“25-р хичээл: Багшийн материал: Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа ба Өрнөд рүү хийсэн аялал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“25-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
25-р хичээл: Багшийн материал
Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа ба Өрнөд рүү хийсэн аялал
Иосеф Смит, Хайрум Смит хоёрыг егүүтгэгдсэний дараа олон гэгээнтэн Бригам Янг болон Арван хоёр төлөөлөгч Их Эзэний Сүмийг удирдах ёстой гэсэн тэнгэрлэг гэрчийг хүлээн авсан юм. Гэгээнтнүүд тэдний сүнслэгээр өдөөгдсөн удирдамжийн дагуу Солт Лэйк Валли руу аялав. Энэ хичээл нь Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр төлөөлөгч энэхүү сүүлийн эрин үед санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг гэсэн суралцагчдын итгэл үнэмшлийг батжуулах зорилготой. Энэ хичээл мөн суралцагчдыг гэрээндээ үнэнч хандвал Их Эзэн хүн бүрийн амьдралыг чиглүүлнэ гэдэгт итгэхэд туслах болно.
Заах зөвлөмж
Төлөөлөгчид хаант улсын түлхүүрүүдийг эзэмшдэг.
Иосеф, Хайрум Смит хоёрын дараах зургийг үзүүл.
Энэ хоёр ахын амийг 1844 оны 6-р сарын 27-ны орой бүрэлгэсэн гэдгийг тайлбарла. Маргааш өглөө нь бошиглогчийн найз Портер Роквэлл “Иосефыг алчихлаа! Иосефыг алчихлаа! Тэд түүнийг алсан!” гэсээр Наувуд морьтойгоо давхин ирсэн юм. (Anson Call, Autobiography and journal, circa 1856–1889, 12, Church History Library, Salt Lake City, Utah).
-
Гэгээнтнүүдэд энэ мэдээг сонсоход ямар байсан гэж та бодож байна вэ?
Та суралцагчдаас бошиглогч нас барсан тухай мэдээг сонсож байсан эсэхийг мөн энэ нь ямар санагдаж байсныг асууж болно.
-
Эхэн үеийн гэгээнтнүүдэд Иосеф Смитийг нас барсан тухай сонсоход ямар асуулт, санаа зовоох асуудал гарч ирсэн гэж та бодож байна вэ?
-
Иосеф, Хайрум Смит хоёрын үхлийн талаар мэдээд, Бригам Янг яасан бэ? (Шаардлагатай бол суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Бригам Янгийн хариу үйлдлийг эргэн харахад урь.)
-
Бригам бошиглогчийн үхэлд гашуудсан ч түүнийг юу тайтгаруулсан бэ?
Бригам Янг, Сидней Ригдон хоёрын зургийг үзүүл.
Бригам Янг бошиглогчийг нас барах үед хамгийн ахмад төлөөлөгч байсан гэдгийг суралцагчдад сануул. Сидней Ригдон Тэргүүн Зөвлөлд Иосеф Смитийн зөвлөхөөр үйлчилж байсан тул Сүмийг хамгаалж удирдах ёстой гэж бодож байв. Сидней Сүмийн гишүүдийг өөрийнх нь удирдах мэдэгдлийг дэмжих байх гэсэндээ тусгай хурал зарлав. Сидней, Бригам хоёр хоёул гэгээнтнүүдэд хандаж үг хэлэв.
Нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгээс ерөнхийлөгч Бригам Янгийн хэлсэн мэдэгдлийг чанга уншихад урь.
-
Бид Бригам Янгийн мэдэгдлээс төлөөлөгчдөөр томилогдсон хүмүүсийн эрх мэдлийн талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр Төлөөлөгчид Сүмийг удирдахад шаардлагатай санваарын бүх түлхүүрийг атгадаг гэсэн үнэнийг бич. [Сургаал ба Гэрээ 27:12–13; 112:30–32-ыг үзнэ үү.])
Өнөө үед бүх төлөөлөгчийг томилоход Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан дэлхийд сэргээсэн санваарын бүх түлхүүр түүнд өгөгддөг гэдгийг онцлон хэл. Гэвч зөвхөн Сүмийн ерөнхийлөгчид энэ бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл олгогдсон байдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд Сүмийн ерөнхийлөгчийн удирдамжин доор санваарын түлхүүрүүдийг ашигладаг.
-
Өнөө үед Сүмийн ерөнхийлөгч нас барахад юу болдог вэ?
Шаардлагатай бол дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.
Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад Тэргүүн Зөвлөл шууд татан буугддаг. Зөвлөхөөр нь ажиллаж байсан ах нар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад ордог бөгөөд чуулгыг хамгийн ахмад төлөөлөгч тэргүүлэн, Сүмийг удирддаг. … Манай түүхийн туршид, хамгийн ахмад төлөөлөгч Сүмийн дараагийн ерөнхийлөгч болсоор ирсэн. (“A Message from the First Presidency,” Jan. 16, 2018, ChurchofJesusChrist.org)
Бригам, Сидней хоёрын зурган дээр эргэн очоод, дараах асуултыг тавь.
-
Олон гэгээнтэн Бригам Янгийн ярихыг харж мөн сонсох үед тэдэнд юу тохиолдсон бэ? Энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлсөн бэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгээс сурсан зүйлээ эргэн санахад урамшуулан дэмж.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгсийг үзүүл. Ахлагч Андэрсэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг Сүмийн шинэ ерөнхийлөгчөөр дэмжин баталсан өдөр энэ үгийг хэлснийг тайлбарла.
Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бошиглогчийн дуудлага Бурханаас ирсэн гэдэг хувийн гэрчийг хүлээж авах эрхтэй. (“Бурханы бошиглогч,” Ensign, May 2018, 25–26 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28–32)
Хэдэн суралцагчийг өнөөгийн бошиглогч Бурханаас дуудагдсан тухай гэрчлэлээ болон магадгүй энэ гэрчлэлээ хэрхэн хүлээн авсан талаараа хуваалцахад урь. Суралцагчдыг Сүмийн удирдагчид сүнслэг өдөөлтөөр дуудагддаг гэсэн өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход урамшуул.
Бригам Янг Арван хоёрын хамт гэгээнтнүүдийг Солт Лэйк Валли руу удирдав.
Наувугийн ариун сүмийн зургийг харуулаад, гэгээнтнүүд гэр орноо орхиж, өрнөд рүү явахынхаа өмнө яагаад ариун сүмийг барьж дуусгах гэж тэгтлээ шаргуу хөдөлмөрлөж байсныг суралцагчдаас асуу. (Та суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа Сара Ричийн мэдэгдлийг уншихад урьж болно.)
Гэгээнтнүүд Наувугаас Өрнөд рүү аялахдаа, тулгарах саад бэрхшээлийн талаар мэдэхгүй байсныг тайлбарла. Нэг суралцагчийг эхэн үеийн анхдагчдын нэг, хожим нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн болсон ахлагч Эрастус Снөүгийн дараах мэдэгдлийг уншихад урь.
Анхдагчдыг [Өрнөд] рүү явах үед бид бошиглогч Иосеф Смитийн Роки Маунтэйнсын дунд хэмээн заасан ямар нэгэн улсыг хайж байв. … Анхдагчдын бүлэг хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй, зөвхөн Бурхан тэдэнд харуулна хэмээн зарлигласан тэр газар луу явж байлаа. Бошиглогч Бригам Янгаас “Та хаашаа явж байна вэ?” гэж асуух тоолонд тэр “Бид очмогцоо танд харуулна аа” гэдэг байв. Анхдагчдын энэ бүлгийн Бурханд хандан өдөр шөнөгүй, тасралтгүй өргөх эдгээр залбирал Түүний амласны дагуу бидэнд өгнө хэмээн тунхагласан газар луу биднийг удирдах байв. (Journal of iscourses, 16:207)
-
Та анхдагчдын итгэлийн талаар энэ мэдэгдлээс юу олж харсан бэ?
Суралцагчдаас өөрсдийн амьдралын аяллын тухай болон тэнгэрээс ямар удирдамж авна гэж бодож байгаагаа нэг минут бодож үзэхийг хүс.
-
Гэгээнтнүүдийг Наувуг орхиж, Өрнөд рүү аялж эхлэхэд тэдэнд ямар сорилт бэрхшээл тулгарч байсан бэ? (Шаардлагатай бол суралцагчдаар хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгийг уншуул.)
Гэгээнтнүүдийн Небраскагийн Винтер Квортерст түр байрлан, цуглараад байсан 1846–1847 оны хүндхэн өвөл Бригам Янг Сургаал ба Гэрээ 136-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 136:22-ыг уншаад, бидний амьдралыг гэсэн Их Эзэний тааллыг олж мэдэн, дагахаар хичээх үед биднийг тайтгаруулдаг Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн амлалтыг хайж олохыг хүс.
Та “эцсийн өдрүүдэд миний гар урагш сунгагдсан” гэсэн үг хэллэг Их Эзэний хүч ба удирдамж хүмүүст нь өгөгдсөн гэсэн утгатайг онцолж болно.
-
Бид эдгээр шүлгээс Их Эзэн Өөрийн хүмүүсийн төлөө юу хийхэд бэлэн байдаг талаар юу мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Их Эзэн биднийг амьдралд маань удирдаж мөн туслахыг хүсдэг гэсэн үнэнийг самбарт харуулж эсвэл бичнэ үү.)
-
Их Эзэн бидний амьдралыг ямар арга замаар удирдан чиглүүлдэг вэ? Бид ийм удирдамж хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгийн ерөнхийлөгч Өүксийн мэдэгдлийг суралцагчидтай хамт уншина уу.)
Дараах зарчмыг самбарт бич. … үед би Их Эзэнээс удирдамж болон тусламж хүлээн авч чадна.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 136:2–4, 7–11, 19–24-ийг уншаад, гэгээнтнүүд Их Эзэний удирдамжийг хүлээн авахын тулд ямар хүн байвал зохино гэснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг энэ зарчмыг гүйцээхийн тулд самбарт хариултаа жагсаан бичихэд урь.
-
Эдгээр шүлэгт дүрсэлсэн хүмүүс болохын тулд хичээх нь Их Эзэний удирдамж, тусламжийг авахад бидэнд яагаад тусална гэж та бодож байна вэ?
Суралцагчдыг Бригам Янг Солт Лэйк Валлиг анх хараад, юу гэж хэлснийг эргэн санахад урь (хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү). Их Эзэн зөв зүйл хийж байгааг нь эсвэл зөв газраа байгааг нь баталж байсан үе амьдралд нь тохиож байсан эсэхийг суралцагчдаас асуу. Хэдэн суралцагчийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урьж болно.
Суралцагчдад дараах асуултыг залбиран байж тунгаан бодож мөн төрсөн бодол, сэтгэгдлээ бичих хэдэн минут өг.
-
Их Эзэнээс хүсэн хүлээж буй удирдамжаа хүлээн авахын тулд та юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?
Суралцагчдыг хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд урамшуулж мөн хичээлээр заасан үнэнүүдийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урамшуулан дэмжсэнээр хичээлээ дуусга.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлийн хичээлд бэлтгэх материалаар Сүмийн түүхэн дэх хамгийн эмгэнэлт үйл явдлуудын нэг болох Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагын талаар судлах болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Энэ туршлагаас ойлгож мэдсэн сургамжаа авч хэлэлцэхэд бэлдэж ирэхэд тэднийг урь.