санваарын эрх мэдэл болон түлхүүрийн адислалуудыг долоо хоног бүр тогтмол хүртдэг эсэхээ эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Тэднийг санваарын сэргээлтийн тухай дараагийн хичээлд бэлтгэх материалыг судлаад, санваар нь Есүс Христийн аврах хүчээс хүртэх боломжийг хэрхэн олгодог болохыг олж мэдэхэд урамшуулан дэмж.